• Өнөөдөр 2025-04-20

“ДАРХАДЫН ЦЭНХЭР ХОТГОР” ДУУНЫ ГОЛ ДҮР О.ХҮҮЖИЙ: "Дархадын цэнхэр хотгор" дууны Дүүжий буудлын эзэн, Хүүхэнжий нь тогооч байсан юм

2022-04-04,   4048

-ДҮҮЖИЙ, ХҮҮХЭНЖИЙ БИД ГУРАВ "ДАРХАДЫН ЦЭНХЭР ХОТГОР"-ЫН ӨНГӨ АЯСАД ТОХИРСОН ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ- 

"Дархадын цэнхэр хотгор нь хоё

Далай шиг болоод уужимхан

Үзэсгэлэнт дархад бүсгүй нь хоё

Үлгэрийнх шиг болоод даруухан

Хүүжий, Дүүжий, Хүүхэнжий

Хүрээд иртэл минь баяртай

Аажий, ээжий хоёртоо би

Аминчилж хэлчихээд ирье дээ хө..." хэмээх дархад түмний брэнд “Дархадын цэнхэр хотгор” дууны гол дүрийн нэг болох 80 настай О.Хүүжий гуайтай ярилцлаа. Харин тус дууны шүлгийг Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч П.Бадарч гуай бичсэн билээ. Тэрбээр 1980-аад оны үед Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутгаар явж, бүжиг, цэнгүүн зохиож хүүхнүүдээс нь “Чамайг хэн гэдэг вэ, чамайг хэн гэдэг вэ” хэмээн асууж, тэднийг "Хүүжий, Дүүжий, Хүүхэнжий" хэмээн нэрээ хэлэхэд нь инээд хөөр болсон гэдэг. Тэгээд найрагч П.Бадарч гуай Улаан-Уул сумын сургуулийн эрхлэгч Хүүжий, буудлын эзэн Дүүжий, тогооч Хүүхэнжий нартай танилцсан нь “Дархадын цэнхэр хотгор” дуу "төрөх" хувь тохиолдол бүрдэж, тэд ч нутгийнхаа тухай алдартай дуунд нэр нь мөнхрөх азтай бүсгүйчүүд байжээ. Хүүжий, Дүүжий, Хүүхэнжий гурвын нэр яг л холбоо морь шиг хоршихоос гадна дархад эмэгтэйчүүдийг төлөөлүүлж болохуйц сайхан хүүхнүүд байсан нь гарцаагүй биз ээ.  

 

-Сайхан хаваржиж байна уу, та. Танай нутгийн брэнд болсон “Дархадын цэнхэр хотгор” дуу хэрхэн "төрсөн" юм бэ. Таны нэр ямар хувь тохиолдлоор тус дуунд мөнхөрсөн бэ?

         -Би 1976 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын найман жилийн дунд сургуулийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. Миний санаж байгаагаар Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа агсан, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсан, Ардын жүжигчин А.Жамъянжав агсан гээд 20 орчим хүн Улаан-Уул суманд арваннэгдүгээр сард ирж байсан юм. Тэд бүжгийн цэнгүүн зохиож, манай сумынхыг цуглуулсан юм. Тэр үед Ардын уран зохиолч П.Бадарч гуай бидний нэрийг их сонирхож, миний ойр хавьд байсан эмэгтэйчүүдээс “Чамайг хэн гэдэг вэ, чамайг хэн гэдэг вэ” гээд л асуугаад байсан. Тэд манай нутгийн талаар уран бүтээл хийхээр, манай нутгийн талаар болоод биднийг судалж явсан байж магадгүй гэж хожуу таамагласан.  Тэгээд л “Дархадын цэнхэр хотгор” дуу бүтсэн байх магадлалтай юм. Гэхдээ үгүй ч байж болно. Тухайн үед Улаан-Уул сум ганц буудалтай байсан. Түүнийх нь эзэн Дүүжий, сумын тогоочийг нь Хүүхэнжий гэдэг байв. Тэр хоёр тэдэнд үйлчилж байсан хүмүүс гэсэн үг.  Тэгээд л бид гурвын нэр манай нутгийнхны бахархал болсон “Дархадын цэнхэр хотгор” дуунд мөнхөрсөн түүхтэй. Бид гурвын нэр дууных нь ая, өнгө аясад  тохирсон юм байлгүй.

-Та “Дархадын цэнхэр хотгор” дуу гарсныг хэзээ мэдсэн бэ. Дүүжий, Хүүхэнжий та гурав дуунд мөнхөрсөн тухайгаа хэрхэн дурсдаг байв?

    -Ер нь удаагүй дээ. Хоёр жилийн дотор гарсан байх.  Дуунд нэр минь орж мөнхөрснийг мэдээд сайхан санагдаж байсан. Тэр үед өнө удаан амьдрах, өнөө хүртэл бидний сонсох дуртай, алдартай дуу хэвээр байна гэж бодож байгаагүй. Гэтэл бидний сонсох дуртай уран бүтээлүүдийн нэг яах аргагүй болчихсон, "Дархадын цэнхэр хотгор"  дуугаараа ялгарч байна гээд бод л доо. Бид даруу, төлөв байсан болохоор тухайн үед өөрсдийгөө сонин содон зүйл болгож ярьдаггүй, дотроо л баярлацгаадаг байсан даа. Нутгийнхан ч бид гурвыг гэж мэддэг байсан. 

-Та Дүүжий, Хүүхэнжий хоёртой холбоотой юу?

      -Дүүжий нь миний хамаатан, хөдөө амьдардаг юм. Харин Хүүхэнжийг байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Бид гурав тэр үед дотнын сайхан найзууд байгаагүй. Бие биеэ таньдаг, амар мэндтэй л явдаг үе тэнгийнхэн. 

-Та дуу хөгжимд хэр сонирхолтой вэ. “Дархадын цэнхэр хотгор” дууг олон жил сонсож байгаа байх. Дуулах дуртай юу?

        -"Дархадын цэнхэр хотгорыг сонсохоор үнэхээр сайхан санагддаг. Бага, залуу насны дурсамж сэргэж, залуу насаараа бахархдаг. Энэ дуу бид гурвын юм уу, миний амьдралаар сэдэвлэсэн юм биш. Манай нутгийн тухай дуу. Тэгэхээр нутгийнхаа тухай дуунд орсон гэж бодохоор баярлах нь гарцаагүй шүү дээ. Би дуулахдаа муу. Сүүлийн үед бүр их сонсох дуртай болж байна. Дархадын цэнхэр хотгор” гээд дууных нь нэр их сайхан санагддаг.

-Таныг багшилдаг байсан гэж сонссон. Олон мянган шавь нь "Дархадын цэнхэр хотгор" дуунд дуртай. Таныг тэр дуугаар төсөөлж, санадаг байх?

       -Би 36 жил физизийн багшаар ажилласан. Гурав, дөрвөн мянган шавьтай. Тус дууны аяыг манай аймгийн Ш.Ламжав хийсэн юм билээ. Үг, ая нь тохирсон сонсголонтой сайхан дуу шүү. Миний шавь нар ч "Дархадын цэнхэр хотгор"-ыг сонсох, дуулах дуртай. 

-Улаан-Уул суманд Ардын уран зохиолч Б.Бадарч тэргүүтэй зохиолчид, урлагийнхан очиход та хэдэн настай байсан бэ?

     -Тэр үед би 27 настай байсан. Тухайн үед манай суманд ирсэн зохиолчид надаас 2-3 насаар ах байсан байх. Би одоо 80 насалж байна.

-“Дархадын цэнхэр хотгор” дуу гарснаас хойш та П.Бадарч гуайтай уулзсан уу?

      -Түүнээс хойш нэг ч удаа тааралдаж, уулзаж  байгаагүй. Хүмүүс биднийг дотнын танил гэж боддог юм шиг байна лээ. Би П.Бадарч гуайн оролцсон нэвтрүүлэг, “Болор цом” наадамд шүлгээ уншиж байгааг нь  телевизээр л үздэг байсан. Яруу найрагчдаас Т.Галсан л намайг "Хөвсгөлийн О.Хүүжий, “Дархадын цэнхэр хотгор”-ын О.Хүүжий" гэж мэддэг байх. Бид танил байсан юм. 

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ. Аав, ээж нь таныг “Дархадын цэнхэр хотгор” дуунд орсон тухай мэддэг байв уу?

    -Би эцэг эхээс гурвуулаа. Аав, ээж минь “Дархадын цэнхэр хотгор” дуунд миний нэр орсныг мэддэг байсан. “Миний охины нэр яагаад орсон юм бол доо” гээд гайхдаг байсан. Миний аав намайг долоон настайд сургуульд оруулж, багш болгосон. Харин нөгөө хоёрыг маань малчин болгосон. Тэгэхээр би нөгөө хоёроосоо илүү азтай байгаа биз. Одоо 80 настай ч гэлээ ухаан санаа минь саруул, бие сайн байгаа. Би үүнийгээ багш байсны гавьяа гэж боддог. Би долоон хүүхэд төрүүлж, хоёр хүүхэд өргөж хүн болгосон. Хүүхдүүд минь эрүүл саруул, сайхан амьдарч байгаа. 

-Ярилцсан танд баярлалаа. 

      -Баярлалаа. 

ДАРХАДЫН ЦЭНХЭР ХОТГОР

ҮГ: Ардын уран зохиолч, СГЗ П.Бадарч 

АЯ: Ш.Ламжав

Дархадын цэнхэр хотгор нь хоё

Далай шиг болоод уужимхан

Үзэсгэлэнт дархад бүсгүй нь хоё

Үлгэрийнх шиг болоод даруухан

Хүүжий, Дүүжий, Хүүхэнжий

Хүрээд иртэл минь баяртай

Аажий, ээжий хоёртоо би

Аминчилж хэлчихээд ирье дээ хө

Цагаан цааны нуруунд хоё

Тогтох л болов уу, яадаг бол

Царайлаг чинийхээ дэргэд хоё

Тэнцэх л болов уу яадаг л бол

Хүүжий, Дүүжий, Хүүхэнжий

Хүрээд иртэл минь баяртай

Эгчий, дүүдий хоёртоо би

Эргэж золгочихоод ирье л дээ хө

Тоомойн өндөр давааг хоё

Торох л үгүй давна даа

Торомгор дархад бүсгүйг хоё

Мартах л үгүй санана даа хоё

Хүүжий, Дүүжий, Хүүхэнжий

Хүрээд иртэл минь баяртай

Аажий, ээжий хоёртоо би

Аминчилж хэлчихээд ирье дээ хө


“ДАРХАДЫН ЦЭНХЭР ХОТГОР” ДУУНЫ ГОЛ ДҮР О.ХҮҮЖИЙ: "Дархадын цэнхэр хотгор" дууны Дүүжий буудлын эзэн, Хүүхэнжий нь тогооч байсан юм
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-07 11:05:13
    зочин: Цэргийн найз Баттөрд бичигийн ажилд нь амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-04 12:14:14
    Баттөр: Сайхан түүх, сайхан дуу. Дууны эздэд эрүүл энх сайн сайхан бүхнийг ерөөе.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188