• Өнөөдөр 2024-05-14

М.ОДОНЧИМЭГ: ДЭЛХИЙН БАНКНААС 10 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧ, АЖЛЫН БАЙР, ДЭЛГҮҮРТЭЙ БОЛСОН

2022-06-03,   463

Бизнес эрхлэгч М.Одончимэгтэй ярилцлаа.

-Та Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдэд олгож буй зээлийг хэзээ авсан бэ?

     -Би өнгөрсөн онд Баянгол дүүргийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс мэдээлэл авч сургалтуудад хамрагддаг байсан. Тэр үед Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн зээлд хамрагдах боломжтойг мэдэж, шаардлагатай материалуудаа бүрдүүлж эхэлсэн. Тэгээд 2021 оны дөрөвдүгээр сард Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 10 сая төгрөгийн зээлийг авсан. 

-Коронавирусийн халдварын үед Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд бичил бикнес эрхлэлтийг дэмжих зээл авснаар үр дүнтэй байж чадсан уу?

       -Би сонирхлынхоо дагуу хүүхдийн төрсөн өдөр, хүүхдийн баяр гэх мэт хүүхэдтэй холбоотой баярт зориулсан гоёл чимэглэл хийж эхэлсэн. Анх бөмбөлөгөөр л хүүхдийн баяр болох орчныг чимэглэдэг байсан. Хийж байгаа ажилдаа дуртай болохоор өргөжүүлэх, гоё болгох мөрөөдөлтэй байлаа. Тийм учраас зээл авсан. Зээл авахаас өмнө айлын хоёр өрөө түрээслэдэг байсан. Дэлхийн банкны төслийн хүрээнд олгож буй зээлээрээ өөрийн гэсэн ажлын байртай, дэлгүүртэй болж, бараа материалаа хангалттай сайн татаж чадсан нь маш их үр дүнгээ өгсөн.

-Дэлхийн банкны төслийн хүрээнд зээл авч ажлын байр, дэлгүүртэй болсон гэлээ. Танайд хэдэн ажлын байр бий болгох боломжтой вэ?

          -Ажлын байртай болсноосоо хойш хоёр хүнийг ажлын байртай болгосон. Энэ зун дөрвөн хүн ажилд авах боломжтой байна. Одооноос баяр ёслол, арга хэмжээнүүд жигдэрч ажил амжилттай үргэлжилж байна. Төслийн зээл авсандаа баярлаж байна. 

-Зээлийн хүү бизнес эрхлэхэд дарамт болж байна уу?

        -Би зээлээ төлөөд жил болж байна. Ямар ч алдагдалгүйгээр сар бүр зээлээ төлж чадаж байгаа. Одоохондоо хүндрэлтэй зүйл байхгүй. Дахин зээл авах талаар бодоогүй байна. Гэхдээ ажлын байраа өргөжүүлж, дахин дэлгүүртэй болж, олон салбартай болох мөрөөдөлтэй.

-Та хэчнээн төрлийн бүтээгдэхүүн хийж байна вэ?

       -Манайх хүүхдийн төрсөн өдөрт зориулсан чимэглэл хийдэг байлаа. Одоо бүх төрлийн баярт зориулсан гоёл чимэглэл хийж байгаа. Мөн тухайн орчинд нь тохируулж чимэглэдэг. Би чамин зүйл хийх, хүүхдүүдтэй ажиллах дуртай. Тийм болохоор илүү сэтгэл гаргаж хийдэг. Манайд өдөрт 4-5 захиалга ирдэг. 

-Зээл авахад тулгарсан хүндрэл, ямар нэг асуудал бий юу?

-Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн зээлийг авахын тулд эхлээд төслөө бичсэн. Хүүхдийн баярт зориулсан гоёл чимэглэл хийх бизнесээ 2018 оноос хийж байгаа. Тэр үеэс л эдийн засгийн тусламж хэрэгтэй байсан. Гэртээ олон жил суусан болохоор янз бүрийн газраас хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжгүй байсан. Тиймээс төслөө хийж буй ажил, байгаа ажлын байр гээд өөрийн боломжоороо төслөө бичээд зээлээ авсан. Барьцаа хөрөнгө шаарддаг юм билээ. Би ажлынхаа автомашинаа барьцаалж зээл авсан. Үүнээс өөр  тулгарсан асуудал байгаагүй. Банк нь ч хурдан ажилласан.

-Төслийн хүрээнд зээл авахыг хүссэн иргэдийг Зээлийн өмнөх болон дараах сургалтад хамруулж байгаа. Та сургалтуудад бүрэн хамрагдсан уу. Сургалтаар олж авсан мэдлэгээ бизнестээ хэрэгжүүлж чадаж байна уу?

         -Бүх сургалтад хамрагдсан. Коронавирусийн халдварын үе байсан учир цахимаар сургалтад хамрагдсан. Дэлхийн банкнаас явуулсан тус сургалтаас маш олон зүйлийг мэдэж авсан. Надад төсөл бичих анхан шатны ойлголт байгаагүй. Зээлийн өмнөх сургалтад суугаад төсөл яаж бичих ёстойг мэдэж авсан. Баянгол дүүргийн Очирхүү багшийн сургалтад олон удаа хамрагдсан6 Маш ойлгомжтой заадаг. Тиймээс бизнестээ олон зүйлийг хэрэгжүүлж байгаа. Сургалт маш таалагдсан. Их зүйл сурч байгаадаа баяртай байгаа. Төслийн зээлээр ажлынхаа гарааг эхлүүлж байна. 

        -Танай дэлгүүр ямар нэртэй вэ?

-“Дөрвөн чимэг, чимэглэл үйлчилгээ” гэсэн цахим хаягтай. Түүгээрээ үйлчилгээгээ явуулдаг. Дэлгүүрээ хаягжуулж амжаагүй л байна.

 

М.ОДОНЧИМЭГ: ДЭЛХИЙН БАНКНААС 10 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧ, АЖЛЫН БАЙР, ДЭЛГҮҮРТЭЙ БОЛСОН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188