• Өнөөдөр 2024-03-29

СГЗ Г.ЖАМЬЯАНЫ ГЭРГИЙ З.ИЧИННОРОВ: Хань минь хэвлэн, нийтлэх эрх чөлөөгөө хасуулсан хугацаандаа сэтгэлээр унаж, урам зориггүй болсон

       -НИЙТЭЛСЭН БҮТЭЭЛҮҮД НЬ АСУУДАЛ ДАГУУЛЧИХСАН ӨВГӨН МИНЬ МАНАРГАЖ ЯВДАГ БАЙСАН-

  “...Хань минь “Гавьяа” нийтлэлээрээ 10 жил, зургаан сар хэвлэн нийтлэх эрхээ хасуулж, модны үйлдвэрт ажилласан. Ер уран бүтээлч хүний хэвлэн нийтлэх эрхийг хасахаас илүү хатуу зүйл байдаггүй гэдгийг би өвгөнөөсөө л харж байлаа. Сэтгэл санаагаар унаж, урам зоригоо алддаг юм билээ. Ханийн маань хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарласан байх үеийн ганцхан жишээ дурдъя. 1979 онд анх удаа монгол хүн сансарт нисэх гэж байлаа шүү дээ. Монголчуудын хувьд түүхэн үйл явдал болж байсан цаг үе. Тэгэхэд өвгөн маань тэр үйл явдлыг огт тоохгүй гэртээ орж ирээд, цаашаа хараад хэвтээд өгсөн. Маргааш нь би “Өнөөдөр бүх ард түмний жагсаал болно гэж байна. Оролцохгүй юм уу” гэхэд “Үгүй ээ” гэж хэлээд л хэвтээд байсан. Ер тэгж сэтгэл санаагаар унаж, юуг ч анзаархаа больдог юм байна лээ” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьяаны гэргий З.Ичинноров гуай ярьж сууна.

      Бид сэтгүүлчийн амаргүй замыг өөрийн бие сэтгэл, бүтээл туурвилаараа туулсан түүний ханийн тухай яриа өрнүүлэхээр гэрт нь ирээд байгаа нь энэ. Биднийг очиход, З.Ичинноров эгч ханийнхаа сүүлийн он жилүүдэд бичсэн бүтээлийг нэгтгэсэн “Монголын шилдэг нийтлэл” гэсэн цоо шинэхэн номтой угтсан юм.  Монголын сэтгүүл зүйд Г.Жамьян гэж хурц бичвэртэй, шулуун шударга хүмүүн мөрөө татахад, яах аргагүй түшиж, тулж байсан хүн бол эрүүл мэндийн салбарт насаараа зүтгэсэн эл эмэгтэй.

   -Ханийг тань бичиж, туурвих сэтгүүл зүйн их замд хөтөлсөн хүн бий болов уу. Хэзээнээс бичих авьяастайгаа мэдэрсэн байдаг юм бол. Танд энэ тухайгаа ярьж байв уу?

      -Өвгөнийг минь номонд хөтөлсөн хүн бол “Хүрэн морь” найраглалын зохиолч Ж.Лхамсүрэн гуай гэдэг. Арван жилийн сурагч байхад нь нэг өдөр сургуулийн захирал нь ”Нэг зохиол бичдэг хүн ирсэн байна.  Шүлэг, зохиол оролддог хүүхдүүд үзүүл” гээд өрөөндөө дуудаж л дээ. Тэр үед сургуулийн захирал нь манай хүнийг юм бичдэг хүүхэд байна гэж мэдсэн байгаа юм. Тухайн үед хань маань Ч.Лхамсүрэн гуайг танихгүй болохоор гайхаад очжээ. Тэгээд зохиолч Чи юм бичдэг үү” гэхэд нь гутлынхаа түрийнд хадгалж явсан цаасан дээр бичсэн шүлгүүдээ үзүүлсэн чинь “Сүрхий мэрийлттэй хүүхэд байна. Сайн бичээд байгаарай. Намайг Ч.Лхамсүрэн гэдэг юм. Хэрэг болвол надтай уулзаарай. Ах нь Засгийн газрын ордонд суудаг” гээд хаягаа хэлж өгөөд явсан юм билээ. Тэгээд  хань маань дараа нь сургуулиа төгсөөд очсоноор, сонинд бүтээлээ өгч эхэлсэн байдаг. Дараа нь Офицерийн сургуульд байхад нь мөн л дарга нь дуудаад очтол, өнөө л Ч.Лхамсүрэн гуай ирсэн юм байна. 

Ер Ж.Лхамсүрэн зохиолч миний ханийг сэтгүүл зүй, бичих, туурвих замд хөтөлсөн хүн байгаа юм. Энэ тухай сая эмхэтгэсэн ном, бүтээлд нь дэлгэрэнгүй бий.

   -Анхлан бичсэн бүтээлээс нь "Халхын талд" найраглал алдартай юм билээ. Хөдөлмөрийн баатар Т.Галсан зохиолч ч яг энэ үед "Арвайн тал" найраглалаа бичсэн байдаг шүү дээ?

     -Хань маань аймагтаа сургууль төгсөөд, цэргийн сургуулийн хуваарь авч, Улаанбаатарт орж ирсэн байдаг. Гэсэн ч өнөөх сургууль нь жил ч хүрээгүй татан буугдсан. Тиймээс уран зохиолд нэг мөр татагдан, МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид элсэн суралцсан байдаг л даа. Монгол хэлний ангид бас шууд орчихоогүй ээ. Тухайн үед Ч.Лхамсүрэн гуай хөдөө яваад эзгүй байж. Ингээд Монголын зохиолчдын хороон дээр очтол, нарийн бичгийн дарга нь байсан юм билээ. Тэгээд л мань хүн учир явдлаа хэлснээр, тус хорооноос бичиг хийлгэн орж байсан түүхтэй. Энэ үес л Т.Галсан зохиолчтой танилцаж, нөхөрлөж эхэлсэн байдаг даа.  

    МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид байх үедээ Хөдөлмөрийн баатар Т.Галсантай уралдан “Халхын талд” нэртэй 2000 мөр роман бичиж байсан юм билээ. Харин Т.Галсан “Арвайн тал” найраглалаа тэр үед бичсэн байдаг. Ингээд л хоёр найз "Утга зохиол" сонин дээр шүлэг, найраглалаа хэвлүүлээд эхэлжээ. Р. Чойном, хар малгай Жамбал гээд тухайн үеийн мундаг зохиолч нартай мөр зэрэгцэн л бүтээл, туурвилаа гаргасан шүү дээ, миний хань. 

-Бид бол сэтгүүл зүйн бүтээлээр нь түлхүү мэдэхээс уран зохиолын бүтээл, туурвилаас нь бага мэднэ. Тэгэхээр та утга зохиолын бүтээлүүдээс нь сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?

        -Тийм байх аа. Өвгөн маань ер дууны үгээс бусдыг л бичсэн байдаг. Шүлэг, найраглал, өгүүллэг, тууж, дурсамжийн 20 гаруй ном бий. Бүтээлээс нь миний хамгийн сайн мэдэхээр “Цасангаа” өгүүллэг байх шүү. Арван жилийн хүүхдүүдийн сурах бичгийн номд  орсон байдаг.  Өөр тэгээд “Сүнстэй нөхцсөн хүн”, “Чингис” гээд олон ном бий. Тухайн үед би залуу эмч. Өвгөнийгөө юм бичдэгийг л мэдэхээс бусдаар уран зохиолыг нь сайн мэдэхгүй. Анзаархад, хань маань айхтар удаан сууж бичдэггүй хүн байсан болов уу гэж боддог юм. Бичгийн цаасыг таллан хувааж байгаад л дор нь бичнэ. Бичиж байгаа юм аа засаж, эсвэл удаан бичиг цаастай ноцолдож байхыг нь мэдэхгүй юм. Хажуугаар нь гэрийнхээ бүх ажлыг амжуулчихдаг л байсан.

       Юм аа бага засдаг, айхтар хүмүүс шиг өдөржин ном, дэвтэр дэлгэн суудаггүй болохоор унаган авьяас байдаг байсан болов уу гэж боддог юм. Хэрэв авьяас тааруу бол харин их нухаж, удах байсан биз. Дор нь бичээд л нийтэлнэ. Нийтэлсэн бүтээлүүд нь асуудал дагуулчихсан л манаргаж явдаг байсан.

 -“Гавьяа” нийтлэлийн тухай ярихгүй өнгөрч болохгүй байх. Ер ямар хэрэг явдлаас энэ нийтлэлийг бичиж, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хасуулсан байдаг юм бэ?

      -1979 оны хавар хотын төвд Оросын гурван согтуу офицер шөнийн ээлжид ажилчдын автобусыг байлдааны машинаар мөргөж, шатаагаад олон хүн гэмтэж, бэртсэн аймшигтай сүйрлийн тухай бичсэн юм.  Энэ нь Орос, Монголын найрамдалд ан цав суулгасан гэдэг асуудлаар, эсэргүү хэмээн нэрлэж, 19 сэтгүүлчийг шийтгэсэн байдаг. Тэгээд л намаасаа хөөгдөж, модны үйлдвэрт  10 жил, зургаан сар хүнд хэцүү хөдөлмөр эрхэлж, хэвлэн нийтлэх эрхээ хасуулсан. Хүмүүс авто машины хэрэг гэж буруу яриад байдаг юм. Энэ бол автобусны осол байсан. Уг ослоос үүдэн гэмтэж, бэртэж, бие, эрхтнээрээ олон хүн хохирсон. Өвгөн маань өрөвч нинжин сэтгэлтэй хүн болохоор тэр олон өвдөж зовсон хүнийг хараад л бодит үнэнийг бичихгүй юу. Өөрөө олон дүү нартайгаа, борог даруу амьдралд өссөн болохоор ядарч, зовж байгаагийн хажуугаар зүгээр өнгөрч чаддаггүй хүн л дээ.

 

-Өвгөн танв хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хасуулсан жилүүд бол мэдээж хүнд байсан байх.  Тэр үед танд юу бодогдож байв?

       -Хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хасуулна гэдэг бол уран бүтээлч хүн үхсэн мэт байгаатай ялгаагүй юм билээ. Би дэргэд нь зогсоод харж байсан. Ханийн минь хамаг урам зориг, бүх зүйл нь унтарсан он жилүүд байсан даа. Модны үйлдвэрт ажиллаж байхад сүүлдээ  бүр бие нь дийлэхээ байсан. Би бол ханиа яаж амьд, эрүүл авч үлдэх вэ гэсэн ганцхан бодолтой тээх болсон. Үнэхээр хүнд юм байна лээ. Энэ хугацаанд нэг сонин зүйлийг ярихад, миний нэр дээр хүртэл бичвэрийн уралдаанд орж байсан байдаг. Өөрөө бичиж, нийтэлж болохгүй болохоор анагаахын нийтлэлийн уралдаанд миний нэр дээр орж, байр эзэлж байсан. Би өөрөө бичээгүй болохоор тухайн үед жаахан эмээж, ичиж байсан. Тэгж бүр бичиж, туурвих дуртай байсан байгаа юм. Гэхдээ сэтгүүл зүйн салбарт 60 гаруй жил зүтгэсэн. Түүнээс 10 жил нь  хэвлэн нийтлэх эрхээ хасуулсан жил байсан. Харьцангуй гомдолгүй байсан болов уу гэж боддог. Яагаад гэвэл, эцсээ хүртлээ л үзгээ бариад, бүтээлээ л бичиж байсан хүн шүү дээ.

-Дараа нь харин цагаатгагдахад хачин их баярласан байх даа. Тэр үеийнх нь тухай та ярьж өгөөч?

      -Тэр бол яриа байхгүй хачин баярласан. Ер тэгээд л сэргээд ирдэг юм билээ. Түүнээс хойш өвгөн минь ойчин, ойчтолоо үзгээ тавиагүй. Гэхдээ айж, эмээлгүйгээр дахиад л хурц бичиж шүүмжилдгээрээ шүүмжилж л байсан. Ямар сайндаа л Соёлын гавьяат зүтгэлтэн цол авах үед нь тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди гуай “Та шагналаа их хожуу авч байна шүү. Гэхдээ илүү олон уран бүтээл хийгээрэй” гэсэн чинь “Дутагдал гарвал таныг ч гэсэн шүүмжлэнэ” гэсэн гэдэг. Ерөнхийлөгч Н.Багабанди инээд муутай хүн болохоор өвгөний үгэнд ихэд инээсэн гэдэг юм билээ.

    -Ганц “Гавьяа” нийтлэл ч биш, ер бичсэн зүйлс нь асуудал дагуулж байсан шүү дээ. Таны хувьд "Одоо болье" гэдэг зүйлийг хэлж байв уу. Эсвэл өөрийнхөө дураар бүтээл, туурвилаа хийж л байг” гэж боддог байв уу?

      -Би бол нэг ч удаа хорьж байгаагүй. Бичиж, туурвихдаа аз жаргалтай, баяр баясгалантай байдаг хүнийг чинь хорьж болохгүй юм билээ. Ханьтайгаа оюутан байхаасаа эхлэн ханилсан. Хоёулаа л дуртай, сонирхолтой зүйлээ хийгээд л амьдарсан. Хань минь их сайхан сэтгэлтэй. Ядарч, зовж байгаа хүн бүрт л хамаг байдгаа өгчихдөг, тэдний өмнөөс дуугарч, бичиж байсан. Ханийн минь бичсэн нийтлэлээр олон ч хүний амьдрал боссон гэж боддог. Би өрөвч зөөлөн, бусдыг хайрлаж, энэрхээр тангараг өргөсөн эмч хүн. Гэтэл хань минь надаас ч илүү өрөвч сэтгэлтэй. Хаана хэн зовж, хэцүүдэж байна, яваад л очсон байдаг. Ганцхан жишээ хэлэхэд л Ю.Цэдэнбал даргын жолооч Иш гэх хүний тухай бичсэн байдаг. Ер хүн бүрийн л найз, нөхөр, өмөг түшиг нь байсан даа.   

-АНХ ХАНИЙГАА ХАРАХАД НҮДЭНД ДУЛААХАН, ТҮВШИН САЙХАН ХҮН БАЙНА ГЭЖ Л БОДСОН-

-Та ханьтайгаа анх хэрхэн танилцаж байсан бэ. Г.Жамъян гуайг залуудаа их сайхан залуу байсан тухай ярьдаг юм билээ. Анх ханийгаа харахад төрж байсан мэдрэмжээсээ хуваалцаж болох уу?

       -Залуу байхад нэг их боддоггүй юм билээ. Анх ханийгаа харахад нүдэнд дулаахан, түвшин сайхан хүн байна гэж л бодож байсан. Найзтайгаа хамт кино үзэх гээд очихдоо анх танилцсан юм. Найз маань кино үзье гэж очсноо, өөрөө хойд талын суудалд суугаад, хажууд маань өндөр залуу суучихлаа. Кино дуусаад өнөө залуу маань бүр гэрт хүргэж өглөө. Анх танилцсан үеийн дурсамж гэвэл ийм байна. Тэгээд л нэг мэдэхэд хачин сайн болсон байсан. Бидний үед хайр дурлал гэж мэддэггүй, хачин ажилсаг хүүхдүүд байлаа. Харин санаанаас гардаггүй нэг дурсамж байдаг юм. Манайд Г.Жамьян ирээд сууж байтал ээж “Амбаарт байсан цувдай хатчиж, нохойд өгье” гээд хаях гэв. Тэгсэн Жамьян “Хүүе, хэрэггүй ээ. Би янзлаад, хоол хийе” гээд давхиж босоод, угаагаад, бууз хийдэг юм байна. Ээж  ч “Пээ, өнөө нохойд өгөх гэж байсан цувдайгаар чинь энэ хүү харин бууз хийчихдэг юм аа” гэж гайхаж байсан. Ер хоол унд,гэрийн ажилд их хурдан, шаламгай хүн байсан.

/БАГА ОХИН Ж.ОЮУНСҮРЭНГИЙН ХАМТ/

-Танд зориулсан бүтээл, туурвил бий юү?

     -"Инжээ дээ" гээд ганцхан шүлэг бий.

-Хамгийн их баярлаж, догдолж байсан үе нь аль байв. Ер нь бүтээл, туурвилаа бичээд хөөрч, баярладаг байв уу?

      -Айхтар баярлаж, хөөрч байсан нь цөөн. Харин нэг удаа дөрвөн өрөө байраар шагнуулахдаа хачин их баярлаж байсан. Залуу гэр бүл болохоор өөрсдийн гэсэн орон байртай болж байгаа болохоор хоёулаа л баярлаж байв. Эмэгтэй хүн чинь цагаа тулахаар шуналтай байдаг юм. Ханийгаа байраар шагнуулсан гэхэд нь "Хэдэн өрөө байр вэ" гэж асууж байсан. Харин хань минь шуналгүй хүн байсан. Хүнд л байгаагаа хуваана уу гэхээс өөрөө барагтай хүнээс авахгүй. Юмаа бичээд явж байхад л хамгийн жаргалтай байдаг байсан.

-Одоо хүүхдүүдээс нь зохиол, бүтээл, нийтлэлийг нь үргэлжлүүлэх хүн бий юу?

    -Байхгүй ээ. Манайх хоёр охин, нэг хүүтэй айл. Хүүхдүүд маань уул уурхай, эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшээд ажиллаж байгаа. Аав, ээж хоёрынхоо ажил мэргэжлийг аль ч өвлөөгүй дээ.

        Энэ хүрээд бидний яриа өндөрлөсөн юм. Тэрбээр "Ханиа өөд болсноос хойш сүүлийн жилүүдэд бичсэн бүтээл туурвилыг нь эмхэтгэж ном боолоо. Ер тэгээд би бичсэн юмыг нь хадгалж байгаа юм. Залуу сэтгүүлч хүүхдүүдэд хэрэгтэй гэж боддог юм. Тоосонд дарагдаад гэрт байж байхаар нэг ч гэсэн хүн уншиж байвал хэрэгтэй юм уу гэж боддог юм" хэмээн хавтсанд хийсэн сонин болоод сэтгүүлийн бичвэрийг нь эргүүлэн сууна.

Тэгээд "Хань минь хүн нэг амьдарна. Үхэх, төрөх жамтай хорвоод хүн чанартай хүн шиг хүн байх сан" гэдэг зарчмыг л баримталдаг хүн байсан даа. Үнэхээр бодоод байхад, үхэх, төрөх л хамгийн үнэн зүйл юм даа гэж эгч нь бодож сууна" гэсэн юм.

   Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Галсангийн Жамьян гуай бол "Улаанбаатарын мэдээ" сонинд сурвалжлагчаар ажиллаж, "Монголын мэдээ", "Өдрийн сонин" зэрэг өдөр тутмын сонинд сэтгүүлч, орлогч эрхлэгчээр ажиллаж, олон сурвалжилга, нийтлэлийг уншигчдад хүргэсэн. Монголын сэтгүүл зүйн том уул. Ингэхдээ "Банкны "Банхарууд", "Ордны аллага уу", "Миний нэгэн гэр буюу Улаанбаатарын мод боловсруулах комбанит", "Алга дарамхан газар минь чи амь ороод яриач", "Хотыг "Хойт эцэг"-ийн гарт байлгамааргүй байна" зэрэг шүүмжлэлт нийтлэлүүдийг бичин, болохгүй, бүтэхгүй, буруу, булхиа бүхнийг эрслэн шүүмжилж байсан юм.


СГЗ Г.ЖАМЬЯАНЫ ГЭРГИЙ З.ИЧИННОРОВ: Хань минь хэвлэн, нийтлэх эрх чөлөөгөө хасуулсан хугацаандаа сэтгэлээр унаж, урам зориггүй болсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-09 08:28:24
    Зочин: Цасангааг мэднээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-07 14:23:20
    Сайхан дурсамж: Сайн ханийн сайхан дурсамж байна даа,маш их баярлалаа,Бурханы ариун оронд төрөх болтугай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-07 09:47:59
    Зочин: Хэнээс ч хэлчихгүй, дэндүү голтой бичдэг, даанч шударга хүн байсан даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-03-07 09:29:28
    Зочин: Бас захиалгаар хүн гүтгэж бичдэг хогын нөхөр байсан юмаа Магтах юмаа олж дээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188