• Өнөөдөр 2024-10-06

Ятгачин Б.ЖАРГАЛМАА: Яруу найраг дотор дууны амьд ертөнц оршдогийг санаж, аяа зохиодог

                Ятга хөгжмийн өв соёлыг хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд өөрийн авьяас чадвар, боловсрол мэдлэгээ цахим орчинд болон нийгэмд залуусыг түүчээлэн сургаж яваа ятгачин Б.Жаргалмаатай ярилцлаа. Тэрбээр 2017 онд “Jargalan Music” хөгжмийн сургалтын төвийг үүсгэн байгуулж, ятга хөгжмийн зэмсгийг бусдад бүрэн эзэмшүүлэх, ятгын өв соёлыг тээн үлдээх зорилгоор олон шавь бэлтгэж байгаа нэгэн билээ. Ингээд түүний яриаг хүргэж байна. 

-Сайн байна уу, хоёул юун түрүүнд таны уран бүтээлийн анхны гарааны тухай дурсамжаас яриагаа эхлүүлье?

               -Сайн байна уу, Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Анхны урлагийн гараа минь миний төрсөн нутаг болох Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас эхэлсэн. 1996 онд Хүүхдийн баярыг тохиолдуулан “Би страдын дуучин” хэмээх дууны уралдаан сумдын дунд зохиогдож байлаа. Энэ уралдаанд сургуулийн дуу хөгжмийн Д.Цэндсүрэн хэмээх багшаараа “Туулай” гэдэг дуу заалгаж, дуулаад анх удаа тэргүүн байр эзэлсэн. Мөн түүнчлэн аймгийн хүүхдийн урлагийн их “Яргуй” наадам гэх мэт олон уралдаан тэмцээнд багаасаа байр эзэлж, урам зориг авснаар урлагийн амьдралд өөрийгөө холбох болсон.  Ингэж л миний урлагийн гараа төрөлх сумын минь бага сургуулийн буйран дээрээс эхэлж байсан даа.

 

-Хэдэн онд ямар мэргэжлээр боловсрол эзэмшиж байв? 

              -2000 онд аав, ээж маань намайг Хөгжим бүжгийн коллежид сургах гээд Дэлгэрэх сумаас, бидний сайн мэдэх “Пургон” машинд гэрээ ачаад хот руу нүүж ирж байлаа. Тухайн үед сургуульдаа элсэхийн тулд гурван шатны шалгалт өгч тэнцсэн. Би мэргэжлээ сонгохдоо өөрийн суралцахыг мөрөөддөг байсан лимбэ хөгжмийн ангийг сонирхож байсан л даа. Учир нь, бага байхаасаа л Үндэсний радио телевизийн хөгжмийн булангаар тоглогддог байсан лимбэ хөгжмийн аялгууг сонсож өслөө. Яагаад ч юм энэ хөгжимд дурлаж, "Тоглож сурна даа" гэсэн бодол байнга төрдөг байж билээ. Мэдээж амьдралынхаа чухал сонголтыг хийх гэж байгаа учраас ээж, аавтайгаа ярилцсан. Ээж маань тэр үед надад хэлэхдээ “Үлээвэр хөгжмийн төрөл бол маш эрт тэтгэвэрт гардаг мэргэжил учраас миний охин өөр төрлөөр суралцах нь зүйтэй” гэсэн юм. Удалгүй сургуулийн элсэлтийн албанаас хамгийн сүүлийн товшуур хөгжмийн элсэлт авах гэж байна гэхийг дуулаад ээж маань намайг хөтлөөд оруулчихсан. Ингэж л би санамсаргүй байдлаар ч гэх юм уу, ээжийнхээ үгийг дагаж ятга хөгжимтэй учирч байлаа. 2002 онд Хөгжим бүжгийн коллежид Монголын анхны мэргэжлийн 16 ятгачдын нэг УГЗ Д.Алтантуул хэмээх гайхалтай багшийнхаа шавь нь болсон. 

-Үндсэндээ ятгач гэх мэргэжилд аав, ээж тань хөтлөн оруулж байжээ. Аав ээжийнхээ талаар яриач? 

                 -Тиймээ, аав, ээж минь л намайг чиглүүлсэн. Миний аавыг Э.Батбаатар гэдэг. Нутгийнхныхаа дунд сийлбэрч Батбаатар хэмээн алдаршсан уран гартай хүн. Аавын минь хийсэн модон эдлэлүүд сумын бүх айлаар л байдаг байлаа. Тиймдээ ч нутгийн айл болгоноор ороход аавын минь урласан ахуйн эдлэлүүд байдаг учраас гэртээ байгаа мэт мэдрэмж мэдэрдэг байсан даа. Энэ мэдрэмж хэчнээн сайхан, дотно гээч. Ээж минь Хэнтий аймгийн Норвилин сумын харьяат Д.Байгалмаа гэж хүн бий. Хүмүүсийн хэлдгээр “Хандмаа” хүн. “Хандмаа” гэдэг нь зоч буюу лүүжин тавьдаг лам хүнийг хэлнэ. Надтай хамгийн ойр байж, бүхий л зүйл дээр зааварлаж, зөвлөгөө өгдөг хүн бол ээж минь юм шүү дээ. Өдий зэрэгтэй яваа минь ээж аавтай минь салшгүй холбоотой. Энэ ташрамд, тэдэндээ үргэлж талархаж, баярлаж явдаг гэдгээ илэрхийлмээр байна.

 -Ямар ч хөгжмийн зэмсгийг тоглож эхлэх мөчид анх сурч байсан аялгуу тухайн хүний санаанаас огт гардаггүй гэж сонссон. Та ямар аялгуугаар тоглож эхэлж байсан юм бэ? 

                    -Хамгийн анх ятга хөгжмөөр тоглож сурсан ая маань монгол ардын дуу “Юндэн Гөөгөө” хэмээх ая байсан. Д.Алтантуул багш ятга тоглохын хажуугаар маш сайхан дуулдаг хүн. Тухайн үед надад “За, миний охин багшийнхаа гарыг дуурайгаад чавхдаж хөгжимдөөд, дуулна шүү” гэж анхны хичээлээ зааж эхэлж байсан нь тод санагдаж байна. Гэртээ ятгагүй байсан болохоор нүдэндээ төсөөлж, дуулж, сурах хүсэл минь тэгж л анх оргилж байсан. Ингэж л ардынхаа дууг ачит багшаараа заалгаж байсан минь санаанаас огтхон ч гардаггүй, сэтгэлд тод байдаг даа. 

АНХНЫ УРАН БҮТЭЭЛЭЭ НУТГИЙНХАА СҮЛД ДУУГААР ЭХЛҮҮЛЖ БАЙСАН

-Багадаа чамгүй дуулдаг байсан гэлээ. Ятга хөгжмийг эзэмших явцдаа дуутай өөрийгөө хэрхэн холбосон бэ? 

                   -2012 онд сургуулиа ятга хөгжмийн нарийн мэргэжлээр суралцаж төгссөн. Энэ хугацаанд багаасаа шимтэн, дурлаж байсан дуулах авьяасаа бараг л орхисон. Харин төд удалгүй миний төрсөн нутгийн маань харьяат УИХ-ын гишүүн асан яруу найрагч, СГЗ Л.Одончимэд гуай “Дэлгэрэх нутаг жаргалын өлгий” хэмээх нутгийн минь тухай шүлгийг надад өгч, ая оруулж, дуун уран бүтээл болгох санал тавьсан юм. Энэ үед би хөгжмийн зохиолч гэдэг мэргэжлээр боловсрол эзэмшээгүй байсан учраас бага зэрэг сандрал, айдастайгаар хүлээж авсан. Гэсэн ч шүлгийг нь уншаад үзэхэд төрсөн нутаг минь нүдэнд харагдаад, эрхгүй сэтгэл татаж, ая эгшиг нь дотроос өөрөө л ундарч гарч ирэх шиг болсон. Сумандаа очилгүй удсан байсныг ч хэлэх үү, ихэд санагалзаж, шүлгийг нь уншсан даа. Ингээд би анхныхаа уран бүтээлийг бий болгож, тэр тусмаа төрсөн нутгийнхаа тухай дууны аяыг бичсэндээ бэлгэшээдэг. Одоо энэ дуу нутгийн сүлд дуу болсон бөгөөд бүхий л арга хэмжээний нээлтэнд дуулагддаг, нутаг зоны минь мөнхийн аялгуу болсон. Үүнээс хойш 2021 онд Л.Гантогоо гэх залуу шүлгийг нь бичиж, миний бие аяыг зохиосон “Дурлалын дуу” хэмээх бас нэгэн уран бүтээлийг дүрсжүүлж гаргасан байгаа. 

-Төрөлх нутагтаа уран бүтээлээ түгээж, дэлгэрүүлсний дараа ямар сэтгэгдэл төрж байв?  

             -Мэдээж өөрөөрөө бахархаж, догдолж байлаа. “Дэлгэрэх нутаг жаргалын өлгий” дууг бүтсэний дараа намайг нутагтаа очиж, төрөлх сургуулийнхаа хүүхдүүдэд ятга хөгжмийн сургалт явуулахын хажуугаар, зохиосон дуугаа ч мөн зааж сургах үүрэг өгсөн. Л.Одончимэд гуайг "Алсын хараатай хүн байж дээ" гэж хожим би бодсон. Үүнийг нь би таатай хүлээж аваад, ажлаасаа 14 хоногийн чөлөөгөөр Л.Одончимэд гуайтай цуг нутаг руугаа зорьж байлаа. Очоод хүүхдүүдэд ятга хөгжмөө заахын зэрэгцээ дуугаа ч мөн сургахад яагаад ч юм маш хурдан сурч байсан нь урам зориг өгч, бахархал төрүүлсэн. Дэлгэрэх нутаг яалт ч үгүй эртнээсээ авьяас, билиг дүүрэн ард иргэдтэй, сайхан нутаг. Энэхүү ажлаараа ятга хөгжмийн зэмсгийг нутагтаа өвлүүлэн үлдээж чадсандаа баяртай байдаг. 

-Дууны ая бичнэ гэдэг нь таны бодлоор хөгжим тоглохоос юугаар ялгаатай вэ? 

              -Ая зохионо гэдэг нь хамгийн түрүүнд шүлгийнхээ утгыг сайн бодож тунгаана. Учир нь, шүлэг дотор л дууны амьд ертөнц оршиж байгаа. Энэ бүхний үндсэн дээр өөрийнхөө мэдрэмжээр дууныхаа аяыг оруулна. Хөгжимчин хүн бусдын зохиосон нотыг харж тоглодог бол хөгжмийн зохиолч гэдэг нь сэтгэлээсээ ургуулан гаргаж, бий болгосон дотоод мэдрэмжээрээ шилдэг уран бүтээл бүтээхийг хэлдэг.

-Таны ажил, амьдралын гараа хаанаас эхэлж байсан бэ?  

                -Миний анхны ажлын гараа, есдүгээр ангид суралцаж байх хугацаанд өөрийнхөө мэргэжлээр “Автай сайн хааны өргөө” гэсэн жуулчны баазад ажилласнаас эхлэлтэй. Түүний дараа аравдугаар ангиасаа “Түмэн их чуулга”-т ажиллаж байгаад “Морин хуурын чуулга”-т ажлын дадлагаа хийж байсан. Үүнийгээ бодохоор бэлэгшээж бахархдаг. Мөн 2011 онд гуравдугаар дамжааны оюутан байхдаа Нийслэлийн “Улаанбаатар чуулга”-т ажилд орсон. Одоогоор өөрийнхөө энэхүү хөгжмийн төвийг байгуулан сургалт явуулж, дээрээс нь МУБИС болон "Шинэ Монгол" дунд сургуульд ятгач мэргэжлээрээ багшилж байна.

 

-“Jargalan music” сургалтын төв нь хэдэн онд, хэний санаачилгаар үүссэн бэ? 

                  -“Jargalan music” сургалтын төвийг анхлан үүсгэн байгуулах санаачилгыг миний нөхөр гаргаж байлаа. Анх тэр минь надад хэлэхдээ “Миний хань 20 гаруй жил ятга хөгжмийг нарийн эзэмшиж, үүний төлөө амьдралаа зориулсаар ирлээ. Одоо цаашид өвлүүлэн, түгээн дэлгэрүүлэх ажлыг хоёулаа эхлүүлбэл ямар вэ” гэж байсан. Үүнээс үүдэн бид 2017 оны долдугаар сарын 7-ны өдөр энэхүү сургалтын төвийнхөө үүд хаалгыг нээж байгуулсан юм. Ингээд “Jargalan music” төвийг үүсгэн байгуулснаас хойш ойр дотныхон болон багш нар маань их дэмжлэг үзүүлсэн.

Монголчууд ятга хөгжимд үнэхээрийн хайртай юм билээ. Түүний нэгэн илрэл алс хол хөдөө орон нутгаас зорьж ирээд ятга хөгжмийг эзэмшсэн хүмүүс цөөнгүй бий. Өв соёлоо хайрладаг, шүтдэг ийм хүмүүсийн үр дүнд аль хэдийн таван жилийг өнгөрөөжээ.

            Хамгийн урт хугацаанд буюу байгуулагдсан цагаас эхлэн таван жил суралцсан шавь минь байгаа. Мөн хамгийн багадаа гурван сар суралцсан хүмүүс ч бий. Эдгээр хүмүүс дунд зөвхөн Монгол оронд төдийгүй, Канад, Солонгос, Япон гэх мэт Ази, Европын орнууд дахь элэг нэгт монголчууд минь суралцаж, энэхүү Үндэсний өв соёлоо өвлөн авсан нь саашаалтай. 

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач? 

                 -Бидний хамгийн гол зорилго бол Үндэсний ятга хөгжмийг түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэх явдал юм. Миний хувьд түүний нэгээхэн хэсгийг өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан илэрхийлж байна. Үүнийг маань үргэлжид эерэг сайхнаар хүлээж авдаг Монголын ард түмэндээ талархаж явдаг. Таван жилийн хугацаанд сургалтын үйл ажиллагаа явуулахдаа би нэг зүйлийг анзаарч харсан. Монгол Улсын хэмжээнд ятга хөгжим сонирхон суралцагчдад зориулсан гарын авлага тун ховор байдаг юм байна лээ. Үүнтэй холбоотойгоор би сурах бичиг хэвлүүлэх ажилд шамдаж ороод дуусах шатандаа дөхөж байна. Цаашид ч мөн илүү олон уран бүтээлийг туурвиж ажиллахаар төлөвлөж байгаа. 

"JARGALAN MUSIC" ХӨГЖМИЙН СУРГАЛТЫН ТӨВИЙГ СОНГОХ БОЛСОН ХАМГИЙН ТОМ ШАЛТГААН БОЛ Б.ЖАРГАЛМАА БАГШ ЮМ

"Jargalan music" сургалтын төвд ятга хөгжмөөр суралцаж эхлээд удаагүй байгаа залуухан охин болох Б.Лхам-Эрдэнэ,  Б.Жаргалмаа багшийнхаа заавар дор тав дахь өдрийн хичээлдээ шамдан суух аж. Өмнөө дэлгэсэн нотны дэвтэрээ харан суухын зэрэгцээ багшийнхаа зааврыг анхааралтай сонсож, ятга хөгжмийн яруу дууг товшуурдан тоглох түүнтэй бид ярилцлаа. 

-Сайн байна уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? 

                 -Сайн байна уу, Намайг Б.Лхам-Эрдэнэ гэдэг. МУИС-ийг 2019 онд нано технологийн инженер мэргэжлээр төгссөн. Одоогоор “Мак” цементийн үйлдвэрт химич мэргэжлээр ажиллаж байна. Ажлынхаа хажуугаар өөрийн сонирхолдоо хөтлөгдөж, наймдугаар сарын 2-ноос “Jargalan music” төвд ятга хөгжмийг Б.Жаргалмаа багшаараа заалган суралцаж байгаа. Ажлынхаа амралтыг ашиглан үндэсний хөгжмөө өвлөн суралцаж байгаа нь миний хувьд хамгийн зөв шийдвэр болсон. 

-Урьд өмнө нь хөгжим тоглох сонирхолтой байв уу? 

                 -Манай өвөө хөгжим тоглодог хүн байсан. Жишээ нь, баян хуур, лимбэ гэх мэт хөгжмүүдийг бүрэн эзэмшсэн хүн л дээ. Тийм болоод ч тэр үү багаасаа хөгжимд дуртай болсон. Тэр дундаа ятга хөгжмийг сурч сонирхох нь надад илүү сайхан байсан. Энэ хөгжим нь өөрөө маш сайхан уянгалаг, сонсголонтой хөгжмийн зэмсэг учраас өөрийн эрхгүй татагдаад сурсан даа. 

-Яагаад энэ хөгжмийн сургалтын төвийг сонгох болсон бэ? 

                 -Энэхүү хөгжмийн сургалтын төвийг сонгох болсон хамгийн том шалтгаан бол Б.Жаргалмаа багш юм. Энэ хүний л шавь болохыг хүссэн. Дээрээс нь ажлын амралтын үеийг тааруулаад надад ийм боломж бий болсон. Багш маань эхнээс нь системтэйгээр, ноттой заадгаараа давуу тал болдог. Тийм учраас багшийнхаа хэмжээнд хүртэл сурсаар байх болно.

 

              Ийм нэгэн сургалтын төвд ятгын хөг аялгуу эгшиглэхээс гадна уран тансаг аялгуу тоглож сурахыг хүссэн залуусын хүсэл эрмэлзэл дүүрэн байна. 


Ятгачин Б.ЖАРГАЛМАА: Яруу найраг дотор дууны амьд ертөнц оршдогийг санаж, аяа зохиодог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-25 19:04:22
    Зочин: Сайн байнауу ятгын сургалтандаа элсэлт авч байнауу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-10 15:21:57
    zochin: Yaruu tyungalag ayalguutai yatgiin ayand buuveildeg unexeer chixend chimegtei xegjmiin zemseg shuu
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188