• Өнөөдөр 2024-04-20

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: ХАМРЫН ХИЙДИЙН ХӨТӨЧ Ш.БААТАР: Өвгөн ах нь Хамрын хийдийн толгод дунд “Үлэмжийн чанар”-аа 24 жил дуулж явна даа

2022-05-01,   6491

    Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр онцлох нэг нийтлэлийг хүргэдэг удамжлалтай. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн нийтлэлээр "Хамрын хийдийн хөтөч Ш.Баатар: Өвгөн ах нь Хамрын хийдийн толгод дунд "Үлэмжийн чанар"-аа 24 жил дуулж явна даа" гэх ярилцлагыг хүргэж байна.

Ш.Баатар гуай өглөө эрт ажил дээрээ ирнэ. Үүрийн гэгээ хаяарч, нар ургахтай зэрэгцээд л Хамрын хийдийн хажууханд байх таван ханатай гэрээсээ  яарч сандарсаар гарч ирэн Энергийн төвийн хашаа руу хурдан хурдан алхана. Олон жил “нөхөрлөж”, өнгө нь гандаж, сааралтсан дуу өсгөгчөө нуруундаа  үүрчихнэ. Бас болоогүй ээ, гартаа микрофон барихаа мартахгүй. Халуун, хүйтний алинд ч ноосон малгайгаа өмсчихсөн, энгэртээ “МУСТА Ш.Баатар  хөтлөгч” гэсэн шар тэмдэг зүүчихсэн тууж явна. Тэгснээ олны дундаас “Сайн явж ирсэн үү.  Энергийн төвөөсөө сайхан эрч хүч аваарай, та бүхэн минь. Тэртээ 1803 онд говийн их догшин хутагт Дулдуйтын Равжаа мэндэлж байсан” гээд л үүх түүхийг дуржигнуулан ярьж гарна. Ёстой л түүх хадгалж буй “авдар” шиг он цаг дарааллыг  болсон үйл явдалтай нь хамт тоочин тов тодорхой  хүнгэнэн өгүүлнэ. Болоогүй ээ, “Үлэмжийн чанар” дууг баргилдуухан хоолойгоор сэнгэнэтэл, сэтгэл сэнсэртэл дуулна. Хамрын хийдэд ирсэн зочин болгон “Баатар ах аа, биднийг дагуулаад яваарай. Энэ агуй ямар учиртай юм бэ. Энийг юу гэж нэрлэдэг юм бэ” гээд л янз янзын асуултаар булна. Асуусан асуулт болгонд тэр инээмсэглэн хариулж,  хүн бүрийн сонирхлыг татахаар түүх “урсган” хайлна.  Уншигч та бүхэн  хэнтэй уулзуулах гэж байгааг минь гадарлаж байгаа биз ээ. Тиймээ, Хамрын хийдийн хөтөч Ш.Баатар гэх хүн бүрийн сэтгэлд ойр эрхэмтэй бид ярилцлаа.   Хөтөч нэртэй Хамрын хийдийн Ш.Баатарыг танихгүй хүн Монголд цөөхөн. Сүүлийн 20 гаруй жил тэр өглөөнөөс үдшийн бүрий хүртэл энэ говь толгодын дунд аялагчдын хөтөч хийж амьдарч байна. Түүнтэй ийн ярилцлаа. 

-Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу. Улаанбаатар хотоос таныг зорьж ирлээ. Хүмүүсээс төлбөр, мөнгө авахгүй мөртлөө хүмүүсийн сайн сайхны төлөө үүрэгт ажилтай юм шиг энд байнга “ажилладаг”-ийнх нь шалтгааныг асуухаар ирлээ.

              -Сайн байна уу. Та бүхэн сайхан хаваржиж байна уу. Өвгөн ахаараа битгий тоглоод байгаарай. Намайг энд хүн зорьж ирэхгүй. Эндээс сайн сайхан энерги авах гэж л хүмүүс ирдэг юм.  Хэрэв үнэн ярьж байгаа бол чи эндээс намайг  зорин ирж байгаа анхны хүн нь болж таарч байна. Муу ах нь яахав дээ, ажлаа хийгээд л зогсож байна даа.

-Юу гэж худлаа ярих вэ. Таныг л зориод ирлээ?

                        -Тийм бол сонин л тохиолдол байна. Түрүүнд юу гэж асуугаад байлаа, миний хүү. Аан тийм. Энд яагаад ажиллаад байдаг юм бэ гэсэн үү.

 

 Өвгөн ахаараа битгий тоглоод байгаарай. Намайг энд хүн зорьж ирэхгүй

-Тийм ээ? 

             -Ах нь энд 20 гаруй жил хөтөч хийж байна. Хамрын хийдэд ирж, сүсэглэж мөргөдөг хүмүүс намайг бага ч гэсэн мэдэх болов уу. Энд дэлхийн 150 гаруй орон болон Монгол орны 330 гаруй сумын хүмүүс хүрэлцэн ирсэн гэх тоо сонссон. Хүнд дотоод сэтгэлийн 99 тэнгэр байдаг. Тэдгээр тэнгэр нь эрч хүч, энерги авах бумбын орон нь энэ юм шүү дээ. Хүмүүс энд хүссэн үедээ ирэх бүрэн боломжтой ч хаврын дунд сараас, намрын дунд сар хүртэл аялал жуучлалын болон сүсэг бишрэлээ дагаад наашаа ёстой цувж өгнө дөө. Би өнгөрсөн хугацаанд барагцаагаар 600-700 мянган хүнд хөтөч хийж, тайлбарласан байна. Ах нь 24 дэх жилдээ хөтөчөөр ажиллаж байна. Үүнээс 13 жил нь орон газарт шавилан сууж, сүүлийн 10 гаруй жил нь өөртөө бол албан ёсоор хөтөч хийлээ. Энэ нь ч надад их сайхан санагддаг. Яагаад гэхээр догшин хутагт Данзанравжаагийн соёлын өвийг тээгч болж байгаа минь л миний хувьд том шагнал, урамшуулал. Ер нь бол соёлын өвийг жинхэнэ утгаар нь түгээж, ялангуяа ямар нэг өргөл барьц, хандив, төлбөргүйгээр сайхан сэтгэлийн үүднээс, үнэн сэтгэлээсээ түгээнэ гэдэг өөрөө сайхан зүйл юм л даа.

-Энэ нутаг ус, энерги, эрчимийн тухай тайлбарлаад, өдөржин ингэж яваад та амьдралдаа хүрэлцэхүйц мөнгө олж чаддаг уу?

           -Би хөтөчийн ажлаа сайн дураараа хийдэг. Ард түмэн миний хөдөлмөрийг үнэлээд гар цайлгах тохиолдол бий. Сүсгээрээ өгсөн мөнгийг бол ах нь авчихдаг.

 

 

Ер нь бол соёлын өвийг жинхэнэ утгаар нь түгээж, ялангуяа ямар нэг өргөл барьц, хандив, төлбөргүйгээр сайхан сэтгэлийн үүднээс, үнэн сэтгэлээсээ түгээнэ гэдэг өөрөө сайхан зүйл юм л даа.

-Хөтөч байхын сайн, сайхан тал нь юу байдаг вэ. Таныг энэ тухай сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?

                   -Ард түмэнд соёлын өвийг түгээн танилцуулах нь л сайхан байдаг. Энэ миний цаасан дээр зурагдсан тавилан байх. Хайрлаж, хүндэлж, сүсэглэж явдаг газрынхаа хөтөч, замч хийнэ гэдэг өөрөө том завшаан гэж боддог. Манай Догшин хутагт Д.Данзанравжаа одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт төрсөн байдаг. Харин 1856 онд бурхны орондоо буцсан. Амьдарч байх хугацаандаа орон хийд байгуулъя гээд 1821 онд анхныхаа хийдийг байгуулсан байдаг. Мөн анхны театр болох “Саран хөхөө”-г үүсгэсэн байгуулсан. Үүнээс гадна 200 мянга орчим номтой номын сан байгуулсан байдаг. Хамрын хийдийн энэхүү газар 1991 оноос дахин сэргээгдэж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

-Албан ёсны биш атлаа яагаад ийм ажил хийсээр ирсэн юм бэ?

             -Нэг өдөр энд байж байтал хэсэг хүн ирээд “Та Хамрын хийдийн үзвэр, үйлчилгээг тайлбарлаад өгч чадах уу” гэж асуудаг юм байна. Нэгэнт би энэ нутгийнх, дээр нь цөөнгүй жил хийдэд шавилсных багагүй юм мэддэг байсан тул тэр хүмүүст мэддэгээ хэлж өгсөн. Тэгэж явсаар нэг мэдэхэд л байнгын үйлчлүүлэгчидтэй, намайг сураглаж ирдэг хүмүүстэй, зорьсоор, яарсаар уулздаг аялагч, зочидтой болсон байсан. Би Дорноговь аймгийн Сайхан дулаан сумын хүн л дээ.

-Та гэр бүлээ манай сайтын уншигчид болон Хамрын хийдийн сүсэгтнүүддээ танилцуулж болох уу?

             -Ах нь гэртээ ганцаараа амьдрах болсон.

-Яагаад тэр вэ?

             -Муу ханийгаа хоёр, гуравхан хоногийн өмнө нутаглууллаа. Нэгэн насаа миний дэргэд үдсэн ханийгаа бодохоор эрхгүй нулимс унаж, сэтгэл шимшрэх юм. Гэвч байгалийн жам, бурхны зурсан зураг болохоор яалтай билээ. Үр хүүхдүүд минь өөр, өөрсдийн ажил мэргэжлийг хийгээд явж байгаа. Хот, хүрээ, орон нутаг гээд энд, тэнд л бий. Ах нь зургаан хүүхэдтэй.

-Тэгээд  яагаад ажилдаа хүрээд ирсэн юм бэ. Гэртээ амраад сууж байхгүй?

             -Сэтгэл тогтож чадахгүй хэцүү юм байна шүү. Энэхэн  хорвоод  түүнтэйгээ  насаараа ханилсан юм болохоор өрөөсөн болно гэдэг хэцүү юм байна. Харин эндээ зогсож байвал сэтгэл тайвшрах юм шиг санагдаад л хүрээд ирлээ. Гэр эзгүйрээд хэцүү юм байна.

Нэгэн насаа миний дэргэд үдсэн ханийгаа бодохоор эрхгүй нулимс унаж, сэтгэл шимшрэх юм

-Хамрын хийдийн цогцолбор газар ирсэн хүмүүс  юуг мэдэрч, юуг ойлгоосой гэж та хүсдэг вэ?

             -Энэ газар бол хүний оюун санаатай холбоотой ариун дагшин орон. Тиймээс юун түрүүнд ирсэн бүхэн оюуны хүч, энерги аваасай гэж боддог. Тийм учраас л ах нь 70 гаруй настай ч хүмүүсийн сайн сайхны төлөө хөтөч хийгээд явж байна гэж өөрийгөө онгироож боддог. Үүнээс өөр баяр, баясгалан надад цөөн тохиосон болов уу. Энэ газар онгод, хийморь үргэлж бадарч явдаг. Ах нь өөрийгөө давгүй дуулдаг байж магад гэж боддог юм. Үүнийг маань төр, засаг өдрөөр үнэлж, Соёлын тэргүүний ажилтан цол олгосон. Энэ нь л надад хангалттай. Өөр гавьяа, шагнал надад хэрэггүй дээ.

 

-Монголын аялагчдаас гадна гадаадын жуулчид олноороо ирдэг гэж та хэллээ. Гадаад хүмүүст тайлбар хийхэд хүндрэл гарах уу?

            -Гадаад хүмүүс ихэвчлэн орчуулагчтай ирдэг. Монгол хэл гадарладаг жуулчид ирэх нь ч бий. Мөн судалгаа, шинжилгээний ажлаар яваа гэх хүмүүс надтай уулзаж, элдэв зүйл сонирхож асууна. Ах нь мэдэхээ хэлээд л өгдөг. Заримдаа би гадаад хэл тэр дундаа англи, орос, герман, энэтхэг хэл сурах минь яав даа гэж харамсдаг.

Хамрын хийдийн цогцолбор газарт олон хүн цугларчээ. Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр гэхэд багадаа 1000 гаруй хүн ирсэн болов уу гэхээр олны хөлд дарагджээ. Ш.Баатар гуай тэр олон хүний нэлээдэд нь юм бүхнийг уйгагүй тайлбарлаж, дуулж, үүх түүх ярьж өгөх юм. Тэрбээр “Энэ ажилдаа дуртай, өөрийн сэтгэлийн амар амгаланг олсон газар минь учраас эндээсээ явж чадахгүй. Эндээ байсаар дуусах хувьтай хүн гэж өөрийгөө боддог” хэмээн ярина.

Хамрын хийдэд ирсэн жуулчид Ш.Баатар гуайгаар тайлбар хийлгэж, хөтлүүлэх дуртай гэсэн. Тиймээс ч аялагчид түүнийг булаацалдах тохиолдол байнга гардаг гэнэ. Биднийг ярилцан суух ахуйд 10-12 насны болов уу гэмээр охин эмээтэйгээ явж өнгөрсөн юм. Охин “Эмээ энэ өвөө цагаан сараар ирэхэд байсан тэ. Ёстой гоё дуулж байсан. Танд таалагдсан уу, дуулах нь надад лав таалагдсан” хэмээн ярьсаар цааш одсон юм. Үүнийг тэрбээр сонссон бололтой “Говь нутагт дуу л хүний сэтгэлийг баясгана шүү дээ” хэмээн инээж суусан юм. Хэсэг хугацааны дараа янжуур гарган татаж, унжсан зовхио гарынхаа алгаар илэнгээ гуниглангуй нүдээр зэрэглээт тал руу гөлрөн суулаа. Түүнийг би ханиа дурсан нулимс унагасан байх гэж бодоод эгцэлж чадалгүй хэсэг хань боллоо.

-Та хөтөч хийхээсээ өмнө юу хийдэг байсан бэ. Ер нь таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?

             -Миний бага нас яах вэ, тийм ч бахархаад, яриад байх зүйлгүй, бусдын л адил өнгөрсөн. Ерөнхий боловсролын сургууль төгсөж, цэргийн алба хааж ирээд, барилга, замын ажил, мал маллах гээд амьдрахын тулд янз бүрийн л ажил хийсэн дээ. Ингэж явсаар 50 насандаа хийдэд шавилан сууж, дараа нь хөтөч болсон. Ахынх нь гэр хийдийн хажууд. Энэ орон газар бол өгөөж, буян нь дэлгэрсэн сайхан газар.

амьдрахын тулд янз бүрийн л ажил хийсэн дээ

-Та багаасаа шашны номд сүсэг бишрэлтэй байв уу?

             -Үгүй дээ, залуудаа шашин ном хэрэггүй гэж боддог байлаа. Тухайн үеийн нийгмийн суртал ухуулга ч тийм байсан. Одоо бол шашны мөн чанар, монгол соёлын өвийг хүмүүст, хүүхэд, залууст хүргэхийн тулд оюун санаагаа үргэлж цэнэглэж явдаг. 20 настай Баатар, 70 настай Баатарын оюун санааны ялгаа тэнгэр, газар шиг болжээ. Олон хүнтэй харилцаад, ойлгоод ирэхээр хүний зан, араншин хувьсан өөрчлөгддөг юм байна. Тухайлбал, залуу насны ааг, омог багтаж ядсан үе надад бий. Би энд тайлбар, хөтөч хийж байгаа мэт боловч үнэндээ Монголын ард түмэнд өөрсдийнх нь соёлын өвийг таниулж, мэдүүлэх чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэж өөрийгөө боддог шүү.

-Ярилцсанд баярлалаа.

             -Баярлалаа. Зорин ирсэн та бүхний ажил үргэлж дээшээ бадарч байх болтугай

            Шаравдоржийн Баатар хэмээх Хамрын хийдийн “жинхэнэ” хөтөч эрхэмтэй ийн ярилцлаа. Өдөржин шуурсан салхи юу болов гэмээр намдаж, нар баруун тийшээ таширлажээ. Ш.Баатар ах жаргаж буй нарны дор улайран харагдах  толгодын дунд гар далласаар биднийг үдлээ. Дараа ирнэ ээ, Ш.Баатар ах аа. Дахиад олон жил “Үлэмжийн чанар”-аа хүнгэнүүлэн дуулж өгөөрэй.   

 

 


ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: ХАМРЫН ХИЙДИЙН ХӨТӨЧ Ш.БААТАР: Өвгөн ах нь Хамрын хийдийн толгод дунд “Үлэмжийн чанар”-аа 24 жил дуулж явна даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-06 06:39:34
    Хэнтийн ХайдавынЖадамба: Аргагүй л энэ хуврагт энерги элчис эрчис шингэсэн эгэлгүй энэрэнгүй лхүн шүүдээ Урт наслаж олон түмэндээ эрдэм мэдлэгээ түгээн ард түмнээ гэгээрүүлж байхын ерөөл дэвшүүлье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-04 09:40:06
    Би: Энэ ахын утсыг яаж олох бэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-01 22:25:35
    Ш.Нацагдорж : Танд эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-30 22:59:26
    ОЧИРБАТ: БААТАР ЛАМ МУНДАГ ЯРУУ НАЙРАГЧ ЗОХИОЛЧ ХҮН ШҮҮ ДЭЭ. ЗАЛУУ БАЙХДАА ЯНЗ БҮРИЙН ШҮЛЭГ БИЧИЖ БИДЭНД УНШИЖ СОНИРХУУЛДАГ БАЙЛАА.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-30 21:34:52
    Ж.Янжив : Зохиолч яруу найрагч бичигч БААТАРТаа эрүүл энхийг ерөөе ! Миний хамт олоны нэгдээ .Олон жил хамт ажиллаж байлаа .Одооч дуучин ,тайлбарлагч ,бишрэгч гээд сайхан өвөө болсон доо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-30 18:40:19
    Отгонтунгалаг : Энэ хийдэд зайлшгүй чимэг нь болж яваа буянтай буурал даа. Урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-29 22:16:55
    нараа: мундаг шүү шүлэг яруу найраг шиг унших мэт тайлбарланадаа.Нутгийн мундаг хөтлөгчдөө эрүүл энхийг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-27 22:04:59
    zochin: COVID garsanaas bolood oirdoo Xamar xiid ruu yavj chadsangui Ene zun xeden juulchingaa daguulaad Xamariin xiid uzengee BAATAR axtaigaa uulzaj oir zuuriin sonin saixan xuuchilnaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-26 17:10:04
    Монгол ээж: Баатар ламтан аргагүй Хамарын хийдийн хөтөчөөр "сонгогдсон" хүн дээ. Олон ч жил Эрдэнэ мэргэн Ноён гэгээн хутагтынхаа үүх түүхийг хүн олондоо хүүрнэж, хийд орноо эргэсээр яваа. Эрүүл энхийг хүсье. Эл дашрамд сэтгүүлч болон бусад хүмүүс Хамарын хийд гэдэг газар орны оноосон нэрийг гээгддэггүй бичдэг дүрмээр нь бичиж сураасай. Хүний хамар нармайны хамраас ялгаатай шүү...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-26 12:30:21
    Э.Эрдэнэдалай: Хөөрхий, Ш.Баатар ах минь хөгширч дээ. Гэхдээ л сэтгэл залуухан, итгэл халуухан эр дээ. Эрүүл энхийг хүсье, Тандаа…
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188