• Өнөөдөр 2024-04-30

ТАЙЛБАРЛАГЧ Ц.БАТНАСАН: Энэ жил Архангайн бөх түрүүлэх болов уу гэж таамаглаж байна

2022-07-06,   600

Улсын баяр наадам хаяанд ирлээ. Энэ жилийн хувьд тэгш ойн баяр наадам болох бөгөөд бөх, уяач, сур харваачид ихээхэн ач холбогдол өгч байгаа билээ. Энэ жил 1024 бөх улсын баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд зодоглож уран мэхийг уралдуулан барилдахаар болсон билээ. Тиймээс бөх тайлбарлагч, аймгийн начин Ц.Батнасантай энэ жилийн бөхийн барилдаанд ямар бөхчүүд сайн барилдах талаар таамаг дэвшүүлэн ярилцлаа.

-Сайн байна уу. Та хэдэн жил улсын баяр наадмын бөхийн барилдааныг тайлбарлаж байна вэ?

           -Сайн, сайн байна уу. Би улсын баяр наадмын дэвжээнд барилдаж буй бөхийн барилдааныг тайлбарлаад 18 дах жилдээ болох гэж байна. Ер нь бол 1995 оноос хойш бөх тайлбарлаж эхэлсэн. Ингээд бодохоор 25-26 жил бөх тайлбарлажээ. Үүнээс сүүлийн 18 жил тасралтгүй улсын баяр наадам болон томоохон зэрэглэлтэй заалны барилдаануудыг тайлбарлаж байна.

-Төрийн наадмыг цэнхэр дэлгэцээр нүд цавчилгүй үздэг үзэгч олондоо бөх тайлбарлаад сууж байна гэж бодохоор танд ямар мэдрэмж төрдөг вэ?

           -Үндэсний бөх маань монголчууд бидний эрт дээр үеэс шүтэж ирсэн сайхан өв соёл. Бөхөө үзэхээр цугласан түмэн олныхоо дунд өөрийнхөө дууг хоолойг хүргээд бөх тайлбарлана гэдэг ховорхон хувь тавилан гэж боддог. Би багасаа бөхийн барилдаан шимтэн сонирхдог байсан жирийн нэг малчин айлын хүүхэд л дээ. Тиймдээ ч эхэндээ бөх болох юм сан гэж мөрөөддөг байсан. Дараа нь бөх тайлбарлагч болно гэж мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдлийнхөө дагуу бөхийн тогоонд орж, түмэн олондоо дуу хоолойгоо хүргэж байгаадаа баярлаж  явдаг. Энэ бол ховорхон хувь заяа. Нутаг ус, өвөг дээдсийн минь буян гэж дотроо бодож залбирч явдаг даа.

-Таныг чамгүй сайн барилддаг гэж хүмүүс ярих юм билээ. Үүнээс гадна та аймгийн начин цолтой бөх хүн шүү дээ. Анх цол авч тэр үеийн мэдрэмжээсээ бидэнтэй хуваалцаж болох уу?

           -Би уг нь тойргийн барилдаанд түрүүлж аймгийн начин цол авсан. Одоо тойргийн цол хэрэгжихээ байлаа даа.

Д.ГАНХУЯГ АРСЛАН ШИГ БӨХИЙН ОЛОН ТӨРЛӨӨР АМЖИЛТ ГАРСАН БӨХ БАЙХГҮЙ Л БАЙНА

-Ямар барилдаанд хэрхэн барилдаж аймгийн начин цол авсан талаараа сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?  

           -2010 онд Дундговь аймгийн аварга шалгаруулах сумын цолтой бөхчүүдийн барилдаан тойргийн журмаар болсон. Энэ барилдаанд нийт 48 бөх барилдаж би түрүүлж аймгийн начин цол авч байлаа. Үүнээс гадна 1998 онд Хэнтий аймгийн Баянмөнх сумын барилдаанд түрүүлж сумын заан цол хүртсэн. Мөн сумын наадамд хоёр гурван удаа түрүүлж, үзүүрлэж байсан. Би үеийн нас чацуу бөхчүүдээрээ бахархаж явдаг. Онцолж яривал Монгол Улсын арсан, гавьяат тамирчин Д.Ганхуяг байна. Ганхуяг маань төрийнхөө наадамд нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн. Долоогоос, найман удаа шөвгөрсөн арал дүүрэн бөх дөө. Үндэсний бөхөөс гадна жүдо бөхөөр олон улсын хэмжээний мастер, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт байранд шалгарч байсан. Мөн самбо бөхийн олон улсын хэмжээний мастер, дэлхий аваргаас хүрэл медаль хүртэж байсан шүү дээ. Мөн л кураш бөхийн олон хэмжээний мастер, дэлхийн аварга болж байсан хүн шүү дээ. Цаашлаад сүмо, чөлөөт бөхийн олон хэмжээний мастер цолтой. Тэгэхээр Д.Ганхуяг бөхийн зургаа долоон төрлөөр амжилт гаргасан гайхамшигтай бөх л дөө. Одоогоор Д.Ганхуяг арслан шиг бөхийн олон төрлөөр амжилт гарсан бөх байхгүй л байна. Цаашлаад миний үеийн бөхчүүд гэх юм бол Монголын гарди Д.Рагчаа, харцага Г.Ганхуяг, начин Д.Батбаяр, гэх мэт сайхан хүч, баяртай бөхчүүд олон бий.

2012 оны улсын баяр наадмын тавын өмнө нэг сэтгүүлч надаас яриа авч байсан. Тэр сэтгүүлч “Та энэ жил аль аймгаас хэн гэдэг түрүүлнэ гэж бодож байна” гэсэн. Би “Увс аймгаас л бөх түрүүлэх болов уу” гэж хариулсан даа

-Тэгэхээр та үе тэнгийнхээ эдгээр бөхчүүдтэй барилдаж байв уу?

           -Үгүй ээ, эдгээр бөхчүүдтэй барилдаж байсангүй. Харин амьдрал дээр бол таарсан газраа мэнд устай явдаг.

-Та 18 жил төрийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг үзэгч олондоо тайлбарлаж ирсэн хүний хувьд бөхийн таамаг хэр дэвшүүлдэг вэ?

           -2012 оны улсын баяр наадмын тавын өмнө нэг сэтгүүлч надаас яриа авч байсан. Тэр сэтгүүлч “Та энэ жил аль аймгаас хэн гэдэг түрүүлнэ гэж бодож байна” гэсэн. Би “Увс аймгаас л бөх түрүүлэх болов уу” гэж хариулсан даа. Гэтэл тэр жил П.Бүрэнтөгс түрүүлж улсын арслан цол хүртэж байсан. Тухайн үед би П.Бүрэнтөгсөөс илүү Ө.Бат-Оршихыг илүү дээшээ барилдах болов уу гэж таамаглаж байлаа. Гэтэл долоогийн даваанд Д.Рагчаа гардид хонгодуулаад унасан. Тэр жил Ө.Бат-Орших гарди их сайн барилдаж байсан. Зургаагийн даваа хүртэл учраа бөхөө түүртэлгүй давсан. Тав, зургаагийн даваанд арслан Ц.Содномдорж, гарди Б.Гончигдамба нарыг давж байсан санагдаж байна. Тиймээс тэр жилийн наадамд Ө.Бат-Оршихыг сайн барилдаж түрүүлэх болов уу гэж бодоод Увс аймгаас бөх түрүүлнэ гээд хэлсэн чинь П.Бүрэнтөгс түрүүлсэн дээ. Үүнээс гадна 2013 оны баяр наадам Г.Эрхэмбаяр аваргыг түрүүлнэ гээд эртнээс хүмүүстэй бооцоо тавьж байсан. Г.Эрхэмбаяр аварга ч түрүүлж байлаа. Мөн нэг хүнтэй таамаг дэвшүүлж тохиролцсон. Тэр хүн “Чи миний хэлэх гурван бөхөөс нэгийг сонго” гэсэн. Тэр дотор нь Б.Ганбат арслангийн нэр байсан. Тиймээс би “Энэ жил Б.Ганбатын түрүүлэх жил нь болсон. Аливаа юмны ээлж, харсан юм гэж байдаг бол энэ жил түрүүлнэ” гээд тоглоомоор хэлчихсэн. Гэтэл тэр жил Б.Ганбат түрүүлсэн шүү. Энэ мэтчилэн тохиолдлын зүйл байдаг л юм. Ер нь бол бөхийг тааж, таамаглах хэцүү.

-ДОРНОГОВЬ АЙМГИЙН АРСЛАН М.БЯМБАДОРЖИЙГ УЛСЫН ЦОЛОНД ХҮРЧИХЭЭСЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙГАА-

-Таны таамгаар энэ жил аль аймгаас бөх түрүүлэх юм шиг санагдаж байна. Та бөх сайн мэддэг хүний хувьд тодорхой хэмжээний дүгнэлт /анализ/ хийсэн байх?

           -Одоо цагт бөхийн барилдааныг таахад хэцүү болсон. Яах вэ энэ жилийн тухайд миний бодлоор Архангай аймгаас түрүүлэх болов уу. Хэн гэдэг ямар цолтой бөх түрүүлэхийг хэлж мэдэхгүй юм. Мөн Ховд, Увс аймгаас тодорч магадаггүй гэсэн хувь Ц.Батнасангийн таамаг л байна даа. Ер нь наадам өнөө маргаашгүй болсон үед энэ түрүүлнэ гэж хэлэх хэцүү. Тэр дундаа аймгийн цолтой бөхчүүдийг нэрлэх бүр хэцүү юм билээ. Яагаад гэхээр таамагт оруулахаар урам авахаасаа илүү хүмүүс “Чи сайн байна. Энэ жил наадмаар л сайн барилдаарай” гээд байдаг юм.  Яг наадмын дэвжээнд гарахаараа олон хүний таамагт байсан бөх түүнээсээ олоод бухимдалд орж, сэтгэл зүй тогтворгүй болдог гэж би ойлгосон. Энэ жил цолоо ахиулж магадаггүй бөхчүүд гэвэл Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Б.Чимэдвандан, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр нарыг  харж байна. Мөн аймгийн цолтой бөхчүүдээс Дорноговь аймгийн арслан М.Бямбадоржийг улсын цолонд хүрчихээсэй гэж бодож байгаа даа.   Би өөрөө говь нутгийн хүн болохоор говь нутгийн бөхчүүдийн сайн барилдаасай гэж боддог доо.

Бөхийн өргөөнд улс, аймгийн  цолтой бөхчүүдийн ялгаа нэг их гардаггүй. Давж, унаад л барилдаж байдаг. Харин наадмаар бол улсын цолтой бөх гэдэг огт өөр шүү дээ

-Сүүлийн үеийн заалны барилдаануудад улсын аварга, арслангууд нэг, хоёрын даваанд ташраараа унах байгаа үзэгдэл гарах боллоо. Үүнийг та хэрхэн харж байгаа вэ. Эдгээр улсын том цолтой бөхчүүд энэ жилийн наадамд хэрхэн барилдана гэж бодож байна?

           -Заалны барилдаануудад улсын том цолтой бөхчүүд унаж л байдаг. Харин улсын баяр наадмын өдрүүдээр бол сайн барилддаг. Ер нь л шөвгөрөөд ороод ирдэг. Энэ жил ч тэгэх л болов уу даа. Хүмүүс даян аварга Н.Батсуурийг “заалны барилдаанд нэг хоёрын даваанд уналаа” гэж ярьж байна. Гэхдээ наадмын барилдаанд тэнгэртэй байсан барилддаг хүн шүү дээ. Би энэ жилийн наадамд даян аварга Н.Батсуурь үзүүр, түрүүнд харж л байгаа. Ер нь төрийн наадмын зүлэг ногоон дэвжээнд барилдах, монгол бөхийн өргөөнд барилдах бөхчүүдийн сэтгэл зүйн өөр л дөө. Бөхийн өргөөнд улс, аймгийн  цолтой бөхчүүдийн ялгаа нэг их гардаггүй. Давж, унаад л барилдаж байдаг. Харин наадмаар бол улсын цолтой бөх гэдэг шал өөр шүү дээ.

           Заалны барилдаанд Ц.Содномдорж арслан Б.Пүрэвсайхан зааныг даваад л байсан. Гэтэл улсын баяр наадамд хоёр удаа таарахдаа унасан шүү дээ. Ер нь заалны барилдаанд сайн барилдаж байгаа бөх улсын баяр наадмаар сайн барилдахгүй тал ажиглагддаг. П.Сүхбат гарьд гэхэд О.Балжинням аваргатай 15,16 удаа учраа даарч барилдахдаа ганц удаа унасан улсын баярын наадмаар.

Энэ жил цолоо ахиулж магадаггүй бөхчүүд гэвэл Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Б.Чимэдвандан, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр нарыг  харж байна

-Энэ жилийн хувьд ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам давхар тохиож байна шүү дээ. Ер нь тэгш ойн баяр наадмуудаар баяр цолтой бөхчүүд ихэвчлэн түрүүлж байсан бол?

           -Энэ жилийн хувьд төр улсын маань тэгш ойн баяр наадам болох гэж байна. 100 жилийн ойн баяр наадам гэдэг бол түүхэн том ой. Эрт дээр үеэсээ монголчууд тэгш ойн баярт өндөр ач холбогдол өгч ирсэн түүхэн уламжлалтай. 1921 оноос хойш түрүүлсэн алдар цуутай аваргуудыг харж байхад  1931 онд улсын арслан М.Лхагва түрүүлсэн байдаг. Харин 1941 онд Б.Түвдэндорж аварга, 1951 онд Ж.Цэвээнравдан аварга, 1981 онд даян аварга С.Цэрэн түрүүлсэн байдаг. Энэ мэтчилэн 1971, 1981 оны барилдаанд Дархан аварга Х.Баянмөнх, 1991 онд О.Балжинням аварга түрүүлсэн. 2001 онд дархан аварга А.Сүхбат, 2011 онд С.Мөнхбат аварга түрүүлсэн гээд аварга цолтой бөхчүүд тэгш ойг давамгайлсан байдаг л даа. Энэ мэтчилэн түүхэн барилдаануудыг харах юм аварга цолтой бөх дээшээ гарч ирэхийг үгүйсгэхгүй юм.

Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

       -Баярлалаа. Танай хамт олонд болон Монголынхоо нийт ард түмэндээ ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмын мэнд хүргэе. Хүн болгон сэтгэл тэнүүн, хүн малын зоо тэнэгэр сайхан наадахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.


ТАЙЛБАРЛАГЧ Ц.БАТНАСАН: Энэ жил Архангайн бөх түрүүлэх болов уу гэж таамаглаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-06 23:08:15
    Зочин: Увс аймгийн начин түрүүлнэ. Бүрэнтөгс үзүүрлэнэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-06 12:28:26
    Зочин: Ховдын 2 харцага 7- ийн даваанд тунаад давсан нь түрүүлнэ. Унасан нь харцага цолтойгоо ирэх жилийн наадмыг хүлээнэ. Үзүүр бөх Архангайгаас тодрох болов уу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-06 12:26:56
    Зочин: Ховдын 2 харцага 7- ийн даваанд тунаад давсан нь түрүүлнэ. Үзүүр бөх Архангайгаас тодрох болов уу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-06 11:15:45
    Зочин: Энэ жил батсуурь бүрэнтөгс 2 ын нэг нь түрүүлнэ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-06 11:15:44
    Зочин: Энэ жил батсуурь бүрэнтөгс 2 ын нэг нь түрүүлнэ.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188