• Өнөөдөр 2024-11-04

М.НАМУУНЦЭЦЭГ: Хүүхдийн асрамжийн газар нээгээд, хүүхдүүдээр “Ээж ээ” гэж дуудуулахыг хүсдэг

         Кино, дэлгэцийн урлагт "Үнэг Цоомоо" дүрээрээ олонд танигдаж, хайрлагдаж яваа залуу уран бүтээлч, чадварлаг жүжигчин, түүгээр ч зогсохгүй өөрийгөө ялан дийлэгч гэх тодотголтой М.Намуунцэцэгтэй ярилцлаа. Хөгжилтэй, даруухан тэрбээр өсвөр насны охин байхаасаа л загварын ертөнцөд хөл тавьж, “Гоёо” брэндийн нүүр царай болон тодорч байлаа. 18-хан настай охин зах хязгааргүй урлагт хүч үзэж, өнөөдрийг хүртэл зүтгэсээр, хичээсээр явааг бид онцолж байна.

Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас төрөн гарсан анхны улсын арслан "Боохой" хэмээх Данзан гэдэг хүний ач охин нь болохоор өвөөгөөрөө бахархаж, хайрлаж явдаг

-Сайн байна уу, гэр бүлийнх нь талаар яриагаа эхлүүлье?

               -Сайн байна уу. Намайг бага байхад  аав маань уул, уурхайд ажилладаг байсан болохоор аавыгаа дагаж хөдөө орон нутгаар их явдаг байлаа. Гэхдээ Улаанбаатар хотод удалгүй орж ирсэн л дээ. Миний ээж Сэлэнгэ аймгийн Бугант сумын хүн. Харин аав минь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумынх. Миний өвөө Сэлэнгэ аймгийн анхны улсын арслан олон түмэндээ  “Боохой” хэмээн алдаршсан Данзан гэдэг хүн байлаа. Биерхүү, том биетэй, өндөр хүн байж билээ. Өвөөгөө бага байхдаа л харж байсан. Алдар цуутай арслангийн ач охин, үр удам нь болохоор өвөөгөөрөө бахархаж явдаг. Бас хайрлаж, хичээж явдаг юм.

-Ямар мэргэжлээр, аль сургуульд сурч төгссөн бэ?

               -Аялал жуулчлалын бизнес хийх сонирхолдоо хөтлөгдөөд “Сити” их сургуулийг Аялал жуулчлалын менежмент мэргэжлээр төгссөн. Харин түүний дараа СУИС-д жүжигчин мэргэжлээр сурч байгаад тодорхой шалтгаануудын улмаас суралцаж чадаагүй, түр хугацаанд орхисон.

-Кино уран бүтээлийн анхны гараагаа хаанаас эхлүүлж байв? 

              -Миний анхны уран бүтээл  “Хар сувдны нууц” киноны гол дүр болох “Үнэг Цоомоо”. Түүнээс хойш үзэгчдийн сайн мэдэх  “Бүхнээс дээгүүр” “Солонгос драма Монголд” “Нийслэл хүүхэн” кинонд гол дүр болон туслах дүр бүтээсэн. “Хар сувдны нууц” кинонд дүр бүтээж байхдаа 18 настай өсвөр насны охин байсан учраас сандрал айдас багагүй төрсөн. Гэсэн ч кино уран бүтээлийн баг надад итгэл хүлээлгээд Вьетнам Улсыг зорьж байлаа. Тухайн үед жүжиглэх мэдэгдэхүүн, ойлголт тун бага байсан нь мэдээж. Тийм учраас орой болгон уншлага хийж өөрийгөө бэлтгэж байсан. Баг, бүрэлдэхүүнийхээ итгэлийг алдахгүйг л их хичээсэн дээ. Одоо хүртэл энэ кинонд тоглож байсан сайхан мэдрэмжийг мартдаггүй. Анх загварын ертөнцөөс бүх зүйлээ эхлүүлж байсан кинонд дүр бүтээх нь миний мөрөөдөл байсан. 18 настай байхдаа би мөрөөдлөө биелүүлж, илүү их хичээж хүч, урам, зориг авсан даа.

-“Нийслэл хүүхэн” кинонд дүр бүтээхэд хөдөөгийн амьдрал өөрт чинь ойр дотно санагдаж байв уу, тухайн дүрд тоглоход ямар мэдрэмж төрж байсан бэ?

                -“Нийслэл хүүхэн” кино уран бүтээлд хөдөөгийн эгэл жирийн охины дүрийг бүтээх явцад Монголын ахуйн амьдралыг таньж, ойлгосон. Тухайн хөдөөгийн охины дүр маань миний анхны уран бүтээлийн дүрээс өөр байсан болохоор их гоё мэдрэмж төрдөг юм билээ. Одоо “Нийслэл хүүхэн-3” уран бүтээлийнхээ зураг авалтад гарахаар бэлтгэж байна. Энэхүү кинон дээр харагдаж байгаачлан тус дүр маань бага зэрэг ааш муутай эгчийн дүр боловч миний өөрийн зан араншингаас өөр хүний төрхийг илэрхийлдэг.Өөрөөр хэлбэл “Нийслэл хүүхэн” киноны Сараагийн дүр Намуунцэцэгээс өөр гэсэн үг. Цөөхөн ч гэсэн миний бүтээсэн дүрүүдээс хамгийн хайртай дүр нь “Нийслэл хүүхэн” киноны Сараа. Киноны бусад дүрд тоглож байгаа уран бүтээлчид маань энгийн үед маш хөгжилтэй, алиа хүмүүс байдаг болохоор хэзээ ч уран бүтээлийнхээ үеэр уйддаггүй, сайхан энергитэй хүмүүс байдаг даа. Суралцах , ойлгох олон зүйлийг ах, эгч нараасаа олж авдаг. Киноны дүр дээр гарч байгаа аав, ээж хоёрыгоо бусад үед ч аав, ээж гэж дууддаг болтлоо дотно болсон. Кино маань олон ангитайгаар биш нэг ангитайгаар үзэгчдэд хүрч байгаагаараа онцлог болж байгаа. Тун удахгүй “Нийслэл хүүхэн” киноны гуравдугаар бүлгийн зураг авалт дуусаж, үзэгчдэд хүрэх болно. 

-Жүжигчин болоход нөлөөлсөн, үлгэр дуурайлал авч бахархдаг уран бүтээлч бий юу? 

                 -Миний үлгэр жишээ авч, үргэлж бахархдаг хүмүүсийн нэг нь МУГЖ С.Болд-Эрдэнэ ах. Өөрийн хүндэлж, хайрладаг жүжигчинтэйгээ “Хавтаст хэрэг” киноны уран бүтээл дээр нэг ширээнд зэрэгцэж, харц тулгараад жүжиглэхэд үнэхээр сайхан мэдрэмж төрдөг юм байна лээ. Дэлгэцээр үзэж суугаад хувь хүнийх нь жүжиглэх ур чадварыг биширдэг байсан бол дэргэдээс нь түүнийг өөрийн биеэр мэдэрч, харахад бахархал төрж байлаа. 

Эмэгтэй хүмүүс хэзээд үргэлж хүчирхэг байж, хамт байгаа цагт  хэнд ч дийлдэхгүй болтлоо нэгдэж чаддаг 

-Саяхан үзэгч, олон нийтийн дунд хамгийн өргөн хүрсэн “Аnuhai`s fitness show” -нд оролцож байх үеийнхээ талаар хуваалцахгуй юу? 

                -“Anuhai`s Fitness show”-д анх хувь хүн талаасаа асар их зориг гаргаж оролцсон. Учир нь, эмэгтэй хүний хувьд өөрийн тулгамдсан асуудлаа олон нийтэд харуулж, түүнтэйгээ тэмцэх нь зориг шаардсан . “ТV8” телевизээс надад анх санал ирүүлэхэд би татгалзсан хариу өгсөн. Гэсэн ч өөртөө дүгнэлт хийж, бодсоны эцэст өөрийгөө ялан дийлэхээр шийдсэн юм. Тус шоу эхлээд өдөр тутмын дасгал, хөдөлгөөндөө хамрагдах үед хэцүү цаг үе, шантрах тохиолдол цөөнгүй тулгарч байлаа. Түүний нэг нь олон нийт, үзэгчдээс ирэх шүүмжлэл, хүмүүсийн үзэл бодлоос эмзэглэж, айдас төрж эхэлсэн. Гэвч миний төсөөлснөөс эсрэгээр буюу үзэгчид болон олон нийт намайг дасгал сургуулилтын явцад өөрчлөгдөхийг хараад дэмжиж, магтаал, сайшаалыг харамгүй өгч байсан болохоор урам зориг, эрч хүчээ эргээд олж авч чадсан. Тухайн үед миний хамгийн том өрсөлдөгч бол би өөрөө байсан гэдгийг ухаарч, өөрийнхөө сэтгэл зүйг аль хэдийнээ ялан дийлсэн юм. Эцэст нь, би л хичээх юм бол бүх зүйлд боломж, амжилт үргэлж байдаг болохыг ухаарсан даа. 

-Шоу эхэлсэн цагаас өрсөлдөөн ширүүн байсан уу? 

               -Финалын шат ойртох мөчид бидний дунд өрсөлдөөн өрнөж эхэлсэн. Тэмцэл болон  нөхөрсөг өрсөлдөөний үр дүнд өөрийн гэсэн өөрчлөлтүүдийг бий болгож, эцэст нь хэзээ ч мартагдахааргүй дурсамж үлдэж, сайн эгч дүүс, найзууд болцгоосон доо. Одоо ч гэсэн үргэлж бие биетэйгээ холбоотой байж, нэгэндээ тусалж дэмждэг хэвээр. Тиймээс би тэднийгээ өрсөлдөгч гэж огт хараагүй. Анхнаасаа хамгийн том өрсөлдөгч би өөрөө байсан болохоор тэд маань миний хувьд хамгийн хүчирхэг эгч, дүүс юм. Эмэгтэй хүмүүс хэзээд үргэлж хүчирхэг байж, хамт байгаа цагт  хэнд ч дийлдэхгүй болтлоо нэгдэж чаддаг гэдгийг ойлгосон. 

-Өөрийгөө ялан дийлж, өөрчлөлт хийсэн хүний хувьд илүүдэл жингээсээ салахыг хүссэн эмэгтэйчүүдэд хандаж хэлэх үг бий юу? 

                -Илүүдэл жинтэй нүүр тулаад байгаа, түүндээ санаа зовж байгаа бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд анхнаасаа “Би чадахгүй” гэдэг сэтгэл зүйгээр хандах юм бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс хамгийн гол нь сэтгэл зүйгээ өөрчлөөд, бие махбодоо цэгцлэхийн тулд, бүхнээ зориулан дайчлах ёстой юм шүү. Дан ганц илүүдэл жингээсээ салах бус бусад асуудалд ч сэтгэл зүйгээ дайчин байлгах нь өөрчлөлт, амжилт дагуулдаг. Мэдээж зөв багшийн заавраар, өөрийгөө дайчлах нь зүйтэй. Шоуны явцад багш маань бидний идэж байгаа хоолны орц найрлага, хэмжээ болгон дээр хяналт тавьж, зааварчилгаа өгсөөр ирсэн. Багшийн зөвлөгөөг дагаж, түүний дараа өөрийгөө бүрэн дайчилж, хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Хэрэв хүн хүсвэл гурван сарын хугацаанд бүрэн өөрчлөгдөх боломжтой. 

-Цаашид өөртөө тавьсан ирээдүйн зорилго, төлөвлөгөө юу вэ? 

               -Цаашид жүжигчин мэргэжлээр сурч төгсөөд урлагийн салбарт өөрийн байр суурийг улам илүү нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Мөн хажуугаар нь өөрийн хүссэн бизнесийг эхлүүлнэ. Гэх мэтчилэн залуу хүний хувьд хийж бүтээх олон санаачилга надад бий.

Тэдгээрийн дундаас хүүхдийн асрамжийн газар нээхийг олон жилийн өмнөөс мөрөөдсөн

          Үүнийгээ өөрийнхөө байр суурийг бүрэн олсны дараа заавал хэрэгжүүлэх болно. Тэр дундаа асрамжийн газрынхаа хүүхдүүдтэй байнга хамт байхын хажуугаар өглөө болгон энгэртээ тэвэрч угтаад өдөр бүрийг тийм их аз жаргалаар өнгөрөөнө дөө. Мөн хүүхдүүд маань намайг “Ээж ээ” гэж дуудаасай гэж хүсдэг. Тэр ч утгаараа би хүүхдийн аз жаргалтай төрх, инээмсэглэлд хамгийн дуртай. 

-Өөрийгөө дүгнэж, хэдэн өгүүлбэрээр илэрхийлбэл? 

               -Би харилцааны хувьд аль болох тайван байх арга замыг илүүд үздэг. Өөрөө ч ямар нэгэн маргаан, асуудлаас хол байдаг. Хүрээлэлд маань эерэг, эрч хүчтэй хүмүүс байх тусам сэтгэл санаа тайван байж чаддаг болохоор би ч мөн адил тэдгээр хүмүүсд сайн сайхнаар нөлөөлөхийг хичээсээр ирсэн. Зөөлөн, даруухан мөртлөө сэтгэл хөдлөл өндөртэй хүн л дээ. 

-Жүжиглэхээс гадна өөртөө илүү хөгжүүлсэн авьяас чадвар байгаа байх, түүнийхээ талаар? 

                 -Жүжиглэхээс гадна дуулах авьяасаа саяхан олж нээсэн. Энгийн үед найзуудтайгаа хамт байхдаа энэ авьяасаа бага зэрэг гаргадаг байсан ч найзууд маань намайг сайшааж урам өгч байлаа. Ингээд л чамгүй дуучин гэдгээ мэдсэн. 

-Та айлын том охин уу? 

                 -Би айлын том охин, доороо охин дүүтэй. Дүү маань 16 настай, миний адил загвар өмсөх сонирхолдоо хөтлөгдөж “MODELS” агентлагт ажилладаг. Охин дүүгээрээ маш их бахархдаг. Түүндээ аль болох зааж, зөвлөхийг хичээдэг.  Миний ээж герман хэлний багш, харин аав минь уул уурхайн мастер мэргэжилтэй. Аав минь намайг тэр болон магтаж, сайшаадаггүй хүн л дээ. Харин шоуны дараа миний талаар яриа өгч, сэтгэлийн үгээ илэрхийлж байсныг хараад хэзээ ч мэдрээгүй сайхан зүйлийг өөртөө мэдэрч байлаа. Одоо ч миний уран бүтээлийн ар талд үргэлж найдвартай байдаг, дэмждэг хүмүүс миний аав, ээж шүү дээ. Гэрийнхээ “BIG BOSS” нь, би /инээв/.   

-Өөрийн үеийн залуучууддаа хандаж юу хэлэх вэ? 

             -Залуучууддаа хандаж хэлэхэд ямагт өөртөө итгэлтэй, эрч хүчтэй хөдөлмөрч нэгэн байгаарай гэж хэлмээр байна. Боломж үргэлж, хаана ч чиний дэргэд байдаг болохоор өөрийнхөө байр суурийг олох хүртэл хичээх хэрэгтэй шүү. 

          Орчин цагийн бүсгүйчүүдийг өөрийн өнгө төрх, ур чадвараараа үлгэрлэн манлайлж, эерэг, өөртөө итгэлтэй байдлаар нүүр царайгаа тодотгосон М.Намуунцэцэгтэй ийн ярилцлаа. Түүний дараа дараагийн гол дүрийн уран бүтээл болон хийхээр төлөвлөсөн ажил хэрэгт амжилт хүсэн өнөөдрийн ярилцлагаа өндөрлөв.

 

М.НАМУУНЦЭЦЭГ: Хүүхдийн асрамжийн газар нээгээд, хүүхдүүдээр “Ээж ээ” гэж дуудуулахыг хүсдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188