• Өнөөдөр 2024-05-16

У.ОДМАА: Керамик бүтээлүүдээсээ хүн дурлахаар авдаг тэр торгон мэдрэмжүүдийг дахин мэдэрдэг

             “Шавраар бүтээл хийх бүрдээ бага насныхаа нандин дурсамжийг санаж, сэтгэлийн их баяр баясал авдаг” хэмээн ярих бүсгүйг Уранчимэгийн Одмаа гэдэг. Хийсэн бүтээлээ хараад цааш урагшлах хүчийг авдаг гэх тэрбээр өөрийн мэдрэмжийг бүтээлээрээ дамжуулан бусдад хүргэдэг ажээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар яриагаа эхлэх үү?

    -Цар тахалтай холбоотойгоор сүүлийн үед шинэ уран бүтээл хийсэнгүй. Сүүлд “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улсаас 18 уран бүтээлч  шалгарч явсны нэг нь би. Тэр үзэсгэлэнд миний хоёр уран бүтээл орсон. Өмнө нь хийсэн “Тоглоё, Хайрлая” цуврал бүтээл,  2021 оны сүүлчээр хийгдсэн “Art is a vaccine” гэсэн будда масктай бүтээлүүд байсан. Одоогоор  шинэ  уран бүтээл хийх гээд судалгаа, туршилтын ажил дээрээ явж байна.

-Таны уран бүтээлийн цуглуулга дунд буддагийн төрх, хэв шинжийг хадгалсан бүтээл цөөнгүй  байдаг. Хүссэн хүн болгон буддагийн төрхийг гаргаж чаддаггүй юм билээ. Таны хувьд хэр урт хугацаанд судалгаа хийсэн бэ?

    -Буддагийн дүрийг шүтээний шинж чанартайгаар хийхэд нарийн дэг журам, сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй. Мөн бурхан урлалын чиглэлээр мэргэшиж, хийдэд бясалгал хийх хэрэгтэй болно. Миний бүтээсэн буддагийн дүр шүтээний зориулалтай байгаагүй. Анх хийх болсон шалтгаан нь  хэдэн жилийн өмнө нь надаар хийлгэхийг хүссэн засварын ажлаас болсон юм. Хуучин Буддагийн маскийн чих, болон зарим хэсэг нь хагарч гэмтсэн байсан. Засварын ажлыг хийх  хугацаанд надад ер бусын мэдрэмж өгч, нэг л зүйл нь намайг татаад байсан. Тэгээд яг юу нь намайг ингэж татаад байгааг мэдэхийн тулд судалсан, өөрийнхөөрөө дахин дахин хийсэн. Шүтээний зорилгоор хийсэн бол бурхан урлаач хүн миний бүтээлийг хараад асар их алдаатай байгааг хэлэх байсан. Гэхдээ анхнаасаа миний бүтээл шүтээн биш, уран бүтээл болохоор хийгдсэн. Би уран бүтээл, урлаг болгож хийж байгаа учраас будда хийж чадах, чадахгүйн талаар ярьж болохгүй байх. Ерөнхий байдал нь будда хэдий ч би шинэ өнгө, загвар, техник ашиглаж хийдэг.

-Энэ онд болж өнгөрсөн эмэгтэй уран бүтээлчдийн “Саарал хайрцаг” үзэсгэлэнд ямар уран бүтээлээрээ оролцож, юуг илэрхийлэхийг хүссэн бэ?

    -Тус үзэсгэлэн жил бүр уламжлал болгон тавигддаг. Энэ жилийн хувьд урлаг судлаач Д.Баярцэцэг зохион байгуулахдаа нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг эмэгтэй уран бүтээлчид хурцаар гаргаж бүтээлээ хийхийг санал болгосон. Миний хувьд өөрийнхөө шинж чанарыг тусгасан ямар бүтээл хийх ээ удаан хугацаанд бодсон. Тэгээд эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл ашиглахаар шийдсэн. Учир нь, эмэгтэйчүүд бүгд хэрэглэдэг, байнга байж л байдаг. Гэтэл олон нийт үүнийг буруугаар ойлгох тохиолдол байдаг. Би өөрөө өсвөр насны охинтой, ээж хүн. Өсвөр насны охид, эмэгтэйчүүд амьдралын нь явцад гарч ирж байгаа шинэ үйл явдлуудад дасах хэрэгтэй болно. Гэтэл шинэ зүйлсийг таньж мэдэх дасахаасаа илүү ичих тохиолдол олон байдаг юм байна. Тэгээд энэ сэдвээр хийхийн тулд судалгаа хийсэн.

             Бусад уран бүтээлчид олон удаа энэ сэдвийг хөндөж гаргасан юм билээ. Ариун цэврийн хэрэглэл дээр юм бичээд олон нийтийн газар наасан, маш том ариун цэврийн хэрэглэл хийсэн гээд олон жишээ байсан. Тэгээд би өөрөө керамик уран бүтээлч учраас керамикаар хийхээр шийдсэн. Гэхдээ керамик урлал гэдэг амархан зүйл биш шатааж, хатаах явцад хагарал үүссэн. Тэгээд бэлэн ариун цэврийн хэрэглэл ашиглахаар болж харин дээр үг бичихээр шийдсэн. Бичих үгээ сонгох гэж их удсан. Эмэгтэйчүүдтэй асуудал нийгэмд маш их байгаа тэрийг өөрчлөхийн тулд нийгмийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Тиймээс бүх шийдэл, шийдвэр хайр дээр үндэслэх хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс тамган дээр “Бүх шийдэл хайр дээр үндэслэх ёстой” гэсэн бичээд арван боодол ариун цэврийн хэрэглэл аваар тамгалаад яг бичиг хэргийн ажилтны ширээ шиг, тэр хэрэглэлүүд албан бичиг шиг харагдах байдлаар өрж тавьсан.Зарим хүмүүс хараад шууд ойлгож хүлээж аваагүй. Харин уран бүтээлчид ойлгож, шинэлэг гэдэг утгаар нь хүлээн авсан.

-Та сая өөрийнхөө хэв шинжийг уран бүтээлдээ шингээх гэж ярьсан шүү дээ. Таны хувьд бусад уран бүтээлчдээс ялгардаг хэв шинж, онцлог нь юу юм бэ?

         -Уран бүтээлчид хүссэндээ нэгнээсээ ялгардаггүй байх. Аливаа бүтээлийг хийж байх явцад мэдрэгдэж байгаа мэдрэмж, нөлөөлөл сэтгэгдэл нь уран бүтээлд нь шингэдэг. Харин уран бүтээлчдийн ажиллах төрөл нь ялгардаг. Миний хувьд Солонгос Улсад  график зургийн гурван сарын сургалтад хамрагдаж байсан. Тэндээс сурсан зүйлээ керамик урлал дээрээ ашигладаг. Уран бүтээлчдийн хувьд аливаа асуудлыг яаж дүгнэж түүнийгээ илэрхийлж байгаа байдал нь  онцлог болдог.

СОЁЛЫН ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙГ ХАРААД ӨРӨВДСӨН

-Керамик урлалаар ажиллах болсон талаар яриагаа үргэлжлүүлэх үү. Багадаа ямар хүүхэд байв?

           -Өгөгдөл байсан юм болов уу. Багаасаа юун дээр ч хамаагүй зураг зурдаг хүүхэд байсан. Чүдэнзний хайрцаг, сонины цаас гээд олдсон болгон дээр зураг зурна. Тэгээд  есдүгээр ангид байхдаа “Ногоон морь” коллежид орж  уран зургийн ангийг  төгссөн. Төгсчихөөд СУИС-д зурсан зургуудаа бариад, уран зургийн ангид орох гээд зогсож байсан чинь намайг керамик урлалын ангид орохыг санал болгосон. Тэгээд өөрөө юу мэдэхгүй байх керамикийн ангид орж байсан. Их сургуулиа төгсчхөөд багшийнхаа туслахаар гурван жил ажилласан. Одоо бол чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.

-Керамик эдлэлийн талаар сайн мэдэхгүй ангидаа оржээ. Хичээлээ заалгаад хамгийн анхны бүтээлээ  хараад ямар сэтгэл хөдлөлийг мэдэрсэн бэ?

        -Хүн төрөлхтнийг бий болсны дараа хамгийн ойр байсан соёлын материал нь шавар байсан гэдэг. Тэр утгаараа шавар хүнийг өөртөө дурлуулчихдаг. Шавраар нэг удаа бүтээл хийсэн бол дахин өөр зүйл хийх хүсэл ундарч байдаг. Өөрийнхөө хийсэн зүйлийг хэрэглээндээ ашиглаад байхаар улам керамик эдлэлд хайртай болж цаашаа үргэлжлүүлэн хийх урам авдаг. Манай сургууль чинь хуучин барилгатай тэгээд шавраар уран бүтээл хийх анги учир шавах ихээр овоолчихсон шороо бужигнасан л газар байгаа шүү дээ. Тэрийг анх харчихаад “Би юунд ороод ирчих вэ ээ” гэж бодсон. Анхны хичээлдээ суугаад шавар бэлдэх болсон тэр том хэмжээтэй шаврыг зөөх, устай холих хэлбэржүүлэх хүнд санагдаж байсан. Тэгээд шавраараа бүтээл хийгээд эхэлсэн чинь өөрийн эрхгүй тоглоод, бага насны аз жаргалтай, сайхан дурсамжууд бодогдож эхэлсэн. Тэндээс л “Тоглоё, Хайрлая” цувралын  минь эхлэл тавигдсан.

-Охин нь ээжийнхээ мэргэжлийн өвлөж аваад, цааш үргэлжлүүлэн ажиллана гэвэл яаж хүлээж авах вэ?

    -Өөрөө дурлаад энэ мэргэжлийг сонгоно гэвэл боль гэж хүслийг нь үгүйсгэж чадахгүй. Эсрэгээрээ өөр мэргэжил сонгоход нь заавал уран бүтээлч болгох гэж хүчлэхгүй. Миний охин чинь багаасаа л шавраар юм хийсэн. Хийхдээ их эвлэгхэн, хөөрхөн хийдэг, дөрвөн настай байхдаа нөхөр бид хоёрт аяга хийж өгч байсан. Одоо хараад яг тэр үеийнх нь чадвар шингэчихсэн жаахан хэв муутай, өнгө будаг нь жигд биш. Тийм байгаа нь илүү үнэ цэнтэй, нандин байгаа юм. Гэхдээ хүүхэд багаасаа ийм орчинд өсөхөөр залхчихдаг юм билээ. Манай охин одоо “Би оффист ажилладаг судлаач болмоор байна. Гэхдээ таны энэ ажлыг чөлөөт цагаараа хийж болно биз дээ” гэж асуусан. Намайг заавал уран бүтээлч бол гэж шаардана л гэж бодсон байх. Одоо ингээд охиныгоо хараад байхад инженер талын хүн болох болов уу гэж хардаг. Гэхдээ цаашдаа хэрхэн хувирахыг мэдэхгүй байна.

-Бүтээж байгаа бүх уран бүтээл үнэ цэнтэй байх. Тэр дундаас хамгийн хайртай бүтээл нь ямар бүтээл вэ?

    -Анхны бүтээл хамгийн их сэтгэлд үлддэг. Их сургуулийн гуравдугаар ангид байхдаа анхны том бүтээлээ хийж байсан.Бараг хоёр метр өндөртэй керамикаар хийсэн эмэгтэй хүний нэг өдрийн үйл явдлыг харуулж, дүрсэлсэн ханын чимэг байсан. Тухайн бүтээлийн хаан банкны захирал худалдаж авч байсан. Хүмүүс ярихаар миний тэр бүтээлийг мэддэг, надад итгэл өгсөн бүтээл учраас мартдаггүй. Ер нь керамик урлалыг шаврыг хатааж байгаа гал, уран бүтээлч хоёр хамтарч хийдэг. Олон жилийн туршлагатай уран бүтээлч хүртэл алдаа гаргадаг. Керамик өөрөө нэг алдсан бол засаж болдоггүй, ахиад эхнээс нь хийх болдог хатуу урлаг.

-Шавраар олон төрлийн бүтээл урласан байх. Гэхдээ одоохондоо хийж амжаагүй хийхийг хүсэж, мөрөөдөж байгаа бүтээл бий юү?

    -Өмнө нь хийж үзээгүй учраас туршлага дутаж байна. Шавраар бүтээл хийх олон төрлийн арга байдаг. Эргэдэг хүрдэн дээр, гараар, зутгаж гээд олон төрлөөр бүтээлээ хийж болно. Би гараар хийх төрлөөр ажиллах дуртай. Учир нь миний тухайн үед мэдэрч байгаа тэр сэтгэл хөдлөл бүтээл дээр минь үлддэг. Тэгсэн би одоо том хэмжээтэй ваар хийж үзмээр байна. Ваар гэдэг дэлхий шиг өөртөө ямар нэг зүйлийг агуулж байгаа. Хүрдэн дээр ваар хийвэл илүү тэгш хэмтэй, төгс ваар бий болох гээд байдаг. Гэтэл би хүрдэн дээр ажиллаагүй удсан учраас дахиад суралцах хэрэгтэй болно гэсэн үг.  Одоогоор ваараа хийхийн тулд судалж л байна даа.

-Бүтээлээсээ ямар мэдрэмж авдаг вэ?

    -Харахаар л хайр хүрээд байдаг. Хүн дурлахаараа авдаг тэр мэдрэмжүүдийг бүтээлээсээ авна шүү дээ. Өөртөө итгэх итгэл улам их нэмэгддэг.

-Таны мөрөөдөл юу вэ?

    -Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хуваарьт керамик урлалын хичээлийг оруулахыг хүсдэг. Манай улсаас бусад улсад бол байдаг юм билээ. Берлин хотын сургуулиудад нь шавар урлалын анги байгаа, бүр тусдаа мэргэжлийн багш нар хичээл заадаг урлагийн сургууль хүртэл байна.  Сургуулийн багш нар нь автобусаар хүүхдүүд зөөж авчраад хичээлд нь суулгаж байна. Хүүхдүүддээ тийм их сэтгэлийг гаргаж байна шүү дээ. Би соёлын солилцоогоор өөрийн “Тоглоё, Харлая” цувралынхаа бүтээлийг “Хонхны дуу” нэртэйгээр Герман Улсын хүүхдүүдтэй хамтран хийх зорилгоор очсон юм. Хүүхдүүдтэй хамтарч монголчуудын хүүхдэдээ зүүлгэдэг бойтогний хонхийг хийгээд төв гудамжинд нь Буддагийн дотор байрлуулах төлөвлөгөөтэй. Хүүхдүүдэд зааж өгөхөөсөө өмнө утга учир, бэлгэдлийг зааж байгаа юм. Хонхыг хийхдээ хүүхдүүд өөрийн биеийн товгор хэсэг, тохой, гарын алгыг ашиглах ёстой, дуу  гарах хэрэгтэй гэдгийг заасан. Бусад загварыг өөрсдийнх нь хүслээр хийлгэсэн. Тэгсэн хүүхдүүд дөрвөлжин, цүнх шиг, малгай шиг гээд олон төрлийн загвараар хийж эхэлсэн. Тэгээд Монгол Улсын хүүхдүүдийн хийсэн 60 ширхэг хонхтой нийлээд нэг том Будда бүтээл дүүргийн гудамжинд байрласан.

   Дараа нь Герман Улсаас таван багш ирээд хүүхдийн урлан бүтээх төв дээр нэг өдрийн үнэгүй сургалт зохион байгуулах болсон. Бидний хувьд 15 хүүхдэд л заах төлөвлөгөөтэй байсан ч 300 хүүхэд ирсэн. Тэр үед би үнэхээр их өрөвдсөн. Сурах гээд ирж байгаа хүүхдүүдийг хараад баярлаж байгаа ч ийм их хэрэгцээ байхад бид тэр хэрэгцээг хангаж чадахгүй байгаагаа хараад гэмшсэн. Тэгээд ирсэн хүүхдүүдийг явуулж чадахгүй учраас зургаан багш 50 хүүхдээр нь хувааж аваад хичээл заасан. Бүх хүүхэд дээр нь очиж чадахгүй байхад эцэг эхчүүд нь орж ирээд хүүхдүүд, багш нартаа тусалсан. Ингээд санаандгүй байдлаар маш халуун дулаан нэг сургалтыг зохион байгуулсан.

Герман Улсын  сайтад гарсан нийтлэл: https://www.morgenpost.de/bezirke/charlotenburg-wilmersdorf/article227746743/Jugendkunstchule-stellt-einen-Buddha-auf-den-Kudamm.html?fbclid=IwAR05QSFwIrHm-M60DIRE-zCWozpkPixKKpEI6PXLnYpKIM-8DsBd20uCqdI

-Керамик урлалыг сонгон суралцаж байгаа залуучууддаа хандаж юу хэлэх вэ?

    -Миний хувьд дөнгөж төгссөний дараа надад хэцүү байсан. Тиймээс хэн нэгнийг шантралгүй хийгээд байгаарай гэж хэлж чадахгүй байна. Өөр ажил хийсэн ч хажуугаар нь өөртөө цаг гаргаад сэтгэл зүрхээ баярлуулаад бүтээл хийгээрэй. Мэдээж боломж байвал суралцаж төгссөн мэргэжлээрээ ажиллаарай. Түрүүлж төгссөн керамик артистууд үргэлжлэл болж гарч ирж байгаа уран бүтээлчдийнхээ замыг нь засаж байгаарай.

-Уран бүтээлийн өндөр амжилт хүсье, баярлалаа.

    -Баярлалаа.




 


У.ОДМАА: Керамик бүтээлүүдээсээ хүн дурлахаар авдаг тэр торгон мэдрэмжүүдийг дахин мэдэрдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188