• Өнөөдөр 2024-05-14

Тамирчин Г.ХОНГОРЗУЛ: Миний амьдралын бүх сайхан дурсамж, мөрөөдөл волейболтой холбоотой

2022-06-08,   1785

“Волейболын Үндэсний Дээд лиг”-ийн тэмцээний хоёр удаагийн мөнгөн медальт  “Эрчим” багийн довтлогч, спортын мастер Г.Хонгорзултай ярилцлаа.

-Сайн байна уу. Өөрийнхөө тухай болон спортын хүн болсон түүхээсээ хуваалцаач ?

      -Намайг Ган-Очирын Хонгорзул гэдэг, 26 настай. Волейболын спортын мастер, нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Хамгийн анх аав маань волейболын эвсэлтэй хүн болгоноо гээд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд Ц.Наранхүү, хүмүүсийн нэрлэснээр Шаавий багшид шавь оруулсанаар спортын гараа минь эхэлсэн гэж хэлж болно. Тэр үед би арван хоёр настай тавдугаар ангийн сурагч байсан. Наймдугаар ангиа төгсөөд “Enacoree” клубд элсэн орсон цагаасаа хойш Улаанбаатар хотод амьдарч, спортоор тасралтүй хичээллэж байна.

- Энэ спортын юунд дурлаж сонгосон бэ. Волейболоор хичээллээд амьдрал тань гарсан өөрчлөлтүүд юу вэ ?

    -Волейбол секундээр хэмжигддэг учраас яг тухайн цаг үед  сэтгэж тоглодог нь намайг улам бүр дурлуулсан. Тоглолтын явцад алдаа гаргавал түүнээсээ суралцах нь волейболын хамгийн сайхан зүйлүүдийн нэг. Мөн тэсвэр хатуужил, багаар ажиллах чадвар, өөрөөсөө илүү хүнд санаа тавих, гүйлгээ ухаан гаргах, тууштай зан чанаруудыг надад  суулгасан гэж боддог.

-Хамгийн дурсамжтай тэмцээн гэвэл ?

    -Одоо ингээд бодоход 2014 оны хаврын тэргүүн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн хамгийн дурсамжтай байсан. “Монти” багаараа хамгийн анхны тэмцээнд оролцож байсан юм. Уурхайчин клубтэй хүрэл медалын төлөө тоглож сүүлийн хэсэгт хожигдож яваад 32/30 харьцаатай хожиж багаараа анхны хүрэл медалиа авч байлаа. Мөн би тэр тэмцээний шилдэг дотлогч болсон. Анхны том тэмцээнээс авсан шагнаал болоод ч тэр үү хамгийн дурсамжтай, үнэ цэнэтэй медаль байсан.

-“Эрчим” багт нэгдээд удаж байна уу?

       -Эрчим багт нэгдээд гурван сар л болж байна. Өмнө нь “Хобби эйс”, “Энагурэ”  хоёрт харъяалагддаг байсан. Эрчимийн эмэгтэй баг нэлээд олон жил завсардаад байсан. Бид дахин байгуулж анхны клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд Эрчим багаараа орж тэргүүн байр эзэллэсэн. Миний хувьд үнэ цэнэтэй тоглогч шагнал хүртсэн.

-Байгуулагдаад удаагүй гэхэд том амжилт үзүүлжээ. Бэлтгэлээ хэрхэн  хангаж, багаа нэгтгэж чадсан бэ. Багийн ахлагч болон дасгалжуулагчийнхаа тухай ярьвал.

     -Манай багийнхан сэтгэл зүрхээрээ нэгдсэн болохоор  амжилт гаргасан гэж бодож байгаа. Бүгд өөрсдийн хэмжээнд туршлагатай тамирчид учир нэгдэж тоглоход асуудал байгаагүй ээ.  Манай багийг спортын дэд мастер Б.Даринчулуун  багш дасгалжуулдаг. Манай дасгалжуулагч Куб улсад волейболын дасгалжуулагч мэргэжил эзэмшсэн. Мэргэжлийн дасгалжуулагч учир бэлтгэл дээр тамирчдын ачааллыг тааруулж, сонирхолтой дасгалууд хийлгэх маягаар биднийг нэгтгэсэн.

- Сүүлийн тэмцээн ямархуу болж өндөрлөв. Аль баг хүчтэй өрсөлдөгч байсан бэ ?

     -Ер нь сул баг гэж байдаггүй. Бөмбөг бөөрөнхий, хаашаа ч эргэж болно. Бүх багууд хүчтэй байсан. Манай шинэ бүрэлдэхүүний хувьд лигийн аварга Хилчин болон хүчээ зузаатгасан Тэнүүн-Огоо клуб гэх мэт хүчтэй багуудтай өрсөлдөж түрүүлсэн байгаа. Тэмцээн маш сонирхолтой болж өндөрлөсөн.

- “Тэнүүн-Огоо” багтай тоглосон тоглолтоо дүгнэвэл ?

      -Маш өрсөлдөөнтэй тоглолт болсон. “Тэнүүн-Огоо” багийн хувьд туршлагатай тамирчид, шинэ залуу тоглогчид, гадаадын  мэргэжлийн тамирчдаас бүрдсэн маш хүчтэй өрсөлдөгчид байсан. Манай баг тэднээс илүү нэгдэж, нягт нямбай алдаа багатай тоглосоноороо хожсон гэж бодож байгаа.

-Багаараа харж байгаа алсын хараа, зорилгоосоо хуваалцвал ?

      -Манай багийн хамгийн том зорилго бол лигийн аварга болох юм. Мөн бүх ард наадмын аварга болохоор зорьж байна.Уг наадам нь дөрвөн жилд нэг удаа болдог.

-Заал дүүрэн үзэгчдийн алга ташилт, халуун энерги дунд тоглох мэдрэмж ямар байдаг вэ ?

    -Үзэгчгүй тоглох, үзэгчтэй тоглох хоёр тэс ондоо мэдрэмж байдаг. Үзэгчгүй, хүйтэн зааланд шүүгчээс өөр хүнгүй тоглоход тэмцээний уур амьсгал мэдрэгдэхгүй нэг л дүнсгэр байдаг. Үзэгчдийн алга ташилт, орилоон маш их эрч хүч, энерги, урам зоригийг тамирчдад өгдөг. Яг өрсөлдөөнтэй шигшээ тоглолтонд бол оноо авалтын дараах алга ташилт бүрээс эрч хүч авч ядрахаа мэддэггүй.

-Тоглолтын үеэр сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ. Багийн сэтгэл зүйч байдаг уу ?

         -Багийн сэтгэл зүйч байхгүй, гэхдээ маш хэрэгтэй санагдсан. Талбай дээр гараад тоглолтоосоо өөр зүйл бодохыг хичээдэг. Яаж тоглох вэ гэж өрсөлдөгч багаа бодох тусам өөрийгөө стрессдүүлдэг. Аль болох цоглог хэмнэлтэй  дуу сонсож,  багаараа хөгжилтэй тоглоом тоглох юм уу, хөгжилтэй юм ярьж, сэтгэл зүйгээ дасгалжуулдаг даа.

-Тэмцээний үеэр тохиолдож байсан хөгжилтэй, гунигтай түүхээсээ хуваалцаач?

 - Бэртэл л хамгийн гунигтай. Хожил хожигдол бол байдаг л зүйл. Хожигдлоо гээд нээх гуниглах биш, түүнээсээ суралцаад өнгөрдөг.

- Үлгэр дуурайлал авдаг тамирчин байдаг уу ?

   -Хөлбөмбөгчин Сон Хиён Минг шүтэж үлгэр дуурайлал авдаг. Тэр хөлбөмбөгийн дэлхийн томоохон тэмцээнүүдэд амжилт дүүрэн оролцож, багт харьлагддаг азийн цор ганц тамирчин юм. Би түүн шиг хичээл зүтгэл, тэвчээр гаргаж амжилттай дэлхийн хэмжээний тамирчин болж, Монгол улсынхаа нэрийг  гаргахыг  мөрөөддөг.

-Ямар мэргэжлээр ажилладаг вэ ?

           -Би холбооны инженер мэргэжилтэй. Яг одоогийн байдлаар тогтсон ажил,  харъяалагдсан компани байхгүй, бэлтгэлдээ 100 хувь анхаарлаа төвлөрүүлж байгаа.

-Тамирчин хүний чөлөөт цаг хэрхэн өнгөрдөг вэ?

           -Ихэнхи цагаа бэлтгэл тэмцээн гэж өнгөрүүлдэг болохоор аль болох гэр бүлдээ цаг зарцуулахыг хичээдэг. Нөхөр, хүүхэдтэйгээ хамт гадуур хооллох, болзох гэх мэт зүйлсийг хийдэг дээ.

- Амьдарлын тань хамгийн том зорилго мөрөөдөл юу вэ?

      -Мэдээж хүний амьдралын мөрөөдөл дуусашгүй шүү дээ.  Гэр бүлээрээ аялах, гоё байр машинтай болох, аз жаргал амар амгалан өнөр өтгөн болох гээд л. Олон улсын медалийн тавцанд өөрийгөө зогсож байгаагаар их төсөөлдөг. Хэрвээ тоглож байх хугацаандаа чадахгүй байвал шигшээ багийнхаа дасгалжуулагч болоод тамирчидтайгаа зогсоно гэж боддог доо.

-Г.Хонгорзул гэдэг хүнийг нэг өгүүлбэрээр илэрхийлбэл?

          -Дайчин, тууштай, нэг зүйлдээ үнэнч шударга  гэж хэлэх юм байна. / инээв/

-Та спортын салбарт 14 жил болж байгаа хүний хувьд салбарынхаа хөгжлийн үе шат ирээдүйг хэрхэн харж байна вэ ?

    -Би одоо ч үргэлж хичээсээр, хөгжсөөр байгаа залуу тамирчин юм . Миний хувьд энэ спортын хөгжлийг ярих илүүц биз ээ. Гэхдээ одоо XXI зуунд юм бүхэн тасралтгүй хөгжиж байна. Манай волейболын салбар сүүлийн хэдэн жил уналтанд байсан ч одоо илүү сайн хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

-Мэргэжлийн тамирчин гэдэг ойлголт манай улсад ямар байдаг вэ ?

   -Волейболын хувьд бусад спортоос цалин, урамшуулал бага байдаг. Миний бодлоор зөвхөн бэлтгэлээ хийж, давхар ажил хийхгүйгээр амьдардаг хүнийг мэргэжлийн тамирчин гэж боддог. Харин манай улсад дан клубын цалингаар амьдрах боломж  тун муу учир өөр ажил хийхээр бэлтгэлдээ 100% анхаарч чадахгүй болох гээд байдаг.

-Энэ спортоор хичээллэж байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцвал ?

  -Битгий шантраарай мөрөөдөл чинь том байх тусам тууштай хичээгээрэй. Хүн бүхэнд боломж  үргэлж байдаг.Хамгийн чухал нь  хичээж байхад боломжгүй зүйл гэж байдаггүй юм шүү.

-Баярлалаа.

 

Б.Хонгорзул

 


Тамирчин Г.ХОНГОРЗУЛ: Миний амьдралын бүх сайхан дурсамж, мөрөөдөл волейболтой холбоотой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-09 11:07:59
    Мийгаа: Мундаг шүү улам их амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-08 12:32:42
    Жамсран Отгонбаяр : Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Улам их амжилт хүсье. Сайхан ярилцлага болж.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188