• Өнөөдөр 2024-04-26

П.МӨНХСАЙХАН: САГСНЫ ТАЛБАЙ ЗАСАЖ БАГЫН МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЛЭЭ

         Ажилдаа явах замдаа хүүхдүүдийн самбаргүй сагсны шийдэн дээр хэрхэн хэцүүхэн тоглож байгааг харж ажигласан залуу бусдыг хүлээлгүй, өөрөө үлгэрлэхээр шийдэн найзуудтайгаа хамтран эвдэрсэн сагсны талбайд засвар хийжээ. Талбай засаад зогсохыг хүсээгүй П.Мөнхсайхан найзуудтайгаа хамтран нийслэлийн хэмжээнд эвдэрсэн бүх сагсны шийдийг засах "Хамтдаа шийд" санаачилгыг эхлүүлжээ. Тэрбээр энэ долоо хоногт дараагийн гурван сагсны шийдийг янзална гэсэн.

 

-Хүүхдүүдэд тухтай тоглох сагсны шийдтэй болгож өгсөнд баярлалаа. Яагаад сагсны шийд янзлах болсон бэ?
 
     -Би хувиараа “Gate 4” нэртэй ресторан ажиллуулдаг. Манай ажил ойрхон болохоор энэ хавиар байнга явдаг юм. Дан цагаригтай самбаргүй шийдэн дээр хоёр жилийн турш хүүхдүүд тоглож байгааг анзаарсан. Энэ сагсны талбайгаас өөр ийм талбай ойр хавьд байхгүй учраас хүүхдүүд тоглоод л байдаг, хэцүүхэн харагддаг. "Засаж өгөх юм сан" гэж их бодсон учраас нэг удаа бодлоо хуваалцаж, цахим орчинд бичсэн. Харин энэ бодлыг найз минь дэмжиж, "Ажил болгоё, ганц шийдний самбар солиод дуусах биш, Улаанбаатар хотод байгаа эвдэрсэн бүх л сагсны талбайд засвар хийе" гэж ярьсан. Энэ хотод байгаа гурван сагсны талбай тутмын нэг нь эвдрэлтэй байна шүү дээ. Найз бид хоёр хувиасаа тус бүр 500 мянган төгрөг гаргаж, энэ шийдний самбарыг янзалсан. Цаашдаа найзууд маань орчноо илүү гоё болгохын тулд хичээнэ гэж найдаж байгаа. Хүмүүс ойр орчныхоо сагсны талбайн шийдийг янзлуулах санхүүг нь гаргаж, бид хамтран янзлах замаар бүх эвдэрсэн шийдийг янзлахыг хүсэж байна. Зөвхөн мөнгө хандивлаад зогсохгүй өөрийн нэрийг, аж ахуйн нэгж бол логогоо үлдээнэ. Мөн нэг өдрийн хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэх юм.
     
      Бид зассан шийдээ хар шар өнгөөр будаж, энэ загвараа баримтална. Хотод тортой шийд тун ховор. Одоохондоо олс сүлжиж хийсэн ч цаашлаад гинжээр цагаригны торыг хийнэ. Энэ долоо хоногтоо гурван сагсны шийдний самбарыг янзлах төлөвлөгөөтэй байгаа. Долоо хоногийн эхэнд шийдээ сонгож, санхүүгээ бэлэн болгоод амралтын өдрөөр засаж янзална. Энэ ажил өвлийн улиралд ч зогсохгүй үргэлжилж зассаар байх болно. Тэгээд засаад орхих биш, бидний зассан шийдэд эвдрэл гарах юм бол сэргээн засаж, өнгө будаг нэмсээр байх болно. Хийсэн бол болсон гэж хаяхгүйгээр цаашдаа хариуцаад явна гэсэн үг л дээ. Сагс бол хэзээ ч тоглосон болох спорт мөн манай улсад хамгийн түгээмэл байдаг тоглоомын талбай шүү дээ. Байр болгоны дунд нэг сагсны талбай байгаа харин үүнийг арчлаад, сайхан авч явах хэрэгтэй. Заавал тамирчин болох, амжилт гаргахын төлөө бус, утас хараад сууж байхын оронд хүүхдүүд талбай дээр тоглож хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. 
 
-Таны энэ талаар бичсэн мэдээллийн доор “Манай байрны сагсны талбайг засаад өгөөч” гэсэн сэтгэгдэл олон харагдсан. Дараагийн засах газраа төлөвлөсөн үү?  
 
       -Бид ийш тийш самгардалгүй одоо зассан талбайтайнхаа ойролцоо гурван газрыг сонгосон. Ингэж засвал нэгт тээврийн зардал бага гарна мөн засвар хэрэгтэй газрыг орхилгүй янзлахад нөлөөлнө. Гэр хороолол, хөдөө орон нутгаас холбогдсон тохиолдол байгаа. Одоохондоо бид хүрч ажиллана гэдэг хэцүү харин хэрхэн бүтээх аргачлалыг нь зааж өгч болно. Бид гэр хорооллын хөрсөн дээр шавар талбай засаж, сагсны талбай засах боломжгүй шүү дээ. Одоохондоо эвдэрсэн шийдийг л засаж янзлах зорилготой байгаа.
 
-Хоёр жилийн турш энэ сагсны талбайг танаас өөр хүн анзаарч харсан л байх. Танаас өөр хүн засах боломжтой байсан болов уу?
 
         -Харсан, бодсон байх. Гэхдээ нийгэмд бусдыгаа манлайлдаг цөөн хүн байдаг гэдэг. Тэдний нэг нь болж, энэ шийдийн самбарыг янзалж, цаашлаад бүх эвдэрсэн шийдийг янзлах ёстой байсан юм болов уу. Үүн шиг асуудал дээр нэг хүн тэргүүлж чиглүүлэхгүй бол болдоггүй юм билээ.
 
-Таны зассан талбай дээр хүүхдүүд аз жаргалтай тоглож байгааг харах ямар байсан бэ?
 
            - Хамгийн сайхан эрч хүч өгсөн ажил болсон. Хүүхдүүд ирж гар бариад, талархлаа илэрхийлэх мөч сэтгэлд үлдсэн. Хүүхдүүд чинь хөөрхөн шүү дээ, олууллаа зогсож байгаад "Баярлалаа, ах аа" гэж орилоод л.
 
-Цахим орчинд ч мөн дэмжиж, урам өгч байгаа харагдсан?
 
          -Надад хамгийн их эрч хүч урам өгөх үгс тэнд байсан. Угаас энэ зүйлийг цааш үргэлжлүүлэхийн тулд цахим орчинд идэвхтэй байх хэрэгтэй. Олон хүнд энэ мэдээллийг түгээх тусам алслагдсан бүсэд ч энэ ажил маань хүрэх боломжтой болно гэж болсон.
 
-Сагсны шийд янзалсны дараа хажуугаар нь алхахад ямар мэдрэмж төрсөн бэ?
 
           -Засвараас өмнөх өрөвдөлтэй дүр зураг байхгүй болсон. Арын самбаргүй шийдэн дээр сагс тоглох их хэцүү. Гэхдээ хүүхдүүд тоглоод л байдаг байсан. Одоо хүүхдүүд байнга тоглож байна.
 
-Таны хувьд багадаа ямар хүүхэд байсан бэ?
 
            -Би арав гаруй жил сагсанд бүх л зүйлээ зориулж байна. Дээд лигт тоглож байлаа. Сайн тамирчин байж чадаагүй ч спортоо орхихгүй. Хайртай спортынхоо төлөө хийж байгаа ажил минь юм даа. Би амжилт гаргаж чадаагүй ч энэ сагсны талбайгаас дэлхийн хэмжээний чадварлаг тамирчин гарахыг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ.
-МИНИЙ ЗАССАН САГСНЫ ТАЛБАЙГААС ШИЛДЭГ ТАМИРЧИН ГАРААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ-
 
-Та багадаа сагсны гоё талбайтай болохыг мөрөөддөг байв уу?
 
             -Гэр хороолол амьдардаг, хашаандаа сагсны шийдтэй болох мөрөөдөлтэй байсан. Хүүхдийн хувьд биелүүлэхийг хүсдэг том мөрөөдөл байсан юм. Тэгээд төмөр шон авчраад, өөрөө модоор самбар хийгээд, төмөр цагариг аваад торыг нь өөрөө сүлжээд хашаандаа жижигхэн шийдтэй болж байлаа. Тэр үед шийдний хулгай их байлаа. Одоо харин хямд төсвөөр хаана ч сагсны шийдтэй болох боломжтой болсон байна. Аливаа ажилд үр дүн хэрэгтэй жилийн дараа "Би 100 шийд засаж янзалсан" гээд зогсож байхыг хүсэж байна. Өөрийн мөрөөдлөө эдгээр хүүхдэд бүтээж өгч байгаадаа баяртай байна.
 
-Ямар мэргэжилтэй вэ. Ажлынхаа талаар яривал?
 
             -Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй. Оюутан байхдаа дээд лигт тоглодог Шаркс багийн тамирчин байлаа. Лигээс мөнгөн медаль авсан баг. Цалин авдаг тамирчин учраас сургалтын төлбөрөө төлчихдөг байсан. Баг маань үйл ажиллагаа явуулахаа больсны дараа олон төрлийн ажил хийж эхэлсэн. Манаач, барилгачин гээд олон ажил хийж үзэж байхдаа зөөгч хийж үзсэн юм. Үйлчилгээний салбар сонирхолтой санагдаад зөөгчөөсөө дээшээ долоон албан тушаал ахиж, тус салбарт өөрийн гэсэн байр суурьтай болсон. Үйлчилгээний салбарт арав гаруй жил ажиллаж байгаад өөрийн гэсэн брэнд болох ресторанаа нээсэн. Ажил, бизнес минь цэгцэрсэн учраас ийнхүү сайн дураараа ажил хийгээд явж байна.
 
-"Хамтдаа шийд" хар шар өнгөөр байгаа нь содон байгаа шүү дээ. Өнгөний сонголтын талаар яривал?
 
            -Сагсны шийд янзлах ажил маань цааш өргөжвөл бүтэн сагсны талбай засах боломжтой болно. Гэхдээ анхны хэв загвараа алдахгүй хар, шар өнгөөр дагнан явна. Энэ нь нэг төрлийг брэнд гэсэн үг л дээ. "Cu" гэхээр үзмийн ягаан, ногоон өнгө, "KFC" улаан байдаг шиг л бидний зассан талбай хаанаас нь ч харсан мэдэгдэхээр хар, шар өнгөтэй байх болно. 
 
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
 
            -Баярлалаа.

П.МӨНХСАЙХАН: САГСНЫ ТАЛБАЙ ЗАСАЖ БАГЫН МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-16 10:36:40
    zochin: Xuuxduuded uram zorig xairlasan saixan uils buteej baigaa yum baina Ajild ni amjilt xusie
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188