• Өнөөдөр 2024-04-30

СУР ХАРВААЧ З.ПЭРЭНЛЭЙМАА: Сур харваж байхдаа тэвчээр сэтгэлийн хаттай байж, өөрийгөө ялан дийлсэн мэдрэмж авдаг

      Загдхоролын Пэрэнлэймаа Үндэсний сурын харваагаар долоо дахь жилийнхээ баяр наадамд оролцож байгаа гэнэ. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул сур харвааны “Цахиур” баг “Мандалговь хүнс” ХХК, “Горгаз” ХХК-ний харваач. Үндэсний сурын Аймгийн мэргэн, спортын мастер, Буриад сурын Аймгийн мэргэн тэрбээр 13 настайгаасаа хойш сур харваагаар хичээллэжээ. “Ямар ч үед наадамтай холбоотой дуу сонсохоороо л огшоод, догдолж эхэлдэг” хэмээн ярихдаа ч өндөлзөн байх төрөлхийн дайчин, эрэмгийн бүсгүйтэй ийн ярилцлаа.

-Сайхан наадаж байна уу. Цэц мэргэн, сум оньтой байна уу?

    -Сайхан наадаж байна. Энэ жилийн баяр наадам нар хур тэгширсэн сайхан болж байна. Миний хувьд баяр наадмаа Буриад сурын харваагаар эхлүүлээд тэргүүн байр эзэлж Буриад сурын Монгол улсын мэргэн болсон. Наадмаа их сайхан амжилттай эхлүүлсэн гэж бодож байгаа.

-Сур харваж эхэлсэн түүхээсээ хуваалцахгүй юу?

    -Аав ээж хоёр маань сур харваагаар хичээллэхийг санал болгож байлаа. Би чинь багадаа сур харваа гэж мэдэхгүй үеэл  хөвгүүдтэй барилддаг эршүүд хүүхэд байсан.  Тэгээд  аав намайг бяртай  учир спортоор хичээллүүлэх ёстой гэж бодсон байх. Ингээд л сур харваагаар хичээллэж эхэлсэн дээ.

-Таныг энэ спортоор цааш үргэлжлүүлэн хичээх урмыг юунаас авдаг вэ?

     -Үндэсний дээл хувцсаараа гоёж, наадамдаа оролцсоноор өөрсдийн үндэсний өв соёлоо сурталчилж байгаадаа болон хичээл зүтгэлийнхээ хэрээр амжилт гаргаж байгаадаа урамшиж байдаг.

-Сур харвах үедээ ямар мэдрэмж авдаг вэ?

    -Сурын талбайдаа очихоор сэтгэл санаа сайхан болоод стресс ядаргаа тайлагдах шиг болдог. Сур харваж байхдаа тэвчээр сэтгэлийн хаттай байж өөрийгөө ялан дийлэх мэдрэмжийг авдаг. Байгаа онох үедээ хамгийн сайхан мэдрэмжийг авна шүү дээ. Онох гэж харвадаг болохоор тэр үү зорьсон зорилгодоо хүрч байгаа юм шиг мэдрэмжийг авдаг. Дахин дахин тэр мэдрэмжийг мэдэрмээр санагддаг. Ер нь юугаар ч орлуулшгүй мэдрэмж юм даа.

-Харваачид юуг онцгой анхаарах хэрэгтэй вэ. Тэр дундаа эмэгтэй харваачдад олон бэрхшээл тулгарна биз?

    -Сурын  харваа насны хязгааргүй спорт гэдгээрээ онцлогтой. Өнөөдөр наадамд 80 гарчихсан мэргэн сур харваж байна. Харваачдын эд хэрэгсэл бүх зүйл улам нарийсаж нямбай болсоор байна. Харваач хүний хувьд хараа муудах нэлээн том асуудал шүү. Хараа  муутай  харваачид нэг нүдний шилийг малгайндаа тогтоож хэрэглэдэг. Ер нь  хувь хүн өөрөө тууштай бас тэвчээртэй, сур харваагаар хичээллэх хүсэл эрмэлзэлтэй байхад болно доо. Монгол харваачид нумаа эрхий хуруугаараа татдаг онцлогтой. Тийм ч учраас “Эрхий мэргэн” гэдэг. Эрхий хуруугаараа нумаа татдаг болохоор эрхий хуруу цэврүүтэж устан эвэрших, хумсаа гэмтээх зүйл гардаг. Мөн эмэгтэй харваачдын хувьд өдөржин нар, салхинд гадаа байдаг учраас арьс борлож, үрчлээ суудаг учраас гоо сайхны хувьд бас золиос гаргаж байгаа юм. Энэ дашрамд ар талыг маань бат дааж, миний хүсэл сонирхлыг үргэлж дэмжиж байдаг гэр бүлийнхэндээ маш их баярлаж явдгаа хэлмээр байна.

-Харваачдад баримталдаг зарчим бий юу?

       -Сур харваагаар хичээллэснээр ахмад настнаа болон өөрөө дээд  цолтой харваачдаа хүндлэх  гээд хувь хүн талаасаа маш сайн хүмүүжил өгдөг. Сурын хавраа  ер  нь хамгийн шударга спорт нэгэндээ найр тавьж өгнө гэж байдаггүй. Энэ нь бидний зарчим юм даа. Миний бас нэг энэ спортдоо татагддаг зүйл нь шударга байдал нь юм шүү дээ.

-Тэмцээний бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ. Баяр наадам дөхөх үед сандарч, догдолдог уу?

    -Ажлынхаа хажуугаар завтай өдөр болон амралтын өдрөөрөө бэлтгэлээ хийдэг. Би үндэсний сурын харваагаар наадамд долоо  дахь жилдээ, Буриад сурын харваагаар хоёр дахь жилдээ оролцож байна. Наадам дөхөөгүй байсан ч наадмын тухай дуу сонсох,  наадмын талаар ярихаар өөрийн эрхгүй сэтгэл дүүрч нүд баясаж догдолж эхэлдэг.

-Үндэсний сур харваа хэмээх зүйл таны амьдралд ямар үнэ цэнтэй вэ?

       -Би сур харваагүйгээр амьдралаа төсөөлж чадахааргүй их хэмжээний үнэ цэнтэй. Баг хамт олон минь миний гэр бүл гэсэн үг.

-Баярлалаа, хараа хурц, зурхай мэргэн байх болтугай.

       -Баярлалаа, сайхан наадаарай.


 


СУР ХАРВААЧ З.ПЭРЭНЛЭЙМАА: Сур харваж байхдаа тэвчээр сэтгэлийн хаттай байж, өөрийгөө ялан дийлсэн мэдрэмж авдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188