• Өнөөдөр 2024-05-05

Б.ЧИНГҮҮН: “АДТАЙ ЖААЛУУД” КИНО НАЙЗУУДТАЙ МИНЬ УЧРУУЛЖ, АМЬДРАЛЫГ МИНЬ БҮРЭН ӨӨРЧИЛСӨН

“Нар бидэн дээрээс тусаад
Навчис цэцэг алаглан ургаад” гэсэн дуу явахад хийж байгаа бүх зүйлээ орхиод цэнхэр дэлгэцийн өмнө суугаад, дуртай киногоо үздэг байсан үе саяхан. Гол дүрийн охид, хөвгүүдийн өмссөн хувцас, үйлдэл нь нийгэмд тренд болж, хүүхэд насны минь дурсамжид тод үлдсэн “Адтай жаалууд” киноны жүжигчин Б.Чингүүнтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Адтай жаалууд” олон ангит кино үзэгчдийн хүртээл болоод хэдэн жил өнгөрсөн байна вэ?

          -“Адтай жаалууд” кино дэлгэцээр гарснаас хойш 12 жил болсон байна. Хүүхдийн анхны олон ангит кино байсан учраас хүмүүст илүү сонирхолтой байсан байх. Үр өгөөжөө өгсөн сайхан кино болсон. Миний үе, надаас дүү хүүхдүүдийн үеийнхэн их үзсэн. Тэгж их хүнд хүрсэн шалтгаан нь киноны дуу нь юм болов уу гэж боддог. Тухайн үед одооных шиг цахим хэрэглээ, интернэт сайн хөгжөөгүй байсан болохоор зурагт л үздэг байв. Манай кино нийт дөрвөн бүлэг гарсан байдаг. Нэг бүлэг нь л гэхэд 45 ангитай. Албан ёсоор 1500 хүүхэд кинонд маань дүр бүтээсэн юм билээ.

-“Адтай жаалууд” киноны жүжигчид тэр үеэс олны танил болж эхэлсэн болов уу. Таны хувьд олны танил болох мэдрэмж ямар байсан бэ?

                -Би кинонд тоглож байхдаа тэгж олны анхаарлыг татаж, хүмүүс үзнэ гэж бодоогүй. Тэр үед чинь “Хэцүү анги” кино "од" болчихсон. Бид шүтдэг байлаа шүү дээ. Тэгсэн миний тоглосон киног арван жилийн сурагчид бүгд үзчихсэн, гадуур явахад хүмүүс таниад эхэлсэн. Хүмүүс хараад байхаар нь ичнэ, хүнд ямар харагдаж байгаа бол гэж санаа зовно. Хүүхэд болохоор хүмүүс анхаараад байхаар нь “од” болчихсон юм шиг санагддаг. Тэр мэдрэмж нь ч их таалагддаг байж. Зурагтаар гардаг байсан учраас хүмүүсийн нүдэнд дасал болсон юм шиг байгаа юм. Заримдаа хажууд ирснээ хэн билээ гэсэн янзтай ширтээд зогсоно. Бүр  “Хамаатан бил үү” гэж асуух хүнтэй ч таарсан. Тэгэхэд нь “Жүжигчин, кинонд тоглож байх үед харж байсан байх гэж тайлбарлана. Заримдаа сахилгагүй зан хөдлөөд Тийм ээ, бид хоёр чинь хамаатан шүү дээ” гээд тоглоом хийчихдэг. Тэгээд  дараа нь тоглосон гэдгээ тайлбарлана. Ер нь би “Адтай жаалууд” киноныхоо үзэгчидтэйгээ хамт  өсөж, том болсон юм шиг санагддаг.

-"Адтай жаалууд" кинонд тоглох яах аргагүй  “Лоолойгийн найзууд” дугуйлантай холбоотой байх.  Анх дугуйландаа хэрхэн орж байв?

          -Би эмээ дээрээ өссөн юм. Эмээ багадаа урлагийн хүн болохыг хүсдэг байсан ч чадаагүй гэсэн. Тэгээд намайг урлагийн хүн болно гэж бодсон байх. Би ч тухайн үед нийгмийн харилцаанд тийм ч их ороод байдаггүй бүрэг хүүхэд байсан. Тийм болохоор намайг  нээж хүнтэй харилцдаг болгохын тулд Хүүхдийн ордны дугуйланд явуулж байлаа. Гэхдээ би очихгүй тасалсаар байгаа Хүүхдийн ордонгоос гарчихсан. Тэгсэн нэг өдөр эмээ хаашаа явж байгаа хэлэхгүй дагуулж явсаар “Лоолойгийн найзууд” дугуйланд оруулсан. Найруулагч маань цээжлэх дасгал их хийлгэнэ. Намайг илүү сайн цээжлээд байгааг анзаарсан найруулагчЖаахан нээгээд өгөх юм бол хөтлөгч болохоор хүүхэд байна” гэж хэлж байлаа. Би  тэр үед хөтлөгч, жүжигчин болох ямар ч бодолгүй, тогооч болно гэж боддог байлаа. Олон ч найзтай болсон тухайн үед тэдэнтэйгээ найзлаагүй байсан бол би өмнөх шигээ тасалсаар байгаад гарчих байсан байх.

- “Адтай жаалууд” кинонд дүр бүтээх саналыг хэрхэн хүлээж авч байсан бэ?

    - Тухайн үед “B” гэж телевизийн суваг байсан юм. Тэр телевизэд хүүхдийн хөгжмийн нэвтрүүлэг хөтөлдөг байлаа. Тэгээд хүүхдийн баярын тоглолтын арын албанд ажиллаж байсан найруулагч ирээд киноны харилцан яриа өгөөд Энийг нэг уншаад үз дээ гэсэн. Надад ямар ч киноны ойлголт байхгүй зүгээр уншсан чинь Болох юм байна. Чи “Адтай жаалууд” гээд 45 ангитай кинонд тоглоно шүү гэсэн. 

-“АДТАЙ ЖААЛУУД” КИНОНЫХОО ҮЗЭГЧИДТЭЙ ХАМТ ӨСӨЖ, ТОМ БОЛСОН-

-Харин том болсон хойно "Кибер сүлжээ", "Сургуулийн сүнс" зэрэг кинонд тоглосон шүү дээ. Энэ тухай яриа дэлгэж болох уу?

    -Сүүлд “Кибер сүлжээ” кинонд тоглосноос хойш хоёр жил кино уран бүтээлд оролцоогүй.  Тэгж байгаад “X Plan” гэж богино дүрс бичлэг, контент хийх цахим суваг нээж “Адтай жаалууд”-ын найз нартайгаа хамтран дүрс бичлэг хийж эхэлсэн. Хамгийн сүүлд “Сургуулийн сүнс 2” аймшгийн кинонд дүр бүтээлээ. Өмнө эсрэг талын дүр бүтээж байгаагүй учраас их сонирхолтой байлаа. Би чинь эсрэг талын дүр бүтээхээр ширүүн төрхтэй хүн биш шүү дээ. Анх киноны санал ирэхэд ч гайхаж хүлээж авсан.

     Түүнээс гадна “Адтай жаалууд” киноны дараа тоглосон “Эрэгтэй охин” киноны дүр намайг их өөрөөр харуулсан гэж боддог. Анх удаа насанд хүрсэн эрэгтэй хүний дүрийг бүтээсэн. Архи ууж, тамхи татдаг, нүцгэн зогсдог хэсэгтэй гээд миний өмнө тоглосон дүрээс тэс өөр байсан. Энгийн хийцтэй, амьдрал харуулсан кино олонд их хүрдэг юм билээ.

-“X Plan”энтертайнментын гишүүд “Адтай жаалууд” киноны уран бүтээлчид шүү дээ. Дахин хамтдаа цуглаж, дүрс бичлэг хийж эхлэхэд үзэгчид нь их баярласан байх. Энэ талаар мэдэрсэн зүйл байна уу?

    -Бидний дээд үеийнхэн болон миний үеийнхэн “Адтай жаалууд” гэж ямар цуврал байсныг мэднэ, үздэг байсан. Одоо бол 16-гаас доош насныхан ах эгч нараасаа л нэрийг нь сонсож байсан уу гэхээс ямар цуврал байсныг нь мэдэхгүй юм билээ.Харин “Кибер сүлжээ” кинонд тоглодог ах гэдгээр нь таньж байсан. Хүмүүс намайг их зантай гэж боддог. Гэхдээ би үнэндээ хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ байгааг мэдхээрээ биеэ барьчихдаг, бүрэг хүн. Бүх л үйлдлээ хянаж эхэлдэг. Одоо ингээд харахад бид багадаа илүү нээлттэй байсан юм билээ. Тэр үед зураг даруулах утас ховор байсан хажууд ирээд “Би киног чинь үздэг, дэмждэг шүү” гэж хэлээд өнгөрдөг байсан. Одоогийн арван жилийнхэн таньсан ч нууцаар зураг дарна, хажууд бол ирэхгүй шүү дээ Олны танил хүмүүс "Би хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг уншдаггүй" гэж их хэлдэг шүү дээ. Би харин эсрэгээрээ миний оролцсон нэвтрүүлэг, зураг байвал сэтгэгдлийг нь нэг бүрчлэн уншдаг. Хоёр жил цахим орчинд идэвхгүй олны нүднээс хол байж байгаа дүрс бичлэг хийж эхлэхэд хүмүүс их нааштайгаар хүлээж авсан. “Энэ хэдийгээ том залуус болсон байгааг нь харах сайхан байна. Удаан хугацаанд хараагүй байж байгаад харсан сайхан байна, дотно санагдаж байна” гэсэн эерэг хандлага их байсан. Харин бухимдалтай нийгэмд амьдарч байгаагаа зарласан хүмүүс шүүмжлээд байгаа юм шиг санагддаг. Анжи бид хоёр кино маркетингийн зорилгоор шууд бичлэг дундуур муудалцсан юм. Тэгсэн тэр нь буруугаар эргэсэн.Багаасаа урлагаар явчихсан хүүхдүүд биеэ тоосон байна. Хүмүүжилгүй, их зантай” гээд сөргөөр хүлээж авсан.

ХҮҮХЭД НАСАНДАА ХҮҮХЭД ШИГ БАЙЖ ЧАДААГҮЙ

-Тус кино арван жилийн сурагчдын загварыг тодорхойлдог байлаа шүү дээ. Хүмүүсийн дуурайж байгаа, та нарын үг хэллэг тренд болж байгааг ямар санагддаг байсан бэ?

    -Биднийг дуурайж байгаа нь их гоё санагддаг байлаа. Тухайн үед би чинь шар өнгөөр, Анжи ягаан өнгөөр үсээ будчихсан. Гудамжаар явж байхад хүмүүс “эвэртэй туулай” үзчихсэн юм шиг хардаг байлаа. Дараа нь тийм загварын үстэй хүүхдүүд ч их болсон доо. Ялгууны хэлдэг үг болон киноны дуу олон хүнд хүрсэн. Өсвөр үеийнхний үзэх кинонд тоглодог учраас  надаас үлгэр дуурайлал авах хүн олон бий. Тиймээс олон нийтийн газар явахдаа ч биеэ барьж аль болох зөв байхыг хичээдэг байсан, одоо ч хэвээрээ.

-Хүүхэд байх үедээ олны танил болчихсон шүү дээ. Завгүй хуваарьтай ажилладаг. Хэчнээн нэр  хүнд олон зүйлийг өгсөн ч хүүхэд насан дээрээ дураараа байж чадаагүй дээ харамсдаг уу?

    -Хүүхэд насандаа хүүхэд биш юм шиг  ажилладаг байсан. Хүүхэд насыг тийм ч их мэдэрч чадаагүй л юм шиг санагддаг. Тэгээд дам ярианд их өртөнө. Хүмүүсийн яриагаар би чинь 2-3 хүүхэдтэй хүн шүү дээ. Надад тэдний яриа хэрхэн нөлөөлөхийг бодолгүй ярьдаг. Заримдаа тогтмол ажил биш учраас өөр мэргэжил сонгосон бол гэж бодох ч үе гардаг.

-Тэгвэл харамсах гэхээсээ илүү баярласан үе их  байсан байх даа?

    -Харамссан гэхээсээ илүү баярласан үе нь илүү. Амьдралын минь найзуудтай учруулсан, олон сайхан дурсамж үлдээсэн. Би чинь бага насныхаа дүр төрхийг тэр кинонд мөнхөлчихсөн шүү дээ. Би хөгшрөөд эсвэл миний хүүхдүүд дараа нь харахад их гоё үнэт өв юм болов уу. Байнга завгүй байсан би кино дуусаад хэтэрхий их завтай болчихсон юм шиг санагдаж байлаа. Тэгээд хүссэн бүх зүйлээ туршиж үзсэн дээ. Буцаад 13 насандаа очсон ч кинонд тоглох саналыг хүлээж авах байсан.

Би чинь бага насныхаа дүр төрхийг тэр кинонд мөнхөлчихсөн шүү дээ.

- "Адтай жаалууд" кинонд бага насныхаа дүр төрхийг үлдээсэн гэсэн  шүү дээ. Тэр үеийнхээ зураг бичлэгийг үзээд ичсэн үе бий юу?

    -2013 онд миний дүү нартайгаа хөгжилдөж байгаа үеийн бүжгийн бичлэг цахим орчин цацагдчихсан. Тэр үед хамгийн их ичсэн дээ. Сургуульдаа явахгүй, гадагшаа гарахгүй сар гаруй гэртээ байсан. Урт шар өнгийн үстэй байсан үеийнхээ зургийг харахаар одоо үнэхээр надад зохиогүй загвар байсныг нь мэдэрдэг. Нэвтрүүлэг, ярилцлагын үеэр “Кино урлагийн салбарыг өөр түвшинд хүргэнэ. Ирээдүйнд сайн жүжигчин болно” гэж том ярьсан хэсгээ үзээд ичнэ, эгдүү хүрнэ, сонин шүү.

-Заримдаа “Адтай жаалууд”-ын дуу, тоглосон киногоо сэргээж үздэг үү?

    -Үзэлгүй яах вэ, би чинь өөрөө хүүхэд насандаа их хайртай хүн. Азтай гэмээр бусад хүүхдийн хүүхэд наснаас өөр өнгөрсөн. Байнга найзуудтайгаа хамт ажилладаг, хичээлдээ явах үе нь ховор, 21 аймгаар аялан тоглолт хийдэг. Тэгээд тэр үеийг бодмоор санагдсан үедээ киногоо үзэж, дуугаа сонсдог.

-Киноныхоо дууг өөрсдөө дуулах ямар байсан бэ?

    -Нөгөө хэд маань их сайн дуулдаг. Би чинь тийм сайн биш, үглэх хэсгийг нь л авдаг байлаа. Бид чинь хүүхэд байхдаа бүх л зүйлсийг туршиж үзэхийг хүсдэг байсан. Найруулагчдаа “ Бид нар одоо бүжиглэмээр байна” гээд бүжгийн багш хайдаг, сурдаг байсан. Их мэрийлттэй амьдардаг байсан юм болов уу. Ёстой гурван цаг унтаад сэрдэг. Ёстой хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэдэг байж дээ, дандаа сайхан зүйл боддог.

-Кинонд тоглоод завгүй болохоор хичээлдээ суухгүй үе гардаг байх. Тэр үед гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

    -Манай аав цэргийн хүн, ер нь манай гэр бүлд урлагийн хүн байгаагүй. Тэгээд хэлдэг байсан “Урлагийн хүн байх дэмий” гэж, сүүлдээ ч эвлэрсэн дээ. Би ч зорьсноосоо буцаагүй. Бид хэчнээн завгүй, хичээлдээ сууж чадахгүй  байгаа ч сайн сурах ёстой үүрэг байсан. Найруулагч маань ч онц биш юм аа гэхэд сайн дүн авахыг зөвлөдөг байсан. Тэгээд хэчнээн завгүй, мэдэхгүй байсан ч шалгалтдаа заавал ордог, завтай үедээ илүү цагаар сууж давтлага авдаг байлаа.

-Ямар мэргэжлээр сурч төгссөн бэ?

    -“Адтай жаалууд” киноны хоёрдугаар бүлгээс гол дүрийнхэн өөрсдөө кинондоо туслах ажилтан болж эхэлсэн. Тэндээс л кино жүжигчнээс илүү арын албанд байхын сайхныг мэдэрсэн. Тиймээс ч кино найруулагч мэргэжлээр сурч төгссөн. Төгсөөд тууштай найруулагчаараа ажиллаж чадсангүй. Харин “X Plan” энтертайнментаараа хамтран хийсэн “The Virgin boys club” инээдмийн цуврал дээр ажилласан.

-“Адтай жаалууд” кино цаашаа үргэлжилж гарсан бол хүмүүс үзэх байсан талаар яригддаг шүү дээ. Яагаад  энэ төсөл цаашаа үргэлжлэлгүй зогссон юм бэ?

    -Жүжигчид арван жилээ төгсөөд, их сургуульд орох үедээ больцгоосон. Тэр нь ч зөв байсан байх гэж боддог.Хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Нэг зүйлээ үргэлжлүүлж хийхээс илүү олон төрлийн зүйлийг турших хэрэгтэй гэж бодоцгоосон. 13 настайдаа анхны бүлэгтээ тоглож  эхэлж байлаа. Хүмүүс киног үзэж эхэлсэн учраас хандлага нь өөр болсон. Өсвөр нас нь эхэлж байсан хүүхдүүд шүү дээ, олны танил болоод ирэхээр тодорхой хэмжээнд биеэ тоож, амбиц гаргаж эхэлсэн. Тэр үед найруулагч маань дөнгөж эхэлж байж ингэж болохгүйг ойлгуулсан даа.

-Цаашдын зорилго төлөвлөгөөнөөсөө хуваалцвал?

    -“X plan”-аараа дүрс бичлэгүүдээ илүү тууштай хийе гэж бодож байгаа. Энэ төрлийн дүрс бичлэг хийдэг хүмүүсийг ажигласан л даа. Байнгын дүрс бичлэг, контент оруулах ёстой юм билээ. Бид одоогоор тэгж тогтвортой хийж чадахгүй байгаа. Мөн ирэх сарын сүүлчээр шинэхэн уран бүтээлийн ажилдаа орно. Цаашдаа кино, зохиолч уран бүтээлчээр ажлаа үргэлжлүүлнэ. Зөв уриалгатай уран бүтээлийг хүмүүст хүргэхийг хүсдэг.

 

-Ер нь бүгд гэр бүлтэй, өөр ажил мэргэжилтэй болсон нь ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж байна уу?

    -Бүгд өөр болсон байна. Нэг нь хүүхэдтэйгээ хийх ажилтай байхад нөгөө нь гэр бүлийнхээ хүнтэй уулзах ёстой ч юм уу. Бүгд л завгүй болж цугларах ч хэцүү болсон байсан. Одоо харин бүгд ажил гэдэг утгаар нь хүлээж аваад хариуцлагатай ажиллаж байгаа. Тэгээд бүгд “Адтай жаалууд” кинонд тоглож байх үеэсээ өөр болсон учраас “X plan”-ны анхны дүрс бичлэг  “Адтай жаалууд одоо” гэсэн нэрэн доор бусад жүжигчин оролцсон контент хийсэн.

-Таны хувьд “Адтай жаалууд” кино хэр үнэ цэнтэй кино вэ?

    -Би энэ кинондоо тоглоогүй байсан бол юу хийж байх байсан бол гэж боддог. Энгийн нэг тогооч болоод явах байсан байх. “Адтай жаалууд” кино миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Энгийн нэгэн хөвгүүнийг уран бүтээлч болгосон. Таагүй дурсамжаас илүү сайхан нь илүү олон байлаа. Цаашдаа үргэлж уран бүтээлийн төлөө л ажиллах сэтгэл зүрхийг өгсөн. Хэрэв найзуудтайгаа уулзаагүй бол яах байсан бол гэж боддог. Хамгийн сайхан зүйл нь намайг найзуудтай минь учруулсан явдал.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

    -Урьсанд баярлалаа.

 


Б.ЧИНГҮҮН: “АДТАЙ ЖААЛУУД” КИНО НАЙЗУУДТАЙ МИНЬ УЧРУУЛЖ, АМЬДРАЛЫГ МИНЬ БҮРЭН ӨӨРЧИЛСӨН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-22 22:51:14
    Emujin: Bi adtai jaaluud kinog sbn suvgaar garah bolgond uzdeg hze c uidahaargui buur uneheer goy kino bi bur bainga shimtej uzdef
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-22 12:41:09
    Зочин: Сайхан, сэтгэгдэл төрүүлсэн ярилцлага болсон байна. Чингүүний цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-22 12:07:26
    Enkhjin: Manai Chinguunee ah uneheer mundag shuu. Surguuliin suns 2 deer maani uneheer mundag jujigchin gedgee haruulsan daa. Chinguunee ahdaa amjilt husii. Neelten deeree uulzatsgaay
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188