• Өнөөдөр 2024-04-29

“ЛООЛОЙ” Ц.АМАРБААТАР: П.Адарсүрэн гуай шиг дууг урлаж дуулахыг хүсдэг

2022-08-30,   1150

     “Чамайг тойрон эргэлдэнэ” болон “Би монгол хүн” дуулж, залуусыг байлдан дагуулсан залууг Цолмонгийн Амарбаатар гэдэг. Тэрбээр жүжигчин, гагнуурчин мэргэжилтэй ба одоо Австрали Улсад гагнуурчнаар ажиллаж, гэр бүлтэйгээ амьдарч байна. Хээгүй яриа, дулаахан инээд, Монголоо гэсэн чин сэтгэлтэй түүнтэй хийсэн ярилцлагаа уншигч таньд хүргэж байна.

-“Би Монгол хүн” дууг дуулсан бичлэг тань цахим сүлжээнд цацагдаж, нэлээд шуугиан дэгдээлээ. Бичлэг нь олон нийтэд цацагдсаныг хэзээ мэдсэн бэ?

      -Би найзуудтайгаа уулзаад, хууч хөөрөөд, жаргалтай байх үедээ дуулах дуртай. Тэр бичлэг дээрх өдөр Австралид найзуудтайгаа баяр наадмаа тэмдэглэж байгаад, аяны дугараа өргөсөн. Тэгтэл найз маань бичлэг хийгээд цахим орчинд тавьчихсан юм билээ. Бичлэг цахим орчинд тавигдаснаас хэд хоногийн дараа “Чиний бичлэгийг цахим орчинд тавьсан чинь их хандалт авсан байна” гээд найз маань надад харуулсан. Би ч “За одоо өнгөрсөн” гээд хүмүүсээс бага зэрэг ичсэн. Дуулж байгаа бичлэг минь цахим орчинд тийм их хандалт авна гэж огт төсөөлөөгүй. Би олонд танигдах гэхээсээ илүү энгийн сайхан амьдрахыг хүсдэг. Тиймээс найзуудаасаа “Миний бичлэгийг битгий цахим орчинд тавиарай” гэж гуйдаг. Гэхдээ энэ бичлэг нэгэнт тавигдсан болохоор яаж ч чадаагүй.

-Хэдэн жилийн өмнө “Чамайг тойрон эргэлдэнэ” дууг дуулсан бичлэг тань цахим орчинд мөн л олон хүний хайр, хүндэтгэл хүлээсэн. Тэр үед танд ямар санагдаж байсан бэ?

    -Тэр үед би Солонгост ажилладаг байсан. Эхнэрээ санаад, түүндээ зориулж дуулж, эхнэр рүүгээ явуулсан бичлэг маань цахим орчинд тавигдсан. Би нийгмийн сүлжээнд зорьж дуугаа байршуулдаггүй. Санамсаргүй байдлаар л найзууд маань тавьчихсан байдаг. Тэр бичлэг тарсны дараа Монголдоо очтол өөрөөрөө байж болохгүй, бага зэрэг эвгүй юм билээ. Зах юм уу, дэлгүүр хоршоогоор орохоор “Чи нөгөө дуулдаг залуу байна” гээд юмаа үнэгүй өгчих гээд байдаг нь жаахан хэцүү санагдсан. Учир нь, бүгдээрээ л адилхан амьдрах гэж хичээж байгаа хүмүүс. Би хүний хөдөлмөрийг үнэлэхгүй байхад дургүй. Тэрнээс бусдаар дууг маань олон хүн сонсож, намайг дэмжиж байгаад баярласан.

-Танай удамд дуулдаг хүн бий юү. Багаасаа дуулах дуртай хүүхэд байв уу?

     -Би өвөө, эмээгийндээ өссөн. Миний өвөө морин хуур сайхан тоглодог, тууль хайлдаг буурай байлаа. Ээж минь мандолин хөгжим тоглодог, донжтой гэгч нь дуулдаг хүн байдаг. Ийм ч болохоор багаасаа урлагтай ойр өсөж, дуулах дуртай байсан. Би нэгдүгээр ангиасаа л дууны тэмцээнд оролцдог хүүхэд байлаа. Миний ээж тэмцээнд орох бүрд хувцсыг минь урлаж өгч, намайг үргэлж дэмждэг байсан. Ээжийнхээ итгэлийг алдахгүйн тулд хичээж, тэмцээн бүрдээ амжилт гарган, Зүүнбаян сумын сургуулийнхаа нэрийг өндөр өргөдөг байсан даа.

-Таныг нутгийн хүмүүс тань “Лоолой Амраа” хэмээн хочлох юм билээ. Яагаад ийм хочтой болсон бэ?

      -Би нэгдүгээр ангийн сурагч байхдаа “Яргуй” наадамд “Лоолой” хэмээх дууг дуулж түрүүлсэн. Намайг арван жилийн сургуулиа төгстөл “Лоолой Амраа” гэж дууддаг байсан. Зүүнбаян суманд “Офицеруудын ордон” гэдэг газар байдаг. Офицеруудын ордонд зохион байгуулагддаг бүх арга хэмжээнд би оролцдог байлаа. Дуулсан дуу болгоныг минь хүмүүс дахиулдаг. Тэр тусмаа Лоолойг дуулуулах их дуртай. Манай нутгийнхан “Лоолойгоо дуул” гээд дуулахгүй болохоор гомдоно. Жаахан байхдаа дуулдаг байсан дуугаа наймдугаар анги хүртлээ дуулаад л больсон доо.

-Таньд дуучин больё гэсэн нууцхан ч гэсэн хүсэл байсан уу?

       -Би багаасаа л дуучин болохыг мөрөөддөг байсан. Гэхдээ 2000 онд амьдралын шаардлагаар өөр мэргэжил сонгож, суралцан ажилласан. Тухайн үед одоогийнх шиг боломж элбэг байгаагүй. Тодорхой хэмжээнд мөнгөтэй байж дуугаа бичүүлж, бусдад түгээдэг байсан. Манай нутгийнхан “Чи дуучин болох ёстой хүн шүү дээ. Яагаад гагнуурчнаар ажиллаад юм бэ” гэж үргэлж хэлдэг. Цагаа тулахаар хүний амьдрал хүссэнээр болдоггүй юм билээ.

-Та ямар дуу дуулах дуртай вэ?

   -Би ээждээ маш их хайртай. Иймээс эхийн тухай бүхий л дууг дуулж явдаг даа. Мөн ардын дуу, нийтийн дуу, зохиолын дуу гээд бүгдийг нь дуулж чадна. Хаана, ямар нөхцөлд байгаагаасаа хамаараад дуулдаг.

-Үлгэр дуурайлал авч, дууг нь дагаж дуулах дуртай дуучин байгаа юу?

    -Би П.Адарсүрэн гуайн дууг сонсох дуртай. Зөөлөн, намуухан, хүнийг дотроос нь хөглөж, донжтой нугалаа гарган, сонсголонтой дуулдаг болохоор өөрийн эрхгүй сонсож, чихээ баясгадаг. Адарсүрэн гуай хэрхэн дуулж байгаагаас нь суралцан, түүн шиг урлаж дуулахыг хүсдэг.

-Та Австралид суурьшин амьдрах төлөвлөгөөтэй байгаа юу. Монголдоо ирэх бодол бий юу?

  -Би 2008 оноос хойш олон орон дамжин амьдарлаа. Монголоо маш их санаж байна. Монголдоо амьдрах төлөвлөгөөтэй байгаа. Гол нь хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод энд амьдарч байна. Дэлхий хавтгай болчихлоо. Гэхдээ би үндсэрхэг үзэлтэй хүн. Хүүхдүүдээ ч  гэсэн тийм байгаасай гэж хүсдэг. Би Монголын түүхийг хүүхдүүдээ их ярьж өгдөг л дөө. Би монгол хүн гэдгээ ойлгуулахын тулд англи хэлний мэдлэгтэй, тэдэнтэй адилхан сэтгэдэг байх ёстой гэж боддог.

-Ярианыхаа төгсгөлд та цаашдын зорилгоосоо хуваалцаж болох уу. Та дуугаа контент болгон цахим орчинд түгээх үү?

   -Цаг үе өөрчлөгдөж байгаа тул мөрөөдлөө биелүүлье гэж бодож байна. Олонд танигдсан дуучин болохгүй байлаа ч буцаад дурсахад дурсамжтай баймаар байна. Дараа нь хүүхдүүд маань “Аав минь ингэж дуулдаг байж” гэж хараасай боддог.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

    -Баярлалаа.

 

 

 


“ЛООЛОЙ” Ц.АМАРБААТАР: П.Адарсүрэн гуай шиг дууг урлаж дуулахыг хүсдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-30 16:04:33
    zochin: Gadaad orond ajillaj amidraad ardiin duugaa ard olondoo zoriulj duulaad mundag zaluu bainaa Ajil amidrald ni sain saixniig xusie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-30 13:56:38
    Зочин: Ажил хөдөлмөр, амьдрал ахуйгаа ч дуу шигээ уралдаг залуу даа.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188