• Өнөөдөр 2024-04-30

ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ШИЙРЭВ: Хоёр шавиа олимпын аварга болохыг л хүлээж байна даа

        Дасгалжуулагч хэмээх хэцүү хийгээд амаргүй үүргийг 30 гаруй жил гүйцэтгэсэн Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв гуай өдийд Монголын спорт сонирхогчид төдийгүй ард түмнийг өндөлзүүлж, омогшуулж чадсан дэлхийн медальтан хоёр шавиараа бахархаж сууна даа. Түүний шавь нар сүмо, самбо, кураш, жиү-жицү, барыс, бүстэй барилдаан зэрэг бөхийн олон төрөлд оргилд нь хүрч чадсан. Харин тэр одоо олимпын оргилд хүрэх нэгнийг горьдож суугаагаа хэлж байсан юм. Тэрхүү горьдлогыг тээж яваа шавь нарынх нь нэг хэсэг болох дэлхийн аварга Ц.Цогтбаатар, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Л.Энхрийлэн нарын талаар ярилцлаа. 

-Шинэхэн дэлхийн аварга, хүрэл медальтан шавь нараа угтсан танд баяр хүргэе. Дэлхийн медальтнуудыг анх жүдод бэлтгэж байсан үеэс яриагаа эхлэх үү?

           -Баярлалаа, сэтгэгдэл туйлын өндөр байна. Ц.Цогтбаатар, Л.Энхрийлэн хоёр маань анх жүдогоор хичээллэх гээд ирж байхдаа ихэд сэргэлэн, цовоо хүүхдүүд байсныг тод санаж байна. Тэд маань аав, ээж, эмээ, өвөөгийн гар дээрээс л миний шавь нар болсон доо. Харин Ц.Цогтбаатарын аав, ээж манай нутгийн хүмүүс л дээ. Хоёулаа барилдах авьяастай, сэтгэлийн хөдөлгөөнтэй. Одоо ч тийм хэвээр. 

-Их спортоор хичээллэхэд 10 нас ч оройтдог гэдэг. Харин Л.Энхрийлэн энэ насандаа хичээллэж эхлээд, улсдаа амжилт гаргасан тухай хүмүүс цухас мэднэ. Энэ талаар яриа дэлгэж болох уу?

  -Анх хичээллэж эхлэхдээ 20-30 кг жинтэй хүүхдүүд байсан. Удалгүй тус, тусын жиндээ амжилт гаргаж, багаасаа уралдаан тэмцээнд тодорч эхэлсэн нь үнэн л дээ. Л.Энхрийлэн маань 15 настайдаа өсвөр үе, залуучуудын улсын аваргаас медаль хүртэж, 17 настайдаа дэлхийн Гран прид түрүүлж байлаа. Харин түүнээс хойш бэртэл гэмтлийн улмаас хэсэг завсарлаж, энэ жилээс бэлтгэлдээ төвлөрөөд байна. 

-Л.Энхрийлэн 17 настайдаа дэлхийн гранприд түрүүлэхэд бэлтгэл сургуулилалтыг ямар түвшинд явуулж байв? 

        -Л.Энхрийлэн дэлхийн гранприд түрүүлдэг жил манай охидууд бэлтгэл, сургуулилалт сайн байсан. Хамт бэлтгэл хийдэг эгч нар нь удаа дараа улс, дэлхийд амжилт гаргачхаад байсан үе. Тийм ч учраас үеийнхэнд нь болон өөрт нь нөлөөлсөн байх гэж боддог. Харин Л.Энхрийлэн маань эмээ, өвөөтэйгөө өссөн хүүхэд.

Жүдогийн спортод хөл тавихад ч хамт байсан, хожим амжилт гаргахад ч дэргэд нь байсан хүн бол түүний эмээ. Тамирчин хүн амжилт үзүүлэх гол шалтгаан бол гэр бүл, ивээн тэтгэгчид байдаг. Тиймдээ ч эмээ нь охинтойгоо үргэлж хамт, одоо ч дэмжсээр яваа.

      Багшийн хувьд харж байгаагаар цаашид жин дээрээ анхаарч, бэлтгэл сургуулилтал, барилдааны хувилбаруудыг сайжруулбал дараа дараагийн амжилт тун ойрхон байна. 

-Тамирчдын сэтгэл зүй медалийн тойрогт шалгарах үед илүү чухал байдаг байх.  Тиймдээ ч амжилтын нэгэн шалтгаан нь сэтгэлзүй гэгддэг. Та тэдний сэтгэл зүйг хэрхэн бэлдэж байсан бэ? 

        -Ц.Цогтбаатар, Л.Энхрийлэн хоёр маань сэтгэл зүй өндөртэй, өрсөлдөгчөөсөө айж, бэргэддэггүй. Өөрөөр хэлбэл, тамирчин хүнд байх ёстой эрэмгий, шийдэмгий зан чанартай хүүхдүүд. Төрөлх сэтгэл зүйн өгөгдлөөрөө л бэлтгэгдэж байгаа гэж хэлж болно. Тур тусмаа Л.Энхрийлэн, Дэлхийн аварга Б.Сумъяатай шигшээ багт барилдаж байхдаа эн тэнцүү хэмжээнд байлаа. Ингэж л багаасаа бэлтгэл сургуулилалт сайн хангагдаж, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байсан учраас дэлхийд медаль хүртлээ. Харин одоо энэ хоёроос дараагийн олимпын аваргыг л горьдож байна. 

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийх нь бэлтгэлд та зайнаас зөвлөгөө өгч байв уу? 

       -Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийнх нь явцад байнгын холбоотой байж, шаардлагатай зөвлөгөө, мэхний хувилбаруудыг хэлж байсан. Шигшээ багийн багш нар ч үүн дээр нарийн анхаарсан. Мөн тамирчны ар талыг даана гэдэг маш чухал. Ц.Цогтбаатарыг жүдогийн спортод амжилт гаргаж эхэлснээс хойш Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутгийн зөвлөлийн дарга байнгын дэмжиж ирсэн. Мөн Монголын жүдочдыг тив, дэлхийд амжилт гаргахад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга үнэмлэхүй хувь нэмэр оруулсаар ирснийг бид бүхэн сайн мэднэ. Ийм л баг хамт олны хүчинд тамирчид маргаашийн амжилтыг бүтээдэг юм. 

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ц.Цогтбаатарын хийсэн барилдаануудаас таны харсан хамгийн хүнд барилдаан аль тойрогт өрнөсөн бэ? 

        -Эхний тойргийн барилдаан хүнд барилдаан болж өндөрлөсөн. Үзэгчид харсан байх. Өрсөлдөгч тамирчин судлагдаагүй, шинээр төрөн гарч ирж байгаа тамирчин байсан учраас Ц.Цогтбаатар бага зэрэг сул барилдаж, оноо алдсан ч ялалт байгуулж чадсан. Дараагийн барилдаанд алдаагаа давтахгүй байж, маш мэдрэмжтэй, анхааралтай барилдлаа.

Ц.Цогтбаатар маань залуу үедээ дэлхийн аварга болсон Монголын цорын ганц тамирчин болсон юм.

Энэ амжилтаараа өмнөх тамирчдаас онцлог боллоо. 

-Дэлхийд нэрээ дансална гэдэг тамирчин бүрдд тохиохгүй ховорхон тохиол шүү дээ. Одоо хоёр тамирчин цаашид юуг түлхүү анхаарах нь чухал вэ? 

         -Тэгэлгүй яахав, дэлхийд нэрээ дансалж үлдээсэн нь сайн хэрэг. Гэхдээ амжилт гаргасан хойно, нэр алдрыг дааж явна гэдэг хамгийн чухал. Би үе, үеийн шавь нартаа энэ тухай байнга сануулдаг. Ялангуяа, Ц.Цогтбаатар, Л.Энхрийлэн нарт цаг хугацаа хангалттай байгаа учир боломжийг бүрэн ашиглаж, илүү их амжилтад хүрэх учиртай. Хүүхдүүд маань ид үе дээрээ байна даа.

-Ярилцсан танд баярлалаа.

-Баярлалаа.

 
 

ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ШИЙРЭВ: Хоёр шавиа олимпын аварга болохыг л хүлээж байна даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188