• Өнөөдөр 2024-05-17

УЛСЫН НАЧИН Б.МИЖИДСҮРЭН: Аав минь “Миний хүү улсын баяр наадамд гурав даваарай” гэдэг байсан

2022-07-19,   2622

       Энэ жилийн улсын баяр наадам Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойтой давхацсанаараа онцлог болсон билээ. Тиймээс ч өргөн цар хүрээтэй, дэнж хотойлгосон наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд 14 бөх тав давж, улсын начин цол хүртсэн. Шинэхэн начингуудын нэг Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Б.Мижидсүрэнтэй ярилцлаа.

-Танд юунд түрүүнд Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давж, улсын начин цол хүртсэнд нь баяр хүргэе. Хоёулаа яриагаа таны баярын сэтгэгдлээр эхлүүлэх үү?

        -Баярлалаа. Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ой давхцсан улсын баяр наадамд тав давж, улсын цол хүртэж, есөн хөлт цагаан тугаа тойрсондоо баяртай байна. Монголынхоо ард түмэнд өнгөрсөн ч гэсэн баяр наадмын мэнд хүргэе.

-Аав, ээжийнх нь удамд бөх бий юү?

           -Манай ээжийн удамд бөх бий. Тухайлбал, ээжийн ах нь аймгийн начин байсан. Мөн дээд удамдаа том биетэй, бяр чадалтай хүн олонтой байсан гэж ярьдаг. Ээж минь Өвөрхангай аймгийн Богд сумаас гаралтай. Харин ээжийн ах Ганбаатар гэдэг хүн Төв аймгийн баяр наадамд барилдаж, аймгийн начин цол хүртэж байсан гэдэг. Үүнээс гадна Өмнөговь аймгийн начин Хосбаяр бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд.

-Аав нь барилддаг байсан уу?

           -Аав барилдаагүй ээ. Харин аавын маань дүү овооны наадамд түрүүлж байсан. Аав маань сумын алдарт уяач. Хурдан хүлгүүдээ жил бүрийн наадамд амжилттай сайхан уралдуулна. Ээж намайг зан араншингийн хувьд аавыгаа дуурайсан гэдэг юм. Аав маань дуу цөөтэй, намбатай, дөлгөөн хүн л дээ.

Гэр лүүгээ явахдаа айлаар ороход “Сумын наадамд хэн түрүүлсэн бэ” гэж асуусан. Аав “Түрүү бөхтэй хамт явж байна” гээд ярьж явсан даа.

-Та бөхийн спортоор хэдэн настайгаасаа хичээллэсэн бэ?

          -Намайг хэлд орох цагаасаа л "Бөх болно" гэж ярьдаг байсан гэж гэрийнхэн маань ярьдаг. Ерөнхий боловсролын сургуульд байхаасаа л сумаасаа аймагт очиж барилддаг байлаа. Харин оюутан цагаасаа бөхөөр илүү идэвхтэй хичээллэж, бэлтгэл тогтмол хийсэн. Үүнээс гадна ах нар маань бөх сонирхдог. Тиймээс тэдэнтэйгээ  өдөржин барилдаж өссөн дөө. Мөн зуны дэлгэр цагт хот, аймгаас хамаатан, саднуудын хүүхдүүд амралтаараа ирнэ. Тэдэнтэй мөн өдөржин барилдана.

-Анхны юм бүхэн мартагдашгүй байдаг шүү дээ. Тэгэхээр та анх цол авч үеийнхээ дурсамжаас хуваалцвал?

       -Хоёрдугаар дамжаагаа төгсөөд зуныхаа амралтаар бэлтгэлд гарсан. Бэлтгэлээ дуусаад гэртээ очиж, хэд хоног амраад, аавтайгаа хамт мориор 60 гаруй километр явж, сумын наадамд барилдаж байлаа. Тухайн үед аав жороо морь унаад, би уяж хурдлуулдаг соёолон үрээгээ унаад, аавтайгаа сумын наадамд явж байлаа шүү дээ. Тэгж зорьж, очсон Булган сумынхаа наадамд түрүүлээд их сайхан санагдаж байсан. Аав минь их баярлаж байсан даа. Наадмаас буцаад гэр лүүгээ явах замд айлаар ороход “Сумын наадамд хэн түрүүлсэн бэ” гэж асуухад аав маань “Түрүү бөхтэй хамт явж байна” гээд ярьж явсан даа.

Монгол Улсынхаа Ерөнхийлөгчөөс цолоо аваад Төв цэнгэлдэх хүрээлэнгээ тойроод явж байх мэдрэмж дахин хүртмээр сайхан юм билээ.

         Аав намайг барилдахад их дуртай. Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд барилдахаар “Миний хүү улсын наадамд зодоглож байгаагийнх гурав даваарай” гэж захидаг байлаа. Энэ жил аавынхаа тэр хүслийг давуулан биелүүлж, тав давж, улсын начин цол хүртлээ. Одоогоор нутагтаа очиж амжаагүй л явна. Удахгүй очихоор аав минь бөөн баяр тосох байх аа.

Говь нутгийн халуунд ам цангаад, нүд анилдаад бас бэрх байжээ

-Улсынхаа наадамд тав давчихаад, хамгийн түрүүнд хэнтэй утсаар ярьж, баярын сэтгэгдлээ хуваалцсан бэ?

         -Хамгийн түрүүнд аав руугаа, гэр бүлийнхэнтэйгээ ярьсан. Аав минь “Хүүдээ баяр хүргэе. Хэзээ ирэх вэ” гэж байсан. “Гурав л давчихаарай” гэдэг аав минь энэ жилийн наадмаар зодоглох болоход нэг их юм хэлээгүй. Харин дотроо юу гэж бодож байсан бол гэж боддог. Улсынхаа баяр наадамд тав давахад үнэхээр сайхан байсан. 1024 бөх эд хав, уран мэхээ уралдуулан барилдлаа. Үүнээс 10 гаруй бөхтэй мөр зэрэгцэн улсын цолонд хүрсэн минь өндөр хувь заяа гэж бодож байна. Монгол Улсынхаа Ерөнхийлөгчөөс цолоо аваад Төв цэнгэлдэх хүрээлэнгээ тойроод явж байх мэдрэмжийг дахин хүртмээр сайхан байдаг юм билээ.

Аймгийнхаа баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүлэхэд ээж маань “Амьдралдаа баярлаж байгаагүйгээрээ баярлалаа” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй

-Начин цол хүртсэн барилдааныхаа сонин хачнаас хуваалцвал?

          -Дөрөв даваад байж байтал манай нутгийн бөх, улсын заан Ц.Одбаяр найз маань намайг амлан авч, цолны босго алхуулсан. Тавын давааны ам сонсож байгаад "Ц.Одбаяр Мижидсүрэнг амлалаа" гэхэд нь нэг талаар баярласан. Манай Булган сум байгуулагдсаны 70 жилийн ойн баяр энэ сарын 24, 25-нд болно. Тиймээс нутгийнхан маань намайг “Ойгоороо сайхан бэлэг барилаа” гэцгээж байх шиг байна. Сумынхаа баяр наадмыг аав, ээж, гэр бүлийнхэнтэйгээ үзнэ. 

-Хүүхэд байхдаа хэр дэггүй, хөдөлгөөнтэй байв?

          -Манай ээж, аав хоёр малчин болохоор хөдөөний хүүхдүүд хэрхэн өсдөг тэр зарчмаар өссөн дөө. Говийн аагим халуун өдөр хурга, ишгэнд явахдаа явж, хурдан морь унаж өссөн. Бие томтой хүүхэд байсан болохоор хурдны морь унахаас эрт хасагдаж байлаа. Багын дурсамжуудаас аавыгаа дагаад наадамд явдаг байсан минь санаанаас огт гардаггүй. Тухайн үед хурдан морио хөтлөөд, аавыгаа дагаад сумын наадамд явдаг байлаа. Говь нутгийн халуунд ам цангаад, нүд анилдаад бас бэрх байжээ. Гэхдээ сайхан дурсамж шүү /инээв/. Аавтайгаа наадамд явж байсан дурсамж бүхэн санаанд тодхон байдаг. Аав маань намайг барилддаг болсноос хойш бөх их үздэг болсон доо.

-Цолонд хүрсэн тухай дурсамжаасаа хуваалцаач?

       -Сумын заан цолонд хүрснийхээ дараа жил аймгийнхаа баяр наадамд барилдаж, хоёр даваад унасан. Түүнээс хойш 2012 онд аймгийн начин цол хүртэж байлаа. Харин дараа жил нь буюу 2013 онд Өмнөговь аймгийнхаа баяр наадамд түрүүлж, арслан цолонд хүрсэн. 2014 онд аймгийнхаа баяр наадамд сайн барилдаж чадаагүй. 2015 онд дахин түрүүлж, аймгийн хурц арслан болсон. Аймгийнхаа баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүлэхэд ээж минь “Амьдралдаа баярлаж байгаагүйгээрээ баярлалаа” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй.

            Энэ ташрамд намайг олон жил улсын цолонд хүрээсэй гэж бодож, хүсэж явсан ах, дүү, найз, нөхөд, хамаатан, садан, гэр бүлийнхэндээ, Алдар спорт хорооны хамт олон, ӨБЦТС ТӨХК гээд бүгдэд нь баярлалаа. Цар тахлаас болоод хоёр жил наадам болоогүй. Энэ жилийн наадамд хүн болгон сэтгэл хангалуун байгаа нь мэдрэгдэж байсан. Бөх сонирхдоггүй хүн сонирхтол сайхан наадам боллоо.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.


УЛСЫН НАЧИН Б.МИЖИДСҮРЭН: Аав минь “Миний хүү улсын баяр наадамд гурав даваарай” гэдэг байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-19 23:28:46
    Намсрайдорж : Идэр залуу шинэхэн улсын начиндаа чин сэтгэлийн баяр хүргэж улам их амжилт хүсье Мэх уран хурц бяр нь улам их байх болтугай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-19 19:19:00
    Зочин: Мөнгөө өгөөрэй хулхи шүү чи
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188