• Өнөөдөр 2025-04-19

ROWAN LEE HARTSUIKER: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СОЁЛ УРЛАГИЙГ ЕВРОПИД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ НЬ ГЭР БҮЛИЙН МИНЬ ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ

              Монголын Үндэснйи соёл урлагийг 18 настайгаасаа өөрийн сонирхолд хөтлөгдөн судалж, түүний дараа бие даан тууштай сурч эхэлсний үр дүнд хөөмэй, морин хуур, алтайн ятга зэрэг хөгжмийн зэмсгүүдийг бүрэн эзэмшиж чадсан Нидерланд улсын иргэн Rowan Lee Hartsuiker-тэй ярилцлаа. Тэрбээр эхнэр хүүхдийн хамт Нидерланд улсад Монгол гэртэй амралтын газар байгуулаад хоёр жил болж байгаа аж.

-Танд өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө болон гэр бүлээ танилцуулахгүй юу?

          -Өдрийн мэнд. Намайг Rowan Lee Hartsuiker гэдэг. Би Нидерланд Улсын иргэн. Компьютер, вебсайт, грапик, дизайнер мэргэжилтэй. Эхнэр хүүгийн хамт Нидерланд улсад амьдардаг. Миний эхнэрийг Саран гэдэг. Бид хоёр танилцаад 12 жил болж байна. Хүүг маань Жамух гэдэг.

-Монголын Үндэсний соёл, урлагийг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?

        -Монголын Үндэсний соёл урлагийг 18 настай байхдаа сонирхож эхэлсэн юм. Миний сонирхлыг хамгийн их татаж байсан урлаг бол Монгол хөөмэй. Хөөмэйн хоолойны гайхалтай өнгө аяс намайг автуулж чадсан. Харин Германд байдаг "Hosoo & Transmongolia" Монгол Үндэсний хамтлагийн тоглолтыг үзсэн тэр цагаас хойш хөөмэйд улам их дурлаж, сурах сонирхол ихээр төрсөн. Тиймээс би Монгол Улс руу зорихоор шийдэж, Ховд аймгийн Чандмань суманд зургаан сарын хугацаанд хөөмэй заалгасан юм. Ховдчууд бол олон ястны өлгий гэж яригддаг. Өв соёл, зан заншил нь надад таалагддаг. Үндэсний хөгжмийн зэмсгээс морин хуурыг анхлан бие даан тоглож сурч байлаа. Түүнээс хойш товшуур, төмөр хуур, хулсан хуур зэрэг хөгжмийн зэмсгүүдийг бие даан сурч эхэлсэн. Энэ нь мэдээж амархан байгаагүй л дээ. Түүний дараа алтайн ятга хөгжмийн зэмсэг илүү их сонирхол татаж байсан учир сурахыг хүссэн л дээ. Судлаач Ганпүрэв Дагван надад онлайн хичээлээр Алтай ятга сурахад тусалсан.   

-Хөөмэй сурахад хоолойн хүч хамгийн их шаарддаг байх. Анх хэрхэн сурч байв, хүндрэлтэй үе байсан уу?

          -Эхлээд бие даан Youtube дээр хөөмэйн бичлэг сонсож, анхны оролдлого эхэлсэн. Харин түүний үр дүнд хоёроос гурван сарын дараа хөөмэйтэй төстэй өнгө аялгуу хоолойгоороо аялаж чаддаг болсон. Ингэж явсаар нарийн техникүүдийг сурч,  таваас, зургаан жилийн дараа хөөмэйн олон төрөл дээр бүрэн сурч чадсан л даа. Энэ хугацаанд хоолойны болон амьсгалын дасгал хийснээр хоолой хүчтэй болдог юм байна лээ. Мэдээж тийм амар байгаагүй.

-Морин хуурыг бие даан сурсан гэлээ. Анх ямар ая тоглож сурсан бэ?

         -Би “Хөхөө намжил” болон бусад олон төрлийн магтаалууд, ардын богино дуунуудыг тоглож сурсан. Сүүлийн үед хуучны татлага дээр түлхүү хичээллэж байгаа. Жишээ нь баяд татлага, захчин, хотон ястны татлагыг сурсан. Харин орчин үеийн аяыг сонирхож эхлээгүй байна.

Учир нь хуучны татлагууд нь маш энгийн сонсогддог хэрнээ сурахад тийм ч амар биш. Мөн татлагануудын ая, темп нь Монгол Үндэсний өв соёлд маш их тохирсон юм шиг санагддаг. Энгийн үзэсгэлэнтэй байгалийг санагдуулам. Тийм учраас надад алтайн ятга, болон морин хуур маш их таалагддаг.

Алтайн ятгын хувьд жижигхэн бөгөөд гэрт суугаад тоглож байхад хамгийн тохиромжтой хөгжим шүү. Ялангуяа хөөмэй, алтайн ятга хоёр миний хувьд маш их зохицдог гэж боддог.

-Эхнэртэйгээ танилцаж байсан түүхээс хуваалцахгүй юу?

        -Би амьдардаг хотынхоо сонинд Монголын тухай ярилцлага өгсөн юм. 18 настайгаас л Монгол Үндэсний урлаг надад сонирхолтой байсан болохоор тэр шүү дээ. Түүнийг эхнэр маань олж уншаад тэгээд бид хоёр анх танилцаж байсан. Ингэж л учирсан юм.

 

Би эхнэрээ зөвхөн Монгол эмэгтэй гэхээс илүү эмэгтэй хүнийх нь хувьд хүндэлж хайрладаг.

Манай эхнэр Нидерландад 20 гаруй жил амьдарч байгаа болохоор зан чанарын хувьд Монгол эмэгтэйчүүдээс ялгаатай санагддаг. Гэхдээ Монголынхоо урлаг, Үндэсний гэх тодотголтой бүхий л соёлдоо маш их хайртай, эх орноо гэсэн сэтгэлтэй энгийн даруу эмэгтэй хүн. Энэ зан нь намайг илүү их татсан. Мөн бид хоёр “Altai Yurt” амралтын газрыг байгуулан ажиллуулж байгаа.

-“Аltai Yurt” амралтын газрын үйл ажиллагааны талаар дурдвал?

          -Манай амралтын газар хоёр гэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Нэг жижиг гэрт миний ажлын оффис байдаг. Харин нөгөө том гэртээ амрагч нарыг хүлээж авдаг. Энэ амралтын газар нь бид хоёрын том мөрөөдөл байсан.

Түүгээр ч зогсохгүй бид хоёр нэг зорилготой. Монголын урлаг соёлыг Европид сурталчлах цаашлаад олон хүмүүст Монгол орны талаар илүү ихийг таниулахыг хүссэн. Учир нь Монголын соёл урлаг бол гайхалтай өв, түүхийг агуулдаг. Үүнийг дэлхий дахинд түгээсэй гэж хүссэн.

Тиймээс бид мөрөөдөлдөө хүрэхийн тулд энэхүү амралтын газрыг байгуулаад хоёр жил болж байна. Мөн манай эхнэр ирсэн зочдоо Монгол Үндэсний хоолоор дайлдаг юм. Амралтанд ирсэн зочид эхнэрийн минь гарын хоолыг амтархан идэх дуртай. Харин гэрүүдээ Монголд захиалж хийлгэсэн. Түүний дараа амралтын газар гэрээ барихад минь аав, ээж, ах дүү нар маань хамгийн их тусалсан даа.

-Монгол хэлийг хэзээнээс эзэмшсэн бэ?

       -Би Монголд байх хугацаандаа анхан шатны ярианы хэл сурсан. Дараа нь Монголоос Нидерландад буцаж ирээд хэрэглээгүй удсан учир мартчихсан л даа. Сүүлийн жилүүдэд илүү сайн сурахыг хичээж, хүүтэйгээ онлайн сургалтанд суудаг болсон. Мөн Монгол найзуудтайгаа онлайнаар харьцаж, байнга холбоотой байх нь хэлний мэдлэгээ илүү сайжруулахад сайн нөлөө үзүүлдэг. Харин сүүлд бид гэр бүлээрээ 2016 онд Монголд очсон. Ирэх зун заавал очихоор төлөвлөж байна.

-Хүүдээ Монгол соёл, урлагийг өвлүүлэн зааж эхэлсэн үү?  

       -Хүү маань одоохондоо долоон настай болохоор сонирхол нь өөр зүйлд байгаа. Харин удахгүй өсвөр насанд хүрэхээр нь зааж, өвлүүлнэ гэж боддог.  Тэр морин хуурыг амархан сурах байх гэж би найддаг шүү.

 


ROWAN LEE HARTSUIKER: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СОЁЛ УРЛАГИЙГ ЕВРОПИД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ НЬ ГЭР БҮЛИЙН МИНЬ ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188