• Өнөөдөр 2024-05-11

М.ДЭЛГЭРЖАВ: СЭТГЭЛ СУДЛАЛЫН ТОЛЬ БИЧГЭЭ ТАВАН ХЭЛЭЭР ХЭВЛҮҮЛСЭН НЬ МОНГОЛЫН СЭТГЭЛ СУДЛАЛЫН САЛБАР ДЭЛХИЙД ГАРСНЫГ ИЛТГЭНЭ

2022-10-12,   347

Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор М.Дэлгэржавтай ярилцлаа.

-Сэтгэл судлалын толь бичгээ таван хэлээр хэвлүүлэн гаргасан танд, танай хамт олонд баяр хүргэе. Таны бүтээлээр монголчуудын сэтгэл зүйн хөгжил дэлхийд танигдлаа гэж үзэж болох уу?

      -Биднийг сэтгэл судлалын талаар судалж эхэлж байхад унших ном олддоггүй байсан. Харин орчин үед хүн бүр сэтгэл судлалын талаар сонирхож, сэтгэл зүйн талаар ойлголттой болох сонирхолтой болсон байна. Тиймээс би гэр бүлийнхээ хүнтэй хамтран сэтгэл зүйн толь бичгийн монгол, англи, орос, хятад, монгол бичгээр хэвлүүлэн гаргасан. Өмнө нь монгол, англи, орос хэлээр толь бичиг хэвлүүлж байсан. Түүнийг дахин шинэчилж, засаж таван хэлээр гаргалаа. Тус толь бичгийг Хятадын шинжлэх ухааны эвлэлийн хорооныхон хэвлүүлж өгсөн. Хятад Улсад маш эрэлттэй номын нэг болно гэдэгт итгэлтэй байгаа. Сэтгэл судлалын толь бичигт орсон үг бүрийг дахин засаж, сэтгэл зүйн шинжлэх ухаанд өмнөх ойлголтоороо хэрэглэгдэж байгаа эсэхийг нь тулгаж гаргасан. Таван хэлээр толь бичиг гаргахын тулд долоон жил сууж ажиллаа..

-Сүүлийн үед сэтгэл зүйчээс зөвлөгөө авдаг хүн олширч, сургуулиудыг “сэтгэл зүйчтэй болгоё” гэх болсон. Энэ нь хүмүүсийн сэтгэл зүйд асуудал нэлээд гарч байгаагийн илрэл мөн үү?

        -Нийгэм өөрчлөгдөж байгаа учраас дагаж гарч ирж байгаа асуудлуудыг хүнийх нь түвшинд шийдэх хэрэгцээ байна. Өмнө нь хүмүүсийн хэрэгцээ, хүний  сэтгэл зүйн хэрэгцээг бүлгийн түвшинд, нийгмийн түвшинд шийдвэрлэдэг байсан. Социализмын үед хүний бусдаас ялгарах, манлайлах хүсэл давамгайлж байсан. Харин энэ асуудлыг тухайн үед багийн дарга, бүлгийн дарга болгож, зохион байгуулалттайгаар хэрэгцээг нь хангадаг байсан. Харин орчин үед хэн юунд элсэх, юуны дарга болох нь хэнд ч хамаагүй зөвхөн хувь хүний асуудал болсон. Гэтэл хүмүүс сэтгэл зүйн асуудлаа хэрхэн, яаж шийдэхээ мэдэхээ больчихсон. Үүнийг дагаад нийгэмд сэтгэл зүйчийн хэрэгцээ нэмэгдэж байгаа гэсэн үг. Хүн сэтгэл зүйн мэдлэгтэй байж өөрийнхөө асуудлыг шийдэх боломжтой. Манай улсад хангалттай их сэтгэл зүйч бэлтгэгдэж байгаа ч гэлээ сэтгэл зүйчээс зөвлөгөө, мэдээлэл авч асуудлаа шийддэг хүн цөөхөн байна. Монголчууд сэтгэл зүйчээс зөвлөгөө авах сэтгэл зүй нь бэлтгэгдээгүй гэсэн үг. Гэр бүл, найзуудын хүрээнд асуудлаа шийддэг, ярилцдаг, лам, бөөгөөс өөрийгөө, амьдралаа асуудаг, түүнийг нь дагадаг хандлага хэвээрээ байгаа.  

-Тэгэхээр монголчуудад сэтгэл зүйчээс зөвлөгөө авах хэрэгцээ байгаа мөртлөө асуудлаа ярьж, илэрхийлж, сэтэл зүйчид хандаж сураагүй байна гэсэн үг үү?

        -Монголчууд сэтгэл зүйчээс зөвлөгөө авах завсрын үедээ байгаа. Сэтгэл судлаач хүний сэтгэл зүйн мөн чанарыг таньж, мэдэж, зөв оношилж, түүнд нь тохирсон зөвлөгөө өгдөг. Монгол угсаатны сэтгэл зүйн онцлог нь гадаадын хүн шиг бүх хүнд амьдралаа яриад байдаггүй. Ихэвчлэн үйлдлээрээ тайвширдаг ард түмэн. Жишээлбэл, малчид уурласан үедээ морио унаад давхидаг. Тэгээд хонио хариулангаа уйлаад юм уу, дуулаад ч юм уу, адуу малтайгаа ноцолдож байгаад тайвширдаг. Харин манай сэтгэл судлаачид сэтгэл судлалын шинжлэх ухааныг Европын суурьтай судалж, хүнтэй зөвхөн ярилцаж зөвлөгөө өгдөг. Тэгэхээр сэтгэл судлалын арга нь монгол хүний онцлог, уламжлалт ахуйтай нь зөрөөд байгаа юм. Монгол хүн хэзээ ч тусгай цаг гаргаж, зориулалтын сандал дээр сууж, хэвтэж байгаад хамаг асуудлаа ярихгүй. Эсрэгээрээ тэдэнд таагүй мэдрэмж төрдөг.

      Харин хамгийн сайн итгэдэг хүнтэйгээ хоёулаа юм хийх зуураа “Энэ маань ингээд байх юм аа” гээд зугуухан ярилцдаг. Түүний асуудлыг сонсож буй хүн нь “Миний найз тэгээд үз ээ. Тэдний хүүхэд бас тэгсэн юм гэнэ лээ. Тэгээд болсон гэсэн” хэмээн ярилцаж тайвширдаг. Тэгэхээр монгол хүний суурь судалгааг сайн хийж, онцлогийг нь нарийвчлан гаргаж  байгаад шинжлэх ухааны үндэст тулгуурлаж сэтгэл зүйн зөвлөгөө өгөх боломжтой аргуудыг судлах хэрэгтэй.  Хэрвээ тэгж чадвал бөөн бөөнөөрөө шүдний эмч дээр очдог шиг хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгцээгээ хангаж чадна гэсэн үг.

-Та сэтгэл зүйн судалгаа хийх бүрдээ ийм байсан гэж үү хэмээн гайхширч,  шинэ ойлголтуудтай болдог байх. Энэ талаар дурдвал?

        -Сэтгэл судлалын ном унших бүрдээ шинэ зүйл мэдэж, гайхширдаг. Яагаад гэвэл, бид хүнийг бүрэн судалж амжаагүй. Бидний төсөөлж байснаас өөр зүйл олон. Жишээлбэл, бидний үзэл бодолд маш олон сэтгэл зүйн хуулиуд үйлчилж байдаг. Тухайлбал, би өөрөөрөө жишээ авч яръя. Би хүний царайг огт тогтоодоггүй, хүнтэй мэндлээд л өнгөрдөг. Тэр үед нь би “Энэ хүнтэй хаана таарч байлаа. Хэн гэдэг билээ” гэж бодоод бодоод олдоггүй. Харин зарим нь хүн сайн таньдаг, хаана, хэзээ уулзаж байснаа тод санадаг. Тэгээд би өөрийгөө хөгширч байгаа юм болов уу, ой тогтоолт муудаж буй анхны шинж тэмдгүүд илэрч байгаа юм болов уу гэж судалж үзсэн. Гэтэл хүй нэгдлийн үеэс нэг амьтан дээр өөр амьтан ирэхэд тэд манайх уу, хүнийх үү гэж ялгадаг гэнэ. Энэ нь амьтны төрөлхийн шинж чанар юм билээ. Хэрвээ манайх гээд бодчихсон байх юм бол бүхнээс хамгаалж, харамлаж өөрийнхөө хүрээлэлд оруулдаг. Харин хүнийх гээд бодчих юм бол бүх хүрээллийн цаана орхичихдог юм байна. Үүнтэй адил хүн хүнийг хүлээж авахдаа манайх гэх сэтгэлээр хандсан бол хэзээ ч мартдаггүй. Хүнийх гэдэг сэтгэлээр хандсан бол хэчнээн уулзаад ч таньдаггүй юм байна. Тэгэхээр төв газар өсөж, хүмүүжсэн хүмүүс хүнтэй хүнийх гэдэг сэтгэлээр ханддаг учир хүн таньдаггүй юм байна. Харин хөдөөнийхөн нутаг нугаараа ажиллаж,  амьдарч, бие биедээ тусалдаг учир аливаа зүйлийг, хүнийг манайхан гэж хүлээж авдаг онцлогтой байж магадгүй юм билээ. Гэхдээ энэ батлагдаагүй зүйл.

-Сүүлийн үед хүмүүс сэтгэл зүйн ямар зөвлөгөө хамгийн их авч байна вэ?

         -Сэтгэл зүйчээс зөвлөгөө авах асуудал нь өргөн хүрээг хамардаг болжээ. Зөвхөн эрүүл мэндийн зөвлөгөө авдаг байсан бол одоо “Хүүхэд минь  онц сурахгүй байна. Сургуульд нь дуртай болгож өгөөч, дэлгэцийн хамааралтай болсон учраас үгэнд орохоо больсон. Үүнийг шийдэж өгөөч” гэх мэт төрөл бүрийн зөвлөгөө, мэдээлэл авдаг болжээ. Харин залуучууд өөрийгөө олох, таних, яавал амжилтад хүрэх талаар зөвлөгөө авдаг. Залуучууд сэтгэл зүйчээс зөвлөгөө авахдаа хүртэл “би” гэсэн хандлагатай байдаг. Бүх асуудлаа гаднаа, бусдаас хайдаг нь тэдний хамгийн том алдаа болдог.  Сэтгэл зүйчээс маш олон төрлийн зөвлөгөө, мэдээлэл авдаг болсон учир сэтгэл судлалтай холбоотой бүх төрлийн ном, толь бичиг, сурах бичиг хэвлүүлэхийг зорьдог. Би одоогийн байдлаар 68 номонд өөрийн биеэр оролцсон байна.

-Хүний зан чанар төрөлхийн байдаг юм уу, сэтгэл зүйн байдлаас шалтгаалж өөрчлөгддөг үү?

     -Жирэмсэн эмэгтэйн сэтгэл санаа тавгүй байх юм бол төрөлхийн сэтгэцийн  асуудалтай, уур, бухимдалтай хүүхдүүд төрдөг. Тэгээд аав, ээж нь хүүхдээ “Энэ ийм ууртай, хэнийгээ дуурайсан юм бол” гэж ярьдаг. Гэтэл энэ нь жирэмсэн эмэгтэйн сэтгэл санаатай шууд холбоотой. Тэгэхээр хүний төрөлхийн зан чанар эхийн хэвлийд байхаас бүрэлдэн тогтдог.

-Хүмүүс сэтгэл санаагаар унасан, таагүй үедээ дуу, хөгжим сонсдог юм шиг санагддаг. Уран бүтээл хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж чаддаг вэ?

    -Урлаг хүнийг тайвшруулж, хүний сэтгэлийг хөдөлгөдөг онцлогтой. Дуу, хөгжим хүнийг баярлуулах, тайвшруулах үндсэн үүрэгтэй болчихоод байгаа юм. Тиймээс хүмүүс сэтгэл санаа тавгүй байх үедээ дуу сонсдог, дуулдаг. Урлагаар дамжуулж хүний сэтгэл зүйг засах хандалга сүүлийн үед түгээмэл болсон.

-Сүүлийн үед залуучууд “би, би” гэх хандлагатай болсон гэлээ. Тэгвэл хүн өөрийгөө олохын тулд яах ёстой вэ?

      -Хүн ном уншиж байж л өөрийгөө олдог. Түүнээс биш өөрийгөө, өөрийнхөө  аз жаргалыг бусдаас олно гэж байхгүй. Хэн нэгнээс өөрийнхөө алдааг хайх хэрэггүй. Залуучууд ажил үйлс нь бүтэхгүй болохоор аавдаа, ээждээ буруугаа өгдөг. Намайг дэмжсэнгүй, намайг ойлгосонгүй гэх мэтээр гэрийнхэндээ ханддаг нь зөв төлөвшөөгүйн шинж. Тэгэхээр хүн амар амгалан, аз жаргал, эрдэм мэдлэг, өөрийгөө номноос олох бүрэн боломжтой. Тийм учраас залуучуудад номтой, шинжлэх ухаантай найзла гэж зөвлөмөөр байна.


М.ДЭЛГЭРЖАВ: СЭТГЭЛ СУДЛАЛЫН ТОЛЬ БИЧГЭЭ ТАВАН ХЭЛЭЭР ХЭВЛҮҮЛСЭН НЬ МОНГОЛЫН СЭТГЭЛ СУДЛАЛЫН САЛБАР ДЭЛХИЙД ГАРСНЫГ ИЛТГЭНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188