• Өнөөдөр 2024-04-24

БҮЖИГЧИН Б.БИЛГҮҮН: “Тамгагүй төр" жүжигт тоглосон нь миний хамгийн том бахархал

         “Тамгагүй төр” жүжгийг үзсэн хүн бүр дүрүүдийн гаргаж байгаа сэтгэл хөдлөлийг илүү далайцтайгаар хүнд хүргэхэд нөлөөлсөн бүжигчдийн талаар ам уралдан ярьцгааж байна. Монгол Улсдаа анхдагч болсон энэ үйл явдлын эздийн нэг “Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг түшмэлийн дагуулын дүрд тоглож, түүний зан ааш, сэтгэл хөдлөлийг үзэгчдэд хүргэхэд үйл хөдлөл, бүжгээр хувь нэмрээ оруулсан бүжигчин Батхүүгийн Билгүүнтэй ярилцлаа.

-Таньд энэ өдрийн мэнд хүргэе. "Тамгагүй төр" жүжиг хоёр сар гаруй хугацаанд тасралтгүй тоглогдож, үзэгчдийн хүртээл боллоо, баяр хүргэе. Энэ жүжигт оролцсон  сэтгэгдлээсээ хуваалцаач ?

    -Баярлалаа, миний хувьд томоохон туршлага боллоо. Энэ жүжигт ажиллах явцдаа олон зүйл сурч мэдсэн. Туршлагатай, мундаг жүжигчидтэйгээ хамтран ажиллаж байгаа учир хэрхэн дүрээ гаргахыг сайн сурч авлаа. “Тамгагүй төр” жүжгийг 2-3 сар бэлдсэн. Энэ хугацаанд бүжигчдийг өндрөөр нь дүрд хуваарилсан юм. Би Эгэрэг түшмэлийн дагуулын дүрд тоглохоор болсон. Жүжгийн бэлтгэлийн үед жүжигчид, бүжигчид, циркийн багийнхан тус тусдаа бэлтгэлээ хийсэн. Тусдаа бэлтгэлийн дараа бүгд тайзан дээрээ нэгдсэн бэлтгэлээ хийж эхэлсэн. Тэр үед зарим бүжгийн хөдөлгөөнд өөрчлөлт орсон. Энэ үнэ цэнтэй жүжгийн нэг хэсэг болсондоо  маш их баяртай байна.

-Жүжгийн хаалтын тоглолтууд үргэлжилж байна. Өдөр бүр жүжгийн бэлтгэл тоглолт гээд завгүй өдрүүдийг өнгөрүүллээ шүү дээ. Дуусах дөхөхөөр ямар мэдрэмж төрж байна вэ?

    -“Тамгагүй төр" жүжиг эхэлж, нээлтийн тоглолтуудыг тавьж байхдаа “Тэр хөдөлгөөнийг үнэхээр гоё, гүйцэтгэл сайтай хийчих юм сан” гэсэн бодолтой л хичээж байсан. Хаалтын тоглолтыг багийнхаа гишүүдтэй илүү эрч хүчтэй, гал цогтойгоор дуусгах хүсэл эрмэлзэлтэй байгаа. Миний хувьд сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч, догдолж байна.  Гэхдээ жүжиг маань ингээд дуусаагүй. Долдугаар сараас жуулчдад зориулан дахин тоглогдоно.

-Таныг хэрхэн бүжгийн урлагт хөл тавих болсон талаар яриагаа үргэлжлүүлэх ёстой болов уу?

    -Багадаа их сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Тэр үед манай сургуулийн дуу хөгжмийн багш Д.Саранцэцэг “Урлаг зааланд ороод хэдэн бүжгийн хөдөлгөөн заалгаад үз. Сурч чадвал манай бүжгийн хамтлагт ороорой, орж чадахгүй бол сахилгагүйтээд байж бай даа” гэж хэлсэн.  Тэгж анх бүжигтэй холбогдож дуртай, хайртай болсон доо. Ингээд арван жилээсээ “Говийн уянга” хамтлагийн гишүүн болж тэмцээн уралдаанд их оролцсон.

-Багадаа бүжигт дуртай байсан учир тасралтгүй хичээллэжээ. Гэхдээ ирээдүйд эзэмших мэргэжил болгон сонгохдоо хэр итгэлтэй байсан бэ ?

    -Анх мэргэжил сонгох болоход ээж ШУТИС-ийн  IT инженерийн ангийг санал болгосон. Тэр үед “Ээжийнхээ үгэнд орох хэрэгтэй юм болов уу” гэж бодсон ч яг төгсөх үедээ бүжгийн урлагт үнэхээр их дуртайгаа дахин мэдэрсэн. Тэгээд ээжид хэлэлгүйгээр  их сургуульд ороход  хэрэгтэй бүх бичиг баримтаа аваад Улаанбаатар хотод ирээд Соёл урлагийн их сургуульд материалаа өгчихсөн. Сургуульдаа орчихоод ээж рүүгээ залгаад “Ээж ээ би сургуульдаа орчихсон, СУИС-д орсон шүү” гэж хэлсэн. Тэр үед ээж дурамжхан байсан ч миний сонголтыг хүндэлж,  ойлгосон.

-Сургуульдаа хүссэн мэргэжлээрээ орсон төсөөлснөөс өөр зүйл  байсан уу?

    -Төсөөлсөнөөс өөр байсан. Би философийн хичээл орно гэж бодоогүй. Бакалаврын мэргэжил эзэмшиж байгаа учраас бусад мэргэжилтэй адил ерөнхий эрдмийн хичээлээ үзэх ёстой.  Би ерөнхий эрдмийн хичээлдээ суухгүй үе байсан ч мэргэжлийн хичээлээ огт  тасалж үзээгүй.  Хэрэв  ШУТИС-д орсон бол одоо зургадугаар курсийн оюутан Билгүүн гээд явж байхыг үгүйсгэхгүй. Би дуртай зүйлээрээ сурсан учраас шантралгүй явж ирсэн. Үндэсний урлагийн их театрт бага байхдаа тэмцээн уралдааны үеэр  их ирдэг. Тэр үед зааланд бүжиглэж байгаа ах нарыг хараад “Энэ ах нар шиг мундаг бүжигчин болох юм сан” гэж их мөрөөддөг байсан даа.

-Та анх бүжиглэх суурийг нь тавьж өгсөн Д.Саранцэцэг багшийнхаа талаар ярьж өгөөч ?

    -Сараа багш намайг анх энэ урлагт оруулсан ачтан. Манай багш хүүхдийн төлөө гэсэн  ундарсан их сэтгэлтэй, шавь нартаа л бүх зүйлээ зориулж, ямар ч үед хамт байдаг. Дорноговь аймгийн бүжгийн урлаг, өсвөрийн бүжигчдийг Д.Саранцэцэг багшгүйгээр төсөөлнө гэдэг хэцүү. Анх намайг  Үндэсний урлагийн их театрт бүжигчнээр орлоо гэхэд “Ашгүй дээ шавь нараас минь нэг нь ч гэсэн багынхаа мөрөөдлийг биелүүлж байна” гээд баярлаж байсан нь одоо ч нүдэнд харагддаг.

-Бүжиглэх үедээ ямар мэдрэмжийг авдаг вэ?

     -Бүжиглэж байхдаа үгээр хэлэмгүй мэдрэмж авдаг. Ая сонсоод тухайн үед авч байгаа мэдрэмжээрээ биеэ хөдөлгөдөг. Миний хувьд мэдрэмжээс мэдрэмж рүү чиглэсэн зүйл гэж ойлгодог. Нэг  үг байдаг даа “Бүжиг бол биеэр илэрхийлэх яруу найраг” гэж өөрөөр хэлбэл, хүний хийж байгаа бүх хөдөлгөөнд утга учир байдаг шиг бүжгийн бүх хөдөлгөөнд утга учир, илэрхийлэл байдаг. “Тамгагүй төр” жүжгийн бүжигчид жүжигчнийхээ сэтгэл хөдлөлийг бүжгээрээ дамжуулж илүү хүмүүст хүргэхийг зорьж байгаа.

-Гэр бүлд нь урлагийн хүн байдаг уу?

    -Манай гэр бүлд урлагийн хүн байгаагүй, би анхных нь юм билээ.  Аавын талынхан бөхчүүд, ээжийн талд инженер, багш мэргэжилтэй хүмүүс байдаг. Багаасаа бүжиглэх дуртай байсан учраас ойр дотнын хүмүүс миний сонголтыг хүндэтгэж, дэмжиж хүлээж авсан. Манай найзууд “Чамайг тэр том тайзан дээрээс  хармаар байна” гэж их урамшуулна. Оюутан ангийн найзуудтайгаа ижилхэн  мэргэжилтэй  учир  цагийг  тэдэнтэйгээ хамт өнгөрүүлдэг. Тэр утгаараа сурсан мэдсэнээ нэгэндээ зааж, мэдлэгээ хуваалцдаг.

-Хамгийн их сэтгэлд үлдсэн үзүүлбэрийг ямар тайзан дээр үзүүлж байсан бэ?

    -СУИС-д байхдаа оюутан театрт бүжгийн тэмцээнд орж байлаа. Анх удаа адилхан мэргэжлээр сурч байгаа хүүхдүүдтэйгээ өрсөлдөж, тайзнаас буугаад үзүүлбэр үзүүлж байгаа нэгнийгээ урамшуулан алга ташиж суусан. Тэр үед авч байсан мэдрэмжийг хэзээ ч мартагддаггүй.

-Бүжигчин болохын тулд заавал төрөлхийн авьяастай байх шаардлагатай юу. Та юу гэж боддог вэ?

    -Хичээл зүтгэл бэлтгэл сургуулилалт гэдэг бүжигчин хүнд заавал байх хэрэгтэй. Нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөр гэсэн үг байдаг шүү дээ. Тиймээс бүжиглэх дуртай, энэ урлагт хайртай бол хичээгээд үзэх хэрэгтэй.

 

-Цаашдын зорилго мөрөөдлөөсөө хуваалцаач ?

    -Үндэсний урлагийн театртаа ажиллана. Би одоогоор уламжлалт монгол бүжигчнээр ажиллаж байна. Гэхдээ хамгийн их хүсдэг зүйл минь  бүх төрлийн бүжгийг бүжиглэж чаддаг болох, одоогоор оролдоод л байна. Бас дэлхийн бүжигчдийн “World dance” тэмцээнд оролцож үзмээр байна.

-Бүжиглэх дуртай, энэ мэргэжлийг сонгох гэж байгаа хүүхдүүдэд хэлмээр санагдсан үг бий юү?

    -Өөрийнхөө сонголтод үнэнч байгаарай. Хүмүүсийн “Хэрэггүй, бүжигчнээр яах юм” гэж хэлж байгаа үгс чамд нөлөөлж, саад болох ёсгүй шүү. Бүжиг зааж байгаа ах эгч, багш нараасаа их зүйлийг сураарай.

-Ярилцлага өгсөн танд  баярлалаа.

    -Баярлалаа.


 


БҮЖИГЧИН Б.БИЛГҮҮН: “Тамгагүй төр" жүжигт тоглосон нь миний хамгийн том бахархал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-11 07:08:44
    Галсаншаравын Баттайван : Хайртай дүүдээ ажилд нь их амжилт, амьдралд нь аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-10 15:39:43
    Отгонзул: Дүү илүү их амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-10 12:29:24
    Мөнгөнтуяа: Томоос том амжилтыг хүсье. Чи чаднаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-10 12:04:23
    Баттайван: Дүүдээ улам их амжилтыг хүсье. Дорнын говийн гялалзсан залуу
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188