Аяллын тухай кино үзэх болсон цагаасаа аялалд дурлаж, 22 жилийн турш аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа хүн бол К.Бахадбек. Хүмүүс түүнийг “Аялагч Бек” гэдгээр нь андахгүй. Тэрбээр Монгол орноор зургаан удаа тойрон аялал хийсэн. Түүнчлэн “Resorts Mongolia" аялал жуулчлалын компаны үүсгэн байгуулагч. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.
-Сайн байна уу. Таны аялж байсан газруудаас хамгийн адал явдалтай, дурсамжтай аялал нь юу байсан бэ?
-Сайн байна уу. Аялал болгон өөрийн өнгө, дурсамжтай, адал явдалтай байдаг. Гэхдээ миний сэтгэлд хамгийн тод үлдсэн дурсамжтай аялал бол зургаан жилийн өмнө явсан хүрхрээ судлалын аялал. Газарзүйн хүрээлэнгийн болон түүхийн архиваас сайн судалсны эцэст Монголд 42 хүрхрээ байгааг олж мэдсэн. Түүнийхээ дагуу аяллын хөтөлбөр гаргаж, 29 хоног аялж байсан. Энэ аялал бол миний хамгийн сайхан дурсамжтай, адал явдалтай аялал.
-Таны бодлоор монголчууд маань хэр аяллын соёлтой ард түмэн бэ?
-Аялах соёлд суралцаж байгаа ард түмэн. Сүүлийн үед хүмүүсийн дунд “Гадаад орноор аялахаас илүү эхлээд эх орноороо аялъя” гэдэг хандлага нэмэгдэж байна. Үүнийг дагаад аялагчдын аялах соёл, хэв маяг, ачаалал даах чадвар нэмэгдсэн. Мөн аялахдаа юун дээр анхаарах вэ гэдгээ илүү мэддэг болсон нь аяллын компаниудад аяллаа амжилттай зохион байгуулахад хялбар болж байна.
-Таныг анх аялал жуулчлалын салбарт орж ирэх үеэс одоо аяллын салбар хэр өөрчлөгдөж, хөгжсөн бэ?
-Аялал жуулчлалын салбарт ажилладаг хүний хувьд энэ салбар яст мэлхийн хурдаар явж байгаа юм шиг санагддаг. Яагаад гэвэл намайг 2000 онд аялал жуулчлалын мэргэжил эзэмшихээр оюутан болж байхад нэг сая жуулчны тухай яригддаг байсан. Өнөөдөр 22 жил өнгөрч байхад ч нэг сая жуулчны талаар ярьсаар л байгаа. Сүүлийн жилүүдэд олон аялал жуулчлалын компани, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа сургууль, үзвэр үйлчилгээний байгууллага нэмэгдсэн хэдий ч жуулчдаа хангалттай түвшинд байлгаж чаддаггүй. Хамгийн наад зах нь өвлийн аяллаар гадаадаас жуулчин хүлээн авахад өвөл ажилладаг амралтын газар, орон нутгийн буудал хүрэлцээгүй байдаг. Нэг удаа ирсэн жуулчин дахиж ирэх нь ховор. Учир нь, аялал жуулчлалын салбарыг, салбар дотроо ч зоосны нүхээр хардагтай шууд холбоотой. Аялал жуулчлалын тээвэр үйлчилгээний, хүлээн авах, үзвэр үйлчилгээний байгууллагуудын хөгжил, нислэгийн чиглэл, сонголт, үнийн байгаа байдал зэрэг аялал жуулчлалын салбарт нөлөөлдөг. Гадаадын аялал жуулчлалын салбарыг бодвол дотоодын аялал жуулчлалын салбар илүү хурдацтай хөгжиж байгаа. Гэхдээ дотоодын аялал жуулчлалын талаар мэдлэг дутмаг хүмүүс аялал зохион байгуулах нь олширсноор хөгжиж байгаа юм шиг харагдаж байгаа боловч аялал жуулчлалын салбарын нэр хүндийг унагаадаг. Дуртай нь энэ салбарыг зоосны нүхээр харж байгаа энэ цаг үед аялал жуулчлалыг хөгжиж байна гэж харахад хэцүү. Аялал жуулчлал бол үйлчилгээний бизнес, салбар. Мөн сэтгэл зүйн бизнес. Манайх шиг өргөн, уудам нутагтай газар гадаадаас 300-500 мянган жуулчин гэдэг хангалтгүй тоо. Тухайлбал, Хятадын нэг үйл ажиллагаа дээр ирдэг жуулчнаас хэд дахин бага жуулчин ирж байна гэхээр харамсмаар.
-Танай компани аяллаа сонирхолтой байлгахын тулд юун дээр анхаардаг вэ?
-Манай компани сэдэвчилсэн болон дагнасан аяллыг зохион байгуулдаг. Жилийн дөрвөн улирал аялал зохион байгуулдгаараа бусад компаниас илүү давуу талтай. Түүнчлэн, аялагчдынхаа тав тухтай байдалд буюу аюулгүй унаа, хоол, аяллын мэдээлэлд илүү анхаардаг. Мөн хямд аргаар аль болох олон газар аялуулахыг хичээдэг. Жишээ нь, манай баруун аймгийн 18-21 хоног аялах зардал нэг сая төгрөг байдаг.
-Аялал жуулчлалыг улирлын чанартай гэж яриад байдаг. Улирал алгасахгүй хөгжүүлэх боломж бий гэж хардаг уу?
-Монголын аялал жуулчлалын хөгжил удаашралтай байгаа нь улирлаас хамааралтай гэж ярьдаг. Олонх компаниуд зуны гурван сар аялал жуулчлалаа явуулаад зургаан сар зогсонги байдаг. Гэвч манай улсад улирлаас хамаарахгүй аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Төв азийн цээжин дээр тэгш өндөрлөгт жилийн дөрвөн улиралтай гэдэг нь харин ч манай давуу тал . Улирал болгон өөр, өөр өнгөтэй учир жуулчин татах хүчин зүйл болж өгнө. Ямар улиралд аль бүс нутагт аялал зохион байгуулах вэ гэдэг чухал асуудал. Монголд зөвхөн машинаар аялахаас гадна олон төрөл хэлбэрээр аялах боломжтой. Тухайлбал, тэмээ, морин аялал, усан доогуур шумбах, мөсөнд авиралт, археологийн аялал гэх мэтчилэн. Мөн сэдэвчилсэн, дагнасан аялал ховор зохион байгуулбал илүү сонирхолтой. Жишээ нь, хүрхрээний, вансэмбэрүүний, нуурын, говийн, тайгын гэх мэтчилэн улирлаас хамаарсан дагнасан, сэдэвчилсэн аяллууд хөгжихөд тохиромжтой.
-Танд одоо Монголд очиж үзэхийг хүсэж байгаа газар юу вэ?
-Монгол орон бол тайлагдашгүй баялаг түүх хийгээд байгалийн дурсгалтай. Явах тусам өөрийн өнгө үзэмжийг гайхуулж байдаг. Намайг хүрхрээний аяллаа дуусгаснаас хойш ахин хоёр хүрхрээ байгаа гэж нутгийн зон олноос авсан мэдээлэл авсан. Тэгээд судалгаа хийсний үндсэн дээр Говь-Алтай, Баян-Өлгий аймагт хоёр хүрхрээ байгаа тул дараа жил явахаар зэхэж байна.
-Та жилийн дөрвөн улиралд аялал зохион байгуулдаг гэж байсан. Цагаа хэрхэн хуваарилдаг вэ?
-Хүн мэргэжлээ хобби болгоод, хоббигоороо ажиллах хамгийн сайхан. Чаддаг зүйлээ тултал хийх нь зөв хандлага гэж боддог. Миний хоёр дахь гэр бол эх орон минь. Эх орныхоо бүх улиралд хээрээр гэр , хэцээр дэр хийж тэрбум одтой зочид буудалдаа сайхан байдаг. Жилийн 365 хоногийн талаас илүүг аялж өнгөрөөдөг ч үлдсэн өдрүүдийг гэр бүлдээ чанартай цаг гаргах гэж хичээдэг. Аялал
-Аяллаас авдаг мэдрэмжүүдээсээ хуваалцвал?
-Аялал бол эрх чөлөө, танин мэдэхүй, хязгааргүй орон зай. Аяллаар хүн өөрийгөө хайдаг, олдог, мэдэрдэг.
-Намар ямар аялал хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Говь, Хэнтий, Сэлэнгэ рүү аялал хийхээр төлөвлөж байна. Дараа нь Хөвсгөлийн баруун тайга руу чиглэж аялна. Говийн зун намар эхэлдэг гэж ярьдаг. Зуны аагим халуунд говь руу аялахад цаг агаарын хувьд тохиромжгүй. Харин намар говийн цаг агаар тогтуун дулаахан байдаг.
-Ярианыхаа төгсгөлд залуустаа хэлэх зөвлөмж байгаа болов уу. Аяллаар явахдаа бид юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
- Монголоороо аялаарай гэж уриалмаар байна. Эх орноо аялж үзсэн хүн Монголоо илүү хайрладаг, хамгаалдаг, бахархдаг. Аялалд гарахдаа нэгдүгээрт, хувийн бэлтгэл сайн байх хэрэгтэй. Учир нь, бэлтгэл сайн байж аялал сайхан болдог. Хоёрдугаарт, хаашаа аялж байгаагаас хамаараад тухайн газар нутгийн өвөрмөц онцлогуудыг судлах нь чухал. Гуравдугаарт, тухайн нутгийнхаа аж амьдрал, соёлын судалсан байх ёстой.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
АЯЛАГЧ К.БАКАДБЕК: Миний хоёр дахь гэр бол эх орон минь |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |