• Өнөөдөр 2025-04-19

ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Ж.ДОРЖДАГВЫН ЗЭЭ ОХИН Ж.ОЮУНГЭРЭЛ: Өвөө минь олон хүний хоолой засаж, амьсгалыг нь зөв хуваарилж сургахдаа лаа үлээлгэдэг байсан

2022-09-02,   1329

     20 дугаар зууны манлай уртын дуучин Ж.Дорждавгын зээ охин Ж.Оюунгэрэлтэй өвөөгийнх нь талаар ярилцлаа.

-АЙЛЫН ШИРЭЭН ДООГУУР ОРЖ ХЭВТЧИХЭЭД ӨВӨӨГӨӨ "ЯВЪЯ, ЯВЪЯ" ГЭЖ ХОРМОЙНООС НЬ ЧАНГААДАГ БАЙСАН-

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ.Багаасаа өвөө, эмээ дээрээ өссөн гэж сонссон?

         -Би гурван дүүтэй, айлын том охин. Өвөө, эмээ минь аав, ээжтэй хамт амьдарч байгаад тусдаа гарахдаа намайг харж өгнө гээд аваад явсан юм билээ. Хоёр настайгаасаа хоёдугаар анги хүртлээ өвөө, эмээтэйгээ өссөн. Хоёрдугаар ангиасаа аав, ээжтэйгээ амьдарч байгаад их сургуульд орохдоо өвөөгийндөө ирж, тэднийгээ бурхан болох хүртэл нь асран хамгаалж, хоол цай, гэр орныг нь цэвэрлэж тусалдаг байсан.

-Таны өвөө дуу, хуурын өлгий гэгддэг Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын хүн байсан юм билээ. Аль талаар нь нутагладаг байв. Өвөөгийнхөө удам, судрын талаар та мэдэх үү?

         -Өвөө минь Сайхан-Овоо сумын Дэрсэн хонд гэх газар төрсөн юм билээ. Өвөө минь эцэг, эхээсээ долуулаа байсан гэж ярьдаг байсан. Ах, дүү нар нь бүгд урлагийн авьяастай сайхан дуулдаг хүмүүс байсан. Би өвөөгийнхөө эгч Маам гэж хүнийг мэддэг байлаа. Тэр хөгшин өвөөгийнд өвөлждөг, зун нутаг руугаа буцдаг байсан. Тэгээд би их сайхан дуулдаг байсныг нь санадаг юм. Аавын ах, дүү нарын хүүхдүүд, ач, зээ нар нь их сайхан дуулдаг юм билээ. Харин манай өвөө хоёр хүүхэдтэй байсан. Би том охиных нь том охин. Шатар гэж хүүтэй байсан. Бурхан болоод олон жил болчихлоо. Өвөөгийн минь ач нар урлагийн авьяастай. Энэ жил Баттогоо гэх хүү нь гавьяат жүжигчин болсон. Багшийн сургуульд багшилдаг.

       Миний өвөө, эмээ хоёр маш нямбай, ажилсаг хүмүүс байсан. Манай эмээ бүжигчин байсан учраас дэгжин байлаа. Намайг багаас минь ардын зүйр цэцэн үг, хэллэгүүдээр сургаж, хүмүүжүүлж байсан юм байна. Манай өвөө, эмээ хоёр таван буудалд амьдардаг байсан. Даруухан байх, цэвэрч, нямбай байх, хүнд тусархуу байх, хүнтэй зөв харилцдаг байхыг зааж, хэлдэг байсан. Эмээ минь баянаасаа илүү ядуу нь хүнд тусалдаг юм шүү гээд хоолныхоо махыг бусадтайгаа хуваадаг байсан. Мандалин, хуучин монгол зааж өгөөд дуулуулдаг байсан. Өвөө минь олон хүний хоолой засаж, шавь нар нь гоц сонсгол сайтай байсан гэж ярьдаг. Урлагийн  бүжигчин, жүжигчин, хөгжимчин гэлтгүй өвөөгийн ирдэг байсан. Тухайлбал, Н.Цэгмэд гуай, Гэндэн гуай, Ичинхорлоо гуай гэх мэт.Тэд өвөөг минь Дооёо багш гэж дууддаг байлаа. Энэ үед өвөө, эмээ минь сайхан хоол хийж, дуулж, хуурдаад л, оройдоо даалуу тоглодог байлаа.

-Та урлагтай ойрхон, урлагийн хүмүүсийн сургаал, дуулж, хуурдахыг нь сонсож, мэдэрч хүн болжээ. Та дуулдаг уу, урлагт хайртай биз дээ?

        -Би сонсгол муутай байсан болохоор өвөө минь миний хоолойг засаж өгье гэж бодоогүй юм шиг байна лээ. Тэгээд манайг дуулахаас өөр юм хийсэн нь дээр гэж бодсон байх. Багаасаа урлагийн хүмүүстэй хамт амьдарч, тэдний дуулж, хуурдахыг сонсож өссөн болохоор урлагт маш их хайртай. Тэр үед найр бүхэн уртын дуугаар эхэлж, өвөө минь найр бүхнийг  уртын дуугаар эхлүүлдэг байлаа. Ардын дуу бүжгийн эрдмийн чуулга, Улсын драмын эрдмийн театрынхан шинэ бүтээл хийх бүрдээ өвөөг урьж, дуулуулдаг байсан. Би хүүхэд байсан болохоор өвөө, эмээгээ дагаж яваад үздэг байсан. Хэн нэгэн дуулж байхад “Тэр дуулж байна. Энэ дуулж байна” гэж ялгадаг, яаж, ямархан дуулж байгааг нь ялгаж, салгадаг болсон байна лээ. Гэхдээ би найр, наадамд дуртай биш. Яагаад дургүй байдаг тухайгаа бодоход, дээр үед өвөөг минь найр болгон уртын дуу дуулуулах гээд аваад явчихдаг байсан гэж дээр ярьсан шүү дээ. Тэгээд би жаахан хүүхэд болохоор найрнаас нь залхаад ширээн доогуур нь ороод хэвтчихдэг байсан юм. Тэгээд хүмүүс дуулж, наргихаар нь өвөөгийнхөө хормойноос зулгаагаад “Өвөө явъя, өвөө явъя” гэдэг байсан. Үүнтэй холбоотой байж магадгүй гэж боддог. Ингэж өвөөтэйгөө маш олон найранд очиж байлаа. Урлагийн хөнгөн сэтгэлтэй, дэврүүн, хүнд тусалбал тусалсан шиг тусалдаг биеэ зөв авч явж байгаа байдал нь таалагддаг байсан.

-Өвөөгийнд нь урлагийнхан ирдэг байсан гэлээ. Өвөө нь гэрээрээ хичээл заадаг байсан юм уу?

       -Оюутан байхдаа хичээлээ тараад ирэхээр Ардын жүжигчин Түвшинжаргал, бурхан болчихсон Базарбат нар ирчихсэн гал тогооны өрөөнд лаа үлээгээд суудаг байсан. Тэр нь амьсгалаа зөв авах дасгал болдог юм шиг байна лээ. Өвөө минь  “Хүн амьсгалаа зөв авч, зөв хуваарилж сурвал хүн бүр дуулдаг” гэж ярьдаг байсан юм. Урлагийнхнаас гадна сурвалжлагч, сэтгүүлчид маш их ирдэг байсан. Цагаан сарын шинийн 1-ний өглөө Л. Мөрдорж гуай өвөө, эмээд минь хамгийн түрүүнд ирж золгодог байсан. Хүүхдүүд нь ирээгүй байхад л “Би багшдаа хамгийн түрүүнд золгоно” гээд л ирдэг байлаа. Б.Наранзуны өвөө Ж.Бадраа гуай өвөөгийнд их ирж, юм ярьдаг байсныг тод санадаг. Ингээд өвөөгийнд ирдэг байсан олны танил алдартай хүмүүсийг бодохоор өвөө минь тэднийхээ дунд, ард түмнийхээ дунд ямар их хүндлэгдэж, хайрлагддаг хүн байж вэ гэдгийн тод жишээ юм даа.

-Та эмээ дэгжин хувцасладаг бүжигчин байсан гэлээ. Ямар түүх, намтартай болохыг нь ярьж өгөөч?

            -Эмээг минь Мажаа гэдэг байсан. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хүн байлаа. 16 настайдаа хотод ирсэн юм билээ. Ардын жүжигчин Ичинхорлоо гуайтай дотно, найзалдаг байсан. Бөмбөгөр ногоон театрын анхны найман бүжигчний нэг байлаа. Сүүлд нь Дорнод аймгийн Эвлэлийн хорооны дарга, Мал аж ахуйн даргаар ажилладаг байсан. Эмээгийн минь анхны нөхөр хэлмэгдүүлэлтийн үед баригдаж, Оросод цаазлагдсан байдаг. Тэгээд эмээ минь гэр орон хамаг бүхнээ хураалгачихсан хэцүү цаг үед нь өвөө түшиж, тулж, хамт амьдарч эхэлсэн байдаг.

-Таны өвөөг хийдэд шавилан сууснаар дуучин болсон гэж ярьдаг юм билээ. Энэ тухай нь та мэдэх үү?

          -Өвөө минь их номтой хүн байсан. Бурхан болтлоо өдөржин маань, тарни, бурхны ном уншдаг байсан. Би оюутан байхдаа шалгалт өгөхдөө “Өвөө миний төлөө ном уншаарай” гэдэг байсан юм. Гандан явж ангийнхантайгаа уулзахдаа бидэнд шар тостой, дугуй боорцог авчирч өгдөг байсан. Намайг гэр бүл болж, хоёр хүүтэй болсны дараа өвөө минь бурхан болж байсан. Хүүхдүүдийн нэрийг өвөө минь өгч байсан.

 -Өвөө, эмээ нь таныг эрдэм номд шамдуулахаас илүү их сайхан хүмүүжүүлж, амьдралын ухаантай болгожээ гэж ойлголоо?

            -Тэгэлгүй яах вэ. Хүн юмтай байж болно, хоосон байж байж болно, сайхан байж болно хүн даруухан, ухаалаг байх ёстой гэдгийг өвөө, эмээгээсээ суралцсан гэж боддог. Манай өвөөг Англи, Унгарын эрдэмтнүүд ирж, судалж байсан. Өвөөгийн минь пянз, хувцас, бурханы ном байдаг. Харин өвөөгийнхөө бичиж тэмдэглэсэн мэргэжлийн ажилтай нь холбоотой зүйлийг шавь нарт нь болон судлаачдын судалгааны ажил нь хэрэгтэй болов уу гэж өгсөн.

-Таны өвөө ямар шалтгааны улмаас бурхан болсон бэ?

       -Өвөө минь элэгний өвчнөөр 87 настайдаа бурхан болсон. Өвөө минь дуугаа дуулаад, хүнд юм заагаад суудаггүй байсан. Гэртээ мужаан, дарханы ажил сайн хийдэг байлаа. Тухайлбал аливаа зүйлийн иш хугарлаа гэж бодоход надад, ээмэг, бөгж хийгээд өгчихдөг байсан. Багажаа хүртэл өөрөө хийдэг хүн байлаа шүү дээ. Тэгээд өвөөг минь бурхан болсноос хойш Үндэсний түүхийн музейгаас өвөөгийн хэрэглэж байсан бүх багжийг нь худалдаж авч байсан юм. Өвөөгийн зуух, гэрийн мод нь хээтэй

-Тэр үед хээтэй гэр ховор байсан биз дээ?

      -Тэгэлгүй яах вэ. Хээтэй гэр тун ховор байсан. Манай өвөөгийнх шиг гэр бараг байгаагүй гэхэд болно. Өвөө минь нямбай болохоороо түлээ, модоо хагалчихаад бүгдийг нь хавтаслаж өрдөг , дараа нь ширхэг ч модны үртэс, хог үлдээлгүй цэвэрлэдэг байсан. Гэрийнхээ хаяаг шороогоор манахдаа цементээр зутгачихсан юм шиг тэгшилдэг байсан.

-Таны өвөө өөрийгөө хөгжүүлэхийн тулд юу хийдэг байв. Хөдөлмөрч, нямбай хүн зүгээр суугаагүй болов уу?

          -Төвд, хятад, англи хэлтэй хүн байсан. Тэр утгаараа хэл шинжлэлийн талаар сонирхолтой, боловсролтой хүн байсан. Өвөө минь тайван, олон юм ярьдаггүй. Би өвөө, эмээгээ дагаж зун явна. Өвөөгийн орсон айл болгонд найр болж, хуруу, дэмбээ болно. Сумандаа очих гэж бараг 10 хоног болно. Замдаа таарсан таньж, мэддэг айлуудаараа орсоор байгаад. Тэгээд хот руу ирэхдээ машин дүүрэн айраг, цагаан идээтэй ирж хотынхныгоо дайлдаг, найрладаг байлаа.


ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Ж.ДОРЖДАГВЫН ЗЭЭ ОХИН Ж.ОЮУНГЭРЭЛ: Өвөө минь олон хүний хоолой засаж, амьсгалыг нь зөв хуваарилж сургахдаа лаа үлээлгэдэг байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-09-02 16:09:21
    Зочин: Домог юм даа бурхад маан.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188