• Өнөөдөр 2024-05-06

ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Л.МӨРДОРЖИЙН АЧ ХҮҮ Э.БАДРАЛ: ӨВӨӨ ОНГОД НЬ ОРСОН ҮЕДЭЭ ЦААСНЫ ӨӨДӨС ДЭЭР Ч НОТОО БИЧДЭГ БАЙСАН ГЭЖ ААВ ЯРЬДАГ

   XX зууны манлай хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийг мэдэхгүй, бүтээл туурвилаас нь сонсоогүй хүн ховор болов уу. Үгүй ядаж, Монгол Улсын Төрийн дууллыг зохиосон эрхэм гэхээр хүн бүхний сэтгэл зүрхэнд дотно дулаахан санагдах нь дамжиггүй. Тэрбээр тайз, дэлгэц болон симфони найрал хөгжим, цөөхүүл, найрал дуу, дууны хөгжим зэрэг хөгжмийн бүхий л төрөлд бүтээлүүдээ дархалсан сод авьяастан юм.

     Хөгжмийн ертөнцөд анхны гэсэн тодотголтой олон зүйлийг тэр бүтээсэн. Тухайлбал, 1940 онд бүтсэн “Анхдугаар хичээл” киноны хөгжмийг бичсэн нь монгол хүн анх киноны хөгжим бичсэн үйл явдал болсон байдаг. Дараа жил нь Монгол Ардын Хувьсгалт цэргийн Дуу Бүжгийн ансамбль байгуулахад анхны даргаар нь томилогдсон түүхтэй. Мөн дипломын ажил болох “Миний эх орон” I симфони нь манай улсын анхны симфони болсон гээд хөгжмийн урлагийн зам, жимийг эх орондоо татсан гавьяатан билээ.

   16 настайдаа буюу 1936 онд Улсын алдарт гавьяат хөгжимчин цол хүртсэнээсээ хойш гавьяа, шагналаар тасраагүй нь түүнийг сод бүтээлч, авьяастан гэдгийг гэрчилдэг. Түүний зохиосон бүтээл, туурвилаас морин хуур хөгжмийн үүсэл гарлын тухай домгийг өгүүлсэн “Хөхөө намжил” дуурь нь Монголын хөгжмийн урлагт үлгэр, домог, аж байдлын дуурийн шинэ чиг хандлагыг хөгжүүлэхэд том байр суурьтай бүтээл болсон гэдгээрээ өдгөө ч гайхагддаг.

          Түүний мөн нэгэн том гавьяа бол найрал хөгжмийн найруулга хийх орчин цагийн шинэ дэг суурийг үндэслэсэн нь юм. Өдгөө Монгол Улсын Хилийн Цэргийн Дуу Бүжгийн чуулгыг Л.Мөрдорж гуайн нэрэмжит болгосон юм. Л.Мөрдорж гуайн хийсэн, бүтээснээс цухас дурдахад ийм байх бөгөөд задалж, дэлгэрүүлж өгүүлбэл хэдэн хуудас болох билээ. Эл эрхэм хөгжмийн зохиолчийн талаар мөр зэрэгцэн ажиллаж байсан эрхмүүдээс дурсамж яриа ч цөөнгүй бий юм билээ. Тухайлбал, хөгжим судлаач, Соёлын Гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг “Л.Мөрдорж хүнтэй уулзаад, ярилцаж явахдаа мөрөн дээр гараараа алгадах мэт хөдөлгөөн хийдэг, их найрсаг хүн байсан юм. Хүмүүстэй ижил харьцаж, даргаас айхгүй, залуусыг голохгүй ихэд өөрийнхөөрөө хүн байлаа. Авьяас гэж бол агуу. Бүтээлийг ар араас нь төрүүлнэ” хэмээн дурсан ярьсан байдаг. Харин түүний шавь Төрийн хошой шагналт Н.Жанцанноров “Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж хоёр бол үнэн чанартаа Монгол үндэстний хөгжмийн соёлыг хорьдугаар зуунд авч гарч ирээд, хойч үедээ хүлээлгэж өгсөн” хэмээн ярьсан байдаг. Тэгэхээр үндэсний хөгжим гэх зүйлийн “эцэг” нь Л.Мөрдорж байсан гэдэг нь түүний бүтээсэн бүтээл, туурвил, хөгжмийн ертөнцөд хийсэн өөрчлөлт, шинэчлэлээс бэлхнээ харагдана.

         Ингээд бид энэ удаагийн "Үргэлжлэл" булангийнхаа зочноор алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн ач хүү, “Мөрдорж” сангийн тэргүүн Э.Бадралтай холбогдож, өвөөгийнх нь талаарх дурсамж яриа өрнүүлснийг уншигч танд хүргэж байна. Тэрбээр МИАТ ТӨХК-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар өдгөө ажиллаж байна.

 -Сайн байна уу. Өвөөтэйгөө өнгөрүүлсэн дурсамжаас нь яриагаа эхлэх нь зүйтэй болов уу. Таны хувьд өвөөтэйгөө хэр хугацаанд хамт байсан бэ. Олон сайхан дурсамж хөврөх байх?

      -Манайх нэгдүгээр 40 мянгатын 15 дугаар байранд эмээ, аав, ээж, эгчийн хамт амьдардаг. Өвөө 220 мянгатад амьдарч байсан юм. Өвөө хэзээний л манайд ирчихсэн, эсвэл аавын дүү Галбаатар ахынд оччихсон эмээ, аав, ээж нартай ярилцаад их л баяр хөөртэй сууцгааж байсныг л тод санадаг юм. Өвөө хүүхдүүддээ маш их хайртай. “Миний хүүхдүүд мундаг” гээд л аавыг их магтана. 1992 онд Бээжин рүү аав, ээж хоёрыг явсан жил манай эмээ бүх ах, дүү нараа Цагаан сараар цуглуулсан юм. Тэгэхэд өвөө ирсэн. Тэр бидний өвөөтэйгээ уулзсан хамгийн сүүлийн уулзалт байсан. Цагаан сарын дараа эмээ минь бурхан болоод, эгч бид хоёрыг аав, ээж хоёр Бээжин рүү аваад явсан.

   Түүнээс хойш 1996 оны хавар өвөө минь бурхан болсон. Тэр жилийн намар манайх Бээжингээс Монголдоо бүр буцаж ирсэн. Өмнө нь Бээжингээс зун амралтаараа ирэх бүрд өвөө хүрээд ирнэ. 1995 оны зуны амралтаар өвөө, “Аав, ээж хоёрыг яаралтай хүрээд ир” гэж дуудсан. Бие нь муудаж гээд зааж өгсөн байранд нь яарсаар очсон чинь солонгос эхнэрийнх нь охин Энхтуяа эгчийг Солонгос явуулах гээд 220 мянгатын гурван өрөө байраа бас алдартай зохиолуудаа бичсэн төгөлдөр хуураа хүртэл зараад, СУИС-ийн баруун талд нэг байранд амьдарч байсан. Аав, ээжийг харангуутаа маш их баярлаад, ярьж хөөрч сууснаа “Алив, миний хүү нэг хөгжим тоглоодох” гэж хэсэг тоглуулж, “Яг аавынхаа барилыг авсан байна, ээжийг “Яг Цэндмаа шиг болчихож, за аавынх нь санаа амарлаа” гэж байсан гэдэг. Аав, ээж хоёр гарахдаа хэдэн төгрөг өгөөд, орцны хаалгаар гарангуутаа эргээд харсан чинь балкон дээрээ гарчихсан аав, ээж хоёрыг хараад зогсож байсан. Харих замдаа аав өвөөг “Явах болчихож” гэж ээжид ярьсан гэдэг. Үнэхээр л ирэх хавар нь бурхны орондоо явсан даа, өвөө минь. Аав “Өвөөг өглөө бүр Зайсангийн замаар гүйдэг болохоор нь Бээжингээс пүүз явуулсан” гээд ярьж байсан. Аав тэр үедээ л их оройтож гэрлэсэн юм шиг байгаа юм. Тэгэхээр “Энэ золиг хүнтэй суухгүй насыг элээх нь” гэж бүгд санаа нь их зовдог байсан.

   Аав 30 гарсан хойноо эхнэр авч, хоёр хүүхэдтэй болсон болохоор ч тэгсэн үү өвөө ээжид их сайн байдаг, “Хүүгийн минь удмыг залгах хүүхдүүд төрүүлж өглөө” гээд сэтгэл дүүрэн хэлдэг байсан гэдэг. Мөн Ээжийн минь нутаг Увс аймгийг магтаж, “Тэсийн голын хүүхнүүд, Тэрхийн голын унаганууд” гэдэг юм гээд аавыг их холын цустай эхнэр авсан, их сайн гэнэ. Мөн  ээж ааваас найм дүү болохоор “Энэ сайхан охин миний хүүг яаж тоосон юм” гээд аавыг цаашлуулахаар аав их сандардаг байсан гэдэг. Аав , аавын дүү Галаа ах, ер нь манайхан өвөө гээд бүгд сүүлд өвөөтэй минь ханилсан Далайцэцэг эгчид, түүний хүүхдүүдэд баярлаж явдаг.

-Таны өвөө ямар зан чанартай хүн байсан бэ. Уран бүтээлээ туурвихдаа бусад авьяастнуудаас юугаараа онцлог байсан бол. Таны багад ажигласан, мэддэг байсан зүйл байгаа болов уу?

        -Өвөө минь гоц авьяастай, маш хурдан сэтгэдэг, гүйлгээ ухаантай хүн байсан гэж боддог. Уран бүтээлээ хийхдээ хэдэн өдрөөр ч хамаагүй өөрийгөө бүхнээс тусгаарлаад, симфони, киноны хөгжим гэх мэт том зохиолыг бичээд суудаг. Харин дууны аяыг бол онгод нь орсон үедээ мартахгүйн тулд цаасны өөдсөн дээр ч хамаагүй бичдэг гэж аав ярьж байсан.

   -Аав, ээжид тань бол өвөөгийнх нь тухай яриа дурсамж, таныхаас ч их байдаг байх. Мэдээж үр хүүхдүүддээ үлгэр домог шиг л ярьж өгдөг байх даа. Та нэг дурсамжаас нь бидэнтэй хуваалцаж болох уу?

     -Аавын дурсамжаас нэгийг нь ярья. “АЛТАН ӨРГӨӨ” киноны лусын хаантай хэсгийг ХБНГУ-д  очиж зураг авах гээд, киноны баг явж. Нөгөөдүүл нь ажлаа хийгээд л байж. Тухайн үед өвөө маань  Герман Улсад  байрладаг оросын цэргийн ангийн генералуудтай  бильярд тоглоод яаж тоглодог аргыг нь судалж,  хожигдоод, хамгийн сүүлд нь нэг авдар вискигээр мөрий тавьж хожоод, кино багийнхандаа авдар вискитэй очсон байгаа юм. Тэгэхэд кино багийнхан нь сандраад  Мөөёө одоо өнгөрсөн, киноны хөгжмөө бичсэн ч юмгүй билъярд тоглоод хамаг цаг алдлаа гээд бөөн юм болж. Гэтэл өвөө тоглож байхдаа л толгойдоо бүх зохиолоо аль хэдийд зохиочихсон, тэр дор нь  нотыг нь бичээд өгсөн гэж байгаа юм. Энэ мэт өвөөгийн минь тухай олон дурсамж, яриа бий.

    -Хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн гэр бүлийнхэнд авьяас билгийг нь өвлөсөн хүн бий болов уу?

     -Манай удамд өвөөгийн авьяас, билгийг өвлөсөн хүн аав маань байсан. Харин ач, гуч нараас нь урлагаар явсан, урлагийн авьяастай, гоц сонсголтой, дуучин ч болчихоор хүүхдүүд бол бий. Эгч Э.Заяагийн хүү, миний авга Галаа ахын том хүү тогооч, Э.Тэнгисийн том хүү Т.Эрдэнэбилэг орчин үеийн дуучин “BLEJ”, Галаа ахын бага хүү Ирмүүний охин гээд өвөөгийн маань авьяас, билгийг өвлөсөн үр сад бий.

  -Өвөөгийн тань захиж сургаж байсан сургаал, хэлж үлдээсэн үгсээс уншигчид уншихыг, сонсохыг хүсэж байгаа байх?

       -Манай өвөө хүнийг ялгадаггүй, хүн бүртэй ижилхэн харьцдаг, их энгийн даруу хүн байсан. 1950-аад онд ЗХУ-д боловсрол эзэмшсэн болоод ч тэр үү их соёлтой, боловсон хүн байсан. “Аливаад тэвчээртэй, хүний юу хэлэхийг сайн сонсож, бодож байж хариу хэлж бай. Алтан дунджийг баримталж сураарай гэж сургадаг байсан” нь аавын хүмүүжлээс  бидэнд уламжлагдсан болов уу гэж боддог. Идэх хоолоо өөрөө хийж сурах хэрэгтэй гээд сайхан амттай хоол хийдэг,  багадаа лам байсан болохоор ламын шовгор бууз хүүхдүүддээ хийж өгдөг, тэрийг нь дуурайгаад аав бас гоё амттай хоол хийж өгдөг байсан.

     -Л.Мөрдорж гуай ер эхээс хэдүүлээ байсан юм бэ.  Өөрөө хэдэн хүүхэдтэй, хүүхдүүд нь одоо юу хийж байдаг бол?

            -Айлын ганц хүүхэд байсан. Ээжийнх нь ах дүү нараас бий. Мөн СУИС-д аавтай цуг ажиллаж байсан нэг эгч байдаг. Аав нь хөгжмийн зохиолч хүн байдаг юм. Олж, уулзаж амжаагүй л явна. Өвөө минь VIII Богд хаанд өргөгдөөд ордонд амьдарч,  Дондогдулам хатны гар дээр өсөж, хүмүүжсэн. Өвөө маань хоёр хүүтэй. Том хүү нь миний аав М.Эрдэнэбаатар, бага хүү нь М.Галбаатар гээд тогооч Тэнгис ахын аав. Харин эмээ маань Улсын циркийн гавьяат жүжигчин О.Цэрэндулам гэж хүн байлаа. Өвөө, эмээ хоёр дөрвөн хүү төрүүлснээс хоёр нь багадаа бурхан болсон гэдэг юм билээ. Өвөөгийн төрсөн хоёр хүүгээс гарсан таван ач, 11 гуч байна. Өвөө минь хүүхдүүдээ эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлсэн. Өөрийнх нь бичсэн бүтээлүүдэд ч энэ үзэл нь шингэсэн санагддаг юм.

 

    -Хөгжмийн авьяас, билигтэй эрхмүүд мөн өвөөгийн тань тухай дурсамж яриа дэлгэдэг байх. Тэдний дурсамжаас бидэнтэй хуваалцаж болох уу?

   -Социализмын нийгмийн үеийн монголчуудаас өвөөг мэдэхгүй хүн бараг байхгүй. Тэр үед хүн ам ч цөөхөн байсан. Ялангуяа, урлагийнхны дунд жинхэнэ “од” байсан өвөөгийн тухай үлгэр домог шиг яриа их яригддаг, хаалттай үед зарим түүхээ хүнд ярьдаггүй нууцалж явсан үе ч бий. Тухайлбал, Богд хааны ордонд өссөн гэдгээ, IX богдод өргөмжлөгдөх байсан тухайгаа их нууцалж, зөвхөн гэр бүл дотроо бараг шивнэж ярьдаг байсан.

    -Нөгөөтэйгүүр  Төрийн хошой шагналт Н.Жанцанноров тэргүүтэй мундаг шавь олонтой байх. Бидний төдийлөн мэдэхгүй уран бүтээлч шавь бий болов уу?

    -Өвөөг амьд сэрүүн байх үеийн хөгжмийн зохиолчид бараг бүгдээрээ шавь нь. Одоогийн байдлаар СУИС-ийн багш, хөгжмийн зохиолч С.Соронзонболд гуай өвөөг бурхан болохоос нь өмнө их ойр байсан. “Морьтой ч болоосой” киноны хоёрдугаар ангийн аяыг, хадгалж байгаа. Мөн өөр хэд хэдэн бүтээлийг хадгалж байгаа гэж ээжид хэлсэн байсан. Монголд очихоороо уулзана гэж бодож байгаа.

    -Өвөө тань ямар үед их баярладаг байсан бол. Тухайлбал, гавьяа шагнал авахдаа, эсвэл хөгжим бүтээлээ бүтээчхээд баярладаг байсан болов уу. Тэр дундаа хамгийн их баярласан тухай нь аав, ээж тань ярьдаг байв уу?

          -Мэдээж хөгжмийн зохиолч хүн том бүтээлээ хийж дуусахаараа баярлана, үр ач нараа харахаараа хамгийн их баярлана. Төрийн дээд шагналыг олон удаа хүртэж байсан ч Сүхбаатарын одон сүүлд авахдаа бас их баярлаж байсан гэж аав ярьж байсан юм байна.

   -Мөн хамгийн их шаналж, илүүтэй хөдөлмөрөө шингээж, бүтээсэн бүтээл нь аль нь бол?

   -Өвөөгийн зохиосон бүх симфони, киноны хөгжим, зохиолын дуунуудад хөдөлмөр шингэсэн, сэтгэл шингэсэн, үнэнхүү авьяас билэг нь ундарсан, сонсоход сонсголонтой, яруу эгшиглэнтэй уянгалаг, хүнийг тайвшруулсан бүтээлүүд байдаг. Өвөө минь бүтээл бүхэндээ үр хүүхэд шигээ хайртай байсан даа.

    -Хэн нэгэнд зориулж, бүтээсэн бүтээл байдаг болов уу. Тэр бүтээл нь аль нь бол?

    -Бага хүү М.Галбаатар буюу миний авга ахыг төрөхөд нь зориулж “Бүүвэйл хорвоо бүгдээрээ бүүвэй” гэдэг дуугаа бичсэн түүхтэй юм билээ. Харин хамгийн удаан бичсэн бүтээл нь 1955-1956 онд Москвагийн хөгжмийн их сургуулийн дипломын ажил буюу Монголын хамгийн анхны “ЭХ ОРОН” симфони байдаг. Өвөө минь энэ бүтээлийг хоёр жил сууж бичсэн гэдэг.

   -Хөгжмийн зохиол, санаагаа хэрхэн олдог байсан бол. Хөгжмийн зохиолчдын авьяас билиг, тухайн агшныг мэдэрч, буулгаж  байгаа арга барил нь өөр байдаг байх. Л.Мөрдорж хөгжмийн зохиолчийн хувьд энэ тал дээр ямар байсан бол?

    -Миний өвөө “Ийм утгатай нэг ая зохиомоор байна” гээд л хэдхэн минут төвлөрөхөд хаанаас ч юм ая нь орж ирээд шууд нот болгоод бичдэг бурхнаас заяасан гоц авьяастай хүн байсан гэдгийг олон хүн мэддэг, ярьдаг. Мөн ардын дуунуудаас бүтээлдээ оруулж, өнгө чимэг нэмж улам гоё болгож бичсэн бүтээлүүд ч байдаг.

-Өвөөгийн тань удамд хөгжмийн авьяас, билигтэй хүн байсан болов уу?

            -Түүхчдийн судалснаар Эх хатан Дондогдулам их урлагийн авьяастай, дууны ая зохиодог “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэдэг дууны аяыг зохиосон тухай нь сонсож байсан юм байна. Аав маань ч энэ тухай ярьдаг байсан.

   -Таны өвөөгийн амьдарч байсан цаг хугацаанд уран бүтээлчдийн авьяас, билгийг үнэгүйдүүлж, дардаг байсан цөөнгүй жишээ олон. Сайхан, ховор авьяастнууд цаг үе, нам төр, үзэл суртлаас болж, дарагдаж байсан тухай яриа байдаг. Та өвөөгийнхөө бүтээж, туурвиж байсан цаг үеийн талаар иймэрхүү хууч сонсож байсан болов уу?

            -Тийм зүйл байсан байх. Гэхдээ өвөөгийн бүтээлүүд бол хэзээ ч үнэгүйдэж, дарагдаж байгаагүй ээ. Харин төр засаг үнэлээд, хамгийн өндөр, дээд шагналуудаа хүртээж байсан.

  -Хөгжмийн зохиолч, тэр дундаа нэгэн цаг үед бүтээж, туурвиж байсан хүний үр, ач байна гэдэг таны хувьд ямар санагддаг вэ. Бусдаас өөр мэдрэмж болов уу?

      -Мэдээж өвөөгөөрөө их бахархдаг. Төрийн дуулал сонсох бүртээ "Миний өвөө зохиосон" гэж бодохоор их догдолдог.

-Ач хүүгийнх нь хувьд өвөөгийнхөө бүтээл, туурвилыг хүмүүст илүү хүргэх, хойч үедээ таниулах тал дээр ямар зүйл хийж байгаа вэ. Цаашид ч юу хийхээр зорьж байна вэ?

           -2019 онд өвөөгийн 100 жилийн ойгоор аавын анх санаачилсан “Л.Мөрдорж” санг дахин сэргээж, түүний Монголын урлагт оруулсан гавьяаг мөнхжүүлэх, таниулан сурталчлах, бүтээлийг нь гадаад дотоодод түгээн дэлгэрүүлэх, өвийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэх зорилготой сангаа байгуулсан. Өдгөө ах дүүгийн хамтаар ажиллуулж байгаа.

-Ярилцсан танд баярлалаа.

-Баярлалаа. Танай сайтын хамт олонд ажлын амжилт хүсье.


ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Л.МӨРДОРЖИЙН АЧ ХҮҮ Э.БАДРАЛ: ӨВӨӨ ОНГОД НЬ ОРСОН ҮЕДЭЭ ЦААСНЫ ӨӨДӨС ДЭЭР Ч НОТОО БИЧДЭГ БАЙСАН ГЭЖ ААВ ЯРЬДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-10 18:12:36
    Ari : Ich l arhi uudag hun bsan daa .agsan mayagiin .manaii aavtai niilj ich uuna .tegeed l aav namaig daguulaad gert ni hurgej ugnu .220 iin 25 ch biluu bairnii 1 davhart bsan sanagdana .Huuhed bsan bolohoor ich l mundag hugjimiin zohiolch gedegiig ni medehees tsaagui bj dee.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-08 16:08:38
    ЗОЧИН : БАС ЦЭРГИЙН АНСАМБЛЬ -Д ХӨГЖИМЧИН БАЙСАН М. ЭНХТАЙВАН ГЭЖ БАЙХ ЁСТОЙ ,ЯАГААД ДУРСАДГҮЙ ЮМ БОЛ ?? ЯААХЫН АРАГГҮЙ ТӨРСӨН ХҮҮ НЬ БАЙГААН
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188