• Өнөөдөр 2024-05-06

СГЗ Ж.БАДРААГИЙН ГЭРГИЙ Х.БАДАРЧ: ХАНИЙГАА “САЙН, САЙХАН ХҮН БАЙСАН” ГЭЖ ХЭЛЭХЭД АРАЙ Л БАГАДААД БАЙХ ШИГ САНАГДДАГ

2022-09-07,   2101

        “Бид гурван жил үерхэж, ханилсан. Тэр хугацаанд цөөхөн уулзаж байлаа шүү дээ. Тэр нэг удаа над руу  эгцэлж хараад “Би чамд итгэж болох уу” гэсэн юм. Би сайн ойлгоогүй мөртлөө ямар ч байсан “Итгэж болно” гэж билээ. Тэгээд түүний үнэн голоосоо баярлаж байгааг хараад  айх  шиг болсон. Одоо ч тэр мэдрэмжийг би мартдаггүй юм. Тэр үед хань минь “Би маргааш их олзтой буцах нь дээ” гээд инээж байсан. Энэ явдлаас хойш гурван жилийн дараа бид  гал голомтоо бадрааж,  40 гаруй жил жаргалтай, хүний ёсоор сайхан амьдарсан. Хүний амьдралд тохиолддог бүхнийг үзсэн, туулсан. Би сүүлд нь “Чи яагаад танихгүй охиноос итгэж болох уу” гэж асуусан юм бэ гэхэд тэр минь “Энэ охин  миний насны хань юм гэж бодсон” гэдэг сэн. Би Бадраагаа “Сайн, сайхан хүн байсан” гэж хэлэхэд арай л багадаад байх шиг санагдах юм” гэсээр бидний ярилцлага эхэлсэн юм. Түүнийг Х.Бадарч гэдэг 53 жил эх, үрсийн эрүүл мэндийн төлөө зүтгэсэн, гавьяат эмч. Мэргэжилдээ олон жил үнэнчээр зүтгэсэн шигээ гэр бүл, үр хүүхдээ зөв, сайхан хүмүүжүүлж, ханийнхаа чанартай, чансаатай, монголчуудын зүрх, сэтгэлд хоногшсон сод бүтээл хийх үндсийг нь тарьж,  ургуулсан хүн бол Х.Бадарч гуай юм.

-Сайхан намаржиж байна уу, та. Таны бие сайн уу?

      -Сайхан намаржиж байна. Би 89 настай гэхэд бие, тэнхээ дажгүй сайн. Зун дуу, чимээ багатай гээд зусландаа ирдэг юм. Энэ жил их сайхан зун боллоо шүү дээ.

-Таны хань монголчуудын зүрх, сэтгэлд хоногшсон олны зүрх, тархийг баясгадаг сод бүтээлүүд хийдэг байлаа. Тэгэхээр уран бүтээлээ хэрхэн хийдэг болоод чухам ямар хүн байсан талаар нь тантай ярилцахаар ирлээ?

      -Миний хань монголын дууны урлагт сод бүтээл хийж, үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатай хүмүүсийн нэг яахын аргагүй мөн. Тиймээс би насан туршдаа ханиараа бахархаж явна. Хань минь төрөлхийн авьяас билигтэй хүн байсан. Энэ нь олон сайхан бүтээлүүдээр нь илэрдэг гэж боддог. Таньж, мэдэхгүй хүн ханийг минь догшин, ширүүн, ааштай гэж хардаг байсан байх. Уг нь тийм хүн биш юм. Санасан бүхэндээ заавал хүрдэг тууштай, шударга зан нь түүнийг амжилтад хүргэсэн ч байж магадгүй. Тийм учраас хань минь монголын урлаг соёлын салбарт сэтгэл зүрх, хөдөлмөр, амьдралаа зориулсан хүн. Ялангуяа уламжлал болсон ардын урлаг соёлыг хойч үедээ залгуулах, сургах, сурталчлах чиглэлээр гарамгай сайн ажиллаж байсан юм. Тухайлбал, “Эртний сайхан” “Түмэн эх” зэрэг  чуулга байгуулж, язгуур урлагийг монголчуудад сайн эзэмшүүлэх, гадаадын иргэдэд таниулах ажлыг хийж байсан.

-Тэгэхээр язгуур урлагийг монголчуудад төдийгүй дэлхийд таниулсан хүний нэг бол таны хань байх нь ээ?

      -Тэгэлгүй яах вэ. Ардын урлаг гэдэг нэр, томьёог язгуур урлаг болтол нь хөгжүүлсэн хүн шүү дээ. Тэр үед язгуур урлаг гэх үг байгаагүй. Манай хөгшин язгуур урлаг гэж нэрлэсэн түүхтэй юм.

-Таны хань хөгжим судлаач, зохиолч, яруу найрагч  шүү дээ. Ханийнхаа талаар дурсамж яриач?

     -Бадраа минь 1926 онд Хөвсгөл аймагт төрсөн юм билээ. 1950 онд Монгол Улсын их сургуулийн Утга зохиолын ангийг төгсөж, Мөрөнд нэг жил багшилж байгаад УИХ-ын дептатутаар сонгогдсон юм билээ. 1952 онд Хөвсгөл аймагт ажиллаж байгаад Улсын радиогийн хороонд ажиллаж боломжтой болж, урлаг, уран сайхны редакцтай болгосон. Мөн Энэтхэг Улс очиж орчуулга хийсэн. Үүнээс гадна МУИС-ийн хэл, утга зохиолын ангид таван жил багшилж, шүлэг, нийтлэлээ сонинд хэвлүүлж байсан ажлын түүхтэй. Харин хань минь 1960-аад оноос дууны яруу найраг бичсэн. 1959 онд хэлмэгдэж, Ховд аймагт ажиллаж, яруу найраг, утга зохиол судлал, өгүүлэл зэрэг төрөл бүрийн нийтлэл, материалдаа судалгаа хийж байсан.

-Таны хань 1992 онд Соёлын гавьяат цол авч, 1993 онд бурхан болсон юм билээ. Магадгүй Соёлын гавьяат зүтгэлсэн цолоор шагнуулах үедээ их баярлаж байсан байх даа?

    -Тэгэлгүй яах вэ. Шагнал авах үедээ их баярлаж байсан.Олон жилийн хөдөлмөрийг нь төр үнэлж чадсан шүү.

-Та түүний сод бүтээлүүдийн хамгийн анхны уншигч, сонсогч байжээ. Түүнийг бүтээл бүхэнд хайртай, дуртай байх. Тэгэхдээ та ямар дууг нь илүү онцолж ярих вэ?

     -Ж.Бадраа минь дууны ая, үгийг бичихдээ заавал хэн нэгэнтэй зөвлөлдөж, ярилцаж байж бичдэг байсан. “Ганцхан туулах насных” гэдэг анхны дуунд нь дуртай. Өөрийнхөө амьдралаас сэдэвлэн бичиж байсан юм. Мөн “Мөрөөсөл” гэх дуу бидний дурсамжаас сэдэвлэсэн. “Халуун элгэн нутаг”, “Орь залуу нас” гээд уран бүтээл бүрийг нь биширч, сонсдог доо. Одоо бүр өдөр бүр сонсож байгаа. Тухайн үеийн хөгжмийн зохиолчдоос Ж.Бадраатай дуу хийгээгүй хүн байхгүй байх. 400 гаруй дуу бий шүү дээ. Ихэвчлэн дууны яруу найраг бичсэн хүн. Үүнээс гадна гадаадын дуурь, сонгодог бүтээлүүдийг Орос, Италиас  орчуулж байсан. Монгол ардын урлагийн талаар олон судалгаа хийж, Ардын урлагийг язгуур урлаг болгосон түүхтэй. Мөн язгуур урлагийн талаар судалгааны өгүүлэл бичиж,  гурван том дуурь орчуулж байсан нь, судалгааны болон орчуулгын салбарт үнэтэй байр, суурь эзэлж байлаа.

-Ж.Бадраа гуайн бусдаас ялгарах онцлог, бүтээл хийх арга барил нь юу байв?

        -Хань минь хөгжимд нь тааруулж дууны үгээ бичдэг байсан. Тухайлбал, “Гайхмаараа” гэх алдартай дуу бий. Тэр жил манайх Мөнгөнморьтод амарч байлаа. Хань минь амралтаараа З.Батсүхийн аянд үг бичсэн юм. Гэтэл найруулагч нь дуучнаар дуулуулахдаа нэг нотыг нь өөрчилчихсөн байсан юм билээ. Тэгээд хассан нотонд зориулж заавал өөр дуу хийхийг шаардаж байсан юм. Тэгээд “Найрсаг байгаасай” гэдэг аянд оруулж, З.Батсүхийг шахсаар байгаад хоёр дуутай болголоо гэж баярладаг байсан сан.  

-Бүтээл бүхэн өөрийн гэсэн түүхтэй байдаг. Таны хань дуу бүтсэн тухайгаа хэрхэн ярьдаг байв. Та энэ тухай нь мэдэх үү?

       -Зарим сонин, содон тохиолдлоо ярьдаг байсан. Манай хүн залуудаа хэлмэгдэж, Ховд аймагт хэдэн сар багшилсан юм. Тэр үедээ цус алдаж эмнэлэгт хүргэгдсэн юм билээ. Гэнэт сэртэл эмнэлгийн ажилчид, сувилагч нар санаа зовсон байдалтай хойгуур, урдуур нь явж, анхаарал халамж тавьж байсан гэдэг. Тэгээд эмч нарт зориулж сайхан дуу хийх юм сан гэж бодоод “Шинэ жилийн вальс” дууныхаа шүлгийг бичсэн гэдэг. Тэр үед шинэ жил болох гэж байсан юм билээ. Тэгээд хотод ирснийхээ дараа Ардын жүжигчин С.Гончигсумлаа гуайд үзүүлж сайхан ая хийлгэсэн гэдэг. Тэрбээр энэ тухайгаа ярих их дуртай. Хүн бүхэнд л “Шинэ жилийн вальс” дуугаа эмнэлгийн орон дээр бичсэн юм гэж ярих дуртай байсан. Тэр үед нь С.Гончигсумлаа гуай “сайхан шүлэг байна, сайхан ая” хийнэ гээд дуртай хүлээж авсан гэдэг.

-Таны хань хүүхдүүддээ юу захиж сургадаг байв?

      -Манайх гурван хүүтэй байсан. Том хүү болох  Бадарууган минь 2000 онд бурхан болж, дүү нь 2021 онд бурхан болсон. Одоо тав, зургаан ач, гуч бий. Хүүхдүүд минь өөрсдийнхөө мэргэжлээрээ сайхан ажиллаж, амьдарч байгаа.  Манай хүн хүүхдүүдээ ер загнахгүй шүү дээ. Яаж ч байсан чимээгүй суудаг хүн байсан. Тэгээд хүүхдүүддээ “Монголчууд цөөхүүлээ шүү. Нэг хүн олон ажил хийх хэрэгтэй. Бүхнийг хийж сурах хэрэгтэй” гэж захидаг байсан. Тийм учраас өөрөө олон төрлийн ажил хийдэг байсан байх.

-Ж.Бадраа гуай дууны урлагийн ноён оргилуудын нэг яахын аргагүй мөн. Тийм учраас урлагийнхан танайхаас салдаггүй байсан байх. Тэд байнга л уран бүтээл ярьдаг байв уу?

     -Д.Лувсаншарав гуай, М.Норсонжав хөгжмийн зохиол, Ц.Норжинжав, С.Гончигсумлаа гуай, Г.Бирваа гээд урлагийнхан тэр чигээрээ ирдэг байсан. Тэгээд бүгд л уран бүтээлээ хийх, монголын уран сайханд юу хэрэгтэй байгаа  тухай их ярилцдаг байсан. Нэг удаа Д.Лувсаншарав гуай манайд ирснээ “Бүжигчин Г.Долгорсүрэн бүжгийн тухай сайхан дуу хийгээд өг гээд байна. Хоёулаа хийх үү” гэтэл манай хөгшин “Хоёулаа ганган дуу хийнэ ээ” гээд “Охидын уянга” дууны шүлгийг нь манай хөгшин бичиж, Д.Лувсаншарав гуай аяыг нь хийж байсан түүхтэй. Тэгж ярилцаж, сэтгэлээ зориулж хийдэг учраас дуунууд нь чанартай өгөөжтэй гардаг байсан.

-Та ханийнхаа 400 гаруй дууных нь анхны уншигч, сонсогч байсан байх. Танаас зөвлөгөө авдаг байв уу?

    -Би ханиасаа долоо дүү байлаа. Бид өөр мэргэжилтэй учраас түүнд би мэргэжлийн зөвлөгөө өгч чаддаггүй байсан. Гэхдээ юм асуусан үед нь  өөрт төрсөн сэтгэгдлээ илэрхийлж, ганц, хоёр үг хэлдэг байсан. Хань минь намайг голохгүй үзүүлдэг байсан юм. Тухайлбал,  намайг ном уншиж байтал “Эргээд уулзахаар ямар баяр байдаг билээ” гэхээр нь би санаандгүй “Бөөн баяр байдаг биз дээ” гэтэл “Өө, тийм шүү дээ, даанч олохгүй байсан юм. Чи ийм сайн шүү дээ” гэж баярлаж байсан сан. Тэгээд л тэр үг дуунд орж байгаа юм чинь.

-Таны том хүү Б.Бадарууганы дууг сонсох дуртай,  дуу хоолойнд нь хайртай. Та хоёр хүүгээ дуучин болгоё гэж бодож байсан уу?

      -Хүү минь сонирхлоороо дуулдаг, сонсгол сайтай хүүхэд байсан. Гэхдээ мэргэжлийн дуучин биш. Найруулагч мэргэжилтэй байсан юм шүү дээ. Урлагт ойрхон өссөн болохоор урлаг, уран бүтээлд их хайртай хүүхэд байсан юм. Багадаа Орос, монгол хүүхдүүдтэй хамтлаг болж, концерт хийдэг байсан. Кино үйлдвэрт гурван жил туслах ажилтнаар ажиллаж байгаад Орос руу театр, киноны найруулагчаар сурч,  кино найруулж, сайхан нэвтрүүлгүүд бэлтгэдэг байсан даа. Үүнээс гадна аавынхаа дуунуудыг дуулж, олны дуртай, хайртай дуучин болж чадсан байх гэж боддог. Тухайлбал, “Уяхан хорвоо хань”, Алтан дэлхий, “Улаанбаатарын агаар” гээд 10-аад дуу дуулсан байна лээ. Сайхан дуулдаг байсан шүү миний хүү. Би хүүгээ сод авьяастнуудын нэг гэж хэлнэ. Түүний хүү Б.Наранзун урлагийн салбарт амжилттай сайн яваа. Өнгөрсөн долдугаар сард Урлагийн гавьяат зүтгэлтэн болж, өвөө, аав хоёрынхоо нэр, алдрыг өндөрт өргөж яваа хүү.


СГЗ Ж.БАДРААГИЙН ГЭРГИЙ Х.БАДАРЧ: ХАНИЙГАА “САЙН, САЙХАН ХҮН БАЙСАН” ГЭЖ ХЭЛЭХЭД АРАЙ Л БАГАДААД БАЙХ ШИГ САНАГДДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-08 22:09:50
    Энхболд: Үнэхээр агуу хүн байсан даа Дууны яруу найрагт тухайн цаг үедээ тод үзэгдэл байсан шүү Угт хүний үр сүүт гүүний унага гэдэгчлэн үр ач нар нь ч урлагт өөрсдийн мөрийг үлдээж яваа гэж боддог шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-07 17:48:01
    Н.нансалмаа: Сайхан гэр бүл үнэхээр мундаг хүмүүс шүү.Бадарч эмчдээ эрүүл энхийг хүсье. Би 1987.онд отгон хүүгээ тээж байхдаа таны хяналтанд байж бгаад төрсөн.Одоо хүү маань том залуу өнөр өтгөн сайхан гэр бүлийн тэргүүн болсон.Таньдаа эрүүл энхийн дээдмйг хүсэж урт удаан наслахыг ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-07 16:16:31
    Zochin: Yostoi saihan ger bul uneheer goy humuus . Badarch guai mundag emch baisan , tand eruul enkh saihan buhniig huseye
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188