• Өнөөдөр 2024-05-09

Д.НОМИН-ЭРДЭНЭ: Би гунигтай, жаргалтай ямар ч үед дуулах дуртай

     “The Open Mic Mongolia” өдөрлөгийн тайзан дээр дуулж эхлэхэд нь түүнийг дэмжих олны хашхираан тус үзүүлбэрийг улам гайхалтай болгосон билээ. Түүгээр зогсохгүй цахим хуудсанд тавигдсан түүний дуулж буй дүрс бичлэг олон хүнд хүрч, эерэг сэтгэгдэл авсаар байна. Тус ковер дуучныг Дашзэвэгийн Номин-Эрдэнэ гэдэг. Амттаны дэлгүүртэй болох багын мөрөөдлөө биелүүлэхээр нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцдаг 19 настай охин. Ирээдүйд өөрийн амттаны дэлгүүрийн нүүр царай болохыг хүсдэг түүний гэгээхэн яриаг танд хүргэж байна. 

-Таны “The Open Mic Mongolia” өдөрлөг дээр дуулсан дуу олон хүнд хүрч, эерэг сэтгэгдэл авсан байна лээ, баяр хүргэе. Тухайн өдрийн талаар ярихгүй юу, дуулж байгаа дүрс бичлэг нь тренд болсон байгааг харах ямар байсан бэ?   
 
               -Олон хүн цугласан “The Open Mic Mongolia”-ын тайзан дээр гарах сэтгэл догдлом байсан. Ер нь нэлээн эртээс хаана, хаана болж байгааг нь хардаг байсан. Орох талаар бодсон ч цаг нь яагаад ч болохгүй байж байгаад тухайн өдрийн “The Open Mic Mongolia” дээр найзтайгаа хамт очсон юм. Мөн Төв аймгийн “Нэмэх цэнэг” гэсэн нэгдэл бий. Тус нэгдлийн “Youtube” хуудсан дээр анхныхаа дууг ковер хийж тавьж байлаа. Анх удаа хийсэн коверийг маань үзээд хүмүүс “Ямар мундаг охин бэ, “The Voice of Mongolia” шоун дээр харах юмсан”гэсэн сэтгэгдэл үлдээсэн байгааг хараад догдолж, баярласан. 
 
-Өөрийн дуулж байгаа дүрс бичлэгээ цахим орчинд тавих, тайзан дээр гараад олон хүний өмнө дуулах хоёрын ялгаа хэр мэдрэгдсэн бэ? 
 
          -Жааханаасаа дуулсан учраас олон тайзан дээр гарсан. Олон хүний дэргэд дуулахаас илүү 2-3 хүний өмнө дуулах илүү хэцүү, сандралтай байдаг. Учир нь цөөхөн хүн байгаа учраас над дээр анхаарлаа илүү их хандуулаад байгаа юм шиг санагддаг. Өдөрлөгийн тайзан дээр байхдаа тийм ч их сандраагүй, бага зэрэг догдолсон.  
 
-Хэдэн настайгаасаа авьяасаа нээж, дуулж эхэлсэн бэ?   
 
            -Би цэцэрлэгт байхаасаа дуулж эхэлсэн. Арван жилдээ олон дууны тэмцээнд оролцсон. Цэцэрлэгийн багш нар миний дуулах эхлэлийг тавьж өгсөн гэж хэлж болно. Мөн гэр бүл минь үргэлж миний ард байдаг.  
 
-Багаасаа дуу хөгжимд дуртай хүүхэд байжээ. Яагаад санхүүгийн талын мэргэжил сонгосон бэ?
 
      -Ээжтэй маань их холбоотой, нягтлан мэргэжилтэй юм. Мөн би өөрийн гэсэн бизнес эрхлэхийг хүсдэг. Тэгээд ээжтэйгээ ярилцаж байгаад бизнесээ амжилттай эхлүүлж, цааш авч явахын тулд уг бага, сууриас нь эхэлээр шийдсэн. 
 
 -Ямар бизнес эхлүүлэхийг хүсдэг юм бэ. Дуу хөгжмөө орхилгүй хослуулан ажиллах уу? 
 
           -Би ер амттанд их дуртай. Бага байхаасаа л амттаны дэлгүүртэй болох мөрөөдөлтэй байсан. Тиймээс өөрийн мөрөөлөө бодит болгохын тулд үндэснээс нь нь эхлээд судалж байна. 
 
 -Гэр бүлд нь дуулдаг хүн бий юү? 
 
              -Манай гэр бүлд дуулдаг хүн олон бий. Гэр бүлээрээ л урлагт хайртай. Аав маань цэргийн хүн, 032 дугаар ангид ажилладаг. Өмнө нь 016 дугаар ангид ажиллаж байхдаа “Оч” хамтлагийн байгуулж өөрөө дуучнаар нь ажиллаж байсан. 
 
 -Аавтайгаа хамтарч уран бүтээл хийх талаар боддог уу? 
 
            -Аав бид хоёр байнга ярьдаг “Хамт гоё дуу хийх юмсан. Энэ дууг хамт дуулж үзэх үү” гээд хамт дуулах дуу хайчихсан сууж байдаг. “Надад англи хэл заагаад өгчих тэгээд хоёулаа шинэ үеийн гоё дуунаас дуулья” гэж их ярина. Боломж олдвол хамт дуу хийнэ, аав минь жаахан завгүй цагийн хуваарьтай байдаг юм.  
 
-Албан ёсоор уран бүтээлч болох талаар бодож байв уу? 
 
             -Сонирхлоороо дуулдаг ч гэсэн албан ёсоор уран бүтээлч, дуучин болох боломж гарвал эргэлзээгүй зөвшөөрөх болно. “The Voice of Mongolia” шоунд оролцохыг их мөрөөддөг. Гэхдээ боломж нь тохиохгүй л байна. Би ямар шүүгч сонгохоо хүртэл төлөвлөчихсөн. 
 
-Аль шүүгчийг нь сонгохоор төлөвлөсөн юм бэ? 
 
              -Би Д.Болд шүүгчийн багт орохыг хүсдэг. Надад уран бүтээлчидтэйгээ тулж харьцаж, хүний авьяасыг нээж чаддаг юм шиг санагддаг. 
 
 -Сүүлийн жилүүдэд ковер дуучид олон болсон шүү дээ. Тэр дундаас таны ялгарах онцлог юу вэ?  
 
            -Би арай олон өнгө авч, өөр мэдрэмж өгөхөөр дуулдаг юм болов уу. Дуурийн дуунд их дуртай учраас дуулах гэж их хичээдэг. Уран бүтээл хийж эхэлбэл өөрийнхөө тайзны нэрийг “Nemo” гэж нэрлэнэ. Миний нэртэй ойролцоо дуудагддаг юм. 
 

 
 -Дуу хөгжим таны хувьд юу вэ? 
 
             -Дуу хөгжим миний биеийн нэг хэсэг л гэсэн үг. Би гунигтай, жаргалтай гээд ямар ч үед дуулах дуртай. 
 
 -Ямар үед амандаа аялж, дуулдаг дуу бий юү? 
 
              -Би их цоглог хүн, гунигтай үедээ ч цоглог хэмнэлтэй дуу сонсдог. “Seryoja, Foux” нарын хамтарсан уран бүтээл “Эрмэгтэй” гэдэг дууг их сонсож байгаа. Сонирхолтой нь миний сэтгэл санааг дагаж өөрчлөгдөөд байгаа юм шиг санагддаг. Баяртай, жаргалтай үедээ сонсвол цоглог босоод бүжиглэмээр, гунигтай үедээ сонсвол нэг тийм уянгалаг сонсогддог. 
 
 -Ирээдүйн зорилго мөрөөдлөөсөө хуваалцвал? 
 
             -Миний нээх амттаны дэлгүүрийн хүн бүр мэддэг брэнд болоосой гэж хүсдэг. Ганцхан Монгол Улсдаа гэлтгүй дэлхийд танигдаасай. Мөн эзэн нь дуучин гэвэл илүү догь сонсогдоно, тэр зүйлийн төлөө хичээж байна. 
 
-Ярилцлага өгсөнд баярлалаа. 
 
                -Баярлалаа. 
 
 

Д.НОМИН-ЭРДЭНЭ: Би гунигтай, жаргалтай ямар ч үед дуулах дуртай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-25 17:25:39
    Javzanpagma: Mash mundag ohin bn muruudulduu hvrhiin tuluu hicheegeerei surlaga urlagiin undur amjilt hvsie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-25 16:50:24
    Нинжээ: Эгэл даруу эрхэм хөөрөхн дүүдээ амжилтын дээдийг хүснэм чи эргэлзээгүй мөрөөдөлдөө хүрч чаднаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-25 16:13:55
    Гансэлэм: Мундаг аавын авьяаслаг охинд амжилт.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-25 15:27:35
    Заяа: Найзынхаа авъяаслаг хөөрхөн охинд томоос том амжилт хүсье. Хүн юуг хүснэ, тэрийгээ л авна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-25 15:10:54
    Ерөөлт Дашзэвэг: Ирээдүйн хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж яваа охиндоо сурлага хөдөлмөрийн их амжилтыг хүсье.Аав үргэлж охинтойгоо хамтдаа шүү.Урагшаа охин минь хайртай шүү чамдаа.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188