• Өнөөдөр 2024-03-29

Г.ДОРЖЖАНЦАН: Ижил хүйстэн гэж харахаасаа илүү хүн гэдгийг нь бодох хэрэгтэй

      "Тэгш эрх бахархлын сар"-ын хүрээнд өөрийгөө нээлтmэйгээр илэрхийлж, эрхийнхээ төлөө зогсолтгүй тэмцдэг залуусын төлөөлөлтэй ярилцсан юм. Түүнийг Ганбаатарын Доржжанцан гэдэг, оюутан цагаасаа "ЛГБТ" төвд сайн дурын ажил хийж эхэлжээ. Тэрбээр эмч мэргэжилтэй бөгөөд төвийнхөө эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер хийж байна.

-Бахархлын сарын мэнд дэвшүүлье. Таны өөрийгөө бусдад нээж, ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрч байсан түүхээс яриагаа эхлэх үү?

    -Би хамгийн анх охин дүүдээ ижил хүйстэн гэдгээ хэлж байсан. Дүү маань эергээр, хайрлаж хүлээж авсан учраас цааш туулах зам илүү амар санагдсан юм болов уу. Аавдаа 25 настай байхдаа хэлж байлаа. Одоогоор ээждээ бүрэн хэлж чадаагүй байгаа, бусад дотнын хүн маань намайг ижил хүйстэн гэдгийг мэддэг.

-Ижил хүйстэн гэдгээ хэнд хэлэх хамгийн хэцүү байсан бэ?

    -Хамгийн хэцүү нь аав, ээж хоёр юм билээ. Тэр хоёр хүн ойлгоод хүлээн авчихсан тохиолдолд бусад хүний хандлага тийм ч чухал биш. Миний хувьд нээлттэй амьдраад удаж байна. ЛГБТ эрхийн төлөө олон жил ажиллаж байгаа учир өөрийнхөө түүхийг ярих хэрэгтэй болдог. Ер нь өөрийнхөө бэлгийн чиг баримжааг бусдад нээх үйл явц хэзээ ч дуусахгүй юм билээ. Би шинэ хүнтэй танилцах бүрдээ тэр хүнд өөрийнхөө талаар заавал тайлбарлах шаардлагатай болдог. Ингээд олон хүнд өөрийгөө нээгээд явахад хэлэхэд хамгийн хэцүү нь аав, ээж байсан. Хэчнээн хэлье гэж бодсон ч нүүр рүү нь хараад хэлэх гэж зориг төрдөггүй, ам эвлэдэггүй байсан.

-Хэзээ өөрийгөө ижил хүйстэн гэж хүлээн зөвшөөрсөн бэ?

    -Хүн бүрийн түүх харилцан адилгүй байх. Гэхдээ хамгийн гол нь өөрийгөө хүлээн зөвшөөрч байж дараагийн алхмаа хийнэ. Хүлээн зөвшөөрөх нь өөрийгөө хайрлах томоохон алхам. Би өөрийгөө хайрлаж байж бусад хүмүүсийг хайрлаж чадна гэж боддог. Миний хувьд ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрөхөд “ЛГБТ” төв их тус болсон. Арван жилээсээ энэ төвдөө сайн дурын ажил хийдэг байлаа. Бусад хүмүүсийн түүхтэй харьцуулахад өөрийнхөө түүхийг хамаагүй эерэг гэж боддог.  Би өөрийгөө хүлээн зөвшөөрөх эгзэгтэй мөчдөө өөрийгөө хайрлаад сурчихсан хүмүүсийг харж, нэг орчинд хамтран ажиллаж, нэг зорилгын төлөө явсан учраас хамаагүй амар байсан.

-Залуучууд “ЛГБТ”-ийг илүү ойлгож хүлээж авдаг юм шиг санагдсан. Гэхдээ ойлголтод хэр ахиц гарсан болов уу?

    -Би одоо 30 хүрч байна. Миний 16,17 настай байх үеийн байдал одоогийнхтой харьцуулахад асар ялгаатай. Тэгэхээр би энэ таниулах хөдөлгөөнтэй хамт байж нүдэн дээр өөрчлөлт гарч байгааг харсандаа азтай гэж боддог. Хүмүүсийн авч байгаа мэдээлэл илүү бодитой өөр болсон. “ЛГБТ” төв илүү өргөн хүрээтэй ажиллаж, залуучууд өөрийгөө дэмжих орон зайг олоход нээлттэй болжээ.

-Ингэж эерэг хүлээж авч байгаад юу нөлөөлж байгаа бол?

    -Эерэг болоход нөлөөлж байгаа ганцхан зүйл нь мэдээлэл. Мэдээлэлгүй орчинд хүмүүс мэдэхгүй чадахгүй зүйлээсээ айдаг. Гомофоб , трансфоб гэдэг үг “фобия” буюу айдас гэсэн үгнээс гаралтай. Хүн мэдэхгүй байгаа зүйлээсээ айдаг. Мэдээлэл нээлтэй болсноор хүмүүс энэ талаар мэдээлэлтэй болж түүн дээрээ дүгнэлт хийснээр айдсаа давж байгаа. “ЛГБТ” төв монголын нийгэмд мэдээлэл, мэдлэг түгээх гэж 15 жил ажилласан байна. Дэлхий даяар бахархлын өдрүүдийн хүрээнд хуулийн хэлэлцүүлэг, урлагийн тоглолт, ЛГБТ мэдээлэл өгөх өдөрлөгүүд зохион байгуулагддаг.  

-Монгол Улсад “ЛГБТ” ТББ-ыг нээж байсан дурсамжаасаа хуваалцаач?

    -Энэ төрийн бус байгууллыг 2006 онд зургаан хүн хамтран үүсгэн байгуулсан. Харамсалтай нь төрийн бус байгууллага байгуулчхаад албан ёсоор бүртгүүлэхийн тулд гурван жилийг зарцуулсан. Бид 2006-2009 он хүртэл иргэний бүртгэл мэдээллийн төв болон Монгол Улсын төрд “ЛГБТ” төвийг таниулж албан ёсны зөвшөөрөл авахын тулд тэмцсэн. "ЛГБТ" төв 2009 оноос үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

-Хүмүүс ижил хүйстэн байх нь төрөлхийн болон олдмол гэсэн хоёр ангилалтай гэж боддог. Ийм байх боломжтой юм уу?

    -Бэлгийн чиг баримжаа төрөлхийн зүйл ба өөрчлөгдөх боломжгүй. Ихэнхдээ бэлгийн бойжилтын насанд илэрдэг. Хүнд уруу татагдаж, эсвэл шохоорхож, сонирхсоноос болж бэлгийн чиг баримжаа өөрчлөгддөггүй. Ер нь “ЛГБТ”  зөвөөр ойлгогдсон үе маш цөөхөн, ихэнхдээ буруугаар ойлгогддог. Иргэдийн дунд "ЛГБТ хүмүүсээс үр хүүхдээ аваръя" гэсэн хөдөлгөөн их эрчимтэй явагддаг. Энэ бол мэдээллээс хол байсны үр дагавар. “ЛГБТ” асуудлыг хүний эрх гэдэг утгаар харж ойлгох хэрэгтэй.

-АНУ, Тайланд орнууд “ЛГБТ” төрлийн кино, уран бүтээл их хийдэг. Тэр талаараа ч юм уу иргэд нь илүү нээлттэй байдаг. Тэгэхээр урлаг тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байна гэсэн үг үү?

    -Миний бодлоор урлаг, энтертайнмент салбар хүний эрхийн онцлог, ялгаатай байдлыг эергээр хүмүүст таниулах, мэдээлэхэд хамгийн том үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улсын урлагийн хөгжил нь  ЛГБТ асуудал дээр хэрхэн хандаж байна гэдгийн харах хэрэгтэй. Би итгэлтэй хэлнэ, Монгол Улс энэ тал дээр хэзээ ч нөхөрсгөөр хандаагүй, сөрөг байдлаар олон жил харуулсан. Тэр дундаа хошин урлаг бүхэл бүтэн нэг үеийг хүмүүжүүлчихсэн. “ЛГБТ хүмүүс олдмол, хов живд дуртай, БЗХӨ тараадаг” гэдэг сөрөг өнцгөөр харуулсан. Тиймээс бүтэн нэг үеийн хүмүүс биднийг сөргөөр харж, нэгнийгээ дооглож дээрэлхэхдээ ЛГБТ хүмүүсийг оролцуулдаг болсон.

-Ингээд харахад ЛГБТ хүмүүсийг нээлттэй болоход хамгийн их тусалж байгаа зүйл нь цахим орчин юм шиг санагддаг?

    -Залуу хүмүүсийн ойлгож, илүү хүний эрхийн мэдрэмжтэй байгаа шалтгаан нь орчин үеийн технологитой холбоотой. Миний бага нас, эцэг эх, эмээ өвөөгийн үед цахим орчноос мэдээлэл авах боломж байгаагүй. Тэгэхээр биднийг ойлгохгүй байгаа томчуудын буруу биш, бүрэн дүүрэн мэдээлэл авч байгаагүй, эсвэл анх удаа сонссон хүмүүс учраас гайхаж, айх нь ойлгомжтой. Мөн ЛГБТ хүмүүсийн хувьд өөрсдөө их хүлээцтэй ханддаг байх хэрэгтэй. Хүнд өөрсдийнхөө талаар нэг тайлбарлана, тэр хүн ойлгоогүй бол дахиад хэдэн удаа ч хамаагүй тайлбарлах хэрэгтэй.

-Таны хувьд гадуурхалд өртөж байсан уу?

    -Миний хувьд ажлын байран дээр гадуурхалд өртөхгүй. Учир нь, би намайг ойлгодог хүмүүстэй хамт ажиллаж байгаа. Гэхдээ бусад хүний хувьд Монголын нөхцөлд “Би ижил хүйстэн” гэж хэлээд ажилд орох боломжгүй. Ажилд орсон хүмүүс нь өөрийгөө нээлттэйгээр илэрхийлэх боломжгүй. Хүмүүс “ЛГБТ байх нь ажилтай ямар холбоотой юм бэ” гэж асуудаг. Хэн ч гэр бүлийн байдал, хайр дурлалаа ажлын байран дээр нуугаад явах боломжгүй. Хүмүүс цайны цаг, амралт чөлөөт цагаараа гэртээ болсон үйл явдлаа нэгэнтэйгээ хуваалцаж, ярилцана. Ингээд яах аргагүй хүний бэлгийн чиг хандлага ил болдог.

-Найзууддаа өөрийгөө нээх үед хэрхэн хүлээж авсан бэ?

    -Анх өөрийгөө бусдад хэлж эхлэхэд тийм ч сайхан байгаагүй. Сүүлдээ хүмүүсийн хүлээж авч байгаа хандлагад би дасаж эхэлсэн. Найзууддаа хэлэх үед ихэнх нь “Би мэдэж байсан” гээд харьцангуй хөгжилтэйгөөр хүлээж авсан. Одоо  хүн бүрд өөрийгөө ижил хүйстэн гэж хэлээд байх шаардлага байхгүй, ерөнхийдөө миний харьцах ёстой хамааралтай хүмүүс мэддэг болсон.

      Би чинь ижил хүйстэн гэдгээсээ илүү хүн шүү дээ. Надад олон чадвар байгаа, зөвхөн ижил хүйстэн гэдэг үг намайг тодорхойлохгүй. Гэхдээ амьдарч байгаа нөхцөл байдал, орчноос шалтгаалаад миний ижил хүйстэн гэдэг хүмүүст илүү чухал болоод байна.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

    -Би эмч мэргэжилтэй, нийгмийн эрүүл мэндийн судлаачаар ажиллаж байна. “ЛГБТ” төвдөө оюутан байхаасаа эхлээд ажиллаж байна. Миний хувьд цаашдаа ЛГБТ, хүний эрхийн хөдөлгөөнд хувь нэмрээ оруулмаар байна. Гэхдээ илүү академик түвшний судлаачийн үүднээс хувь нэмрээ оруулахыг зорьж байна. ЛГБТ хүмүүсийг “дэмж” гэж явахаасаа илүү энэ хүмүүсийн амьдрах орчин нөхцөл байдал, эрүүл мэндийн талаар бодит шинжлэх ухаанд үндэслэсэн баримт нотолгоог бий болгохыг хүсдэг.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.
    

              -Баярлалаа.
 


Г.ДОРЖЖАНЦАН: Ижил хүйстэн гэж харахаасаа илүү хүн гэдгийг нь бодох хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188