• Өнөөдөр 2024-04-27

Д.МӨНХ-ОНОН: “НАЙЗУУД ГАРДЕН” БОЛ 14 НАЙЗЫН НАНДИН НӨХӨРЛӨЛИЙГ МӨНХӨЛСӨН ГАЗАР

2022-08-18,   2209

       Гэгээхэн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн 14 найзын нөхөрлөлийг мөнхөд санан дурсах бүтээн байгуулалт Хэнтий аймгийн Батширээт суманд байгуулагдсан билээ. Тэнгэр дэвшсэн найзынхаа гэгээн дурсгалд зориулан бүтээсэн "Найзууд Гарден" 3x3 сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж бүхий талбайг бүтээсэн найзуудын төлөөлөл Д.Мөнх-Ононтой ярилцлаа.

-Найзуудтайгаа хамтран залуучуудад зориулсан бүтээн байгуулалт хийсэнд баярлалаа. “Найзууд гарден” сагсан бөмбөгийн талбайг байгуулах болсон сэдэл санаа хэзээ, юунаас төрсөн талаар яривал?

    -Учраа мэдэхгүй жаахнаасаа 14-үүлээ найзласан юм аа, бид. Харин харамсалтайгаар нэг эмэгтэй найз минь тэнгэрт дэвшсэн. Бид найзынхаа гэгээн дурсгалд зориулаад "Ямар нэг юм хийж бүтээх хэрэгтэй" гэж бодож, төлөвлөж эхэлсэн. Ингээд Хэнтий аймгийн Батширээт сумандаа сагсан бөмбөгийн талбай барилаа.

 

-Яагаад заавал сагсан бөмбөгийн талбайг сонгож байгуулсан юм бэ?

    -Хүүхдүүдийг инээд цангинасан ногоон орчин, залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газартай байгаасай гэж хүссэн учраас сагсан бөмбөгийн талбай барихаар шийдсэн. Мөн манай нутагт энэ төрлийн бүтээн байгуулалт дутагдаж байгаа юм шиг харагдсан л даа.

-Найзуудтайгаа анх яаж танилцаж байв. Хэдэн жил нөхөрлөж байгаа вэ?

    -Цэцэрлэгт байхаасаа л найзласан даа, хэдэн жил болсныг мэдэхгүй юм. Жаахан байсан учраас тухайн үедээ яаж найзласнаа ч санадаггүй юм. Гэхдээ энэ хол замын уртад нэгнээсээ урваагүй л байна. Ээж, аавууд маань ч найзууд учир нэгнийхээ гэрээр байнга орж гардаг байсан. Голын усаар тоглоод л явж байдаг байлаа.

-Олуулаа найзлахын сайхан тал нь юу вэ?

         -Олуулаа найзлах сайн, муу олон л талтай. Гэхдээ сайхан цаг үе нь их юм даа. Бие биеийнхээ мөрийг дэрлээд, нэгнийгээ түшиж, тулаад явж байх чинь сайхан шүү дээ. Ингээд бодоход хүүхэд насандаа учирсан үерхэл, нөхөрлөл хамгийн нандин байдаг юм байна. Хүүхэд байсан шигээ байнга найзынхаа гэрт очоод өдөржин хамт байж чадахгүй ч заримдаа жаахан хөндийрчихсөн юм шиг санагдах үе бий. Аргагүй шүү дээ, бүгд тусдаа амьдралтай гэр бүл, хүүхэдтэй болчихсон. Гэхдээ л бусад хүний нөхөрлөлийн хажууд биднийх хэзээ ч тасаршгүй, нандин санагддаг.

-Найзууд дундаасаа хоорондоо гэрлэсэн хос бий юү. Бүгд нутагтаа амьдардаг уу?

    -Бидний дундаас хос төрөөгүй ээ. Анх 11 залуу, гурван сайхан охин нийлж нөхөрлөсөн юм. Одоо бол бүгд тус тусдаа гэр бүл зохиосон, өнөр өтгөн айлууд болсон. Манайхнаас гурав нь нутагтаа ажиллаж амьдарч байна. Бусад нь хот болон өөр аймагт амьдарч байгаа.

-Сагсан бөмбөгийн талбай барихад хугацаа хэр зарцуулсан бэ. Найзууд дунд нь энэ төрлийн ажлын туршлага, мэргэжилтэй хүн байв уу?

    -Манай суманд барилгын ажил хийж байгаа компаниудын шавар зуурдаг машиныг нь ашиглаж, өөрсдөө л хийж бүтээлээ. Бидний дунд барилгын мэргэжилтэй хүн байсангүй. Бүгд л хөдөө өссөн, гарын уртай хүмүүс байсан учраас аргыг нь олсон гэж бодож байна. Мэргэжлийн хүн харвал алдаа дутагдал олон л байгаа байх. Гурван сарын хугацаанд талбайгаа барьж, тохижуулсан байна.

-Сагсан бөмбөгийн талбай барих төсвийг хэрхэн гаргасан бэ?

    -Хүн тус бүр нэг сая төгрөг гаргасан. Мөн найзын минь гэр бүлээс их дэмжлэг ирлээ. Сум орон нутгийн ах эгч нар, санхүү болон ногоон байгууламж хийхэд дэмжлэг үзүүллээ. Өдөртөө бидэнд хоол бариад ирнэ гэдэг чинь л их сэтгэл шүү дээ. Олон хүний дэмжлэг, тусламжаар л баригдлаа.

-Дахиад хийхээр төлөвлөсөн ажил бий юү?

    -Талбайн нээлтээ хийхэд иргэд их сайхан хүлээж авсан. Урмын үг ч их хэлсэн. Тийм учраас дахиад боломж олдох юм бол хүүхэд, залуучуудад чиглэсэн ажил хийхээр ярьсан.

-Найзынхаа дурсгалд зориулж хийх гэж байгаа ажлыг нь найзынх нь гэр бүл хэрхэн хүлээн авсан бэ?

    -Бид ажлаа төлөвлөчихөөд хамгийн эхэнд найзынхаа гэр бүлийнхэн дээр очиж, зөвшөөрөл авсан. Гэр бүлийнхэн нь их таатай хүлээн авч, “Та нар минь ийм сайхан ажил хийхээр төлөвлөсөн бол ах, эгч нь хамтарч ажиллана” гэсэн. Талбайгаа нээх үеэр бүгд л найзыгаа, найзыг минь дурсан санаж, уйлсан даа.

-Найзуудын дунд уулзах бүрдээ ярьдаг дурсамж байдаг шүү дээ. Нандин дурсамжаасаа хуваалцахгүй юу?

    - Олон жил найзласан хүмүүст хөгжилтэй, гэгээтэй дурсамж олон бий. Бид багадаа "Хамгийн түрүүнд хүүхэдтэй болсон нэгнийхээ хүүхдийн их сургуулийн дөрвөн жилийн сургалтынх нь төлбөрийг тал талаасаа нийлүүлж өгнө" гэж ярьцгаадаг байсан. Одоо нэг найзын минь хүүхэд хэдхэн жилийн дараа их сургуульд орох гэж байна. Бид тэр амлалтаа биелүүлнэ гэж байнга ярьдаг юм. Хүүхэд байхдаа том болоод ямар мэргэжил эзэмших талаараа их ярьдаг байлаа. Одоо бүгд тэр мөрөөдлөө биелүүлээд, сайхан амьдарч байна.

-Таны хувьд найз гэж ямар хүнийг хэлэх вэ?

    -Миний хувьд тэр хүнтэй анх яаж танилцаж, яаж нөхөрлөж эхэлсэн нь чухал биш. Харин яаж дуусах нь л чухал. Амьдралд олон хүнтэй учирч, олон найзтай болно. Тэр дундаас хүнд хэцүү цагт миний дэргэд үлдэж байгаа хүн л найз гэж боддог.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

    -Баярлалаа.


Д.МӨНХ-ОНОН: “НАЙЗУУД ГАРДЕН” БОЛ 14 НАЙЗЫН НАНДИН НӨХӨРЛӨЛИЙГ МӨНХӨЛСӨН ГАЗАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-20 14:32:04
    [email protected]: Minii dvv mundag zaluu shvv. Amjilt hvsie MB
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-18 21:16:37
    д: сайхан найзууд байна бахархаж баярлаж байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-18 14:48:05
    Зочин: Үнэхээр сайхан зүйл хийжээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-18 12:54:49
    Анхтуяа: Дэндүү сайхан санаачилга байсан. Үе тэнгийнхнээ манлайлан нөхөрлөлийн үнэ цэнийг бусдад ойлгуулсан сайхан үлгэр жишээ ажил болжээ. Өөр олон сайхан залууст шинийг үлгэрлэх сайхан ажил болсонд баяртай байна. Амжилт ...
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188