• Өнөөдөр 2024-05-04

Б.ГОМБО-ОЧИР: Урлагийн хүнийг чиглүүлж, удирдаж байдаг хүн бол хүний хань байдаг

Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын VI уралдаан ОХУ-ын нийслэл Москва хотод зохион байгуулагдлаа. Тус уралдаанд Монгол Улсыг төлөөлж УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Б.Монголхүү, СТА Б.Гомбо-Очир нар оролцлоо. Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд  СТА Б.Гомбо-Очир VI байрт шалгарлаа. Тэрбээр СУИС-ийг гавьяат жүжигчин Д.Банди, О.Ичинхорлоо нарын удирдлага дор дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн бөгөөд 2011 оноос өнөөг хүртэл УДБЭТ-ын гоцлол дуучнаар ажиллаж байгаа юм.

Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрсөн оны аравдугаар сард СТА Б.Гомбо-Очир болон түүний эхнэр А.Хишигтогтох нартай ярилцаж байсан ярилцлагыг сэргээн нийтлэв. 

 “Гомбо-Очир оо, Гомбо-Очир оо, Гомбо-Очир оо”... Тиймээ, таны таних, өнгөрсөн долоо хоногт телевизийн “Эхнэрийн заавраар” шоу нэвтрүүлгийн “од” Б.Гомбо-Очирыг бид эхнэр А.Хишигтогтохын хамт тантай уулзуулж байна. 
 
-Сайн байцгаана уу. Та хоёр “Эхнэрийн заавраар” хоолны шоу нэвтрүүлэгт оролцох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-А.Х- Өмнө нь олны танил эрхмүүдийн оролцсон дугаарыг үзэж байлаа. Их сонирхолтой нэвтрүүлэг санагдаж байсан юм. Харин тус нэвтрүүлгийн уран бүтээлчид бидэнд есдүгээр сарын 15-нд нэвтрүүлэгтээ оролцох санал тавьсан. Анх удаа нөхөртэйгөө хамт нэвтрүүлэгт оролцох гэж байгаа болохоор дуртай хүлээж аваад, аравдугаар сард бид зурганд орсон. Би ТВ9, ETV-д ажиллаж байсан болохоор телевизийн шоу нэвтрүүлэг ямар байдаг вэ гэдгийг тодорхой хэмжээнд мэднэ. Манай нөхөр тэр бүр гал тогоонд ойртоод байдаггүй болохоор түрүүлэхгүй нь тодорхой байсан. Зүгээр л цаг нь дуусахаас өмнө хоолоо хийгээд дуусгана гэсэн төлөвгөөтэй орсон. 
 
-Б.Г-Тийм олон хүнд хүрнэ гэж огт бодоогүй. Манай гэр бүлийн оролцсон дугаар уг нь арванхоёрдугаар сарын дундуур цацагдана гэж байсан. Гэтэл тусгай дугаарынхаа хамгийн эхэнд гаргачихсан. Анх нэвтрүүлэг ням гарагт гарна гээд шторк явж эхлэхэд л сандарч эхэлсэн. “Ханиа яана аа, энэ чинь монтажны нэвтрүүлэг гэсэн биз дээ. Өөрийнхөөрөө байсан нь буруудав уу” гээд миний эхнэр хэсэг шаналсан. Би чинь дуу муутай төрлийн хүн болохоор “За яах вэ. Болно шүү дээ” л гэсэн. 
-Өөрийнхөө галт тогоонд тэр бүр ойртоод байдаггүй хүн өөр газарт тэгж сандрах нь аргагүй юм даа? 
-Б.Г- Хэрэв гэрийнхээ гал тогоонд байсан бол аяга, таваг, хоолны амтлагчаа хаана байгааг мэднэ шүү дээ. Хүний юман дээр очих чинь хүнийх л байдаг юм байна лээ. Манай гэрт бол ядахдаа л амтлагч, давс, таваг хаана байгаа нь тодорхой байдаг. Гэтэл нэвтрүүлгийг шоу болгох үүднээс юм уу, эсвэл оролцогчдыг сандаргах гэж тэгдэг юм уу, бүү мэд. Хоолны амтлагчийг хүртэл олоход төвөгтэй газар тавьчихаар сандарч ядаж байгаа хүн бүүр самгардаж байгаа юм. 
 
-А.Х- Тэгэлгүй яах вэ. Харин ч миний хань хоолоо дутуу хийгээгүй шүү дээ. Солонгос хоол тулдаа хийгээд дуусгасан байх. Хэрэв бидний сайн мэдэхгүй, далайн гаралтай амьтны хоол хийх болбол яана. Манай нөхөр чинь урлагийн хүн учир гэртээ хоол хийх нь өдрийн од шиг. Харин буузны мах хэрчих, мах жижиглэх гээд бэлтгэл ажлыг сайн хийнэ. Нэвтрүүлгийн үеэр “Ханиа би энэ махыг чинь хутгаар хэрчвэл хамаагүй гоё болох юм байна” гэж байгааг нь харсан биз дээ. (инээв). 
 
-Та яг ямар үед нөхрийнхөө нэрийг бүтнээр нь дууддаг юм бэ?
-Б.Г- Эхнэрийн уур хүрэх л юм бол хэзээ ч хамаагүй дуудна (инээв). Шоуны найруулагч эхнэрүүдтэй чихэвчээр холбоо барьж, стрессийг нь хөдөлгөдөг юм билээ. Тэгэхээр бүүр илүү давчидсан байж магадгүй. Гэхдээ бүтэн нэрээр дуудна гэдэг нь сануулга өгч байна гэсэн үг. “Чи болохгүй байна шүү. Тэр үйлдлээ зас” ч гэдэг юм уу. Хэрэв би гэртээ байсан бол регистрийн дугаартайгаа дуудуулж байхгүй юу. Би ч гэсэн “Нөхрийн заавраар” гээд нэвтрүүлэгт зааварлагч хийсэн бол “Хишигтогтох оо” гээд хэдэнтээ дуудах байх. Магадгүй регистрийн дугаар, хадам аавынхаа нэрийг ч чангаар дуудахыг үгүйсгэхгүй. Манай гэр бүл гурван хүүхэдтэй, би хүүхдүүдээ болохгүй зүйл хийвэл бүтэн нэрээр нь дууддаг юм. Тэгэхээр миний хүүхдүүд “Аан, аав үүнийг хийж болохгүй гэж байгаа юм байна. Аав дургүйгээ илэрхийлж, анхааруулж байна” гээд их сайн ойлгодог. Гэхдээ хүний нэрийг бүтнээр нь дуудна гэдэг сайхан шүү дээ. Гэхдээ миний 14 настай хүү нэвтрүүлэг үзчихээд ээжийнхээ талд орж байна лээ. “Ээж өөрийнхөөрөө байсан нь гоё байна. Хүмүүс юу хэлэхийг бүү тоо” гэсэн, хөөрхөн байгаа биз дээ. 
 
-А.Х- Уурлаад байгаа байж “Ханиа, ээ хайраа” гээд байх чинь өөрөө дүр эсгэж, үзэгчдийг хуурч байна гэсэн үг шүү дээ. Би ер нь өөрийнхөөрөө л байх дуртай. Тэр үед өөрийнхөөрөө л байсан. Гэхдээ нэвтрүүлгийн үеэр бол сүртэй, асуудал үүсэх хэмжээний уурласан гэж бодохгүй байгаа. Хүний л амьдрал юм хойно сайдах, муудах үе байна шүү дээ, Гомбо-Очир оо гэж дууддах үе бий бий. Тэр бүрт миний хань бүгдийг ойлгож, миний үгнээс гарахгүй байхыг хичээдэг байх. 
-Шоу талаас нь ойлгож авсан үзэгчдэд бол сонирхолтой байсан байх. Нөгөө талаас зарим хүн бас элдвээр хэлж байх шиг байна. Нэвтрүүлэг үзсний дараах сэтгэл зүй ямар байна вэ? 
-Б.Г- Миний эхнэр бол хүчирхэг эмэгтэй. Гал цог нь дүрэлзсэн сайхан эмэгтэй байгаа биз дээ. Хэн ч, хаанаас нь ч харсан хүчирхэг гэдэг нь тодорхой. Тийм болохоор би “Бусад юу гэж хэлэхийг бүү тоо” гэж эхнэртээ хэлж байгаа. Хүмүүсийн сошиалд бичиж байгаа сэтгэгдлийг уншчихаад “Ханиа, тэд яагаад хүнийг амьдралыг биднээс илүү мэдээд байгаа юм бол” гэж хүртэл асуусан. Хүмүүс өөр өөрийнхөөрөө л хүлээж авлаа. Гэхдээ миний эхнэрийг надаас илүү мэддэг юм шиг бичиж байгаа хүмүүс шоу гэдгийг ойлгоорой. Та нарын хэлээд байгаа ууртай, нөхрөө базчихсан гээд байгаа энэ эмэгтэй чинь миний амьдралын зааварлагч, туслах, ар тал, бүх зүйл минь юм шүү дээ. Тийм ч учраас би ардаа санаа зовох зүйлгүй  ДБЭТ гэх том айлын гоцлол дуучнаар ажиллаж байна. Урлагийн хүнийг чиглүүлж, удирдаж байдаг хүн бол хүний хань байдаг юм аа. Эрэгтэй хүн гэхээр л эмэгтэй  хүнээс илүү хүчтэй, эрх мэдэлтэй байх ёсгүй биз дээ. Тэр болгоныг эмэгтэй хүн тэнцүүлэх нь зүйтэй. 
 
-А.Х Ямар ч байсан дараагийн дугаар нь хурдхан гараасай гэж хүсэж байна. Тэгвэл олны хэл ам өөр тийш хандах байх аа. Анхандаа бол ганц нэвтрүүлэгт ханьтайгаа хамт орсон биш сошиалаар баахан балбууллаа гээд их эмзэглэж байлаа. Харин таньж, мэддэг хүмүүс “Өөрийнхөөрөө сайхан байж, бусдыг хөгжөөж, шоу нэвтрүүлгийг жинхэнэ утгаар нь шоу болголоо” гээд урам өгсөн. Миний хань чинь гал тогоонд хэдийгээр удаан, чадваргүй харагдаж байгаа ч ажил, амьдралын хувьд номер нэг хүн шүү дээ. 
-Нэвтрүүлгээ дуусгаад гарах мөч ямар байв? 
-А.Х- Санаа амраад сайхан байсан. Гарч ирээд би нөхөртөө “Чи яагаад хүний үгэнд орохгүй байгаа юм бэ. Би арай муухай орилчихсон уу” гэж ярилцаад, гэр рүүгээ хөтлөлцөөд л алхсан даа. 
 
-Б.Г- Нэвтрүүлгийн хугацаа маш хурдан өнгөрсөн. Будаагаа агшаагаад, түлж ч амжаагүй байхад 30 минут өнгөрчихсөн гээд бод доо. Тэгээд дөнгөж учраа олж эхэлж байтал нэвтрүүлгийн цаг дуусчихсан. Их сандарсан болохоор гэр рүүгээ харихдаа бүтэн амьсгалж, эхнэрээ бүүр илүү их хайрласан. Хөөрхий алгын чинээхэн эмэгтэйг би ямар ч их бачууруулав даа гэж үе үе бодогдсон. Гэхдээ тийм сүртэй зүйл бол болоогүй ээ. Олон юм зэрэг хийх чадваргүй байдаг нь эрэгтэйчүүдийн онцлог байх. Эмэгтэйчүүд бол бүх зүйлийг зэрэг амжуулж чаддаг шүү дээ. Тэнд ч нэг будаагаа агшаагаад л, салатаа хийгээд, махаа хуураад гээд л хоолыг бол дор нь л хийдэг юм билээ. Би ер нь дуу цөөтэй хүн. Анх бүүр ярьж чаддаггүй байсан юм. Гэхдээ урлагийн хүн болохоор яалт ч үгүй камерын өмнө ярьж сурах хэрэг гардаг. Миний эхнэр ярьж суртал минь намайг дэмжсэн. 
-Та хоёрын амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-А.Х- Манай унталгын өрөөний ханан дээр улаан өнгөтэй, зүрхэн хэлбэртэй гэрийн дотоод журам гэж байдаг. Түүн дээр хүүхдүүдийнхээ хажууд муудалцахгүй, нэгнийгээ ойлгоно гэх мэт журам. Журам дээр гадуур, дотуур олон удаа гарахгүй, гэр бүлээрээ жилдээ нэг удаа холын аялал хийх гэх мэт байдаг л даа. Мөн хамгийн гол нь асуудал гарвал бие биедээ заавал хэлж, ярилцах ёстой. Ерөөсөө л манай гэрийн алтан дүрэм ярилцах. Залуус хүмүүс учраас журмаа биелүүлэхгүй үе гэж байна. Тэгэхээр том хүү минь “Өр чинь нэмэгдээд л байна шүү” гэдэг. Журмаа биелүүлээгүй тохиолдолд хүүхдүүд маань торгох арга хэмжээ авдаг юм. 
-Б.Г- Эхнэрийнхээ заавраар л өдий зэрэгтэй амьдарч байна шүү дээ.

Б.ГОМБО-ОЧИР: Урлагийн хүнийг чиглүүлж, удирдаж байдаг хүн бол хүний хань байдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-02 13:19:57
    onon: hen ch kameriin umnu 1 tsag jujiglej chadna nadad bol yag uuriinhuuruu il zantai busgui sanagdsan shu ene olon yum yariad bga humuus yas yuman deeree gertee yaj nuhurteigee alaltsdag boldo gej bodogdson
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-02 10:12:52
    zulaa: Mundag hosuud bna. Amjilt hvsie. Sonirholtoi saihan newtrvvleg bolson shvv. ta 2 oroogvi bol sonirholgvi bh blaa. Nuhur ehner 2 uhaalag umaa amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-01 10:48:16
    Zochin: Нэгэнт түрүүлэхгүй гэж бодож бсан юм бол тэгж муурай ааш гаргах ямар шаардлага бсан юм бэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-31 21:32:13
    Mundag hosuud : Mundag hosuud bnaa
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188