• Өнөөдөр 2024-03-29

АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ Б. ГЭРЭЛЧИМЭГ: Англи хэл сурахын тулд илүү олон удаа алд

2022-09-10,   391

    Англи хэл бол дэлхий нийтийн хэл болсон энэ цаг үед англи хэл хэрхэн сурах вэ хэмээн толгойгоо гашилгаж байгаа бол бид англи хэлний багшаар 10 дахь жилдээ ажиллаж байгаа Б.Гэрэлчимэгтэй ярилцлаа. Тэрбээр Америкийн Сиэтл мужид “Seattle ESL and Life Coaching” сургуулийг ажиллуулдаг ба амьдралын дасгалжуулагч мэргэжилтэй. Түүнчлэн, Амазоны шилдэг 100 борлуулттай номын хоёрт бичигдэж байсан “Мөрөөдөх эрх” номын зохиолч. Бид түүний шинэхэн номынх нь талаар яриагаа эхлүүллээ.

-Та "Мөрөөдөх эрх" номоороо олон эмэгтэй хүнд  урам хайрласан. Хоёр дахь номоо яагаад ээжүүдэд чиглэж бичсэн бэ?

     -Би Монгол ээжүүдэд туслах зорилготой. Учир нь би АНУ-д жирэмсэн байхдаа болон хүүхдээ төрүүлсний дараа гормоны өөрчлөлтөөс болж сэтгэл гутралд орсон. Энэ үед Монголд маань надад тулгамдаж байгаа асуудалтай холбоотой ээжүүдийг  дэмждэг үйл ажиллагаа бага байдаг юм байна гэдгийг олж харсан. Иймээс ээжүүдэд чиглэж ажилладаг. Монголын ирээдүй болсон хүүхдүүддээ туслахын тулд ээжүүдийгээ хөгжүүлж, чадваржуулах хэрэгтэй гэж боддог. Ээжүүд чадварлаг байвал хүүхдүүд ч мөн зорилготой, зоригтой, чадварлаг байна. Шинэ гарч байгаа ном маань “Халим ээж” гэдэг нэртэй. Би ээжүүд маань өөр хүнээс тусламж гуйхгүйгээр хүүхдүүддээ хэрхэн дасгалжуулалт хийх вэ, олон улсын стандартад нийцсэн дасгалжуулалт хийх боломж байна уу гэдгийг судалсан. Тэгээд Монголын соёл, ахуйн байдалд дөхсөн байдлаар “Монгол  хүүхдүүдэд минь тус болох болов уу” гэсэн бодолд үндэслэн энэ номоо бичсэн. Энэ номыг уншсаны дараа ээжүүд маань хүүхдүүдтэйгээ хийх дасгалуудаа, хамтдаа хийх үйл ажиллагаануудаа мэддэг болно

-Энэ ном хэр хугацаанд бичсэн бэ. Яагаад “Халим ээж” гэж нэрлэсэн бэ?

-Энэхүү номыг гурван жилийн хугацаанд бичсэн. Өөрийнхөө хүүхдүүддээ би яаж тусалж чадах вэ гэж бодож байгаад бичсэн. Ном маань нэг жил бичигдээд бэлэн болсон байсан боловч нэрийн тал дээр хүссэн илэрхийлэмжээ гаргаж ирж чадахгүй байсан болохоор нэг хэсэг дараатай байлгасан. Зургаан сарын өмнө халимын тухай үйл явдлыг сонсоод, түүний талаар нэлээн судалж байгаад эх халим ямар байдаг вэ талаар мэдээд "Халим ээж" гэж нэрлэх нь зөв гэж шийдсэн. Учир нь, эх халим үхэн үхтлээ үр төлтэйгөө хамт байдаг. Эх халим энэ дэлхий дээр байгаа бүх амьтдаас илүү үр төлөө хайрладаг, хамгийн их золиос гаргадаг амьтан гэж тооцдог юм билээ.

-Та англи хэлний багшаар ажиллаад олон жил болж байгаа. Англи хэлний багш болохоор шийдсэн дурсамжаасаа хуваалцвал?

    -Би англи хэлийг дунд сургуульд байхдаа хичээл дээрээ заалгаж байсан ч хэрэглээний түвшинд сурч чадаагүй. Сургуулиа төгсөөд гурван жилийн хугацаанд хэрэглээний түвшинд англи хэлийг маш сайн сурсан. Мөн Малайз, АНУ-д тэтгэлэгтэй суралцсан. Тэр бүхнээ нэгтгээд англи хэлийг заадаг. Хүмүүс олон жил англи хэл сурдаг ч гэсэн хэрэглэж ашиглаж чадахгүй байх асуудалтай их тулгардаг. Тэрхүү асуудлыг нь шийдэхэд туслахыг хичээдэг.

-Та англи хэлний хичээлээ хэрхэн заадаг вэ?

    -Англи хэлийг энгийн, хөгжилтэй байдлаар өдөр тутмын амьдралд суурилан заадаг. Ингэснээр сурагчид маань хичээл дээр сурсан зүйлээ шууд өдөр тутмын амьдралдаа ашиглах боломжтой. Айхтар дүрэм заадаггүй, яриа, дуудлага зэрэг өдөр тутамд хэрэг болох зүйл дээр тулж ажилладаг. Онлайн болон танхимаар хичээлээ заадаг. Америкийн Сиэтл мужид байх сургуульд олонхи нь Монгол, Солонгос, Мексик сурагчид байдаг. Мөн Монголд салбар сургуулиа нээгээд гурван жил болж байна.

-Та англи хэлний багшаар ажиллахаас гадна амьдралын дасгалжуулагчаар ажилладаг юм билээ. Анх яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

    -Сурагчдадаа илүү сайн нөлөөлж, англи хэлээ хүссэн хэмжээнд сурахад сэтгэл зүйд нь дэмжлэг үзүүлэхийн тулд амьдралын дасгалжуулагч мэргэжлээр суралцсан. Мэргэжлээрээ ажиллаад дөрвөн жил болж байна. Би эмэгтэйчүүд, ээжүүд, хүүхдүүдтэй голлон ажилладаг. Англи хэлний хичээл орж байхдаа нэмэлтээр дасгалжуулалтын хичээл ордог. Иймд хүүхдүүд “Би яагаад англи сурч байна вэ, надад хэл сурахад ямар асуудал тулгарч байна, үүнийгээ хэрхэн даван туулах вэ” гэдгээ ойлгож, илүү сайн сурдаг. Мөн “Би хэн бэ” гэдгээ таньж мэдэхэд нь жаахан ч болов тус, дэм болдог болов уу.

-Та хэдийгээр амьдралын дасгалжуулагч ч гэсэн бидний адил хүн шүү дээ. Ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалаад стресстэй үе байдаг уу?

-Стресстэй үе байлгүй яах вэ. Би гурван хүүхдийн ээж. Амьдралын дасгалжуулагч нар маш их зүйл мэдэх шаардлагатай байдаг. Би энэ чиглэлээр ажиллаад сурч, хөгжиж яваа л хүн. Хүн л юм хойно хүнд байдаг бүх мэдрэмжүүдийг мэдрээд явна. Гэхдээ мэргэжлээрээ олж авсан мэдээллүүдээ өөр дээрээ хэрэгжүүлээд, өөртөө туслаад явдаг. Гэвч зарим үед тухайн мэдрэмжээ өөрчлөх гэж оролдохоос мэдрэх илүү тустай байдаг.

-Амьдралын дасгалжуулагч мэргэжлийн хэцүү болон сайхан тал нь юу вэ?

   -Үйлчлүүлэгчтэйгээ ажиллаад тухайн хүн асуултуудаар минь дамжуулаад юу хийх ёстойгоо ойлгох нь ажлын маань хамгийн сайхан хэсэг. Монголд маань амьдралын дасгалжуулагч сүүлийн жилд нэлээн олон болж байгаа харагдсан. Гэвч бидний мэргэжлийг ойлгохгүй шүүмжлэх хандлагатай байхаар үйлчлүүлэгчтэйгээ ажиллахад эргээд хэцүү болдог.

-Амьдралын дасгалжуулагч мэргэжил бусад мэргэжлээс юугаар ялгаатай вэ?

   -Хүмүүс амьдралын дасгалжуулагч гэхээр “Сайхан үгээр гоё зөвлөгөө өгнө байх” гэж бодоод байх шиг санагддаг. Гэвч амьдралын дасгалжуулагчдын хамгийн чухал хийдэг ажил зөв асуултыг зөв цагт тавих юм. Дэлхий дээр ажиллаж байгаа хүн бүхэн өөр өөрийн амьдралаар амьдарч байгаа. Тухайн хүний амьдралыг тэр хүн өөрөө л хамгийн сайн мэднэ. Иймээс хүний амьдралыг заах боломж бидэнд байхгүй. Гэхдээ хүмүүсийн мэддэг ч анхаарахаа мартсан тэр зүйлсэд асуултуудаараа дамжуулан тусалдаг. “Асуулт асууж өөрийгөө ойлгоход нь тусалдаг” гэж хэлж болно.

-Ярианыхаа төгсгөлд англи хэл сурах арга, нууцаас хуваалцвал?

   -Нэгдүгээрт, англи хэл сурахад тийм ч хүнд, хэцүү хэл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид Монгол хэлээрээ ярьж чадаж байгаа юм чинь англи хэлийг сурч чадна. Хоёрдугаарт, би англи хэлийг сууж сурдаг хэл биш гэж боддог. Иймээс ярьж, ойлголцож байж сурна. Гуравдугаарт, ямар ч гадаад хэлийг сурч байгаа хүн алдаа гаргахаасаа айж болохгүй. Алдаж байж илүү сайн сурна. Өдөр болгон нэгээс хоёр хуудас ном уншиж байгаарай. Ном уншсанаар үг тогтоож, үгийн бүтэц сурч, дуудлагаа сайжруулах боломжтой. Мөн үг цээжлэхийн оронд өгүүлбэр цээжлээрэй. Сүүлд нь хэрвээ та ямар нэг зүйл сурсан бол өөр хэн нэгэнд зааж байгаарай.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

    -Баярлалаа.


АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ Б. ГЭРЭЛЧИМЭГ: Англи хэл сурахын тулд илүү олон удаа алд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188