Монголын орчин үеийн залуусын төлөөлөгч энтрепренер, комедиан М.Баяржаргалтай ярилцлаа. Тэрбээр “UB comedy club” –ийн комедиан, хувиараа бизнэс эрхлэгч мөн циркийн мэргэжлийн жүжигчин мэргэжилтэй бөгөөд олон салбарт амжилттай яваа залуусын нэг юм. Үлгэрлэл, манлайллыг нийгэмд түгээсэн түүний ярилцлагыг танд хүргэж байна.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу, Эргэлт.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Мөнхбат овогтой Баяржаргал гэдэг. Одоо 23 настай. Хувиараа бизнес эрхлэгч, "UB comedy club"-ийн уран бүтээлч буюу комедиан залуу байна.
-Таныг "Комедиан Баяраа" гэдгээр нь хүмүүс ихэвчлэн мэддэг шүү дээ. “Stand up comedy” урлагийг анх хэзээнээс сонирхож эхэлсэн юм бэ?
-Монголд “Stand up comedy” үүсэж хөгжөөд найман жил болсон байна. Найман жилийн өмнөх 14 настай байсан тэр цаг үеэс “UB comedy club”-ийн контентыг үзэж эхлээд, түүндээ маш сонирхолтой, дуртай байсан ч комеди хийх бодол байгаагүй. Анх өөрийн биеэр зорьж очоод, үзэх гэсэн боловч тасалбар олдоогүй учраас үүдэн дээрээс нь буцаж байлаа. Дараагийн өдөр нь заавал үзнэ дээ гээд цагийн өмнө ирэхэд бас л хүмүүсийн дараалал их байсан болохоор арай гэж ороод, хамгийн хойд талд нь үзсэн. Тайзнаас хол байсан ч бодитоор, дэргэдээс нь үзсэндээ сэтгэл хангалуун байсан даа. Ийм үйл явдал олон тохиолддог. Үүнээс мэдээж маш өндөр сэтгэгдэл өөртөө авч үлдсэн. Комеди гэдэг нь тухайн үеийн миний төсөөллөөр, микрофон барьж зогсоод, өөр ямар ч зүйл шаардахгүй, өөрийнхөө оюун санаанаас гарч ирсэн бүтээлээрээ бусдад инээд бэлэглэдэг оюун ухааны тоглолт шиг санагдаж байлаа. Дараагийн удаа энэ хүсэл сонирхолдоо автаж, тоглолтыг илүү урдаас нь үзэхийг эрмэлзсэн байдаг. Харин тэр хүсэлдээ хүрч, тоглолт эхлэхээс олон цагийн өмнө ирээд, урд эгнээнээс нь үзэж байлаа.
-Багаасаа л хошин хүү байв уу?
-Би урьд нь олон нийтийн өмнө хэзээ ч нээлттэй байж чаддаггүй, бүрэг ичимхий, илтгэл тавих талаар ч мэдлэггүй, зөвхөн найзуудынхаа дунд л хөгжилтэй байж чаддаг нэгэн байсан. Харин найзууд минь намайг comedy хийх талаар санал болгож байсан хэдий ч над шиг хүмүүсд энэ нь хэцүү гэсэн бодол төрсөн. Түүний дараа “UB comedy club”-д “Open mic” буюу нээлттэй микрофон болж, түүгээр дамжин хүмүүс комедиан болох боломжтой байлаа. Үүнд өөрийгөө сорьж үзэх бодол төрсөн боловч бага зэрэг айдас төрж татгалзсан. Гэхдээ сургууль дээрээ өөрийн “Comedy club”-ийг нээгээд, олон удаагийн шоу зохион байгуулан цааш үргэлжлүүлсэн. Одоог хүртэл манай найзууд энэхүү “Comedy club”-ийн үйл ажиллагааг явуулж байгаа. Монголд “Comedy club” хоёр хуваагдсаны дараа надад боломж, орон зай олдож анх тайзан дээр гарсан. Мэдээж эхлэл учраас дардан байгаагүй, дээрээс нь санасанаар болдоггүй үе их байлаа. Ингээд нийтдээ хоёр жилийг өнгөрөөсөн байна.
-Тайзан дээр гарсан цагаас хойш санасанаар болдоггүй үе их байсан гэж байна. Үүнийг хэрхэн даван туулж байв?
-Анхнаасаа бүх зүйлийг төсөөлөөд, эрсдэлийг тооцоолсон. Хүн бүрийн анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлж цаашлаад инээлгэнэ гэдэг бол хэцүү. Хүлээлтийг өөртөө бага тавихын зэрэгцээ би эхлээд л шууд хүмүүсийг инээлгэнэ гэж байхгүй, тийм үе гарна, уналт, сэргэлт байна гэдгийг мэдэж байсан. Тиймээс хамгийн зөв арга замаар эхлүүлж, удаанаар өөрийгөө дайчлаад ирээдүйн том зураглалыг бий болгосон. Хэрвээ би жижигхэн зураглалтай, төлөвлөгөөтэй байсан бол аль хэдийн шантарчихсан байх л даа. Гэхдээ бага багаар туршлагажиж, бусдаасаа суралцаад явсны үр дүн гарч эхэлсэн юм.
-Комедианы тухайн үеийн ярианы сэдэв хаанаас бий болдог вэ?
-Комедиан бүрийн онцлог бий. Дотроо олон төрлөөр комедиан нь хуваагддаг. Миний хувьд өөрт тохиолдож байсан амьдралын түүх гэхээс илүүтэйгээр өөрт сонирхолтой санагдсан зүйл дээрээ судалгаа хийж түүнийгээ ёжлох хэв маягаар ярьдаг.
-Хүмүүс "Stand up comedy" урлагаас ямар ач холбогдол авч болох вэ?
-Хүмүүс комедиагаас авах зүйл байхгүй гэж ярьдаг боловч үүнээс авч болох зүйл олон байгаа. Бид нар заримдаа нийгмийг шүүмжилж ярихын хажуугаар түүндээ шинэ санаа сэдэл, уриалгыг тусгаж өгдөг. Хүн бүрийн ойлгоход хүндрэлтэй нэр томьёо, нэршилүүд болон мэдээлэл, соёлыг илүү энтертаймэнт байдлаар хүргэж түгээдэг. Хүмүүсийн “Орк” гэж нэрлэгддэг асуудлууд, улс төр, нийгмийг илүү энтертаймэнтаар илэрхийлж шүүмжилснээр бид цаагуураа үүнийг засаж залруулах ёстой гэдгийг ойлгуулаад байгаа юм.
-Олон нийтээс багагүй шүүмжлэлийг мэдэрдэг байх. Үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Хүмүүсээс ирэх шүүмжлэлд анх эмзэг ханддаг байсан. Одоо бол би өөрийн гэсэн орон зай, хүсэл зорилготой болохоор тэдгээрийг хүлээж авдаггүй. Мэдээж амьдралын явцад шүүмжлэх хүмүүс гарч ирэх боловч чиний ямар амьдрал туулж, ямар үзэл бодол тээж явдгийг мэдэхгүй. Өнөөдрөөр чинь л төсөөлдөг. Гэхдээ байнга магтаал, саашаал хүртэх буруу болохоор ганц нэгний шүүмжлэлээс алдаагаа засах үе бий. Харин доромжлолыг бол тэр дор нь гээх хэрэгтэй.
-Таныг мөн бизнесийн салбарт амжилттай яваа гэдгийг хүн бүр мэддэг. Ямар салбарт бизнэс эрхэлдэг вэ?
-Би шууд худалдааны салбар буюу хүмүүсийн ярьдгаар сүлжээний бизнес эрхэлдэг. Анх энэ салбарыг дутуу үнэлж орж ирсэн ч, бодит байдал дээр яг үнэндээ намайг голох салбар байсан. Монголчууд үүнийг ойлгохдоо миний доор заавал ажил, надаас л бараа ав гэх мэтээр буруу ойлголт төрүүлсэн. Гэтэл бодит байдал дээр энэ нь бизнесээсээ бус харин тоглогч нараасаа шалтгаалдаг юм байна гэдгийг ойлгодог. Шууд худалдааны салбар нь үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд бараагаа шууд олгоно. Гэхдээ бусад бүтээгдэхүүн шиг марктенгийн зардлыг үнэнд нь тусгахгүйгээр , бүтээгдэхүүн зуучлагчид цалин болгон өгөх системээр явдаг. Үүний дараа тухайн компанид миний хийх зүйл бол зурагтаар гарах зар сурталчилгааг өөрийн биеэр ярих ёстой байдаг. Үүнд л үнэ цэн огтлолцож байдаг. Бүтээгдэхүүнээрээ хүмүүсийн эрүүл мэнд, өргөн хэрэглээний болон гоо сайхны хэрэгцээг хангаж байдаг бол бизнес моделоороо дамжуулан хүмүүсийг нэмэлт орлоготой болгох буюу санхүүгийн асуудлыг шийдэж өгдөг.
-Бизнес хамтрагчдаа яаж бүрдүүлдэг вэ?
-Баг бүрэлдэхүүний хувьд үнэ цэн нийлэх нь чухал. Миний хүсч байгаагаар бол урт хугацааны хариуцлагатай хүмүүсийг баг бүрэлдэхүүндээ авдаг. Удаан байсан ч хамаагүй холын зайнд шантрахгүй гүйдэг хүмүүс гэсэн үг юм. Түүнээс, богино зайнд хурд гаргачихаад зогсдог хүмүүсийг би сонирхдоггүй. Үнэхээрийн амьдралдаа зорилго тавьдаг, чин шудрагаар хөдөлмөрлөж, өөрийн болон бусдын амьдралд нөлөөлж чадах хүмүүсийг баг бүрэлдэхүүндээ нэгтгэдэг. Надтай хамтарч ажилдаг залуус 18-25 насны залуус ихэвчлэн байна. Тэдгээр хүмүүсийн анхны сэтгэгдэл бодсонооос нь шал өөр, илүү их боломж нүдэнд нь харагддаг. Урт хугацаанд хамтарч ажилсан хүмүүсийн хувьд ч сүлжээний бизнэс бол ирээдүйгүй гэдэг бодлоос салсан.
-Монголд энэ төрлийн бизнесийг хүмүүс буруутгах, сөргөөр ойлгох нь их байдаг. Үүн дээр та амжилттай яваа хүний хувьд тэдгээр ойлголтыг хэрхэн залруулмаар байна вэ?
-Дэлхий дээр нийтдээ 40 мянга гаруй сүлжээний бизнес байдаг. Эдгээрийг бүгдийг нь яг адилхан гэж хүмүүс боддог. Хүн бүр сүлжээний бизнест итгэлгүй болсон шалтгаан нь уулын мод урттай, богинотой гэдэг шиг энэхүү зах зээл дээр янз бүрийн тоглогч нар байна. Энэ хүмүүс бүгд өөр өөрийн гэсэн арга барилаар ажилдаг. Гэвч гол нь зөв систеиээр ажиллах хэрэгтэй. Ямар ч хүн энэ бизнесийг үнэгүйдүүлэх, амархан харагдуулах ёсгүй. Үүнээс болж энэ салбарыг сонирхсон, хийхийг хүссэн залуус хохирч үлддэг. Бизнесийн цаад философийг ойлгож ажиллах нь чухал юм.
-Таны төгссөн сургууль болон эзэмшсэн мэргэжил юу вэ?
-Би хөгжим бүжгийн коллежийг циркийн жүжигчин мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ хэсэг ажиллаад зах зээлийн эрхэнд ажлаасаа гарч, Санхүү эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Түүний дараа маркетингийн чиглэлээр ажиллаж байгаад комедиан болсон байгаа. Одоогоор бол хувиараа бизнес хийгээд “network marketing” чиглэлээр зах зээл дээр тоглолт хийж байна. Амьдралаа эргэн сөхөөд харвал олон чиглэлээр, төрөл бүрийн зүйлийг нэг дор зохицуулж чаддаг болсон. Гэхдээ үнэ цэнийг нь огтлолцуулдаг.
-Найз охинтой юу, ер нь хүнийг ямар байгаасай гэж боддог вэ?
-Найз охин байгаа. Миний хувьд эмэгтэй хүн хүчирхэг байвал илүү гоё санагддаг. Өөрийхөө давуу талыг мэддэг, түүнийгээ улам хөгжүүлж чаддаг, хажууд нь хэн нэгэн байсан, байгаагүй өөрийгөө авч явж чаддаг байвал чухал. Ямар ч үед ойлголцдог , ирээдүйдээ санаа зовдог, зөв амьдралын хэв маягтай байх нь илүү давуу тал болдог. Миний уншиж байсан номноос “ Чиний ирээдүйн хүүхдийг гадна төрх чинь, гоо зүй чинь хүмүүжүүлэхгүй. Харин чиний өдөр тутмын хэв маяг, дадал зуршил хүмүүжүүлнэ” гэж хэлсэн байдаг. Ийм бодлоор л эмэгтэй хүнийг төсөөлдөг.
-Тэгвэл таны өдөр тутмын дадал зуршил, хэв маяг хэрхэн явагддаг вэ?
-Өглөө босоод л фитнессдээ явж, өдөр нь ажил дээрээ ихэнх цагийг өнгөрүүлж, орой нь комеди хийх зэргээр өдөр тутамдаа цагийг өнгөрүүлдэг. Энэ бүхнийг нэг өдөрт амжуулж чаддаг. Хүмүүсийн хувьд энэ нь хэцүү санагддаг юм байна лээ. Яаж амжуулдаг юм, боломжгүй гэх мэтээр хүлээж авна. Миний хувьд бол энгийн байх ёстой дадал болсон. Төлөвлөсөн цагтаа ажлаа амжуулах нь их үр бүтээлтэй. Баяраа гэдэг хүн чинь ингэж л амьдарна гэсэн код тархинд суучихсан байх.
-Завгүй амьдралд стрессдэх бухимдах үе хэр олон тохиолддог вэ?
-Миний хувьд 250 гаруй залуучуудтай ажилладаг. Бизнес гэдэг нэг талаараа стресс боловч үүнээс ангижрах арга зам бий. Нэгдүгээрт дасгал хөдөлгөөн хийх, хоёрдугаарт нойр сайн авах, хоолоо сайн идэх, эцэст нь ер нь л завгүй байх ёстой. Өөрийгөө бодоод үзэхээр би завтай үедээ, амралтын байдалтай байхдаа л стрессдэг юм байна лээ. Жишээ нь тархиа хэрэггүй зүйлд сатааруулж эхэлдэг. Өвөө маань хэлэхдээ “Хүн байнга завгүй байж, насан туршдаа суралцаж, тархиа хөгжүүлсний үр дүнд стрессгүй асуудалгүй амьдардаг” гэдэг байсан.
-Таны хувьд сошиал дээр идэвхтэй байх шиг санагддаг. Сошиалыг хэрхэн ашиглаж байна, залуучууд болон өсвөр насныханд хандаж хэлэхэд сошиалыг ямар байдлаар ашиглах нь зөв гэж хардаг вэ?
-Миний ажлын 60 хувь нь сошиалаар явагддаг. Энэ нь нэг төрлийн ажлын байр болсон. Сошиал медиагийн давуу тал нь бид ямар ч мэдээллийг дэлхийн хаанаас ч авч болдог. Гэтэл хүмүүс бодит байдлыг хэзээ ч сошиал дээр ил гаргадаггүй. Хийсвэр багаар сошиал дээр ил байдаг. Энэ нь өөрөө буруу үр дагавартай. Эцсийн зорилго бол хүн өөрийн зөв амьдралын хэв маяг, зөв дадал зуршилыг бусдад үлгэрлэж, оюуны үнэт санааг түгээх ёстой байтал монголчуудын ихэнх нь материаллаг баялагийг илүүд үзэж түүнийгээ ил тод гаргах болсонд байгаа юм. Үүнээс болж зарим өсвөр насныхан, тэдгээр хүмүүсийн материаллаг баялаг, хэт гоё, үнэтэй хэрэглээг тухайн хүнээс харж мэдрэхээр өөрийгөө голж эхэлдэг. Дараагаар нь түүнд шунаж эхэлдэг. Эцэст нь ямар нэг аргаар эрсдэлтэй зүйл хийхэд хүрдэг. Үүнийг өөхшүүлж байгаа хэдэн сошиал инфлюнсерүүд байгаа шүү. Тэд нар болих хэрэгтэй.
-Орчин үеийн залуусын чиг хандлагыг та юу гэж дүгнэдэг вэ?
-Анх удаа “Playtime festival”-д явж үзэхэд монгол залуус үнэхээр соёлтой боловсон харагдаж байлаа. Анхны төсөөллөөр бол шороон дунд, хог хаягдалтай, архидан согтуурсан гэх мэтээр бодож байсан ч огт үгүй байсан нь бахархмаар. Жишээ нь тэнд очсон залуусын хувцаслалт, гоо зүйн мэдрэмж зэрэг нь хамгийн их сэтгэгдэл төрүүлж байлаа. Дээрээс нь монголын урлаг соёлын төлөөллүүд үнэхээр чадварлаг болсон байсныг мэдэрсэн.
-Бидэнд ярилцлага өгсөн танд баярлалаа. Төгсгөлд нь үзэгч залуусдаа хандаж хэлэх үг бий юү?
-Энэхүү ярилцлагыг үзсэн та бүхэндээ баярлалаа. Залуусдаа хандаж хэлэхэд хөдөлмөрч, хичээнгүй байж урдаа тавьсан зорилгодоо заавал хүрээрэй. Эцсийн эцэст өөртөө хүлээлт бүү үүсгээрэй. Амжилтыг чи өөрөө бүтээх учраас хөдөлмөрч байгаарай. Бусдыг хүндэлдэг зөв амьдардаг нэгэн байх хэрэгтэй гэж хэлмээр байна.
О.АЛТАНГЭРЭЛ
Комедиан М.БАЯРЖАРГАЛ: Нэг дор олон ажил амжуулах нь миний хувьд өдөр тутмын дадал |
|