• Өнөөдөр 2024-04-29

Г.ГАНЦОГТ: Монголчууд дарханы урлагийг ойлгож, мэддэг болсон цагт дарханы урлаг илүү хөгжинө

2022-09-03,   537

    Дархан хүн урлаг хэрэглээ хоёрыг хамтад нь урладаг гэдэг. Монголчуудын язгуур соёлыг авч үлдэн, хөгжүүлэхээр яваа залуусын төлөөлөл бол Ганхуягийн Ганцогт. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул бөгөөд уран дархнаар ажиллаад 11 жил болж байгаа аж. Түүнчлэн уран дархны үндсэн зургаан хийцийг хослуулан, өөрийн арга ажиллагаа, техникээ нэмэн, Сэлэнгийн брэндийг гаргахаар зорьж байгаа юм. Бид  түүнтэй анх яаж дархны урлагт дурлаж байсан түүхээс нь яриагаа эхэллээ.

-Дарханы урлагт дурлаж байсан дурсамжаасаа хуваалцаж болох уу?

        -Өвөө минь надад уран дархны үлгэр шиг гоё түүхийг ярьж өгдөг байсан. Тухайлбал, эрт цагт говьд ур чадвартай гэдгээрээ алдаршсан нэгэн дархан байжээ. Нэг өдөр дархныг үйлээ урлаж байхад тухайн нутгийн ноён орж ирэн мэндлээд, сайхан домбо захиалж гэнээ. Тэд хоёр бог малаар үнээ тохирч, дархан үйлээ урлаж эхэлжээ. Тэгээд ноёнд чамин сайхан домбыг урлаж өгөхдөө нэг зүйлийг нь санамсаргүй дутуу урлаад өгчхөж гэнэ. Гэтэл ноён домбоо аваад, хөлсөө өгөхдөө “Бог бол бог” гээд уурлан, хоёр  хурга л өгчээ. Дархан хөлсөө дутуу өгсөнд гомдсон ч, “Дутуу ажлаа гүйцээж өгнө” гээд өөрийн урлах ажлаа дуусган, улам гоё болгоод ноёнд өгчээ. Ноёны домбо багтаамж сайтай бөгөөр арвин цай сүү ордог, чамин гоё хийцтэй. Гэвч хүнд цай аяглахад “Боль, боль, боль” гэж дуугардаг гэнэ. Ингээд харамч ноёныг өнөөх дархан авьяас билгээрээ чадаж, бусдад илчилж байгаа нь энэ юм. Мөн тэр үед дарханы ур чадвар ямар байсныг энэ түүхээс харж болно. Үүнээс эхлээд л өвөөгийн ярих түүхийг сонсох дуртай байсан. Тэр үеэс л “Уран дархан хүн ямар мундаг, ховор хүмүүс байдаг юм бэ, би ч гэсэн ийм хүн болмоор байна” гэж шийдсэн. Сүүлд би дархан болоод “Боль, боль, боль” гэж дуугардаг ноён дархны туршилтыг хийж, амжилттай болсон.

-Уран дархан болоход хүнээс ямар ур чадвар шаарддаг вэ?

    -Дарханы урлаг Монгол хүний аж байдал хэрэглээнд тулгуурладаг. Хэрэглэж байх явцдаа илүү баяжуулж, хийцийг нь илүү нарийн болгоод явж байгаа. Иймд өөрсдөө өв соёлоо маш  сайн мэддэг байх шаардлагатай. Ер нь дархан хүн 1000 мэргэжилтэй гэдэг. Тухайлбал, хими, физикийн мэдлэг, түүх судлаач гээд судалгаа маш их хийгдэж байж, бүтээл гардаг. Мөн уран дархны суурь нь уран зураг. Би уран зургаар дамжуулж харьцааны баримжаа, донжийгг тааруулж сурсан. Дархны ажил маш олон цагаар сууж, удаан хугацаанд хийдэг болохоор их тэвчээртэй байх хэрэгтэй.

-Үлгэр жишээ авч явдаг хүн бий юу?

        -Би Дүрслэх урлагийн дээд сургуулийг төрийн дархан, доктор профессор Энхдаваа багшаас сурч төгсөн. Багштайгаа Чингисийн алтан ургийн тамгыг Дүрслэх Урлагийн дээд сургуулийнхантайгаа  хамтарч хийж байсан. Багшийнхаа ур чадвараас суралцаж, үлгэрлэж явдаг даа. Багш минь “Дархан хүн даруу байж, цаг   үргэлж өөрийгөө сайжруулж байх ёстой” гэж дандаа захидаг. Багшийнхаа сургаалыг дагаж, бүтээл болгоноо өмнөхөөсөө илүү сайн байлгах гэж хичээж явна даа.

 -Нэг бүтээлийг хийхийн тулд хэр хугацаа шаарддаг вэ. Таны хамгийн урт хугацаанд хийж байсан бүтээл юу вэ?

    -Тухайн бүтээлийн хэмжээ хийцээсээ хамааран харилцан адилгүй хугацаанд хийнэ. Монголд байхгүй сайхан өнгө, загвартай хутга хийхийн тулд одоо хүртэл хичээж байгаа. Санаандаа хүртэл хийх гээд гурван удаагийн туршилт хийсэн. Эхний хэт хутгаа хоёр жил, дараагийнхыг нь нэг жил, гурав дахь хутгаа таван сарын хугацаанд хийсэн. Дөрөв дахь удаагаа хийхэд маань анх миний бодсон загвараар гарах болов уу гэсэн итгэл хүлээлт байна. Дархны сайн бүтээл олон удаагийн туршилтын үр дүнд гардаг.

-Дархан байхын хамгийн сайхан тал нь юу вэ?

   - Дарханы урлаг уран зураг, баримлаас илүү эртний түүхтэй Монголын язгуур урлаг. Биет ба биет бус өвийг тээж яваа гэдэг нь л хамгийн сайхан. Уран бүтээл хувьд онгод ороод үйлээ урлах сайхан шүү. Тэр мэдрэмжээрээ хөглөгдөн, илүү сайхан бүтээл бүтээхийн төлөө хичээдэг. Хүн ер нь мэдрэмжээрээ хөглөгдөж, амьдардаг гэж боддог. Хэрвээ дархан болоогүй байсан бол би өөрийгөө олохгүй байсан.

-Уран бүтээлийн онгод нь ямар үед илүү их орж ирдэг вэ?

    -Орчноо бүрдүүлээд төвлөрөх үед илүү их шинэ санаанууд орж ирдэг. Онгод орохоор чигтэйхэн хурдтай, олон гартай юм шиг л болчихдог.

-Дархан хүн бурхан ухаантай гэдэг. Энэ тал дээр та юу гэж боддог вэ?

     -Дархан гэж дархлагдсан нэрийг өндөрт өргөж явах ёстой. Үйлийг урлана гэдэг асар хүчтэй зүйл гэж итгэж, хайрлаж, хүндэлдэг. Бусдаас арай өөр сэтгэдэг болохоор бурхан шиг ухаан гаргадаг гэж хэлсэн байх. Тэрнээс дархнууд өөрсдийгөө тодорхойлж хэлсэн үг биш.

-Залуу хүний хувьд шантарч, бууж өгмөөр үе бий болов уу. Хэрвээ байгаа бол хэрхэн буцан сэргэж байсан бэ?

      -Өмнө жил уран бүтээлээ хийхээ больж байсан. Би ашиг олдоггүй. Аль болох олон хүнд уран бүтээлээ хүргэчих гээд хямд үнээр хийж, олсон хэдэн төгрөгөө  дараагийн бүтээлдээ зориулаад яваад байхаар ар гэж гэр орхигддог юм билээ. Чөлөөт уран бүтээлч байна гээд тийм амар даваа биш. Мөн дархан урлагийг ойлгох, хүч хөдөлмөрийг нь үнэлэхгүй байх хэцүү санагдсан. Гэвч үнэхээр дуртай хайртай болохоор олон жилийн хүч хөдөлмөрөө орхиж чадаагүй.

-Ярианыхаа төгсгөлд та уншигчдад маань дархны урлагийн талаар ойлгоосой, мэдээсэй гэж боддог зүйлээ хэлээч?

    -Бид ямар нэгэн дэмжлэггүй бор зүрхээрээ л хичээж явна. Монгол дархны хийсэн бүтээлийг монголчууд нь ойлгосон тэр цагт л энэ язгуур урлаг хөгжих жамтай. Өв соёл, уламжлалаа мэддэг хүмүүс голдуу дархны уран бүтээлийг худалдаж авдаг. Дархнууд хэчнээн олон, сайхан бүтээл хийгээд хүмүүс мэдэхгүй бол ойлгохгүй. Орчин үед өөрийн хүссэн өнгө, загвараар хийлгэх боломжтой болсон тул Монгол дархны урлагийг сурч, ойлгож, дэмжээсэй гэж хүсэж байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

   -Баярлалаа.


Г.ГАНЦОГТ: Монголчууд дарханы урлагийг ойлгож, мэддэг болсон цагт дарханы урлаг илүү хөгжинө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188