• Өнөөдөр 2024-05-13

М.МӨНХБАЯР: ЭХНЭРИЙНХЭЭ МОДЕЛЬ БОЛЖ, ДУРСАМЖТАЙ ЦАГ ХУГАЦААГ ӨНГӨРҮҮЛСЭН

        Тэмцээнд оролцох үеэрээ нөхрөө хумсны модель болгож шинэ содон зүйл туршаад зогсохгүй, “Форм цаас ашиглаж хумс хийх технологи” төрөлд тэргүүн байр эзэлсэн хосын талаарх мэдээлэл цахим орчинд түгсэн билээ. Үндэсний аварга гоо засалч, маникюрчин, үсчин шалгаруулах тэмцээнд нөхөр М.Мөнхбаярыг модель болгох саналыг эхнэр Г.Болорчимэг  гаргажээ.

НӨХӨР М.МӨНХБАЯР: ЭХНЭРЭЭС МИНЬ ӨӨР ХҮН МАНИКЮРИЙН МОДЕЛЬ БОЛОХЫГ САНАЛ БОЛГОСОН БОЛ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙСАН

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Эхнэрийнхээ хумсны модель болох ямар байсан бэ?

    -Өөр хүн надаас хумсны модель болоод өгөөч гэсэн бол би хэзээ ч зөвшөөрөхгүй байсан. Санал тавьсан хүн нь миний эхнэр учраас зөвшөөрч оролцохоор болсон. Эрэгтэй модель гэдгээрээ бусад оролцогч, моделиудаас содон байлаа.  

-Эхнэрээрээ хумс хийлгэх ямар байсан бэ?

    -Дурсамжтай цаг хугацааг өнгөрүүллээ. Эхнэртэйгээ ярилцаж, хичээж байгааг нь харсан. Өөрийн бүх чадвараа гаргаж байгааг харсан. Түүнээс цааш илүү их юм чадах чадвар байгаа юм шиг санагдаж, бахархсан.

-Ханьтайгаа танилцаж байсан үеэ дурсаач. Гэр бүл болоод хэр удаж байгаа вэ?

    -Ахынхаа ажил дээр анх нэгнээ харж байлаа. Тэр үед л нэгэндээ дурласан болов уу. Гэр бүл болоод гурван жил болсон байна.

-Анх удаа хиймэл хумс хийлгэх ямар байв?

    -Эвгүй мэдрэмж төрөөгүй. Гэхдээ тэмцээний өмнөх өдөр 50 хувийн бэлтгэлийг нь хийдэг юм билээ. Тэгээд хиймэл хумс хийлгэчихээр юманд хүрч болохгүй, хугалчих гээд байгаа юм шиг санагдсан. Маргааш тэмцээнтэй учраас хугалчих юм бол хийсэн хөлдөлмөрийг нь нураачих гээд маш болгоомжтой байсан. Тэр урт хумстай хэдэн цаг болохдоо эмэгтэй, эрэгтэй хүний ялгааг мэдэрсэн дээ.

-Эхнэр нь ялагч болж шагнал авч байхыг харах ямар байсан бэ?

    -Маш их бахархсан, догдолсон. Оноо тавигдаж эхлэхэд л догдлоод эхэлчихсэн байсан. Нэгдүгээр байрт шалгарсныг нь сонсоод бүүр ч их бахархсан. 

-Хумсных нь модель эрэгтэй хүн байгааг хараад шүүгч, оролцогчид ямар хариу үйлдэл гаргасан бэ?

    -Дан ганц шүүгчид, оролцогчид гайхахаас гадна гэр бүлийнхэн ч гайхсан. Найзууд “Эрэгтэй модель гэж байхгүй. Эсвэл өөр эрэгтэй модельтой оролц” гэж хэлж зөвлөж байсан.

-Дахин нэг удаа эхнэрийнхээ моделиор ажиллах санал ирвэл хэрхэн хүлээж авах вэ?

     -Эхнэрийн хүсэлт болохоор зөвшөөрч, чадахаараа дэмжинэ. 

ЭХНЭР Г.БОЛОРЧИМЭГ: ГОО САЙХАНД ХҮЙС БАЙДАГГҮЙ

-Үндэсний шилдэг гоо засалч, маникюр, үсчин шалгаруулах тэмцээний “Форм цаас ашиглаж хумс хийх технологи” төрөлд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Яагаад нөхрөө моделиор сонгосон юм бэ?

    -Баярлалаа, нөхрөө модель болгох талаар эртнээс төлөвлөчихсөн байсан. Гоо сайхны салбар эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй хөгжиж байна. Хүн бүр өөрийн гэсэн загвар, имижтэй шүү дээ. “Эрэгтэй хүн ч гэсэн хумсаа будаж болдог. Эрэгтэй будалт гэж байдаг шүү” гэдгийг харуулахыг хүссэн учраас нөхрөө сонгосон. Эмэгтэй модель болох боломжтой хүмүүс олон байсан.

-Шагналын тавцан дээр гарсан үеийнхээ мэдрэмжээс хуваалцагүй юү?

    -Нэгдүгээр байрт орсон гэдгээ сонсох хамгийн сайхан. Гэхдээ би төсөөлөхдөө нөхөртэйгөө хамт зогсож байгаад шагналаа авна гэж бодсон. Төсөөлснөөр болоогүй.

-Нөхрөө модель болгон ажиллахад давуу тал нь юу байсан бэ?

    -Бусад хүнээс огт өөр санагдаагүй ээ, адилхан л байсан. Харин давуу тал нь тэмцээний өмнөх бэлтгэлдээ сандарч, бухимдана тэр бүрийг нөхөр маань тайвнаар хүлээж авч байсан. Нөхрийн маань тайван байдал нь надад эерэгээр нөлөөлсөн.

-Өмнө нь энэ төрлийн тэмцээнд орж байв уу. Таны оролцсон төрөлд хэдэн оролцогч орсон бэ?

    -Би уг нь сэтгүүлч мэргэжилтэй гэхдээ сонирхлоо дагж маникюр хийгээд дөрвөн жил болж байна. Энэ  жил анх удаа тэмцээнд оролцож тэргүүн байр эзэллээ. Үндэсний аварга шалгаруулах тэмцээн энэ жил Эрдэнэт хотод зохион байгуулагдсан нь том завшаан байлаа. “Форм цаас ашиглаж хумс хийх технологи” төрөлд нийт 17 оролцогч авьяас чадвараа сорьсон.

ЯМАР Ч ҮЕД НЭГЭНТЭЙГЭЭ ЯРИЛЦАХЫГ ЭРМЭЛЗДЭГ

-Залуус Улаанбаатар хотод амьдрахыг зорьдог болсон байна шүү дээ. Танай гэр бүлийн хувьд Улаанбаатар хотыг зорих бодол байдаг уу. Энэ талаар төлөвлөсөн үү?

    -Г.Болорчимэг:  Орон нутаг өртөг арай бага гарч байгаа юм шиг санагддаг мөн ажил амждаг. Илүү тайван амьдарч чадах юм шиг санагддаг. Цаашид Улаанбаатар хот руу шилжих төлөвлөгөө байгаа.

   -М.Мөнхбаяр: Сайн, муу хоёр талтай юм шиг санагддаг. Давуу тал, сул тал ч байдаг шүү дээ. Хот руу нүүх төлөвлөгөө байгаа ч одоохондоо цаг нь тохиромжгүй байна.

-Залуу гэр бүлийн хувьд тулгарсан саад бэрхшээлээ хэрхэн даван туулдаг вэ?

    -Г.Болорчимэг:  Амьдрал учраас буруу ойлголцол, маргах тохиолдол гарна. Гэхдээ маргасан ч цаг хугацаа алдалгүйгээр ярилцдаг. Миний хувьд гэр бүлийн харилцааг нэгт тавих хэрэгтэй. Гэр бүлийн харилцаа эрүүл байвал хүүхдүүд эрүүл өсөж ториноно.

    -М.Мөнхбаяр: Асуудал гарах үе бий. Хэчнээн хэцүү байсан ч тэвчиж, нэгэндээ буулт хийдэг. Хамгийн гол нь нэгэндээ итгэх итгэлцэл.



 


М.МӨНХБАЯР: ЭХНЭРИЙНХЭЭ МОДЕЛЬ БОЛЖ, ДУРСАМЖТАЙ ЦАГ ХУГАЦААГ ӨНГӨРҮҮЛСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188