• Өнөөдөр 2024-04-30

МОНГОЛЫН МИСТЕР Т.БАТНАСАН: Монгол Улсын нэр надтай хамт тайзан дээр гарах учраас бэртэлтэй байсан ч хамгийн сайнаараа хичээдэг

       Монголын анхны классик бодибилдингийн про, Монгол Улсын хошой аварга, Монголын мистер зэрэг цолыг өөрийн хүч хөдөлмөр, зориг тэвчээрийн хязгаараар хүртэж чадсан бие бялдрын "хаан"  Т. Батнасантай ярилцлаа. Гүндүүгүй, дөлгөөн боловч тайзан дээр гарсан цагтаа өршөөлгүй араатан мэт харагддаг билээ.  


-Сайн байна уу? Юун түрүүнд “Chulsoon-2022” олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. 

  -Баярлалаа, намайг Т.Батнасан гэдэг. Женко клубын тамирчин. Би бодибилдингийн спортоор 12 жил хичээллэж байна. 2019 онд Монголын хамгийн анхны классик бодибилдинг про цолыг хүртэж, 2021 онд Монголын мистер болсон. 

-Бодибилдингийн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ? 

         -Би бага насаа хөдөөний амьдралд өнгөрөөсөн. Удалгүй хотод орж ирээд спортын сургуульд сурч, түүний хажуугаар барилга дээр ажилладаг байлаа. Тухайн үед хонох ч газаргүй байсан үе бий. Харин хүүхэд байхаас үндэсний бөхийн спортод дуртай байсан болохоор хичээллэж эхэлсэн л дээ. Үндэсний бөхөөр хичээллэж эхлээд удаагүй байтал ойр дотныхон маань намайг бодибилдингийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг санал болгосон юм. Ингээд анхны тэмцээн болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд байр эзэлж өөрийнхөө ирээдүйн зорилгыг тодорхойлсон.

-Chulsoon-2022 тэмцээнд чамгүй их бэлтгэл зарцуулсан байх. Тэмцээнээс өмнөх бэлтгэл сургуулилт хэрхэн өрнөж байв? 

        -Биедээ бэртэл авсан байсан болохоор оролцох бодол төдийлэн төрөөгүй. Гэвч би Монголын мистер хэмээх Монголын бодибилдингийн оргил цолыг нэр хүндтэйгээр тээж явах ёстой учраас олон улсын тэмцээнд өөрийгөө болон Монголын нэрийг өндөрт гаргахыг зорьсон. Тэмцээнээс өмнөх өдрүүдэд өөрийн эрхгүй бэлтгэлдээ анхаарал хандуулж, өглөө бүр зорилгодоо хөтлөгдөж сэрдэг байлаа. Зорилгогүйгээр өглөө сэрж чаддаггүй. Тухайн үед би энэ тэмцээнд заавал байр эзэлнэ гэсэн зарчим баримталж, өөрийн гэсэн сахилга батыг бий болгосон л доо. Харин зорилгынхоо үнэ цэнийг мэдрээд, энгэртээ медаль зүүсний дараа илүү их зүйлийг өөрөөсөө шаарддаг юм байна лээ. Бодсон зүйл их бий...

-Шинэ үеийн залуус энэ төрлийн спортоор хичээллэж, бие галбиртаа түлхүү анхаарах болжээ. Таны хувьд тэдгээр залуусыг хэрхэн дүгнэдэг вэ? 

             -Бодибилдингийн спортоор анх хичээллэж байсан үеэс өөрчлөлтүүд их гарсан. Монголд энэ төрлийн спорт анх хөгжиж байхад Ази тивийн аваргын тэмцээнээс байр эзлэх нь хүн бүрийн мөрөөдөл байлаа. Одоо Монголын залуусаас Ази, Дэлхийн аваргууд олноор төрж байна. Цаг үеэ дагаад Монголчууд олон улсад өөрсдийн байр суурийг олж байгаа нь хамгийн том өөрчлөлт.

Брэндээр биш биеэрээ гангаръя гэж ярьцгаадаг болж дээ.

        Залуус өөр, өөрийн хэмжээндээ хөдөлмөрлөж, түүнийхээ үр дүнг аль хэдийнээ мэдрээд эхэлсэн нь сайшаалтай.Одоо бид цаашид бодибилдингийн олимпод оролцох л үлдлээ. 

-Хүчний дасгал хөдөлгөөн, тэсвэр тэвчээр шаардсан спорт учраас шантрах үе гардаг байх, түүнийг яаж даван туулдаг вэ? 

             -Өөрийн зорилго тодорхой бөгөөд том байвал шантрах тохиолдол бага байдаг. Тэр тусмаа Монгол эрчүүд ялимгүй зүйлд шантардаггүй шүү дээ. Зарим хүмүүс хүчний ажлуудыг залуу байхаас авахуулаад хийж эхэлсэн нь том нөлөө үзүүлдэг. Учир нь хүчний хөдөлмөр эрхэлж, тэсвэр тэвчээрийг өөрийн биеэр мэдэрч, өөрийгөө ялан дийлсэн хүн шантрах тохиолдол бага байдаг юм шиг санагддаг. Миний хувьд анхнаасаа хүнд цаг үеийг даван туулж, давах ёстой давааныхаа ард гарч чадсан болохоор ялимгүй зүйлд шантарддаггүй.

Тэвчих ёстой бүхнээ давчихаад одоо яах гэж шантрах юм бэ гэж өөртөө байнга хэлсээр ирсэн.

-Шаардлагатай амин дэм, уураг тэжээлээ хэрхэн нөхдөг вэ? 

                -Нэмэлт уураг бүтээгдэхүүнийг зөв цагтаа, тохиромжтой хэмжээгээр ашиглавал тэр хүний биед эерэг нөлөө үзүүлдэг. Тийм учраас хоол хүнсний зохицуулалт, шаардлагатай амин дэмийг тохиромжтой үед нь хэрэглэдэг. Энэ спортод анх хичээллэж байгаа хүмүүс зарим үед баталгаагүй бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэж бие эрүүл мэндээрээ хохирдог. Дан ганц биеийн хүчнээс гадна нэмэлт бүтээгдэхүүн, хоол хүнсэн дээр анхаарах нь чухал боловч зөв уураг тэжээлээ хэрэлэх ёстой. 

-Өдөрт хэдэн цагийг бэлтгэлдээ зарцуулж байна вэ? 

             -Тэмцээний эхлэхээс гурван сарын өмнө бэлтгэлд ордог. Өглөө зургаан цагаас болон орой дөрвөн цагаас хоёр цагийн бэлтгэл хийхэд хангалттай байдаг. Бэлтгэлээс гадна тамирчин хүний гол амжилт бол хоол болон амралт юм. Хүмүүс бэлтгэл сайн хийвэл бие бялдараа хөгжүүлнэ гэж ойлгодог. Гэвч амралт, хоол хүнс хамгийн чухал гэдгийг ойлгох нь зүйтэй. 

-Монголын мистер цолыг хүртсэний дараа өөртөө ямар зорилго тавьсан бэ? 

             -“Мистер” цол бол Монгол бөхөөр “Аварга” цолонд хүрсэнтэй адил. Тийм ч учраас аливаа уралдаан тэмцээнд оролцохдоо өөрийн нэр хүндийг мохоохгүйгээр хүч хөдөлмөрөө үнэлүүлэх нь чухал. Мистер хүн бусдаасаа онцгой байх, илүү хөдөлмөрлөж, үзэгч, шүүгчдийн хүссэнийг тултал харуулах ёстой байдаг. Миний цаашдын цорын ганц зорилго болбилдингийн спортын оргил тэмцээн болох мистер олимпод оролцох. Анх энэ спортоор хичээллэж байхдаа зорьж байсан Монголын мистер цолондоо хүрч чадсан. Одоо про картаа авчихаад олимпод орох оноогоо цуглуулах бодолтой байгаа. Тэгээд л дэлхийн бодибилдингийн оргилд хүрнэ дээ. 

 

 


МОНГОЛЫН МИСТЕР Т.БАТНАСАН: Монгол Улсын нэр надтай хамт тайзан дээр гарах учраас бэртэлтэй байсан ч хамгийн сайнаараа хичээдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188