• Өнөөдөр 2024-05-17

ГЭР НЬ ҮЕРТ УРССАН ИРГЭН Г.АДЪЯАСҮРЭН: Гурван хүүхдийнхээ амийг авч үлдсэндээ баярлаж байна

2022-07-29,   737

Хорин минут хүчтэй аадар бороо орсны улмаас хоёр гэрээ үерийн усанд урсгаад орох оронгүй болчихлоо. Гурван өнчин хүүхэдтэй орох оронгүй яаж амьдарна даа. Нутгийн ах дүүс минь хандив туслалцаа өгөх байх” хэмээн ярих түүнийг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Г.Адъяасүрэн гэдэг. Тэрбээр гурав хоногийн өмнө болж өнгөрсөн байгалийн гамшигт нэрвэгдэн орон гэрээ алджээ. Бид түүнтэй үер, усны гамшгаас үүдэн хохирч үлдсэн талаар нь ярилцсан юм..  

-Гурван хоногийн өмнө хүчтэй аадар бороо орж, үер усны гамшгаас болж олон өрх гэр хохирч үлдлээ. Байгалийн болзошгүй аюул болох талаар мэдээ, мэдээлэл өмнө нь авсан уу?

-Үнэхээр байгалийн аюултай үзэгдэл болж өнгөрлөө. Манай энд хорин минут л бороо орсон. Тэр хорин минутад хамаг эд хөрөнгө, орон гэрээрээ хохирч үлдлээ. Бороо орох талаар бол мэдэж байсан ч, ийм аюултай үзэгдэл болно чинээ огт санаагүй. Амьдрал гэдэг хорин минутын хугацаанд л алга урвуулдаг юм байна.

-Та тухайн үед гэртээ байсан юм уу. Хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авсан бэ?

-Би гэртээ байсан. Бороо орж байхдаа гайгүй л байсан. Харин орж дууссаны дараа юу юугүй их ус нүргэлээд ороод ирсэн. Хамгийн түрүүнд гурван хүүхэд, эхнэрээ аваад портер машиныхаа ачааны тэвшин дээр гараад зогссон. Үерийн ус үнэхээр хүчтэй байсныг хэлэх үү. Дээрээс нь миний мөрөөр татаж байв. Нүдэн дээр гэр урсаад яваад өгөхөөр өөрийн эрхгүй хоолой зангираад үг гардаггүй юм билээ. Машины дэвшин дээрээс буухаар өөрсдөө амиараа хохирох гээд хэцүү л байсан даа.

Хамгийн түрүүнд гурван хүүхэд, эхнэрээ аваад портер машиныхаа ачааны тэвшин дээр гараад зогссон

-Танай хашаанд хэдэн гэр байсан бэ?

-Манай их таван ханатай гэр, хүүгийн маань дөрвөн ханатай гэр байсан. Үүнээс гадна үхрийн хашаа хороо урсаад авах юмгүй боллоо. Манай гэр нураад л үлдсэн. Хүүгийн гэр урсаад явчихсан. Ус татарсны дараа араас нь явж ганц хивс л олж авсан. Бусад нь авахын эцэсгүй үжирсэн хог шиг л байсан даа. Гэрийн тавилга, эд хогшил нь олдохгүй байгаа. Ядаж хүүгийн тахиж залдаг бурхныг нь олоод авах юм сан л гэж бодож байна.

Машин хоёр тийшээ дайвалзаад л гэр орон нүдэн дээр унаж байхыг дахин харах юм биш.

-Байгалийн аюулт үзэгдлийн дараа хороо, дүүргээс албаны хүмүүс ирсэн үү. Ямар арга хэмжээ авсан бэ?

-Хороо, дүүргээс хүмүүс ирж хурдан шуурхай ажилласан. Хэрхэх тухай манай эхнэртэй л нухацтай ярьсан байх. Би гурван хүүхэд, гэр орноо бодоод сандарч гүйгээд олигтой ярьж чадаагүй. Үерийн ус мөрөөр татаж байсан болохоор миний энгэрийн халаасанд байсан гар утас нороод ажиллахаа больсон. Тэгээд л ах, дүүс, үр хүүхдүүддээ хэл, сураг өгөх ямар ч боломжгүй болчихсон.

-Машиныхаа тэвшин дээр эхнэр, хүүхдүүдтэйгээ байхдаа айж, сандарч байв уу?

-Би ч гайгүй ээ. Машин урсаад явчихгүй бол амьд гарна гэдгээ мэдэж байсан. Харин эхнэр маань л “Хэдүүлээ ингээд машинтайгаа живээд үхэх юм байна” гээд уйлаад хүүхдүүд ч дагаж уйлаад хэцүү л байсан. Нүргэлж, шуугьсан ус руу харж болохгүй тэнгэр л ширтээд зогсмоор юм билээ. Ус хараад байхаар толгой эргээд уначих гээд байдаг юм билээ.  Машин хоёр тийшээ дайвалзаад л гэр орон нүдэн дээр унаж байхыг дахин харах юм биш.

Үерийн ус мөрөөр татаж байсан болохоор миний энгэрийн халаасанд байсан гар утас нороод ажиллахаа больсон

-Үхрийн хашаа нурж, урссан талаар ярьсан.  Тухайн үед үхэр нь хаашаа хороондоо байв уу?

-Бороо орж эхлэхээс өмнө явж үхрээ бэлчээр дээрээс нь тууж ирье гэж бодож байсан юм. Манай үхэр баруун хойд талын уулын арыг хярлаад бэлчсэн байсан л даа. Тийм болохоор гайгүй л байсан. Энд туугаад ирсэн бол урсаад явчих байсан биз.

Би буурин дээрээсээ хэрэг болох зүйлсээ цуглуулах санаатай ирээд байгаа нь энэ

-Танайх энэ газарт хэчнээн жил амьдарч байгаа юм бэ?

-Манай Баянхонгор аймагт өвс, ногоо муухан ургаад наашаа оторлож ирээд энэ хашааг жилийн өмнө 20 сая төгрөгөөр худалдаж авсан. Манайх ямар нэг зөвшөөрөлгүй ч юм уу үерийн ам бараадаж буугаагүй. Харин байгалийн гамшиг гэдэг үнэхээр аймшигтай гэдгийг л мэдэж авлаа.

-Тухайн байгалийн үзэгдлийн дараа хаана хоноглосон бэ?

-Хэрвээ ус татраагүй бол машины тэвшин дээрээ хоноод осгож үхэх байсан биз. Азаар үерийн ус татарч, айлд хоног төөрүүлсэн. Тухайн үед ус татрахгүй бол “Өнчин гурван хүүхдээ осгоож алах нь дээ” гээ өөрийн эрхгүй бодож байлаа. Ус татарсны дараа өөрийнхөө гэрийн бурхан тахилыг аваад эхнэр, хүүхдүүдээ дагуулаад айл руу явсан.

Хоног төөрүүлсэн айлаасаа хуурай хувцас өмсөөд хоёр хонолоо

 

 

-Өнчин гурван хүүхэд гэж юу гэсэн үг вэ. Таны хүүхдүүд биш гэсэн үг үү?

-Манай охины хүүхдүүд байгаа юм аа. Том нь 11 настай. Тэрсхэн гурван хүү. Аав нь автомашины ослоор өөд болчихсон юм. Тиймээс энэ гурван хүүгээ хүний зэрэгт хүргэж чадахгүй алдчих вий гэхээс л дотор харлаж байлаа. Бурхан тэнгэр түшиж биднийг амьд үлдээсэн болов уу гэж дотроо залбирч байна. Би хоног төөрүүлсэн айлаасаа хуурай хувцас өмсөөд хоёр хонож байна даа. Өнөөдөр хорооноос буух газар зааж өгсөн. Тиймээс хүүхдүүд маань шинэ гэр авчираад барьчихсан байгаа. Би буурин дээрээсээ хэрэг болохуйц зүйлсээ цуглуулах санаатай ирээд байгаа нь энэ л дээ. Үнэндээ авах юм огт алга. Эвдэрч хэмхрээд, шавар шавхай болчихсон байна. Шавар, шавхай арилаад машин явахуйц болохоор ирж эвдэрч, хэмхэрсэн эд хогшлоо цуглуулж хогийн цэг рүү хаяна даа л гэж бодож байна.

Бурхнаа олж авсан даа л баяртай байна. Харин хүүгийнхээ гэрийн бурхан тахилыг ч болов олчих юм сан. Ганц хивснээс бусад нь олдохгүй байгаа юм аа.

-Авдар, саванд нь үнэ хүрэх зүйл байв уу. Та ер нь өөрөө хохирлын хэмжээгээ тооцож үзсэн үү?

-Байлгүй яах вэ. Манай гэрийн, миний өрийн хэрэглэдэг зүйлс бий. Хүүгийн маань хөөрөг, хазаар авдар савтайгаа урсаад явчихсан. Болж өгвөл олчих юм сан даа. Юу, юу алга болсныг бол тоочоод байвал дуусахгүй л дээ. Ер нь л хамаг бүхнээ алдлаа шүү дээ. Амьдрал үнэхээр хэцүү боллоо. Орох оронгүй болчихлоо. Одоо яажшуухан амьдарна даа л гэж бодож сууна.

Хүүгийнхээ гэр орны бурхан тахилыг ч болов олчих юм сан. Ганц хивснээс бусад олдохгүй байгаа юм аа.


ГЭР НЬ ҮЕРТ УРССАН ИРГЭН Г.АДЪЯАСҮРЭН: Гурван хүүхдийнхээ амийг авч үлдсэндээ баярлаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-29 14:01:37
    zochin: Baigaliin gamshigiig taaxiin argagui Eruul saruul eleg buten amidralaa avch uldsen bol boloo doo Busad zuil boldogooroo bolood amidarl urgeljleed l baina daa
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188