• Өнөөдөр 2025-04-11

ЦИРКИЙН ЖҮЖИГЧИН М.МЯГМАРСАЙХАН: ДЭЭСЭН ДЭЭР ДЭНЖГЭНЭЖ БАЙГАА АМЬДРАЛ МИНЬ

        Үндэсний их баяр наадмын үеэр олсон дээгүүр алхаж буй нэгэн түмний харцыг эрхгүй татсан. "Яана аа унах вий дээ" гэсэн хайр, хүндэтгэл мөн омог бахархал дунд амьсгал түгжин байж наадамчин олон түүний үзүүлбэрийг дуусгасан. Яг л энэ орчлонд цор ганцаараа мэт бүх зүйлээс өөрийгөө чөлөөлж, зөвхөн хийж буй үйлдэлдээ төвлөрч чаддаг эл эрхэм амьдрал дээр нэг тийм омог бардам, баатарлаг нэгэн ажээ. Тэрбээр "Хамгаалалт, бэхэлгээгүй олсон дээгүүр алхах нь яг л хүний амьдрал шиг санагддаг. Хазгай буруу гишгэх л юм бол амьдрал буруу тийшээ явна" хэмээн ярьж суухдаа ч эгэл даруу, амар тайван байв. Уншигч тантай Соёлын тэргүүний ажилтан, циркийн жүжигчин Мижиддоржийн Мягмарсайханыг уулзуулж байна.

-Наадмын нээлтэд таны үзүүлбэр олон хүнийг гайхшируулж, сэтгэлд нь тод үлдсэн. Наадмын нээлтэд оролцож үзүүлсэн үзүүлбэрийнхээ талаар ярих уу?

    -Наадмын нээлтэд зориг гарган содон үзүүлбэр үзүүллээ.  Монгол Улсад хамгаалалтгүй өндөр дээр гарах үзүүлбэрийг ихэнх газар хүлээн зөвшөөрдөггүй юм.  Бүх асуудлыг үл тоон намайг наадмын нээлтэд урьж оролцуулсан учраас Н.Наранбаатар найруулагчид их баярласан. Бид өмнө нь уул хад, модтой газар олсоо бэхэлж, бэлтгэлээ хийж, үзүүлбэрээ үзүүлдэг байсан. Модны үндэс газарт байгаа учраас бат бэх бэхэлгээ болдог. Энэ удаа бол краны тусламжтайгаар үзүүлбэрээ үзүүллээ. Миний хувьд  130 тонны краныг  Швейцар Улсад  2002 оноос хойш ажиллаж байхдаа  ашиглаж байсан.  Гэхдээ наадмын үзүүлбэрт 25 тонны даацтай краныг анх удаа ашиглаж хийлээ. Миний явах утас савлах болов уу гэсэн бага зэргийн сандралтай байсан ч асуудал гараагүй.  Бид долдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн кран хэрэгслүүдээ тавьж, бэлдэж эхэлсэн. Илүү эртнээс бэлдэх байсан ч кран түрээсийн төлбөр явж байгаа учраас наадам  ойртуулж байгаад бэлтгэлээ хийж эхэлсэн. Гэхдээ хэрхэн тооцоо хийх төлөвлөгөөгөө гаргачихсан байсан учраас хүндрэл гараагүй.

-Таны үзүүлбэр тун онцгой байсан шүү дээ. Наадамчин олон ч ам сайтай, эерэг сэтгэгдэлтэйг харах ямар санагдаж байв?

    -Үнэхээр сайхан байлаа. Өмнө нь уул хадаар явж байгааг минь хараад  “Энэ нөхөр амиа хорлох гэж байна” гэсэн сэтгэгдлүүд ирдэг байсан. Мэдээж хүн бүрд таалагдах албагүй хүн бүр өөрсдийн нүдээр хараад бодож тунгаах байх гэж бодож байлаа.  Гэхдээ сэтгэл дотор “Яаж хүлээж авах бол”  гэсэн хүлээлт, сандрал байсан. Үзүүлбэрийн дараа харахад хүмүүс эерэг сайнаар хүлээж авсанд их талархсан.

-Таны үзүүлбэр эрсдэлтэй харагддаг. Тодорхой хэмжээний өндөрт ямар ч аюулгүйн бэхэлгээгүйгээр олсон дээр явах амаргүй байх. Аюулгүй байдлаа хэрхэн хангадаг вэ?

    -Ер нь бол тэнгэрийн алхаа  үзүүлбэрийг онцгой болгож байгаа гол зүйл бэхэлгээгүй өндөрт олсон дээр алхаж байгаа нь юм. Бэхэлгээгүй явж байж хүмүүст илүү хүрнэ. Өндөрт бэхэлгээгүй яваа хүнийг хараад хэний ч алганы хөлс гарна шүү дээ. Хэрэв бэхэлгээтэй явж байсан бол унасан ч аюулгүй байх юм байна гэсэн сэтгэхүйгээр үзнэ. Энэ хоёр үзэгчийн гаргаж байгаа сэтгэл хөдлөл асар ялгаатай. Аюулгүй байдлын хувьд миний алхах утсан замыг  хоорондоо 10 метрийн зайтай олс татаж газарт бэхэлдэг. Энэ нь олс утсыг салхинд хүчтэй хөдөлгөхгүй  байх үүрэгтэй мөн надад ямар нэгэн асуудал гарахад тэнцвэр олох төмрөө хаяж, хамгийн ойр байх олсноос барьсны дараа хоёр талд байгаа олсыг нийлүүлж надад ослын буулт хийх замыг гаргаж өгч байгаа юм. Түүнээс өөрөөр намайг дээр байгаа хугацаанд туслах боломж байхгүй.

-Цаг агаарыг бид урьдчилан тааж, удирдаж чадахгүй шүү дээ. Тэгвэл гэнэт хүчтэй салхилах, бороо орох үе гарч байв уу?

    -Чулуутын хавцал  дээгүүр алхаж байхад гэнэт хүчтэй салхилаад би хэсэг алхаж байсан газартаа зогсож, салхи намдах үед нь үргэлжлүүлэн алхаж байсан. Тэр үеийн дүрс бичлэгийг үзвэл миний өмд далбаа шиг л хийсэж байгаа.  Сая гэхэд наадмын тоглолтын бэлтгэл ажил  эхлэхэд бороо орсон. Бороо орсон үед миний алхах утсан зам норж халтиргаа үүснэ. Гэхдээ би тэр үед явсан л даа. Наадмын өдөр бороо орвол “Бороо орчихлоо үзүүлбэр үзүүлж чадахгүй” гээд хаяад явж чадахгүй учраас нэг удаа алхаад үзэх хэрэгтэй гэж бодоод алхсан.

-Циркийн жүжигчин болсон түүхээсээ хуваалцаж болох уу. Хэдэн оноос ажиллаж байна вэ?

    -Би долоон настайгаасаа хойш спортын гимнастикаар хичээллэж эхэлсэн. 1991 онд циркт Г.Батбаатар багшийнхаа шавь нь болж орж байлаа. Багш минь надад циркийн урлаг гэж юу байдгийг заасан хүн дээ. Цирктээ 2002 он хүртэл ажиллаж байгаад Швейцар Улсын олсон дээр  алхах үзүүлбэр үзүүлдэг циркийн жүжигчин Фреди Нок ахтай танилцаж  байсан. Ингээд бид хоёр хуурай ах дүүс болоод надад хэрхэн аюулгүй олсон дээр явах талаар зааж өгч байсан юм. Ингээд бодоход  утсан дээр алхах үзүүлбэрийг үзүүлээд хорь гаруй жил өнгөрчээ.

-Анх олсон дээр гарч алхаж байсан үеийнхээ талаар дурсахгүй юу?

    -Би 2005 онд Швейцар Улсын хотын баярт зориулсан үйл ажиллагаа дээр тэнгэрийн алхаа үзүүлбэрээ үзүүлж байлаа. Тэр  нь 120  метрийн урттай  олсон дээр 15-30 метрийн өндөр рүү өгсөж алхах үзүүлбэр байсан. Өмнө нь 6-8 метрийн өндөрт цирк дотор үзүүлбэр үзүүлж байсан. Гэхдээ гадаа салхитай ямар ч орон зайн баримжаа байхгүй газарт гарч алхах сонин юм билээ. Миний хувьд алхаж байгаа утас минь газар болоод хувирч байгаа юм. Хэн ч байсан өндөрт гараад  алхах эвгүй байдаг.  Фреди Нок ах үргэлж ард минь  байж “Чи чадна, тайван алх” гэж урамшуулж, зоригжуулдаг байсан. Тэгж анхны алхалтаа хийчихээд бууж ирээд их л сонин мэдрэмж авч байлаа. Тэр өдрөөс хойш олон сонирхолтой алхааг хийж байсан. БНСУ-ын Хан мөрний нэг захаас нөгөө зах хүртэл татсан нэг километр утсан дээгүүр хурдан алхах олон улсын тэмцээнд оролцож дөрөвдүгээр байранд орж байлаа. Мөн 2019 онд Улаан цутгалангийн дээгүүр өөрөө бие даан алхлаа. Улаан цутгалангийн дээгүүр алхалтаа хийчихээд их баярласан. Урьд бол би хийх ёстой, миний хийх ажил гэсэн зарчмаар явж байсан бол Монгол Улсдаа ирээд өөрөө хүсэж багаа бүрдүүлээд алхсан болохоор илүү үнэ цэнтэй байсан юм болов уу.

-Анх хилийн чинадыг зорьж, циркийн жүжигчнээр ажиллаж эхэлсэн түүхээсээ манай уншигчидтай хуваалцвал?

    -Францийн циркт Монголын циркийн баг хамт олон 2001 онд очиж, тоглолт хийж байсан юм. Тэр үед Фреди Нок ахтай танилцаж байлаа. Тус циркт үхлийн цагариг гэдэг үзүүлбэрийг тоглодог байгаад нэг удаа надад хамтран  үзүүлбэр үзүүлэх санал тавьж байсан юм. Ингээд Фреди Нок Дараа жил ирж надтай хамтран үзүүлбэр үзүүлж болох уу” гэсэн санал тавиад би гэрээ хийж байлаа.

-Тэгэхээр олон жил гадаадад ажиллажээ. Харин эх орныхоо циркт хэдэн оноос эхэлж ажилласан юм бэ?

    -Ер нь бол 1991 онд циркт 14 настай хүүхэд орж, 1993 оноос жинхэнэ циркийн жүжигчин  болж байв. Тэгээд 1994 онд аялан тоглолтоор явж байсан. Тэр үед шидэх банзны үзүүлбэр гэж үзүүлбэр байлаа. Хоёр хөлөө нэг баганад баглаад шиддэг банзнаас үсрээд агаар дээр хоёр эргээд буудаг  тэр үзүүлбэрийг үзүүлдэг байсан юм. Тухайн үед Гэгээрлийн яамны дэд сайд тэр тоглолтыг үзэж таараад “Өөрийнхөө мэдлийн хүрээнд энэ хүнийг шагнаж, урамшуулмаар байна” гээд надад Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг гардуулахаар болж байсан юм. Тэр үед чинь 18 настай хүүхэд СТА цол, тэмдэг авна гэдэг боломжгүй мэт санагддаг байлаа.

-Агаар дээр алхах үзүүлбэр экстрем төрлийн зориг шаардсан үзүүлбэр, багасаа ийм зориг, тэвчээр шаардсан зүйлд дуртай байв уу?

    -Миний амьдрал тэр чигтээ экстрем шүү дээ. Хүүхэд байхдаа агаарын гимнастикийн үзүүлбэр үзүүлдэг байсан. Банзан дээрээс үсэрч байгаа үзүүлбэр үзүүлж байгаа ч өөртөө сэтгэл ханахгүй байсан. Тэгээд цирк дээр манай бэлтгэл дуусаад орой 16:00 цагаас агаарын гимнастикийн үзүүлбэрийн бэлтгэл эхэлдэг байсан юм. Доороо их тор татаж байгаад тэдний бэлтгэл эхэлнэ. Өөрийнхөө бэлтгэлийг дуусгаад ах нарын бэлтгэл эхлэхийг хүлээж байгаад бэлдэж эхлэх үед нь очиж тусална. Аюулгүйн хамгаалалт болгож ардаа том тор татдаг байсан юм. Тэрийг очиж хийж өгөөд хариуд нь агаарт нэг удаа эргэх эрх авдаг байлаа. Тэгээд дээшээ гараад аюулгүйн бүсээ зүүгээд агаарт шидүүлээд гимнастикийн ах нар “Гараа тавиарай” гэхэд нь тавиад доошоо торон дээр буудаг. Тэгэх нь өөрт их гоё санагддаг байсан юм.

Тэгээд гадаадад аялан  тоглолтоор явж ирээд, 1997 онд "Үүрийн цолмон" хамтлагийн гурав дахь үеийн залуус гарч ирж байх үед бэлтгэлийг нь дагаж хийдэг байлаа. Зүгээр суухгүй өвчтэй, чөлөөтэй байгаа хүнийг орлож үзүүлбэр үзүүлнэ. Тэгж орлож байгаадаа их баяртай байдаг байсан. Ингээд бодоход тэгж зүггүйтэж гүйснийхээ ачаар “Үүрийн цолмон” хамтлагийн нэг хэсэг болсондоо баяртай байдаг. Их л дүрсгүй, юм юманд орсон хүүхэд байжээ. Хүн нэг гар дээрээ тэнцвэрээ олох үзүүлбэр хийж байвал яг хажууд нь очоод, гар дээрээ тогтох гэж хичээдэг сониуч байлаа. Сонин зүйл ярьж өгөхөд  нэг гар дээрээ тогтох үзүүлбэрийг хүмүүс дандаа баруун гар дээрээ хийгээд байхаар нь би “Яагаад зүүн гар дээрээ хийж болохгүй гэж” гээд зүүн гар дээрээ оролдсоор байгаад хийдэг болчихсон. Уг нь би чинь бичихдээ баруун гараараа бичдэг хүн, солгой биш шүү дээ. Сониуч юм уу гэхээр өөр зүйл сонирхохгүй хэр нь циркийн бүх л үзүүлбэрийг сонирхож оролдож үздэг. Циркээс нэг л сонирхохгүй юм нь жонглёр  байсан даа.  Гэхдээ жонглёрдож чаддаг, тийм  их дурлаж сураагүй юм.

-Хүүгээ агаар дээрт бэхэлгээгүй явж байгааг харах ямар санагддаг талаар нь аав, ээжээсээ асууж байв уу?

    -Аав минь олон жилийн өмнө бурхан болсон. Би аль болох ээждээ үзүүлбэрээ үзүүлэхгүй байхыг боддог. Хөгшин настай хүн байнга хараад байх сайхан санагдахгүй болов уу. Сая Чулуутын хавцал дээр алхахад яах аргагүй намайг дагаж явсан учраас үзсэн. Намайг буугаад ирэхэд тэвэрч, үнссэн. Дотроо юу бодсоныг нь мэдэхгүй юм даа.

Харин миний гэр бүлийн хүн намайг 100 хувь дэмждэг. Миний хийж чадах болов уу яах бол гэж эргэлзсэн юманд “Миний хань чадна", "Чи хийнэ” гэж урам зориг өгдөг. Хань минь намайг дэмждэг учраас би сэтгэл зовох зүйлгүйгээр дуртай зүйлээ хийдэг. Хэрэв намайг “Чи хүүхдүүдээ бод, аюултай, боль” гэж хэлдэг байсан бол сэтгэл хоёрдоод үзүүлбэрээ үзүүлэх боломжгүй болно.  Гэр бүлийн минь гишүүд дэмжиж байгаа учраас дуртай зүйлээ хийгээд явах надад сайхан байдаг.

-Олсон дээр алхаж байх үеийн тэр торгон мэдрэмжийг хэрхэн илэрхийлж болох вэ?

    -Их сонин мэдрэмж авдаг даа. Үүлэн дээр алхаж байгаа юм шиг мэдрэмж. Наадмын үзүүлбэрийн дараа нэг хүний сэтгэгдэл их гүн сэтгэгдэл үлдээсэн  л дээ. “Дээсэн дээр дэнжгэнэж байгаа амьдрал минь” гэж бичээд миний алхаж  байгаа зургийг олон нийтэд хуваалцсан байсан.  Тэрийг хараад "Үнэн л зүйл дээ" гэж бодсон. Ер нь амьдрал бол тэнцвэр. Би ч амьдралын энэ утсан дээр явахтай адилхан гэж боддог. Би утсан дээр явж байгаад хөл алдах юм бол унана. Яг үүн шиг хүн амьдралдаа хэзээ ч битгий хазгай гишгэж алдаасай. Үргэлж утсан дээр явж байгаа юм шиг  зөв гишгэж, сайн сайхан амьдралаа авч яваасай гэж хэлэхийг өөрийнхөө хийж байгаа үзүүлбэрээрээ дамжуулан хэлэхийг зорьдог. Зарим хүн  “Хэтэрхий аюултай үзүүлбэр үзүүлж байна” гэж хэлдэг.  Энэ бол миний хувьд маш өндөр тооцоолол хийж аюулгүй байдлаа хангаж байж хийж байгаа. Зүгээр шууд утас татаад дээгүүр нь алхаагүй. Миний ард аюулгүй байдал хангах 10-30 хүн ажиллаж, хөдөлмөрлөж байдаг. Олсон дээр бэхэлгээгүй алхах маань ч хөдөө орон нутгийн зам дээр хурд хэтрүүлэн явдаг жолооч нарын дэргэд хамаагүй аюулгүй шүү.

-Гэр бүлд нь танаас өөр урлагийн хүн бий юу. Анх циркийн жүжигчин болно гэхэд хэрхэн хүлээж авч байв ?

    -Одоогоор гэр бүлээсээ ганц урлагийн хүн нь би байна даа. Манай аав цэргийн хүн, ээж нягтлан бодогч мэргэжилтэй. Циркийн жүжигчин болно гэхэд ээж их дэмжсэн. Аав минь харин их дуу цөөтэй хүн байлаа. Гэсэн ч тухайн үедээ зөвшөөрч л байсан. Ер нь хүн дуртай зүйлээ хийхээр бусад зүйл хамаагүй болж эхэлдэг юм билээ.

-Харин хүүхдүүд тань циркийн жүжигчин болно гэвэл та хэрхэн хүлээж авах бол?

    -Манай хоёр том хүүхэд циркт ямар ч сонирхолгүй юм шиг санагддаг.  Ээж нь шүлэг, зохиол сайн бичдэг тэрийг нь дуурайсан юм уу гэж хардаг. Манай хүү сайхан шүлэг зохиочихсон байдаг. Охин маань ээж шигээ хийх ёстой зүйлээ заавал хийдэг зарчимч хүүхэд. Харин манай бага охин ёстой л “Өрөмний өт” шиг л сахилгагүй. Би өөрийгөө жаахан байхдаа бага охин шигээ сахилгагүй байсан болов уу гэж боддог юм.

-Бэлтгэл, сургуулилтаа ихэвчлэн хаана хийдэг вэ. Циркийн жүжигчдийн хувьд бэлтгэл хийх байрны асуудал их хөндөгдөж байгаа шүү дээ?

    -Циркийн асуудал их хэцүү байна. Дотор талыг нь нураагаад орхичихсон. Уг нь их нарийн тооцооллын дагуу доторхыг нь барьж байсан.  Бид дээврээс нь зүүдэг аюулгүйн бүсийг бэхэлдэг газрыг циркийн жүжигчин Бадарч их нарийн төлөвлөж, урт хугацааны хөдөлмөр гаргаж суурилуулсан. Хэчнээн техник, технологи хөгжсөн ч гэсэн тэр их хөдөлмөр шингэсэн найдвартай зүйлийг дахиж хийхгүй байх гэж боддог. Томхон орон зай шаарддаг үзүүлбэрүүд бэлтгэл хийх газар тун хэцүү. Манай циркийн  н.Золбаяр гэж залуу Чингэлтэй дүүрэгт циркийн зориулалттай заал барьсан. Тэнд бүгд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.  Миний үзүүлбэрт том орон зай шаарддаг учраас заал байхгүй. Зуны цагт хоёр модны хооронд утас татаж тэндээ бэлтгэл хийдэг.

-Экстрем үзүүлбэр үзүүлдэг уран бүтээлчийн хамгийн том "дайсан" нь бэртэл, гэмтэл гэдэг. Циркийн жүжигчнээр олон жил ажиллахдаа бэртэж, гэмтэж, олсон дээрээ гарч чадахгүй болсон үе ч тохиож байсан болов уу?

    -Агаарын алхааны хувьд тийм асуудал гарч байгаагүй. Хэрэв тохиолдвол амь нас эрсдэх аюултай. Циркийн дотор тоглогддог үзүүлбэрийнхээ үеэр унаж байсан. Өндөр олсны үзүүлбэрийн есөн метр өндрөөс унаж байсан. Байшингаар бол гурван давхар байшингийн өндөр юм л даа. Тухайн үед их азтай байж дотуур гэмтэл авалгүй нуруугаараа унаж, өсгийгөөрөө савсан учраас өсгий бага зэрэг гэмтэж долоо хоног алхаж чадаагүй. Тэр уналтын үеэр бага бэртсэн нь "Үүрийн цолмон" хамтлагт бэлтгэл хийдэг байсны хэрэг гарч байгаа юм. Хүн бага ч болов бэртэж, гэмтсэнийхээ дараа хэрхэн зөв унаж, бэртэл бага авах агаарын гимнастикийн аргаар суралцдаг юм билээ.

Түүнээс бус циркт ажиллах байх хугацаандаа олон ч удаа унаж, бэртсэн. Тэр дундаас хөлөө хугалсан нь их хэцүү байсан даа.

-Бэртэл, гэмтэлтэй байх үедээ тайзан дээр гарахгүй байх мэдрэмж хэцүү байх?

    -Би оролцохгүй үедээ үзэгчийн хувиар үзүүлбэрүүдээ үздэг. Зүгээр үзээд байхгүй нэгнийхээ алдааг хэлж өгнө. Хурлан эдгээсэй л гэж их хүсдэг юм. Өдөрт хоёр тоглолттой байх үед ядраад сайхан амрах юм сан гэж бодогдог байхгүй юу. Гэхдээ гэмтээж тоглож чадахгүй байгаа үед тоглож байсан минь ямар жаргалтай үе вэ, бушуухан эдгээд дахиад үзүүлбэрээ үзүүлэх юм сан гэж бодогддог юм билээ.

-Тэр үед авсан бэртэл одоо үзүүлбэр үзүүлэхэд нөлөөлдөг үү?

    -Одоогоор тэгж хүчтэй  нөлөөлөөгүй байгаа.

-Таны үзүүлбэр тэнцвэрийг их шаарддаг шүү дээ. Тиймээс тэнцвэрээ барихын тулд тодорхой хэмжээний дасгал хөдөлгөөн хийж, дэглэм барьдаг уу?

    -Нэг  үзүүлбэр үзүүлэхийн тулд тодорхой хэмжээнд жингээ барих шаардлагатай болдог. Нэгдүгээрт  аюулгүй байдал, хоёрдугаарт гадаад үзэмжээ боддог. Том гэдэс гаргаад дээгүүр явах сайхан харагдахгүй, эрсдэлээ тооцоолж уналаа гэхэд биеэ эргүүлж дийлдэг байх  хэмжээний биеийн жинтэй байх хэрэгтэй. Иймээс өдөр бүр таван километр гүйж бэлтгэл хийдэг.

-Циркийн жүжигчин болсондоо баярлаж, өөрөөрөө бахархсан мэдрэмжийг ямар үед авдаг вэ?

    -Тоглолт хийж, үзүүлбэр үзүүлснийхээ дараах мөч бүр жүжигчин болсны баяр бахдал гэж боддог. Миний хийсэн үзүүлбэрийг үзээд хүмүүс алга ташаад, надад баяр хүргэж байгаа царайны хувирал надад маш том урам өгдөг. Үзүүлбэрийн дараа үзэгчид босоод алга ташихаар нүдэнд нулимс цийлгэнэн шүү дээ.

-Өнөөдрийг хүртэл олон тайзан дээр гарч үзүүлбэр үзүүлсэн байх энэ дундаас хамгийн их сэтгэлд үлдсэн тоглолт, үзүүлбэрийнхээ талаар яриач?

    -Өвөл цагийн нээлтийн ажиллагаа гэж үзүүлсэн тоглолт миний хэзээ ч мартагдашгүй үзүүлбэр. Дан тулгууртай хоёр эргэлтийн үзүүлбэрийг 18 настайдаа анх удаа Монгол Улсад хийж байлаа. Тэгээд байгууллагаас тодорхойлж  байж авдаг  нэр хүндтэй Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг  үзүүлбэрээ дуусгаад гардан авахаар болж байсан учраас хамгийн мартагдашгүй тайз юм даа. Тухайн үед тэр 18 настай хүүгийн доторх сэтгэл хөдлөлийг одоо үгээр илэрхийлэхийн аргагүй.

-Танд шантрах үе гарч байв уу?

    -Ер нь циркчин хүн шантрахаасаа илүү зүтгэдэг байх. Циркийн мэргэжил сонгосон, эзэмшсэн хүн  “Би энийг хийж чадахгүй юм байна” гэж хэлж байхыг хараагүй, сонссонгүй. Бүгд л болгохын төлөө зүтгэдэг. Шантраагүй хүн л амжилт гаргана. Циркийнхэнд шантрах гэдэг үг байж болохгүй.

-Агаар дээр алхах үзүүлбэрийн үед таны толгойд юу бодогддог вэ?

    -Бүх анхаарал утсан дээр л төвлөрч  байгаа. Хүн учраас тэр өндөр дээр гарчхаад сандарна шүү дээ. Тийм үед өөрийгөө удирдаж, тайвруулж байх ёстой. Би бол өөртэйгөө сайн ярьдаг. “Мийгаа тайван бай, битгий яар, чамд яарах хэрэг байхгүй, алхам алхмаар урагшил" гэж хэлдэг. Үзэгчдийн гаргаж байгаа сэтгэл хөдлөлд автаж анхаарлаа сарниулж алхаж болохгүй. Наадмын үеэр шөнийн алхалтыг туршиж үзсэндээ бас их баяртай байгаа.

-Таны цаашдын зорилго, мөрөөдөл юу вэ?

    -Би хэдхэн жилийн дараа агаар дээр алхах үзүүлбэрийг үзүүлж чадахгүй болно. Бүх юм өөрийн гэсэн хугацаатай шүү дээ. Түүнээс өмнө 21 аймгаараа аялан тоглолт хийж агаар дээр алхах үзүүлбэрээ үзүүлмээр байна. Миний оргил цэг Алтай таван богд байгаасай гэж хүсдэг. Энэ мөрөөдлийг минь дэмжээд ажиллах  албан байгууллага, хувь хүн байгаасай гэж их хүсдэг. 



ЦИРКИЙН ЖҮЖИГЧИН М.МЯГМАРСАЙХАН: ДЭЭСЭН ДЭЭР ДЭНЖГЭНЭЖ БАЙГАА АМЬДРАЛ МИНЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188