• Өнөөдөр 2024-03-29

МУГЖ Г.ХОНГОРЗУЛ: Сар мэлмэрсэн шөнө уртын дуугаа дуулахад голын урсгал намуухан болж, усанд туссан одод хүртэл тодордог

2022-04-29,   387

                                  Бороо оруулж, тогоруу бүжиглүүлж, манан арилтал дуулдаг МУГЖ Г.Хонгорзултай ярилцлаа.

-Сайн байна уу. Та үзэгч, уншигч нартай уулзаагүй удав уу. Сүүлийн үед юу хийж байна вэ?

   -Эмэгтэй хүнд хүндэтгэх шалтгаан байдаг юм байна. Хожуу ойрхон ойрхон төрсөн. Тийм болохоор хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх том үүрэг, хариуцлагаа биелүүлж байна. Ер нь сүүлийн үед хүүхдүүдээ өсгөх тал дээр түлхүү анхаарч байгаа. Мөн уран бүтээлээ орхиогүй. Дуулах газраа дуулаад л явж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр сиди, уртын дууны анхан шатны суралцагчдад зориулсан гарын авлага бэлдэж, хэвлэлтэд өгөхөөр ажиллаж байгаа. Бас уртын дууны сургалтын төв нээж байгаа. Ганцаарчилсан болон цахим сургалт эхэлчихсэн. Харин танхимын сургалт тавдугаар сараас эхэлнэ. Цахим сургалтад гадаад хүмүүс их хамрагдаж байгаа. Тийм учраас уртын дууг орхигдож байна гэж харахгүй байгаа. Харин ч 2000 оны эхэн үеийг бодвол харьцангуй сайжирч байгаа. Урлагийн сургуулиуд уртын дууны бие даасан ангитай тийм учраас уртын дуу, язгуур урлаг, өв соёлоо илүү их сурах сонирхолтой гэдэг нь мэдрэгддэг. 

-Удахгүй уртын дууны багш болох нь ээ?

   -Би өмнө Хөгжим бүжгийн коллежид жил гаруй хугацаанд багшилж байсан. Олон жил ажилласан туршлагатай багш биш ч гэлээ бэлдсэн шавь нар минь сургуулиа амжилттай төгсөж, мэргэжлийн театруудад ажиллаж байгаа. Би тухайн үедээ заах арга барилиа голдог байсан. Гэхдээ шавь нар маань миний санаснаас илүү сайн сурдаг болохоор урамтай сайхан байдаг. 

  -Та хамгийн сүүлд хэдэн онд бие даасан тоглолтоо хийсэн бэ. Дахин тоглолт хийх төлөвлөгөө бий юү?
 
     -Хамгийн сүүлд 2010 онд бие даасан тоглолтоо хийсэн. 2014 онд хүндрэлтэй төрсөн учраас дуулах хориотой байсан. Тиймээс тодорхой цаг хугацааг алдсан. Гэхдээ “Авьяас тэтгэвэрт гардаггүй” гэдэг болохоор 2023 онд бие даасан тоглолт хийхээр төлөвлөж байна. Үүнээс гадна энэ оны сүүлээр гадаадын орнуудад тоглох санал ирсэн. 
 
-Таныг сургуулиа төгстлөө дуулдаг гэдгээ мэддэггүй байсан гэж сонссон. Тухайн үед ямар мэргэжилтэй болно гэж боддог байв?
 
    -Би сургуульд байхдаа дуулж байгаагүй. Урлагийн үзлэгт ч ордоггүй байсан. Би сэтгүүлч болно гэж бодоод, уншиж, бичих хичээлдээ дуртай байсан.  20 настайдаа анх багшаараа уртын дуу заалгаж байлаа. “Хан Хэнтий” чуулгад орсны дараа МУГЖ Нансалмаа багш намайг шавиараа аваад “Бор борын бялзуухай” гэдэг уртын дууг надад зааж байсан юм. Тэр үедээ багш маань анх удаа уртын дууны шавь аваад, би анх удаа уртын дуу сурч байсан учраас нэлээн чанга дуугаар эхэлж байсан юм билээ.
 
-“Бор борын бялзуухай” чинь Хүүхэн хутагтын дуу гэж алдаршсан, бүр туульсын шинж чанартай 32 түрлэгтэй дуу гэдэг биз дээ?
 
    -Амар дуу биш. СУИС-д ороод анзаарч байхад дөнгөж уртын дуу сурч байгаа хүмүүс “Хөөрхөн халиун”, “Өнчин цагаан ботго” дуугаар эхэлдэг юм билээ. Багш маань шууд хэцүү дуу заасан. Гэхдээ энэ нь буруудаагүй. Тэгээд би багшдаа “Та надаар туршилтын туулай хийсэн шүү” гэж хэлдэг юм /инээв/. Тэр үед одоогийнх шиг утсанд бичээд, хөгжим тавиад сонсоно гэж байхгүй. Багш маань хоолойгоо урагдтал миний өмнө дуулаад л, багшийнхаа дууг сонсож байж л сурна шүү дээ.
 
-Анх дуулахдаа л уртын дуу дуулаад эхэлж байгаа юм уу?  
 
   -Яг үнэнийг хэлэхэд нутгийнхаа ард түмний шахалтаар уртын дуу анх дуулж байлаа. Манай удамд дуучин хүн байсан юм билээ. Хүмүүс ээж, аавд минь “охиноо дуучин болго” гэж шахаад байхаар нь очоод шалгуулсан чинь тэнцчихсэн. Гэтэл намайг шууд уртын дуу дуулна  гээд л. Тэр үед би уртын дууг эмээ өвөө нарын дуулдаг дуу гэж боддог байсан. Сураад эхэлсний дараа өөрийн эрхгүй чармайж эхэлсэн. Урлагт орсон хүн гарч Чадаж байгаа нь үнэхээр болоод цааш явна. Чадахгүй нь шахагдаад л гардаг.
 
-Таны урын санд хэдэн уртын дуу байдаг вэ?
 
   -Яг өөрөө дуулдаг гэвэл 50-иад дуу байна. Хамтарч дуулдаг 60-70-аад дуу бий.
 
  -Би олны танил болчихсон юм байна гэж бодож эхлэхэд танд ямар мэдрэмж төрж байв?
 
   -Би олны танил хүн болчихлоо гэж дэврэхээсээ илүү үүрэг хариуцлага, бусдад зөвөөр нөлөөлдөг байх ёстой. Харин олноос онцгойрсон од байх гээд гоё ганган явж чаддаггүй. Зүгээр л ард түмэнтэйгээ адилхан явахыг хүсдэг. Тийм учраас зарим нь таньдаг зарим нь таньдаггүй. Уран бүтээлээрээ олон түмэнд танигдчихсан юм чинь түмнийхээ дунд сэтгэл дүүрэн хөл нийлүүлэн алхаж яваадаа баярладаг. Өөр зүйл хүсдэггүй. 
 
-Хүүхдүүдтэйгээ хамт уран бүтээлээ сонсдог байх. Хүүхдүүд нь таныг дуучин гэдэг талаас нь хэрхэн тодорхойлдог вэ?
 
   -Залуудаа айж, ичихээ мэдэхгүй өөрийнхөөрөө дуулдаг байсан юм билээ. Харин одоо ухаан зарж дуулдаг болсон юм болов уу гэж өөрийгөө дүгнэж байна. Аль хэсэгт нь юу илэрхийлэх гээд байгаа вэ гэдгийг мэдэч, мэдрүүлж дуулахыг зорьдог. Миний бага охин намайг “Дуулдаг цагаан бурхан” гэдэг юм. Тэгэхээр ээж хүн гэдэг хүүхэддээ л цагаан харагддаг байх нь байна шүү дээ. Миний хүүхдүүд гэдсэнд олдсон цагаасаа л уртын дуутай хамт байгаа болохоор их амгалан тайван зантай. 
 
  -Хүний зовлон, жаргал баяр гунигийг уртын дуу хуваалцаж, хангай дэлхий хүртэл уртын дуунд тайтгардаг юм байна гэдгийг таны ярилцлагаас ойлгосон?
 
   -Хүн 100 наслахгүй байж 1000 жил насласан юм шиг их зовлон туулдаг юм байна. Би аав, ээжээсээ эрт өнчирсөн. Дөрвөн дүүгээ хүний дайтай өсгөж хүмүүжүүлсэн. Гэхдээ бага дүүг минь залуухан байхад нь Хэрлэн хатан ижий таалчихсан юм. Тухайн үед Хэрлэн гол маш их үертэй байсан. Дүүгээ сар гаруй хугацаанд хайсан. Тэр үед намайг “Хэрлэн голоо аргад. Шөнө голын хөвөөн дээр суугаад, сайн уучлалт гуйж дуулаад үз” гэсэн. Би шөнө гурван дүүгээ дагуулаад голын хөвөөн дээр очсон. Тэр үед гол үертэй, улаанаараа эргэлдээд л учиргүй ширүүн урсаж байсан. Сар мэлмэрсэн шөнө ширүүхэн урсгалтай голын хөвөөнд суугаад дуулж байхад урсгал нь хүртэл намуухан болоод, усанд туссан одод хүртэл тодроод ирдэг юм. Үнэхээр гайхамшигтай санагдсан. Тэгээд дүүгээ олж байсан.
 
-Танд уртын дуутай холбоотой өөр сонин тохиолдлоос ярьж өгч болох уу?
 
   -Нүдээрээ харж, хамт байгаагүй хүмүүс хэзээ ч итгэхээргүй зүйл зөндөө тохиолддог. Энэ тухай ярих юм бол намайг хүмүүс буруугаар ойлгоно. Гэхдээ зарим зүйлийг нь ярьж өгье. Жишээлбэл, Тэрэлжид тоглолттой явж байтал түймэр гарч утаатай байхаар нь бороо орчихвол түймэр унтарна даа гэж бодоод голын эргээр бясалгал хийгээд жаахан алхсан юм. Тэгээд ямар ч бороо орох шинжгүй байхад нь  “Бороо оруулъя” гэж хэлээд дуултал үүлний аясаар бороо асгарч, хүмүүс гайхаж байсан. Би тэр үед түймэр унтраачих юм сан гэж өөрийнхөө хэмжээнд бясалгасан. Мөн хадмуудтайгаа Шилийн богд орсон. Гэтэл юу ч харагдахгүй битүү манан байхаар нь хадам ааваасаа би дуулчих уу гэж асууж байгаад хоёр дахь дуугаа дуулаад дуустал хөшиг нээгдэж байгаа юм шиг бүгд цэлийтэл харагдсан. Хадам аав минь тэр үед их баярлаж байсан. 
 
-Тэгэхээр та байгальтай ойлголцдог, ярилцдаг, үргэлж баярлуулж явдаг санагдлаа? 
 
   -Лус нүдгүй юм гэнэ лээ. Тиймээс сонсож, үнэрлэж баярладаг гэсэн. Уртын дуу гэдэг байгалын хэл гэсэн үг. Ер нь хөдөө дуулна, байгальд дуулна гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй их эрч хүчийг өгдөг. Үнэхээр гайхалтай. Жинхэнэ байгалийн симфони гэдэг тэнд бий болно. Шувуу жиргэж, адуу мал янцгаана. Юунд ч баригдахгүй. Уртын дуу маань ерөөсөө байгалиасаа төрчихсөн дуу учраас байгальдаа төгс зохицдог. Салхи хүртэл нэг ширүүсээд л, нэг зөөлрөөд л. Шувууд хүртэл илүү ойр ирж жиргээд ч байгаа юм шиг.
 

-УРТЫН ДУУ ЕР НЬ ХААНА ЗОХИОГДСОН ЮМ, ТЭР Л ЕРТӨНЦӨД БАЙСАН БАЙХ...

-Уртын дуу хүнийг өөр ертөнцөд аваачдаг гэж ойлгож болох нь ээ?
 
   -Уртын дууг монгол хүн л сонсоод мэдэрдэг юм биш. Хүн болж төрсөн л бол хөндлөнгийн ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр сэтгэлийнхээ дотоод мөн чанарыг нээж, нүдээр харж, чихээр сонсож, бие мах бодиороо мэдэрч чадахгүй байгаа сэтгэл зүрхний дотоод орон зайд, хүний алсрахуйн ертөнц рүү уртын дуу биднийг аваачдаг болов уу. Бидэнд хэчнээн их боломж байгааг бид өөрсдөө ч мэдэхгүй шүү дээ. Харин уртын дуу бол хүнд тэр бүхнийг нь нээж өгдөг байх. Хүн өөрийнхөөрөө “хүн байх” тэрхүү сүнслэг түвшинд нь хүрч очиж сүнсийг нь баярлуулдаг юм болов уу. Хүний хүрч чадахгүй байгаа тэр гүн алсралд хүрэхэд нь уртын дуу нөлөөлдөг юм байна гэж би ойлгодог шүү.
 
-Уртын дуу дуулж байхдаа энэ бүхнийг яаж мэдэрдэг вэ?
 
 -Уртын дуу дуулж байгаа хүн өөрт байгаа бүхий л оюун санаа, потенциалаа чин зүрхнээсээ дуундаа зориулах ёстой. Уртын дуу нэг зүрхнээс нөгөө зүрхэнд шууд хүрдэг учраас яг л судсаар гүйж байгаа цус адил оюун санаа, эд эс рүү юүлэгддэг. Нэг ёсондоо хүний эд эсийг аялгуугаар сэлбэж байгаа юм. Тэр хүн уртын дууг үнэхээр чин сэтгэлээсээ хүлээж авч чадсан үед эд эс нь сэргэж, зөв сайхан энерги аваад цусны эргэлт нь хүртэл сайжирна гэж үздэг юм билээ.
 
-Нью-Йоркийн Карнеги холл- ын тайзан дээр яаж дуулснаа мэдэхгүйгээр дуулсан гэж та ярьсан байдаг. Тэр үед яг юу болсон юм бэ?
 
   -Тэр их сонин. 12 цагийн нислэгийн дараа цагийн зөрүү гараагүй, нойр хүрээд л хоолой ч гарахгүй байх шиг санагдаж байсан. Ер нь эмэгтэй хүнд цагийн зөрүү их нөлөөлдөг шүү дээ. “Энэ их ядаргаа, нойрыг л даваад гарчихвал...” гэж бодож байсан чинь, Монголын дуучин Хонгорзул “Уяхан замба тивийн наран” дуулна гээд л зарласан. “Би биш, Монгол дуулна” гэж өөртөө хэлээд л гарч байгаа юм. Яалт ч үгүй дуугаа эхэлснээ мэддэг. Нэг мэдсэн чинь би ёсолж байсан. Ёсолчихоод үзэгчид рүү харсан чинь ерөөсөө алга ташдаггүй. Тэгээд бүр гайхаад, би дуулж байна гэж бодоод зогсоогоороо унтчихдаг юм байх даа гэж бодож байлаа. Үзэгчид алга ташихгүй болохоор учраа олохоо байсан. Гэтэл тэр олон үзэгчид гэнэт дрр гээд босохоор нь би их цочсон. Гэтэл нөгөө үзэгчид чинь шаагилдаад л алга ташаад эхэлсэн. Зүгээр зогслоо л гэж алга ташихгүй байх гээд бодож байтал хамтлагийн маань ахлагч Ёо Ёо Ма гарч ирээд тайзан дээр намайг тэвэрч эргэлдүүлээд л, “Чи урьд өмнөхөөсөө ч илүү онцгой дууллаа. Чи яаж дуулсан бэ? Золо чиний дуунд чинь бүр орчихсон байсан” гээд л...
 
-Тэгэхээр яасан гэж ойлгох вэ?
 
   -Тэр үед “дуундаа орж”. уртын дуу ер нь хаана зохиогдсон юм, тэр л ертөнцөд ҮЛЭМЖ ТӨГӨЛДӨР байсан байх... Одоо бодоход, би зүүдэлсэн юм шиг л санагддаг. Гэхдээ л би дуулах нь дуулсан л юм билээ / инээлдэв/.
 
-Дараа нь та Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд уригдсан. Тэр үед та аль дуугаа дуулсан бэ?
 
    -“Бор борын бялзуухай”-г дуулсан. Карнеги холл театрт хийсэн тоглолтын дараа Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд дуулах урилгыг надад гардуулсан. Карнеги холл-д “Уяхан замба тивийн наран”, хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Хэрлэнгийн домог” бүтээлийг тоглоход “Хэрлэнгийн баръяа” дуугаа дуулсан. Тэр үед би СУИС-ийн оюутан байлаа.
 
-Хөл бөмбөгийн тэмцээний нээлтийн тоглолтыг олон хүн үзсэн байх даа. Та гадаадын ямар томоохон театруудад дуулж байв?

    -Хөл бөмбөгийн тэмцээний нээлтийн тоглолт Учадо холл театрт болсон. Яг хэчнээн суудалтайг мэдэхгүй. Их л олон хүн байсан. Ер нь дэлхийн алдартай том театруудад, мөн Альберт холл, Холливуд гээд том том холлуудад дуулж байсан. Жишээлбэл, Большой театрт гэхэд дандаа сонгодог номеруудыг нь оруулдаг юм билээ.

    -Гадаадын үзэгчид уртын дууг яаж хүлээж авдаг вэ?
 
 -Хэлийг нь ойлгож байж дууг нь ойлгох ёстой биш гэдгийг тоглолт хийгээд явж байхдаа мэдэрсэн. Хүмүүс сонсоод л уйлаад байдаг юм. Монголын уртын дуу, монгол хүн зохиосон гэдгээрээ яах аргагүй бид өмчилнө. Гэхдээ л Монголынх гэж өмчлөөд байх хэрэггүй юм байна гэж бодогдож байсан. Уртын сайхан дууг маань хүний ертөнцөд, төрсөн хүн болгон ойлгодог. Яагаад гэвэл уртын дууны үг, аялгуу нь төгс зохицсон, ерөөсөө л түүх гэдэг шиг... Хүн төрөөд мөхөх хүртлээ юуг даван туулдаг билээ, хүний бүхий л амьдралын эд эсэд тэр жаргал зовлон нь шингэсэн байдаг учраас, тэр бүхнийг уртын дуу өөрөө хүнд ойлгуулж өгдөг юм байна.
 
-УРТЫН ДУУ НЭГ ЗҮРХНЭЭС НӨГӨӨ ЗҮРХЭНД ШУУД ХҮРЧ  ЯГ Л СУДСААР ГҮЙЖ БУЙ ЦУС АДИЛ ОЮУН САНАА, ЭД ЭС РҮҮ ЮҮЛЭГДДЭГ-
 
-Амьдралд олон л зүйл тохиолддог. Та өөрийн амьдралд тохиолдсон нугачаа, саад бэрхшээлийг хэрхэн даван туулж байв?
 
   -Би өөрийгөө хүн шиг авч явахгүй бол, дүү нар минь миний замаар явна гэдгийг би их эрт ухаарсан. Тийм учраас хүний дэм тусыг ямар үед хүн хүртэх ёстой вэ гэдгийг хүртэл маш сайн ойлгодог байх хэрэгтэй. Энэ хүн надад сайн байна, намайг дэмжиж байна гээд пал цүл байж болохгүй. Хамгийн гол нь, хүнээс дэмжлэг туслалцаа авах гэж байгаа бол их зөв замаар, чин сэтгэлийн цагаан үйл дотор бие биеийнхээ тус дэмийг авч явах ёстой гэж боддог.
 

МУГЖ Г.ХОНГОРЗУЛ: Сар мэлмэрсэн шөнө уртын дуугаа дуулахад голын урсгал намуухан болж, усанд туссан одод хүртэл тодордог
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-04 19:45:33
    Отгонтуяа: Мундаг дуучин найздаа уран бүтээлийн өндөр амжилт хүсээд эрүүл энх саруул сайхан байхыг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-04 19:45:21
    Отгонтуяа: Мундаг дуучин найздаа уран бүтээлийн өндөр амжилт хүсээд эрүүл энх саруул сайхан байхыг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-29 09:31:35
    mglchuud: wow yamar mundag yum be
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188