• Өнөөдөр 2024-05-17

ЗАГВАР ӨМСӨГЧ С.ИДЭРЖАВХЛАН: МОНГОЛ УЛСЫН НЭРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨСӨН ЭРДЭМТЭН БОЛОХЫГ ХҮСДЭГ

    “Андра” академийн чадварлаг загвар өмсөгч Сүхбатын Идэржавхлантай ярилцлаа. Биологич мэргэжилтэй тэрбээр 22 насандаа загвар өмсөгч, биологич, багш, жүжигчин гээд төрөл бүрийн салбарт өөрийгөө сорьж, хөгжүүлж яваа түүчээ нэгэн билээ. "Боломжгүй зүйл гэж байхгүй" урианы дор хөдөлмөрлөж яваа түүний яриаг хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Анх загвар өмсөгчөөр ажилласан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

    - "Андра" академийн “Me model” төслийн талаар үеэлээсээ сонсоод очиж, олон шаттай шалгаруулалтад орж байлаа. Ингэж л миний загвар өмсөгч болох эхлэл тавигдсан. Андра академид гэрээт загвар өмсөгчөөр ажиллаад гурван жил болжээ. Одоо загвар өмсөгчийнхөө хажуугаар алхаа, гоо зүйн багшаар ажиллаж байна. Би уг нь биологич мэргэжилтэй, АШУҮИС-д магистртаа сурч байгаа. Мэргэжлийнхээ дагуу Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж байсан. Одоо “Хөгжил” цогцолбор сургуульд биологи, эрүүл мэндийн багшаар ажиллаж байгаа.

-Анагаахын салбар олон жил сурдаг шүү дээ. Хэдэн настайдаа сургуулиа төгссөн юм бэ?

    -Би гурван жилийн хугацаанд хичээлүүдээ шахаж үзсэн. Ингээд бодохоор 20 настайдаа их сургуулиа төгсөж, бакалаврын диплом авсан.

-Загвар өмсөгчөөр ажиллаад өөрт нь ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

    -Загвар өмсөгчөөр бэлтгэгдэж байхаасаа л их зүйл сурсан. Харилцаа, ёс зүй, жүжиглэх ур чадварын хичээлүүд  намайг илүү нээсэн. Хүнтэй зөв харилцаж, алхам тутамдаа өөрийгөө хайрлаж эхэлсэн. Ер нь манай академийн гол зорилго зөвхөн загвар өмсөгч бэлтгэхээсээ илүү зөв бие хүн болж төлөвшихөд нь тусалдаг.

-Загварын салбарт ажиллахын давуу тал нь юу вэ?

    -Хамгийн сайхан нь загвар зохион бүтээгчийн сэтгэл, оюун ухаанаа шингээж урласан бүтээлийн хамгийн анхны өмсөгч нь байж, тайзан дээр амилуулах нь хамгийн сайхан даа.

-Анхны тайз, сурталчилгааны зураг авалт мартагддаггүй байхдаа. Тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

    -Миний анхны зураг авалт дээр "Андра" академийн захирал, жүжигчин Ч.Энхтуяа зааж зөвлөж байсан учраас илүү тайвнаар хүлээн авч амжилттай байсан.Тайзны хувьд гарах бүрдээ л тодорхой хэмжээний сандрал, догдлолыг мэдэрдэг. Тайзан дээр анх гарахдаа сайн бэлтгэл хийсэн учраас айдас нь бага байсан даа. Нэр хүндтэй загвар өмсөгч ах эгч нартайгаа нэг тайзан дээр алхахад айх гэхээсээ илүү бахархал мэдэрсэн.

-Кинонд дүр бүтээсэн шүү дээ. Анх кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

    -Анх кинонд тоглох санал аваад хамгийн эхэнд хоёр захиралтайгаа ярилцсан. Хоёр багш минь надад "Загвар өмсөгч учраас тоглоод үзэх хэрэгтэй нэг том шалгуур, туршлага болно" гэдгийн хэлсэн. Үнэхээр кино баг хэрхэн ажилдаг, кинонд тоглож жүжиглэх ямар байдаг гээд туршлага гээд олон туршлага хуримтлуулсан. Туслах дүр учраас олон гараагүй ч кино урлаг гэж юу байдгийг ойлгуулсан.

-Мэргэжил сонголтоо хэрхэн хийсэн бэ?

    -Биологич мэргэжил хүмүүсийн бодсоноос сонирхолтой ажил. Бүх төрлийн эмнэлгийн лабораторид ажиллаж, эрдэм шинжилгээ хийж, багшилж болно. Шинэ хичээлийн жилээс өөрийн сурсан мэдсэнээс бусадтай хуваалцахын тулд багшлахаар бэлдэж байна.

-Загвар өмсөгч учраас олны танил болж байгаа шүү дээ. Хүмүүс таньж эхлэх ямар байсан бэ?

    -Олны танил болсон гэж боддоггүй. Харин салбартаа Х.Бадамгэрэл багш, Ч.Энхтуяа захирлын шавь гэдгээр минь мэддэг. Тийм ч учраас хамтран ажиллах таатай байдаг. Миний эцсийн зорилго олны танил болохдоо биш сайн загвар өмсөгч байх шүү дээ. Тиймээс олны танил болохын тулд хичээдэггүй. Зүгээр л өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд явж байгаа.

-Олон нийтийн газар өөрийнхөө гэрэл зураг байгааг харах ямар байдаг вэ?

    - Дэлгүүрийн баннер, сэтгүүл, тараах материалууд  дээрээс зургаа харж байсан. Нэгэнт гоё гарчихсан зураг учраас харахад сайхан байдаг.

-Ажлын шаардлагаар байнга эрүүл хооллож, жин барих шаардлагатай байдаг уу?

    -Би туранхай болохоор жин барьдаггүй, гэхдээ эрүүл хооллохыг хичээдэг. Эслэг ихтэй, уураг ихтэй, муу нүүрс-ус буюу сахар багатай бүтээгдэхүүн бага хэрэглэхийг зорьдог.

-Ажлаасаа болоод байнга хийдэг болсон зуршил бий юу?

    - Арьсаа шат дараалалтай арчлах, өдөр бүр их бага хэмжээгээр  дасгал хөдөлгөөн хийдэг болсон. Өглөөний хоолоо заавал идэх гээд амьдралд хэрэгтэй олон дадалтай болсон доо.

-Багадаа хүсдэг байсан мөрөөдөлдөө хүрсэн үү. Ирээдүйн зорилго төлөвлөгөөнийхөө талаар яривал?

    -Бага насны мөрөөдлүүд минь эхнээсээ биелсээр байна. Одоо бол эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эрдэмтэн болохыг мөрөөддөг.

-Загвар өмсөгчийн ажлын амархан гэж хардаг хүмүүс байдаг шүү дээ. Энэ тал дээр яма бодолтой байдаг вэ?

          -Ямар ч орчин нөхцөлд ажиллах, хувирах шаардлага тулгарна. Мисс Ц.Аззаяа эгчтэйгээ, Загвар өмсөгч С.Төгс эгч, Э.Энхболд ахтай яг энэ сэдвээр ярилцаж байснаа санаж байна. Өвлийн хүйтэнд, цасан шуургатайд нимгэн хувцастай олон цагаар зураг авалтад орж, ханиад хүрэх нь бараг энгийн зүйл шүү дээ. Э.Энхболд ах нэг удаа зураг авалтын үеэр хавиргаа хугалж байсан талаар сонсож байлаа. Ийм их хүч хөдөлмөр ордог ажил болохоор амархан гэж ерөөсөө ч боддоггүй.

-Амьдралдаа баримталдаг зарчмаасаа хуваалцахгүй юу?

    - Боломжгүй зүйл гэж байдаггүй. Боломжтой болтол нь хичээх хэрэгтэй учраас"Never say never" гэдэг үг миний амьдралын уриа бас зарчим юм даа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

    -Баярлалаа.

 


ЗАГВАР ӨМСӨГЧ С.ИДЭРЖАВХЛАН: МОНГОЛ УЛСЫН НЭРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨСӨН ЭРДЭМТЭН БОЛОХЫГ ХҮСДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-25 13:35:10
    Minjee: Ystoi mundag umaa amjilt❤️
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188