• Өнөөдөр 2024-04-19

ДУУ ОРУУЛАГЧ Б.ЭНХГЭРЭЛ:ЖАНГУМЫН ДҮРД ДУУ ОРУУЛСАНДАА ҮРГЭЛЖ БАЯРЛАДАГ

    Цэнхэр дэлгэцийн өмнө зөвхөн "Дэ Жангум" киног үзэх гэж хүлээж байсан үе саяхан юм шиг. Дууг нь сонсох төдийд дурсамж сэргэх энэхүү уран бүтээлийг эх хэлнээ дуу оруулан хүргэсэн дуу оруулагч Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлагийн тэнхимийн багш, ТМ телевизийн нэвтрүүлэгч, Соёлын тэргүүний ажилтан Баасанжавын Энхгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр өдгөө дуу оруулах урлагт Жангумаараа овоглож яваа билээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа анх "Жангум"-ын дүрд хэрхэн дүр оруулах болсон талаар ярих уу?

        - Тэр үед Солонгос кино, цувралууд Монголд гараад удаагүй байсан учраас "Жангум" кино тэсрэлт болж гарч ирсэн. Хувь тавилангаар "Жангум"-ын дүр надад  оногдсон юм. Дуу оруулагч жүжигчид нэг кинонд олон дүрд дуу оруулдаг байсан ч дууны найруулагч маань надад "Жангум"-ын дүрийг л өгсөн. Учир нь киноны гол дүр учраас хоолойг минь хайрласан байх гэж боддог. Мөн Жангумын ээж, бага нас, эсрэг талын дүр болох Ёну охины дүрд дуу оруулсан. Олон эмэгтэй дүртэй кино шүү дээ. Тухайн үед би Жангумаар овоглогдож явна гэж огт бодоогүй. Жүжигчин бүр дүр бүтээдэг шүү дээ. Гэхдээ дүрээрээ овоглож явна гэдэг ховор тохиол гэж би боддог. Тэр дундаа дуу оруулсан киноныхоо дүрээрээ дуудуулж явдагтаа баярладаг. Зарим хүмүүс “Жангум аа” гээд л дууддаг. Ялангуяа “Боролдой” студийнхэн миний жинхэнэ нэрийг бараг бүтэн мэдэхгүй байх. “Жангумаа ирээд рекламны хоолой уншаад өгөөч. Жангумаа, Жангумаа” л гэдэг юм.

-Хамгийн анх ямар дүрд дуу оруулж байсан бэ?

       - Намайг анх телевизэд ороход закадр төрлөөр дуу оруулж байсан. Тэрнээс өмнө би оюутан байхдаа монгол кинонд ам барьж дуу оруулдаг байлаа. Хамгийн анх “Тавилан” киноны Нарангаравын дүрд дуу оруулж байлаа. Тэрнээс хойш жүжигчин Аси буюу Р.Алтансүх ах намайг кинонд их дагуулж явж дуу оруулж сургасан даа. Тэр үед дуу оруулдаг хүн цөөхөн байж. Их сургуулиа төгсөөд “UBS” телевизэд ажилд орж байсан юм. Тайвань Улсын олон ангит “Солирын од” киноны Санцайгийн дүрд дуу оруулсан минь миний анхны гадаад кинонд дуу оруулсан тохиолдол болж байлаа. Санцайгийн  дүр нэлээн хэлэмгий, хурдан ярих шаардлагатай дүр байсан. Анх сурч байгаа надад их хэцүү байж билээ. Гэхдээ би тэр дүрд дуу оруулаад нэг сургууль төгссөн юм шиг их мэдлэг, чадвар олж авч байсан. Хятад кино монголоор орчуулагдахаар орчуулгаасаа хамаараад зарим тохиолдолд нэг үг нь хоёр үг болчихдог. Тиймээс нэг үг хэлж байгаа тэр цаг хугацаад хоёр үг хэлэхийн тулд би хурдан хэлэх шаардлагатай болно. Гэхдээ хурдан хэлж байна гээд үгээ дутуу хэлж болохгүй, тод бөгөөд утгыг гаргаж хэлэх ёстой. Дөнгөж дуу оруулж сурч байгаа хүүхэд алдчихнаа. Тэгэхээр дуу оруулагч Ө.Наранбаатар ах “яагаад алдаад байгаа юм бэ” гээд л загнана. Намайг юм сураг гэж л хэлж байгаа юм шүү дээ. Санцайгийн дүрд дуу оруулснаараа би их зүйл сурч мэдсэн. Тэр кинонд дуу оруулсныхаа дараа Ө.Наранбаатар ахдаа шавь орж байж билээ.

            Нэг хөгжилтэй зүйл ярихад 2002 оны наймдугаар сарын сүүлээр Санцайгийн дүрд дуу оруулж байсан санагдаж байна.  Тэгээд хичээл ороход Санцайгийн үүрдэг цүнх мода болж хүүхдүүд үүрч эхэлсэн. Тийм цүнх үүрсэн охидыг хараад дотроо “Миний дуу оруулсан дүрийн үүрдэг цүнх байна шүү дээ” гээд бодоод их бахархдаг байлаа. Мөн тухайн үед 3-р хорооллын дэлгүүрийн худалдагчид дундаа жижигхэн телевизор тавиад кино үзээд сууж байдаг сан. Тэгээд дэлгүүрээр явж байхад миний дуу оруулсан кино сонсогдохоор нь хэн ч намайг тэр кинонд дуу оруулсан гэж мэдэхгүй ч “ Миний дуу оруулсан кино гарч байна” гээд баярладаг байж билээ. Кино дууссаны дараа дуу оруулсан жүжигчдийн нэрийг дурддаг шүү дээ. Тэр хэлж байгаа нэр дундаас “Дуу оруулсан Баасанжавын Энхгэрэл” гэдэг үг сонсох хамгийн сайхан шүү дээ. Нэг удаа ээж минь тэрийг сонсчихоод аавыг дуудаж “Чиний нэр зурагтаар гарч байна” гэж билээ.

“Дуу оруулсан Баасанжавын Энхгэрэл” гэдэг үг сонсох хамгийн сайхан шүү дээ

-"Жангум" кино одоо ч гэсэн таны дуу оруулснаар үзэгчдэд хүрдэг шүү дээ. Хүүхдүүд нь таныг дуу оруулсан гэдгийг мэддэг үү?

    -Би хүүхдээ хэдхэн сартай байхаас нь эхлээд кинонд дуу оруулж байсан учраас намайг дуу оруулагч гэдгийг мэддэг юм. Манай хүүхэд бас дуу оруулж үзсэн. Титаник киног анх "UBS" телевиз дуу оруулж гаргаж байлаа. Кинон дээр  жаахан охин “Ээжээ бид юу хүлээж байгаа юм бэ” гэж хэлдэг хэсэг байдаг.  Тэр дүрд манай хүүхэд дуу оруулж байсан. Хүүхдийн дүрд хүүхэд дуу оруулахад ямар гоё наалдаж сонсогддог гэж бодно. Хэдийгээр жүжигчид бид дууныхаа өнгийг өөрчилж дуу оруулдаг ч хүүхдийн дуу хоолойд хүүхэд л илүү тохирдог. "Жангум"-д дуу оруулж байхад манай хүүхэд гурван настай байсан юм. Эрт хэлд орчихсон мундаг ярьдаг байсан л даа. Тэгээд дууг нь дуулаад ёслоод явж байдаг байсан. Жангум бол миний амьдралтай салшгүй холбоотой уран бүтээл.

-Таны хувьд дуу оруулах урлагийн талаар судалгаа хийж, ном гаргасан шүү дээ. Номынхоо талаар ярьж болох уу?

    -Дуу оруулах урлагтай холбогдсоноороо дуу оруулах урлагийг судалж эхэлсэн. Тэгээд энэ салбарт ажиллаж байгаа уран бүтээлчид болон сонирхдог хүмүүст зориулан судалгааны ажил хийж магистрын зэрэг хамгаалсан. Миний судалгааны ажил дуу оруулах урлагийг судалсан Монгол улсын хоёр дахь судалгааны ажил. Анхны судалгааг дуу оруулагч жүжигчин О.Оюун эгч хийсэн. Би судалгаа хийхдээ илүү онолын түвшинд судалсан. Ингээд гурван жил хийсэн судалгаагаараа “Дуу оруулах урлаг, дуу хоолой” гэсэн ном гаргасан. Гэхдээ гадуур зарагдаад байдаггүй, уран бүтээлчдэд болон жүжигчин, дуу оруулагч жүжигчин мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад гарын авлага болсон гэж боддог. Миний номыг төв архив, Төв номын сан их олзуурхан хүлээж авсан. Учир нь энэ төрлийн ном байхгүй. Судалгаа хийгээд явж байхад 1936-2022 он хүртлэх 80 гаран жилийн хугацаанд монголчууд олон кинонд дуу оруулсан боловч “Энэ кинонд тэр дуу оруулсан” гэсэн өгүүлбэр байгаагүй. ““Сүхбаатар” киноны Сүхбаатарын дүрд Оросын нэрт жүжигчин Л.Свердлин тоглож Н.Цэгмид дуу оруулжээ” гэсэн ганц өгүүлбэр олоод хэчнээн их баярласан гэж санана. Миний судалгааны ажил энэ сэдвээр судлах дараагийн судлаачийн хөрс нь болох учраас цааш нь илүү өргөжүүлж судлах хүн гарч ирээсэй гэж хүсдэг. Би АЖ Г.Равдан,  СТА нэрт дуу оруулагч жүжигчин Д.Элбэгсайхан ахын талаар илтгэл бичиж байсан. Монголчуудын сайн мэдэхгүй байгаа липсон төрлөөр монголд анх удаа дуу оруулж байсан хүн нь Д.Элбэгсайхан ах байдаг. Би энийг МУГЖ “Ягаан Гажид” буюу Ц.Цэнд- Аюуш эгчээс мэдэж байлаа. Тэр үед Д.Элбэгсайхан ахын талаар судалгаа хийгээд илтгэл бичиж байсан учраас Ц.Цэнд-Аюуш эгчээс Эба ахын талаар асууж байсан юм. Тэгсэн нэгэн өдөр Ц.Цэнд-Аюуш эгч залгаад “Би маргааш хагалгаанд орно, хоёулаа өнөөдөр уулзъя” гэсэн. Ингээд бид хоёр 3 цаг гаран ярилцаж би номоо дурсгасан юм. Тэгсэн насаараа дуу оруулагч хийсэн хүн “Миний хүү чамаас л анх удаа липсон гэдэг төрлийг мэдэж байна. Ийм судалгаа хийсэнд их баяртай байна” гэж хэлж байлаа.

      

Монголчууд анх  1936 онд “Монгол хүү” үндэсний кинотойгоо учран золгож байлаа. Харин Монголчууд өөрсдийн гараар бүтээсэн анхны кино нь “Норжмаагийн зам” кино гэж судлаачид үзсэн байдаг. “Монгол хүү” киног Оросын Холбооны Улс бидэнд хийж өгч байсан. Тус киноны дуу оруулалтыг  монгол жүжигчид хуучнаар ЗХУ-ын “Ленфильм” студид очиж хийж байсан. Ингээд харахаар Монголчууд 1936 онд дуу оруулж эхэлсэн байгаа биз. Түүний дараа 1947 онд ЗХУ-ын “Тангараг” кинонд дуу оруулж байсан. Монгол кино үйлдвэрт 1963 онд жүжиг анги байгуулж байсан юм. Тиймээс монголчууд 1963 оноос дуу оруулж эхэлсэн гэж үздэг боловч түүхээ судлаад үзэхээр 1936 оноос эхэлсэн байдаг. Тухайн үед дуу оруулах урлагийн олон төрөл дотроос дубляж буюу ам барин дуу оруулж байсан. Харин телевиз байгуулагдсаны дараа нэвтрүүлэгчид телевизийн кинонд дуу оруулдаг болсон. Ингэж явсаар 1990-ээд оноос хойш гадаадын кино ихээр орж  ирэн закадр төрлөөр түлхүү дуу оруулдаг болсон. Мөн липсон гэж төрөл бий. Ер нь дуу оруулахуйн урлаг тухайн улсын эдийн засагтай салшгүй холбоотой. Тухайлбал ам барихад нэг кинонд олон жүжигчин оролцдог. 20 жүжигчин тоглосон кинонд дуу оруулья гэж бодоход 20 дуу оруулагч жүжигчин цалинжуулах хэрэгтэй болно. Тиймээс санхүүгийн асуудал тулгардаг. Дуу оруулагчид эхлээд үгээ цээжлэн дараа нь уруулын товшилт, амьсгаа, үйл хөдлөлөө тааруулна. Ингэхээр цаг хугацаа их шаарддаг.

-Анх дуу оруулах урлагтай хэрхэн холбогдож байсан бэ.Хэдэн жил дуу оруулж байгаа вэ ?

   -Оюутан байсан цаг. Нэг өдөр СУИС дээр оюутнууд нэг тийшээ яваад байна шүү. Тэгэхээр нь гайхаад  “та нар хаашаа явж байгаа юм” гэтэл “Тэнд кинонд дуу оруулагч шалгаруулж байна. Бүгд ирж шалгуулж болно” гэсэн юм. Урлагийн сургуулийн оюутан бүх төрлөөр өөрийгөө сорьж үзэх гэдэг шүү дээ. Тэр л зангаар очин шалгуулж тэнцээд “Тавилан” киноны Нарангаравын дүрд дуу оруулсан даа. Энэ бол миний Дуу оруулахуйн урлагтай холбогдсон анхны алхам байсан юм. Би хүүхдийн ордны драмын дугуйлан төгссөн. Тэгээд Соёл урлагийн их сургуульд  Монгол Улсын Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн багшийн шавь болж орсон. Миний хэл ярианы техник, ярих урлагийн багш бол Монгол Улсын Гавьяат багш Р.Уртнасан. Би тайзны ярианы хичээлдээ их дур сонирхолтой хүүхэд байсан. Уран уншлагын тэмцээнд их оролцож түрүүлнээ. Тэгээд нэг удаа Р.Уртнасан багшдаа “Багш аа, би жүжигчин болохгүй, юм уншдаг хүн болмоор байна” гэж хэлж байсан юм.  Нэгдүгээр курст тайзны ярианы хичээл дээр зохиол уншуулдаг байлаа, тэр үед хамгийн сайн байсан гэж манай ангийн охин бид хоёрыг хэлж байж билээ. Тэр нь их урам, дэм болсон. Багш минь надад юм унших жаахан ч гэсэн чадвар байгааг анзаараад  уран уншлагын олон уралдаанд бэлддэг байсан. Төгссөний дараа Р.Уртнасан багш маань “Энхгэрэл ээ, миний охин уншлагаа битгий хаяарай. Уншлага гэдэг жүжигчнийг хүн талаас нь их хөгжүүлдэг зүйл шүү. Хүссэн хүн бүр чаддаггүй юм” гэсэн нь миний тархинд шингээд үлдчихсэн. Тэгээд төгссөнийхөө дараа юм л уншина гэсэн бодолтой байсан. Гэвч юу унших гээд байгаа нь тодорхойгүй. Ингээд кинонд дуу оруулж болохыг ойлгож дуу оруулагчаар ажиллаж эхэлсэн. Одоо 20 дахь жилдээ дуу оруулагч жүжигчнээр ажиллаж байна даа.

Өдөр бүр өөр амьдралаар амьдарч, өөр өөр дүрийн дотоод сэтгэлээр амьдарч өөрөө тэр дүрийн дотоод сэтгэлд орчихсон юм шиг тийм сэтгэлээр ажиллаж, тухайн дүрийн мөн чанарыг өөрөөрөө, дуу хоолойгоороо дамжуулж гаргадаг.

-Дуу оруулагчаар ажиллаад олон жил болсон байна шүү дээ. Энэ хугацаанд дуу оруулсан дүрүүдээс таны сэтгэлд үлдсэн дүр байдаг уу?

    -Дуу оруулагч жүжигчин гэдэг их сайхан мэргэжил. Зөвхөн шинэ, орчин цагийн кинонд дуу оруулахаас гадна сэтгэлд хоногшсон хуучны кино уран бүтээлд дуу оруулж, тэр алдартай жүжигчдийн өмнөөс ярина гэдэг их ховор тохиол. Бидний амьдралдаа уулзаж байгаагүй тэр чадварлаг жүжигчдийн кино нь дуу оруулагч жүжигчдийн дуу хоолойгоор дамжиж үзэгчдэд хүрнэ гэдэг сайхан. Дуу оруулсан олон кино уран бүтээл дундаас миний сэтгэлд хоногшсон нэг дүр бий. “Сүнс” киноны төгсгөлд нөхөр нь сүнс болж ирээд алуурчныг  олоод буцдаг хэсэг. Тэр кинонд би эхнэр болох “ Demi Moore”-д дуу оруулсан юм. Алгуурханаар замхраад алга болж байгаа нөхрөө харсаар бүсгүй уйлаад үлддэг шүү дээ. Тэр хэсэгт миний хайртай хүн ингээд явчихвал яанаа гэж бодоод уйлж дуу оруулж байсан нь мартагддаггүй юм. Мөн "Жангум" киноны ээж нь нас бардаг хэсэг дээр сэтгэл их хөдөлж байлаа. Жангум  жимс авчраад ээжийнхээ аманд хийгээд “Ээжээ та энийг идчих л дээ” гээд уйлдаг хэсэгт дуу оруулж байхдаа студид би ганцаараа байсан юм. Дуу оруулж байхдаа миний охин ингээд сууж байвал яанаа гэж төсөөлөгдсөн. Тэгээд уйлаад дуу оруулж дуусаад гараад ирсэн найруулагчийн өрөөнд сууж байсан манайханы царай хачин болчихсон, зарим нь уйлчихсан  сууж байсан. Ер нь жүжигчин хүн дуу оруулахдаа “Хэрвээ би” гэж бодох хэрэгтэй.

ДУУ ОРУУЛАГЧИЙН СУРГАЛТАД 60 НАСТАЙ ХҮН ХҮРТЭЛ СУРАЛЦАХААР ИРЖ БАЙСАН

-Дуу оруулагч болсондоо өөртөө баярлаж, өөрөөрөө бахархсан үе байгаа юу?

        - Ер нь уран бүтээлч хүн өөрөөрөө бахархаж, ханаж болохгүй гэж боддог. Биднийг оюутан байхаас багш нар маань “Би болчихлоо, би чадлаа” гэж бодсон үеэс чиний мөхөл ирж байна гэж бодоорой хэмээн хэлж, сургаж байсан. Ахмад уран бүтээлчид маань  хүртэл “Урлаг гэдэг их оргилын бэлд нь явж байна” ярьдаг. Суралцах зүйл асар их байна. Судлах тусам улам илүү лавшруулмаар санагддаг. Бид бол ур чадвараа хөгжүүлэхийн тулд тасралтгүй хөдөлмөрлөж, суралцаж яваа хүмүүс. Миний багш Р.Уртнасан олон алдартай жүжигчдийг бэлдсэн, их зарчимч, ширүүн хүн л дээ. Хэзээ ч багшийн минь амнаас магтаал гардаггүй. Оюутан байхдаа уралдаан тэмцээнд орж тэргүүн байр эзлээд, амжилт гаргаад ирж байхад ч “Сайн байна” гэж хэлж байгаагүй. Гэхдээ харцаас нь баярлаж байгааг нь мэдэрдэг байлаа. Магтахгүй байгаа шалгаан нь магадгүй урлагийн хүний амжилтдаа бардсан тэр сэтгэл хөдлөлийг магтчихвал улам дэрвээд хөөрчих вий гэж боддог байсан байх. Олон тэмцээн уралдаанд ороод багшаараа нэг ч магтуулж үзээгүй байсан юм. Тэгсэн нэг өдөр "Жангум" кинонд дуу оруулаад дуусаж байтал багш залгалаа. Тэгээд “Би олон ангитай кино үзээд байдаггүй. "Жангум" кинонд чамайг дуу оруулсан болохоор үзлээ. Миний хүү их сайн дуу оруулсан байна, багш нь баяр хүргэе” гэсэн. Тийм үг сонсоод дотор нэг юм буцлах шиг болоод огшоод хөөрөөд ирсэн. Тухайн үед ёстой ямар ч гавьяа шагналаас илүү үнэтэй үг санагдаж билээ.

-Таны дуу оруулсан кино, нэвтрүүлэг телевизээр гарч байгааг харах үед ямар мэдрэмж төрдөг вэ?

       -Нэг хөгжилтэй түүх ярьж өгөх үү. Анх дагалдан жүжигчнээр ажиллаж байхад жүжигчдийн дуу оруулахыг хараад сууж байлаа. Тэгсэн найруулагч “Гэрэлээ ороод тэр ганц үгийг хэлээдэх” гэлээ. Тэр нь цухас ороод “Сайн байна уу” гэж хэлээд л гардаг дүр байсан юм. Тэгээд студид ороод хурдхан хэлчихээд гарлаа. Орой нь гэртээ очоод өөрийнхөө дуу оруулсан “Сайн байна уу” гэдэг үгээ сонсох гээд хоёр цаг гаруй телевизийн өмнө сууж хүлээж хүлээж байгаад үзсэн чинь тоон дотор үсэг явна гэдэг шиг л бусад дуу оруулагчдаасаа тэс өөр сонсогдоод “яана аа би юм уу” гэж их л ичиж байсан. Сүүлдээ өөрийнхөө хоолойнд дасаад хоолойгоо  таньдаг болчихдог юм билээ.

-Дуу оруулагчийн хувьд тохиолдож байсан хөгжилтэй дурсамжаасаа хуваалцахгүй юу?

    -Саяхан эмнэлэгт хэвтсэн юм. Тэгсэн нэг сувилагч “Та дуу оруулагч юм уу. Яг кино үзэж байгаа юм шиг сонсогдоод байна” гэсэн. UBS телевизэд байхад дуу оруулагчид хоолны газарт ороод зөөгчид хоол захиалахдаа кинонд дуу оруулсан хоолойгоороо ярьж сахилгагүйтдэг байлаа..

-Дуу оруулагчид нэг кинонд олон дүр дээр ажиллахын тул хоолойныхоо өнгийг байнга өөрчилдөг шүү дээ. Үүнээс болоод хоолойгоо гэмтээх тохиолдол гарч байв уу?

        -Хоолойгоо гэмтээх тохиолдол мэргэжлийн бус хүмүүст тохиолддог байх.  Манай мэргэжлийн нэршил нь “дуу оруулагч жүжигчин” шүү дээ.Тэгэхээр дуу оруулагчийн суурь нь жүжигчин байгаа биз. Дуу оруулах нь нэг дүр бүтээхтэй ижилхэн. Мэргэжлийн жүжигчид бол тайзны ярианы хичээл заалгасан байдаг. Ямар тохиолдолд жүжигчин зөв дуугарах ёстой юм. Хэрэв буруу техникээр тайзан дээрээс орилох юм бол тухайн жүжигчин дууны хөвчөө гэмтээх ч аюултай. Тэгэхээр мэргэжлийн багш нар дээд, дунд, доод регистрт хэрхэн зөв дуугарах техникийг зааж өгдөг.

-Дуу оруулагч болох хүсэл мөрөөдөлтэй, одоо суралцаж байгаа залууст хандаж хэлэхийг хүсдэг үг бий юу?

    - Би “Монголын ярих урлагийн төв”-ийг үүсгэн байгуулаад ажиллаж байна. Манай төв албан байгуулага болон иргэдэд ярих ур чадвар мөн кинонд дуу оруулах урлагийн сургалт зохион байгуулдаг. Олон хүн ирж хичээл заалгадаг. Тэр дунд 60 настай хүн хүртэл ирж байсан. Би сонирхоод “Та манай сургалтад яагаад ирсэн юм бэ” гэж асуусан надад “Би дуу оруулагч болохыг залуугаасаа хүсэж ирсэн юм. Мөрөөдөлөө ганцхан удаа ч болтугай биелүүлмээр байсан учраас энд ирсэн” гэж хэлж сургалтад сууж байсан. Тийм хүсэлтэй хүн их байдаг юм билээ. Кинонд дуу оруулах ажил хүмүүст их амархан харагддаг байх л даа. Гэтэл ямар нарийн хэцүү, мэргэжил гэдгийг дуу оруулж үзээд л мэдэрнэ. СУИС-д  гуравдугаар курсын оюутнуудад “Кинонд дуу оруулах урлаг” хичээл орж эхэлдэг. Харьцангуй таван улирал жүжиглэх урлагийн хичээл үзчихсэн хүүхдүүдэд дуу оруулах хичээл зааж байгаа шүү дээ. Гэтэл сурч байгаа хүүхдүүдэд ч хэцүү байдаг. Ийм хэцүү мэргэжлийг үнэгүйдүүлдэг хандлага байдагт харамсдаг. Дуу оруулагч жүжигчин болох хүсэлтэй хүүхдүүдэд зөвлөхөд үгээ тод хэлдэг байх хэрэгтэй, хэдий хурдан ярьсан ч үг чинь ойлгогдож, сонсогддог байх ёстой. Номыг амандаа биш чангаар уншдаг бай, түргэн хэллэгийг хурдан хэлэхдээ бус тухайн үгийг тодоор хэлэх нь их чухал. Тамхи татахгүй байх хэрэгтэй . Мөн хамгийн чухал нь зөв их сургуульдаа суралцаж төгсөх хэрэгтэй.

-Ярилцлага өгч, дуу оруулах урлагийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн танд баярлалаа.

             -Баярлалаа.

 

 



 


ДУУ ОРУУЛАГЧ Б.ЭНХГЭРЭЛ:ЖАНГУМЫН ДҮРД ДУУ ОРУУЛСАНДАА ҮРГЭЛЖ БАЯРЛАДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-08 23:56:30
    Zochin: Goe hooloitoi shuu
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188