• Өнөөдөр 2024-05-12

БУРИАД УЛСЫН ИРГЭН Ц.АМГАЛАН: Энх тайван байхын үнэ цэнийг дэндүү их мэдэрч байна

      Оросын Холбооны Улс болон Украины геополетикийн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэсэгчилсэн дайчилгаа хийх зарлиг гаргасан. Энэ хугацаанд дайны бүс нутгуудаас дайжиж  байгаа  иргэдийн тоо нэмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас Монгол Улсад ирэх иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Тэдний нэг нь ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын иргэн Ц.Амгалан юм. Түүнтэй Орос орны нөхцөл байдал хийгээд манай улсад хэрхэн дасан зохицож, амьдарч байгаа талаар ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсад ирээд хэр удаж байгаа вэ?

    -Сайн байна уу, Монгол Улсад ирээд тийм ч удаагүй байгаа. Ногооны хүлэмж эрхэлдэг газарт ажилд ороод долоо хонож байна. Энд амар тайван, ажилтай сайхан байна.

-Та аль хотоос ирсэн бэ. Хилээр орж ирэхэд ямар нэгэн саад бэрхшээл байв уу?

    -Би Улаан-Үүд хотоос ганцаараа ирсэн. Манай улс Монгол Улсын  хооронд 30 хоногийн визээр зорчих эрхтэй учраас хилээр орж ирэхэд, ямар нэгэн асуудал үүссэнгүй ээ.

-Ногооны хүлэмж эрхэлдэг газарт ажилд орсон гэлээ. Монгол Улсад ирээд, ажил олох хэцүү байв уу? 

    -Тийм ч хэцүү байсангүй ээ. Сайхан сэтгэлтэй тусч олон хүнтэй таарсан. Энд ажил хийх сайхан байна. Монголчууд найрсаг хандаж байгаа. Надтай хамт ажиллаж байсан гурван иргэн хэд хоногийн өмнө Солонгос Улсыг зорьсон.  Өмнө нь газар тариалангийн ажил хийж байгаагүй. Өөрийн улсдаа бол барилгын ажил хийдэг байсан.

-Монгол Улсад хэр удаан саатах вэ. Цаашид хаашаа явах талаараа төлөвлөсөн үү?

    -Ямар ч байсан одоохондоо гэртээ харихгүй байх талаар бодож байна. Монголд байх эрхтэй 30 хоногийн хугацаагаа дуусгаад, Солонгос Улс руу явахаар төлөвлөж байна.

-Та хоёр улсын дайны талаар ямар бодолтой байгаа вэ?

    -Одоохондоо дайны байдал ямар байгаа талаар мэдэхгүй байна. Гэхдээ дайн хурдан дуусаж, амар тайван цаг ирээсэй гэж залбирч байна. Энх цагт ямар сайхан байдгийг одоо л мэдэрч байна. Би дайн дуусах хүртэл гэртээ харихгүй байх бодолтой байгаа. Энэ зовлонт дайн хурдан дуусаж, энх тайван цаг ирээсэй гэж залибарч сууна. 

ТАРИАЛАНЧ Х.АЛТАНЦАЦРАЛТ: БИД АДИЛХАН ХҮН

   Үргэлжлүүлэн Буриад Улсын иргэн Ц.Амгаланг Монгол Улсад байх хугацаанд нь ажил болон байрлах газраар хангаж байгаа тариаланч Х.Алтанцацралттай хэсэг ярилцсан юм.

-Монгол хүний сайхан сэтгэлээр та туурга нэгтэндээ ажил олгож, амьдрах нөхцлөөр хангасан байна. Та хэр олон хүнд туслаж байна вэ?

    -Буриад бол манай нэг үндэстэн шүү дээ. Түүнээс гадна хамгийн чухал зүйл бол бид адилхан л хүн шүү дээ. Гэнэтийн дайнаас болж олон хүн цочирдож, хямралд өртөж байна. Цэрэг татлагаас зугтаасан учраас эх орондоо буцаж очоод, цагдаад дуудагдаж мэднэ. Хэцүү үед нь туслах хэрэгтэй. Анх над дээр гурвуулаа ирсэн. Хоёр нь Солонго Улс руу явсан гэсэн.

-Таны ажилд хэр тус болж байна вэ. Бусад ажилчидтайгаа адилхан цалинжуулж байгаа юу?

   -Ц.Амгалан бусадтай адилхан цалин авч байгаа. Ажилд сайн, даруухан залуу байдаг юм.

-Та орос хэл сайн мэддэг үү. Хэрхэн хоорондоо ойлголцож байна вэ?

    -Би залуудаа Москва хотод суралцаж байсан юм. Тэр үед сурсан зүйл маань хэрэг болж байна. Гэхдээ цаг хугацаа явахын хэрээр бага зэрэг мартсан байна. Бид хоёр ямар ч байсан нэгнийгээ ойлгоод л байгаа.



 

 


БУРИАД УЛСЫН ИРГЭН Ц.АМГАЛАН: Энх тайван байхын үнэ цэнийг дэндүү их мэдэрч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188