• Өнөөдөр 2024-05-07

Н.ОРЧЛОН: Би үнэртэй усыг хамраараа “сонсох” хөгжим гэж боддог

2022-08-01,   1801

          Голланд Улсын Гааг хотод байрлах Олон улсын эрүүгийн шүүхэд хуульчаар ажилладаг  ч үнэртний ертөнцөд эргэлт буцалтгүй дурласан Н.Орчлонтой ярилцлаа. Тэрбээр цахим орчин дахь үнэртэнд дурлагчдын дэлхийн хамгийн олон гишүүнтэй группийн үүсгэн байгуулагч юм.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад  яриагаа эхлэх үү?

 -Намайг Наранцэцэг овогтой Орчлон гэдэг. Би хуульч мэргэжилтэй. Голланд Улсын Гааг хотод байрлах Олон улсын эрүүгийн шүүхэд 16 дахь жилдээ хуульчаар ажиллаж байна. Үнэртэй ус бол миний хобби юм. Үнэртнийг цуглуулдаг мөн үнэртний соёлын талаар “Үнэртэй усанд дурлагсдын клуб” группдээ хуваалцдаг.

-Анх хэрхэн “Үнэртэй усанд дурлагсдын клуб” группээ нээж байв?

 -Би одоогоос есөн жилийн өмнө олон улсын үнэртэнд дурлагсдын групп байдаг гэдгийг мэдсэн. Түүнээс санаа авч, Монголын үнэртэнд дурлагчдадаа үнэртний тухай өөрийн мэддэг зүйлээ хуваалцахын тулд найзуудынхаа хүрээнд группээ нээж байсан. Харин одоо бол 300 мянган гишүүнтэй, дэлхийн хамгийн олон гишүүнтэй үнэртэнд дурлагсдын групп болоод байна.

-Таныг “Үнэртэй усанд дурлагсдын клуб”-ийнхэн “өвөө”гэж нэрлэдэг юм билээ. Яагаад ийм нэртэй болсон юм бэ?

 -Би ажлын амралтаараа Монгол Улсад очдог. Монголд очихоор группын гишүүдтэйгээ их тааралддаг. Тэгэх бүрд өвлийн өвөө шиг бэлэг тараадаг болохоор “өвөө” гэж нэрлэдэг болсон. Би уулзсан гишүүддээ үнэртний дээжис бэлэглэдэг. Түүнээс биш яг ч өвөө биш л дээ.

-Үнэртэн цуглуулах болсон шалтгаан тань юу байсан юм бэ?

 -Би багаасаа л үнэртэнд дуртай байсан. Хүүхэд байхад минь “Axe Deodarant” гэдэг хөлс дарагчийн үнэр их таалагдсан. Түүнээс хойш үнэртний ертөнцөд эргэлт буцалтгүй дурласан. Хамгийн анхны үнэртэй усаа 21 жилийн өмнө Америкт байхдаа авч байсан.

-Одоо цуглуулгадаа хэчнээн үнэртэнтэй болоод байгаа вэ. Таныхаар бусдаасаа онцгой санагддаг үнэртнээ хэлж өгөхгүй юү?

 -Миний үнэртний цуглуулга нэг хэсэг 300 гаруй ширхэг болсон байсан. Түүнээсээ бусдад бэлэглэж, өөрөө хэрэглээд, 5-10 үнэртэй устай үлдсэн байна. Мөн үнэртний музейтэй болохыг мөрөөддөг. Энэ зорилгодоо хүрэхийн тулд 150-200 үнэртэн цуглуулаад байна. Үнэртний цуглуулгаасаа бол хэрэглэдэггүй. Түүндээ өвөрмөц, ховор, нандин, үнэ цэнтэй урлагийн бүтээл болсон үнэртэй усыг үзмэр болгож үзүүлнэ. Миний цуглуулгын үнэртэн болгон өөр өөрийн онцлогтой. Тухайлбал, дэлхийд 50 ширхэг үйлдвэрлэгдсэн францын “Caron” брэндийн “Montaigne Diamelite” үнэртэн байна. Бортогыг нь 50 крантын алмаз эрдэнийн тоосоор чимсэн. Ганц үлдсэн байсныг нь би худалдаж авч байлаа. Мөн “Caron” брэндийн “Nuit De Noel” үнэртэн дэлхийд 200 ширхэг үйлдвэрлэгдсэний нэг нь  надад бий. Францын нэр хүндтэй шаазан эдлэлийн үйлдвэр агаарын бөмбөлгөөр бортогыг нь бүтээсэн. Надад хэрэглэхээс ч харамлам үнэртэй ус олон бий.

 

Би үнэртэй ус түрхэхгүйгээр өөрийгөө нэг ч өдөр төсөөлж чадахгүй

-Хүн бүр үнэртнийг өөр өөрөөр тодорхойлдог. Харин таныхаар?

 -Би үнэртнийг хамраар “сонсох” хөгжим гэж тодорхойлдог. Хөгжим бол урлагийн бүтээл юм. Тэрхүү урлагийн бүтээлийг хамраараа сонсоно гэсэн үг. Мөн сайхан үнэртэнэ гэдэг сайхан хувцаслахын илрэл юм. Дэлхийн олон улсад үнэртнийг хүндлэн дээдэлдэг. Тухайлбал, Дубайд эрэгтэй хүнийг сайхан үнэртэх ёстой гэсэн уламжлалтай. Үнэртэй ус нь шүдээ угаахтай л адил бидний өдөр тутмын хэрэглээ шүү дээ. Би үнэртэн түрхэхгүйгээр өөрийгөө нэг ч өдөр төсөөлж чадахгүй.

-Таны бодлоор монголчууд үнэртэн хэр хэрэглэдэг, соёлыг нь суралцсан хүмүүс бол?

-Монголчууд эртнээс үнэртний соёлтой ард түмэн байсан. Яагаад гэвэл эрт дээр үеэс үнэртэй ус бүтээхдээ хүдэр гэдэг амьтны анхилуун үнэртэй заарыг хэрэглэж ирсэн. Дэлхийн хэдхэн оронд байдаг хүдэр манай оронд бий. Дэлхий даяар хүдрийн заарыг дуурайлгасан химийн гаралтай бүтээгдэхүүнийг үнэртэй усандаа хэрэглэдэг. Монголчуудын үнэртний соёл дэлхийн ямар ч ард түмнээс дутахгүй. Шашин шүтлэг, түүх ойролцоо Азийн орнууд хурц үнэртэн бараг хэрэглэдэггүй. Хэрэглэсэн ч үнэрээ үл түгээдэг, бараг хувийн зайд л үнэртэхийг нь сонгодог. Тэдний дунд монголчууд маань үнэртний соёлоороо тэргүүлнэ. Намайг анх группээ нээж байхад манай улсад үнэртэй ус зарагддаг байснаас үнэртний соёлын талаар тодорхой ойлголт тун тааруу байсан. Одоо бол хүмүүс ноотоор нь ялгаж мэддэг болсон байна. Мөн монголчууд баатарлаг үнэртний сонголттой. Үнэртэй ус сонгохдоо адал явдалтай сонгодог. Тухайлбал, маш хурц, тод үнэртэй дэлхийд ховор, шилдэг, заримдаа галзуу гэмээр үнэртэй ус түрхэж байна. Ялангуяа манай бүсгүйчүүд үнэртний өндөр мэдрэмжтэй. Үнэртэй усны соёлд гүн нэвтэрсэн гэсэн үг л дээ.

 

-Хүмүүс үнэртэй ус бүтээхдээ эрэгтэй нь эмэгтэйдээ, эмэгтэй нь эрэгтэйдээ зориулж хийдэг гэсэн. Та энэ талаар юу гэж боддог вэ?

 -Үнэртэй усанд хүйс байдаггүй. Яагаад гэвэл үнэртэй ус бол урлагийн бүтээл тул зөвхөн эрэгтэй эсвэл эмэгтэй хүнд зориулах боломжгүй. Мөн үнэртэй усыг эрэгтэй, эмэгтэй мастерууд аль аль нь бүтээж байдаг. Түүнчлэн, өндөр зэрэглэлийн үнэртэй ус бүтээгчид нь эрэгтэй хүмүүс байх нь бий. Үнэртэй усыг ялгадаг хамгийн гол ялгаа бол сав, баглаа боодол юм. Өөрөөр бол ямар үнэртэн сонгох нь хувь хүний сонголтын асуудал. Үнэртэй усыг бүтээхэд маш олон төрлийн ноот ордог. Ноот гэдэг нь түүхий эд буюу орц гэсэн үг. Тодруулбал, нэг үнэртэй усанд төрөл бүрийн цэцэг, жимсний ноот орж болно. Үнэртнийг ойлгоход үнэртэй усыг бүтээсэн хүний уран сэтгэмж чухал юм. Үнэртнийг ойлгох нь яг кино үзэхтэй ижил. Түүнийг ойлгож мэдрэх хэрэгтэй.

-Сүүлийн жилүүдэд үнэртэй усыг эх орондоо үйлдвэрлэдэг болсон. Монгол үнэртэн  хэрэглэж үзэв үү?

 -Манай оронд үнэртэй ус бүтээгчид бий болж байгаад баяртай байна. Энэ бол ирээдүйд эх орныхоо нэрийг дэлхийд таниулах гүүр юм. Дэлхийн улс орон болгонд үнэртэй ус бүтээгч байдаггүй. Үнэртний ертөнц монопол зах зээл болж хувираад байгаа. Учир нь дэлхийн хэмжээнд уламжлалт байдлаар үнэртэй ус бүтээгчийг бэлтгэдэг  их сургуулиуд ховор байдаг. Богино хугацааны сургуулиуд ч гарын арван хуруунд багтахаар бий. Монголын Б. Ану-Үжин үнэртэн зохион бүтээгчийн үнэртэй усыг хэрэглэж байсан.

-Үнэртэй усны салбар хөгжих тусам хуурамч үнэртэн ихсэх болжээ. Жинхэнэ үнэртнийг хэрхэн хуурамчаас нь ялгах талаар манай уншигчдад зөвлөгөө өгөөч?

 -Жинхэнэ үнэртэй усыг ялган таних хэд хэдэн арга байдаг. Үнэртэй ус сонгохдоо албан ёсны баталгаатай оруулж ирдэг дэлгүүрээс худалдан авах нь хамгийн найдвартай арга юм шүү. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай групп руу ороод унших боломжтой.

-Үнэртний соёл гэж юу вэ. Хэрхэн суралцах вэ?

 -Үнэртний соёл гэдэг заавал үнэтэй брэндийн үнэртэй ус хэрэглэнэ гэсэн үг биш. Үнэртний соёл гэдэг нь үнэрийг ойлгодог, судалдаг байхыг хэлнэ. Энэ соёлын жижигхэн хэсэг нь үнэртэй ус юм. Үнэртний соёлд суралцахын тулд үнэртний талаарх мэддээллийг байнга унших, хэрхэн эргэн тойрноо гоё үнэртэй  болгох вэ гэж бодож, туршиж үздэг байх гээд олон арга бий. Жижигхэн үйлдлээс ч  үнэртний соёл бий болно.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

-Баярлалаа.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             Г. Хэрлэн


Н.ОРЧЛОН: Би үнэртэй усыг хамраараа “сонсох” хөгжим гэж боддог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188