• Өнөөдөр 2024-05-16

Дуу оруулагч Н.ЗОЛЖАРГАЛ: Дуу оруулсан дүр бүрээрээ дахин төрдөг

                “Аугаа зуун” цувралын хүчирхэг Михримах хатнаас “Таёо” хүүхэлдэйн киноны сахилгагүй автобус Рокигийн дүрд дуу оруулсан Н.Золжаргалтай ярилцлаа. Тэрбээр Франц хэлний орчуулагч мэргэжлийг сонгон суралцсан ч, багын мөрөөдлөө марталгүй биелүүлж дуу оруулагч болсон түүхээсээ хуваалцсан юм. Түүний хоолойг бид “Эхнэрийн заавраар” нэвтрүүлгээр сонсдог болоод багагүй хугацааг өнгөрүүлж байгаа юм.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны анхны дуу оруулсан уран бүтээлийн талаар яриагаа эхлэх үү?

                -Сайн байна уу. Дуу оруулагчаар ажиллаж эхлээд  хамгийн анх “Мадагаскар I” хүүхэлдэйн кинонд оцон шувууны дүрд дуу оруулж байсан.

-"Таёо" хүүхэлдэйн кинонд дуу оруулсан юм билээ. Аль дүр дээр нь ажилласан бэ?

                -"Таёо" хүүхэлдэйн киног “Боловсрол” телевизийн захиалгаар манай студи дуу оруулж байлаа.. Хүүхэлдэйн кино дуу оруулах ёстой туслах дүрүүд олон учраас ганцаар тогтохгүй нэлээд дүрд дуу оруулсан. "Таёо"-гийн ногоон автобус Роки, засварчин  Ханна болон киноны өгүүлэгчийн дүрд голлон дуу оруулсан.

-Нэг киноны гурван гол дүрд дуу оруулах амаргүй байсан уу?

                -Дуу оруулагч байна гэдэг дүрийнхээ цаад зан чанарыг сайн ойлгохын нэр. Дүрийнхээ ямар бодолтой, ааштай гэдгийг мэдэхгүй хиймэл дуу оруулчихвал  хүүхдүүдэд хүрч чадахгүй шүү дээ. Миний дуу оруулсан Роки автобус онгироо, эршүүд зантай дүр л дээ.

-Таны хувьд ямар зан ааштай дүрд илүүтэйгээр дуу оруулдаг вэ?

                -Миний хувьд гоё сайхан, ганган эмэгтэй гэхээсээ илүү зан ааш нь байнга өөрчлөгдөж байдаг, хүчирхэг хүний дүрд дуу оруулах сонирхолтой санагддаг. Гэхдээ дуу оруулагч хүний хувьд өөрийн гаргаж чадах, ногдсон дүр бүрдээ дуу оруулдаг.

-Хэдэн жил оруулагчаар ажиллаж байна вэ. Энэ хугацаанд олон ч дүрд дуу оруулсан байх даа?

                -Би 2006 оноос дуу оруулагчаар суралцан ажиллаж эхэлсэн. Энэ ажилдаа хайртай учраас л өнөөг хүртэл ажиллаж байна. Дуу оруулсан уран бүтээлийн хувьд олон бий. Тэр дундаас хүмүүсийн хамгийн сайн мэдэх “Ээж”, “Аугаа зуун”, “Косем”, “Консуни”, “Маша баавгай” зэрэг кинонд дуу оруулж байлаа. Мөн “Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн арын хоолойг уншдаг.  “Аугаа зуун” киноны Нурбану хатан, Михримах хатан,  “Косем” киноны София хатны дүрд дуу оруулсан . Гэхдээ эдгээр кино олон эмэгтэй туслах дүрүүдтэй учраас  хатныхаа дүрд дуу оруулчихаад дахиад шивэгчний дүрд дуу оруулна. Хүн хүч бага учраас дүр бүрд өөр хүн дуу оруулах боломжгүй юм л даа. "Консуни" хүүхэлдэйн киноны Сэм хүү болон найзынх нь дүрд дуу оруулсан.  Эрэгтэй, эмэгтэй дүрд  дуу оруулж байгаа нь хамаагүй,  тухайн дүрийнхээ гол мөн чанарыг л ойлгох ёстой гэж боддог. Би өөрийн хувь хүнийхээ тоглолтыг хийж болохгүй. Дуу оруулах дүрээ сайн ойлгож хоолойг нь гаргаснаар тэр дүр миний хоолойгоор  илүү амилна гэсэн үг шүү дээ.

-Дуу оруулагч мэргэжлийн юу нь таныг ингэж татаж, мэргэжилдээ хайртай болоход нөлөөлсөн бэ?

                -Дуу оруулах бүрдээ өөрийгөө шинээр нээдэг. Би дуу оруулагч байгаагийнхаа ачаар өнөөдөр өндөр, дээд зэрэгтэй хатан болно. Маргааш нь хүүхэд аль эсвэл зарц болдог. Энэ л би өөрийгөө дахин дахин цоо шинээр нээж байгаагийн илрэл.

                Мөн дуу оруулсан бүтээл бүрээсээ өөрт хэрэгтэй ойлголт, мэдрэмжийг авдаг. Мэдээж, энэ бүрээс хамгийн сайхан нь баг хамт олны уур амьсгал шүү дээ. Дуу оруулна гэдэг ганцхан хүний бус баг, хамт олны багийн ажиллагаа. Миний дуу оруулалтыг шууд мэдрэмж гэж хэлнэ. Маш нарийн торгон мэдрэмж. Манай холбоо байгуулагдсаны дараа тооцоод үзэхэд  телевизийн эфирийн ажлын 60-70 хувийг бид нуруун дээрээ үүрч ажилладаг юм билээ. Үүнд уран сайхны кино, нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино багтдаг. Гэхдээ бид арын албанд байж ил гардаггүй учраас үнэлдэггүй юм шиг санагддаг.

 

-Дуу оруулагчид киноныхоо дууг дуулдаг шүү дээ. "Таёо", "Консуни" хүүхэлдэйн киноны дууг дуулах ямар байсан бэ?

                -Бид чинь дуучин биш жүжигчин хүмүүс учраас хэцүү. Дуулах гэхээр хоолой хүрэхгүй,  хажуугаар  хүүхэд болоод хоолойгоо шахчихсан байгаа хүн  өнгө гаргаж дуу дуулна гэдэг амаргүй даваа. "Таёо" хүүхэлдэйн киноны эхлэл, төгсгөлийн дуу болон хүүхдүүдэд чиглэсэн нөлөөллийн хэд хэдэн дууг дуулж байлаа.

-Уран сайхны кино болон хүүхэлдэйн кинон дээр дуу оруулж ажиллахын ялгаа нь юундаа байдаг вэ?

                -Хүүхэлдэйн кино дуу оруулагчаас илүү ур чадвар шаардана. Харин уран сайхны киноны хувьд дэлхий даяар олон хүнд хүрчихсэн  киноны нэр хүндийг би дуу оруулахдаа алдаа гаргаж  унагаах ёсгүй учир хүнд үүрэг хариуцлага хүлээдэг. Зарим үед  орчуулагчаас буруу найруулгын алдаатай бичвэр ирнэ. Тэр үед нь уншиж байгаад засаж ажилладаг. Хүүхэлдэйн киног хүүхдэд л зориулж  дуу оруулж байгаа учраас тэдний онцлогт нь таарсан үг хэллэг хэрэглэнэ.  Хүүхдийн уран бүтээл дээр дуу оруулж байхдаа буруу үлгэр дуурайлал болсон үг хэллэг хэлж болохгүй шүү дээ. Мөн дан амьтдын ертөнцөд өрнөж байгаа хүүхэлдэй жишээ нь “Миний бяцхан одой морь”  кинонд дуу оруулахдаа “Энд  нэг ч хүн байхгүй” гэж ярьж болохгүй.  Утга зүйн алдаатай болно шүү дээ.  Дуу оруулагч хүн өөрөө монгол хэлний мэдэгдэхүүнтэй байх хэрэгтэй.

 

СЭТГЭЛ САНАА НЬ ХҮНД БАЙГАА ХҮНИЙ ДҮРД ДУУ ОРУУЛАХ ХЭЦҮҮ ЮМ БИЛЭЭ

-Анх яагаад дуу оруулагч мэргэжлийг сонгон ажиллахаар болов?

                -Би багаасаа дуучин, жүжигчин, урлагийн хүн  болно гэж боддог байлаа. Жаахан том болоод загвар өмсөгч болно гэж их мөрөөдсөн дөө. Ер нь манай ээж, ах нар их сайхан дуулдаг хүмүүс. Тэр жил намайг их сургуульд ороход урлагийн хүмүүсийн амьдрал тогтворгүй, хэцүү санагдаж байсан юм. Тухайн үед ээж “Урлагаар яваад дэмий, бизнес удирдлага эсвэл хэл судлалаар яв” гэж санал болгосон. Ингээд би франц хэлний орчуулагчийн ангид орсон доо.

                Хоёрдугаар курст байхад багш “Чи хэл сурахгүй ээ, урлагийн сургуульд ор” гэж хэлсэн юм. Тэр үед сургуулиа хаях гэж байгаад багшийнхаа бодлыг буруу гэж батлахын тулд өөртөө "Заавал энэ хэлийг сурна” гэж амлаад  нэлээд сайн дүнтэй төгсөж байв. 

-Дуу оруулж байсан дүрүүдээс нь хамгийн их сэтгэлд үлдсэн дүрийнхээ талаар манай уншигчдад ярьж өгөхгүй юү. Яагаад сэтгэлд тань үлдэв?

                -Уран бүтээл бүр ардаа үлдэцтэй байдаг. Хүнд хүргэх гэсэн нэг санаа зорилготой “Бидэнд ийм зүйлийг хийж болохгүй юм байна” гэсэн санааг өгдөг. Би их хурдан уйлдаг  хүн, Солонгосын  “Hope” гээд  жаахан охиныг ганцаараа хичээлдээ явах замд нь сэтгэцийн өвчтэй, согтуу хүн хүчиндчихдэг, түүнээс болоод охин болон эцэг эх нь хэрхэн шаналж, тэр цаг үеийг хэрхэн даван туулж байгаа тухай гардаг кино бий. Эх хүн хүүхдээ тийм болно гэж огт бодоогүй. Бид ч тэгдэг шүү дээ “завгүй", "ажилтай” гэсэн шалтгаанаар хүүхдээ сонсдоггүй. Тэр кинонд дуу оруулаад "Хүүхдээ анхаарах хэрэгтэй юм байна. Хаана явж, хэнтэй нөхөрлөж, юунд дуртай байна" гэдгийг анзаарч асуух хэрэгтэйг ойлгосон.

-Тус киноны аль дүрд нь голлон дуу оруулсан юм бэ?

                -Би яг гол дүрийн охины дүрд дуу оруулсан. Дуу  оруулж байх хугацаандаа тэр зовж шаналж байгаа охины сэтгэл зүйгээр нь амьдарсан л даа. Тийм хүнд  сэтгэл зүйтэй хүний дүрд дуу оруулах хэцүү юм билээ.

 

"Hope" уран сайхны киноны трейлер, гол дүрийн охин Со Воны дүрд дуу оруулсан жүжигчин Н.Золжаргал

-Дуу оруулж байх явцад тохилдож байсан хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?

                -Заримдаа настай хөгшин эмэгтэй, жаахан хүүхэдтэй харилцаж ярьж байгаа хэсгийн дуу оруулалтыг ганцаараа хийнэ. Тэр үед хоёр хоолойгоо солиод андуураад явчихсан байдаг. Тийм үед инээлдээд дахиад эхнээс нь хоолойгоо бичнэ дээ.

-Дуу оруулагч мэргэжилтэй байхын давуу талын талаар ярих уу?

                -Бидний мэргэжил олон давуу талтай дуу хоолойгоор илэрхийлж болох бүх зүйлсийг хийнэ. Заримдаа хурим найр, ёслол дээр  хөтлөгч хийдэг. Дуу хоолойгоо өөрчилж чадаж байна гэдэг давуу тал. Жишээ нь, нэг цэцэрлэгт үлгэр уншиж өгөхөд дүр бүр дээр нь хоолойныхоо өнгийг өөрчлөн дүрд нь орж ажиллах учраас хүүхдүүд маш анхааралтай, дуустал нь  сонсдог.

 

-Дуу оруулагчаар ажиллахыг хүсдэг, одоо ажиллаж эхэлж  байгаа залууст хандаж үг хэлэхгүй юү?

                -Бид "Хоёр дахь гэр" гэдэс шиг хамаг сэтгэлээ гаргаж ажилладаг байх хэрэгтэй. Зөв хандлагатай, зөв хүн байх ёстой. Хэрэв ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй бол сурахад хэзээ ч оройтохгүй шүү дээ.

 

"Хүнд цохилт" цувралын На эзэгтэйн дүрд дуу оруулсан жүжигчин Н.Золжаргал

 


Дуу оруулагч Н.ЗОЛЖАРГАЛ: Дуу оруулсан дүр бүрээрээ дахин төрдөг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-25 07:40:04
    Нарантуяа : Гайхалтай авьяастай хөөрхөн дүүдээ улам их амжилтыг хүсэн ерөөе. Гэр бүл үр хүүхдүүд нь сайхан бүхнийг хүсье. Гэрэлтсэн ирээдүйг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-23 14:54:22
    Blacklion: Mundag awyastai duu oruulagch jvjigchin ajil amidrald n sain saihan bvhniig hvsie.amjilt
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188