• Өнөөдөр 2024-05-06

Х.ЦАСЧИХЭР: ТАЙЗАН ДЭЭР ЖҮЖИГЛЭНЭ ГЭДЭГ ОЛСОН ДЭЭР АЛХАХТАЙ ИЖИЛ ТОРГОН МЭДРЭМЖ ШААРДДАГ

      "Риакшн" продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин Х.Цасчихэртэй урлагийн гараа, "Маск" продакшнд өнгөрүүлсэн нандин мөчүүд болон шинэхэн уран бүтээлийнх талаар ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Удахгүй нээлтээ хийх “Чи надад хайртай” жүжгийнхээ талаар ярихгүй юу. Зохиолчоос нь албан ёсоор зөвшөөрөл авах ямар байсан бэ?
 
       -Сайн байна уу, "Чи надад хайртай" жүжиг дэлхийн 20 гаруй улсын тайзан дээр тоглогдсон байдаг. Зохиол нь цахим орчинд байгаа ч манай продакшн зохиолчоос нь албан ёсны зөвшөөрөл авахаар шийдэж, холбогдсон. Красногоров Валентин Самуиловичыг бид хоёр одоогийн  У. Шекспир гэж харж тэр хүнтэй холбогдсондоо маш их баярласан, алдартай зохиолч шүү дээ. 
 
-Зохиолч Красногоров Валентин Самуилович саналыг нь хэрхэн хүлээж авсан бэ? 
 
         -Маш найрсгаар хүлээж авсан “Миний зохиолоор жүжиг тоглох гэж байгаад баяртай байна. Энэ зохиолын дүр дээр дандаа настай хүн тоглуулдаг, ингэж залуу хүн тоглож байгаад баяртай байна. Би яг чам шиг залууг харж энэ зохиолоо бичсэн” гэж хэлсэн. Зохиолчийнхоо амнаас тийм үг сонсох гайхалтай байгаа юм чинь “ Би хичээнэ ээ” гэж хэлээд албан ёсоор зөвшөөрлөө авсан даа. 
 
-Таны урлагт хөл тавьсан үеийг дурсахгүй өнгөрч боломгүй байх. Жүжигчин болохоор шийдэж байсан үеэ дурсахгүй юу?
 
           - Анх дуучин болно гэж боддог, хүүхдийн ордны дууны дугуйланд  явдаг байлаа. Өөрийгөө их гоё дуулдаг гэж боддог тэгээд дуулдаг, жүжиглэдэг хүн болно гэж төсөөлөөд жүжигчнээр шалгалт өгсөн ч тэнцэж чадаагүй. Тэгээд шантралгүй нэг жил бэлдэж байгаад дахин жүжигчний ангид шалгалт өгч тэнцсэн.
 
 -"Маск" продакшнаар овоглож явдаг байсан үе саяхан шүү дээ. Тус хамтлагт яаж орсон бэ?
 
      -Гуравдугаар ангийн оюутан байхдаа "Маск" продакшнд шалгалт өгч тайзны туслахаар орж байлаа. Жүжиг хоорондын тайзыг засаж, жижиг хэрэглэл бэлддэг байж байгаад  бүжигчин болж, цаашлаад жүжгийн эхлэл төгсгөл дээрээ гардаг боллоо. Сургуулиа төгсөөд хоёр жилийн дараагаас тайзан дээр гарч хамт жүжиглэдэг болсон. Хамгийн анхны байгууллага минь намайг тэгж элгэмсэг, дотноор угтаж авсад баярлаж явдаг.
 
-"Маск" продакшнд өөрийн гэсэн орон зайтай болчихсон, хүмүүс ч тус хамтлагийн жүжигчнээр мэддэг болчихсон байсан. Өөрөө продакшн байгуулж хамлагаасаа гарах шийдвэрийг гаргах амаргүй байв уу?  
 
         -Том зориг л доо. Уран бүтээл дээр миний хамгийн их түшиг болж байгаа хүн бол миний хамтрагч Соёлын тэргүүний ажилтан Э.Тодгэрэл, надад зориг өгч “Хоёулаа болохоосоо болохгүй хүртэл хамтлаа хичээцгээе, олон жил энэ продакшныг авч явъя” гээд хамтдаа зориглосон.
 
-"Маск" продакшнд таны шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
 
           -Ах нар маань энэ тал дээр маш нээлттэй байдаг. "Маск" продакшнаас сайн уран бүтээлчид гарч, "Маск" гэдэг модны салаа мөчир нь болж байна гэж баяртайгаар хүлээн авдаг.  Тэгж хүлээж авч байгаа нь үнэхээр урам болсон.
 
-Э.Тодгэрэл жүжигчинтэй хамтран продакшн байгуулсан олон нийтэд хурдан түгсэн. "Риакшн" продакшныг байгуулсан түүхээсээ хуваалцахгүй юу?
 
             -"Риакшн" 2019 онд байгуулагдсан продакшн. Бид нэрээ сонгох гэж их цаг зарцуулсан. "Риакшн" бол хүний ямар нэгэн зүйлийг хүлээн авч байгаа байдал, үнэлгээ шүү дээ. Э.Тодгэрэлтэй найзуудын холбоотой байж байгаад хамтран ажиллах санал тавьсан. Энэ бол хамтын байгууллага нийт 10 гаруй жүжигчин, ажилтантай болсон байна. Гэхдээ дарга, ажилтан шиг бус нэг шиг урагшаа харж л ажиллахыг хичээдэг, бүгд хөдөлдөг.
 
-Хүмүүсийг удирдан зохион байгуулж ажиллах ямар байна. Хүний удирдлага дор явах, хүн удирдаж, чиглүүлж явах  хэр ялгаатай байна?
 
              -Ах нарынхаа зовлонг маш сайн ойлгодог юм байна. "Маск" продакшны хувьд гурван ах маань зэрэг зүтгэж хамтдаа ажилдаг байсан. Би ах нараасаа сурсан учраас хамт олондоо бүгд зүтгэж, хамтаа ажиллана шүү гэж хэлдэг. Удирдаж, удирдуулж явах асар их ялгаатай юм билээ. Хамтарч ажиллаж байгаа жүжигчдэдээ цалинтай байлгах хэрэгтэй, улсдаа татвар, төлбөрөө өгдөг байх ёстой гээд маш их үүрэг хариуцлага гарч ирсэн. Зүгээр суух эрхгүй болсон доо.
 
-"Риакшн" продакшны анхны дэлгэцийн уран бүтээлийг хийгээд дуусах үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу. Одоо удахгүй тайзны уран бүтээл нээлтээ хийх гэж байна.
 
           -Энэ бүхэн яг л зүүд шиг байгаа. Бид маш яаралтайгаар уран бүтээлүүддээ орсон. 2025 он хүртэл төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Жилдээ 1-2 жүжиг, нэг бүрэн хэмжээний кинотой, контенттой ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Драмын жүжигчин, хошин урлагийн жүжигчин хоёр нэгдэж байгуулсан учир бид хоёрын суурь тайз байсан. Тиймээс тайзны уран бүтээлийг яагаад ч хаяж болохгүй гэж бодсон учраас тайзны уран бүтээлд зоригтойгоор орсон. 
 
-Соёлын  довтолгоо киноны дүрээр олон хүн таньдаг болсон байх. Тус кинонд дүр бүтээсэн үеэ дурсахгүй юу?
          -Надад маш том шалгуур болсон. Гол дүрд тоглоно гэдгээ мэдээд баярлаж бас сандарч хүлээж авсан. Тухайн үед бусад жүжигчдийг царайгаа борлуул, наранд зогс, сайрт гэдэг байсан бол над дээр эсрэгээрээ байсан. Цасаа нарнаас хол сүүдэрт бай, битгий гар, зохиолоо унш гэдэг байлаа. Энэ киноны гол дүрд тоглосондоо их баяртай байдаг.
 

 
-"Маск" продакшны уран бүтээлч байсан учраас хамтлагаасаа "Энийг л хамгийн сайн сурсан даа" гэж бодсон зүйл байсан болов уу?
 
              -Миний сурсан зүйл бол хүн бүртэй яг л нэг л зангаар харьцаж, жаргал зовлонг нь ойлгох гэж хичээдэг зан нь сурсан. Мөн манай баг бүрэлдэхүүн тоотой хэдэн удаа цагаасаа хоцорч байсан. Хэзээ ч нэгнийхээ араас "Чи хаана явж байна” гэж залгаж байгаагүй. Тэр хариуцлагатай занг одоо өөрөө залуу уран бүтээлчдэдээ үлгэрлэхийг хичээдэг.
 
- Тайзан дээр жүжиглэх, кинонд тоглох хоёрын ялгааг та өөрийнхөөрөө тайлбарлавал?
 
             -Өөр өөрийн гэсэн онцлогтой тусдаа урлаг. Кино уран бүтээл яг тэр хэвээрээ хэдэн зуун жил хадгалагдах боломжтой. Тайзны урлаг бол маш амьд урлаг. Тайзан дээр жүжиглэж байгаа жүжигчин, үзэгч хоёрын дунд маш нарийн холбоос байдаг. Би кинонд тоглож байхдаа алдвал дахин шинээр бичүүлж хамгийн сайн жүжиглэлтээ тэр дүрсэнд үлдээнэ. Гэтэл тайзан дээр тэгэх боломжгүй шүү дээ. 
 
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
 
               -Баярлалаа.
 

Х.ЦАСЧИХЭР: ТАЙЗАН ДЭЭР ЖҮЖИГЛЭНЭ ГЭДЭГ ОЛСОН ДЭЭР АЛХАХТАЙ ИЖИЛ ТОРГОН МЭДРЭМЖ ШААРДДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188