• Өнөөдөр 2024-04-29

С.МЯГМАР: Театр найруулагчаараа л хэдэн жил амьдардаг

2022-03-15,   1125

Боролдой студийн захирал, “Black box” театрын Ерөнхий найруулагч С.Мягмартай ярилцлаа. Түүнийг бортогон малгай өмсөж, дугуй хүрээтэй хар туяатай нүдний шилээр гаргаран донжтой стильтэй явдгаар нь хүмүүс андахгүй. Тэр бол Монголын театрын урлагийн сод нэгэн үзэгдэл мөнөөс мөн билээ.

            С.Мягмар гуайн гэрт товлосон цагтаа очиж хаалга тогшлоо. Гэрийн эзэгтэй хаалга нээн биднийг дотогш орохыг урилаа. Урлагийн музей гэж болохоор гэрээ тохижуулсан нь сонирхол татаж байв. Мягмар гуай самбар дээр кино, жүжгийн задлал хийн зогсож байлаа. Би түүнээс “Та тайз, дэлгэцийн уран бүтээлүүдийг Брехт онолоор задалдаг уу, эсвэл Станиславский онолоор задалдаг уу” хэмээн асуулаа. Гэтэл долоовор хуруугаа гозойлгоод “Үгүй чшшшш. Ахад нь нэг л онол байдаг. Тэр нь Мягмарын онол, гүйцээ” хэмээн инээмсэглэн цааш алхлаа.  Би түүний араас даган явсаар зочны өрөөнд орж ярилцлагаа эхлүүллээ.

- Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

             -Дэлхий дахин дайнтай болж эхэлж байна. Энэ нь бидэнд нөлөөлөхүйц, магад маш том нөлөө үзүүлэх дайн болох магадлалтай байна. Хоёр том гүрний дунд байдаг улсын иргэд юу бодох ёстой юм. Энэ дайныг дэмжиж ёстой юм уу, үгүй юм уу гэх мэт бодох зүйл их байна. Ер нь бар жилийн хавар их ширүүн эхэлж байна. Уран бүтээлийн хувьд гэвэл хоёр гурван жүжиг хийхээр ажиллаж байна даа. Тус жүжгүүдээ өөрийн хувийн театрын тайзандаа тавьж, үзэгчдэдээ хүргэнэ. Мөн хүүхэлдэйн киноны ажилдаа орно. Хийдэг юмаа хийнэ, чаддагаа цааш үргэлжлүүлнэ. Өнгөрсөн хоёр жилийн цар тахлын үед бид эдийн засгийн хувьд нэлээд цөхөрлөө. Яах вэ, миний хувьд ном уншиж, бодож өнгөрөөлөө. Тэгэхээс ч өөр арга байсангүй.

НӨГӨӨ ТАЛААР ТӨРИЙН МӨНГӨ ХУЛГАЙЛАХ АЖИЛ НЬ ЯВАГДАЖ БАЙСАН БИЗ

-Энэ жилийн “Гэгээн муза” наадамд та оролцох уу, ямар уран бүтээлээр оролцох вэ?

               -Цар тахлын хоёр жилийн хугацаанд гэртээ хоригдсон хүмүүс хэдэн тийшээ гүйлдэж, зай авч үзээд явж байна. Эргээд нөгөө цар тахал чинь байж л байгаа биз дээ. Хүүхдийн эмнэлгүүдийг хар л даа хүн гишгэхгүй зайгүй болсон байна. Тийм болохоор уран бүтээл хийх гэж нэг их яарсангүй. Сайхан цагийг хүлээгээд сууж байна даа. Энэ жилийн зуны эхэн сард хоёр жүжиг тавина. “Гэгээн муза” наадамд оролцохгүй. Яагаад гэхээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уран бүтээл хийсэнгүй. Бид өнгөрсөн 10 жилд театрын шинэ өнгийг гаргаж ирсэн. Өмнө нь социалист, реализмаар тууштай зүтгэж ирсэн. Харин 2000 оны эхээр театр шинэ зам хайж эхэлсэн.

-Таныг абсурд театрын тухай сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна. Мөн та абсурд уран бүтээлүүд дээр ажиллаж байна уу?

               -Тиймээ бид абсурд уран бүтээлийн зам дээр гарч ирсэн. Энэ хийсвэрлэхүйн чиглэл, реализм бол бодит чиглэлд байдаг урсгал. 2012 онд Оюу Толгойн гэрээнд монголчууд гарын үсэг зурчихсан байсан үе. Ер нь мөнгөө яах вэ гэж байсан үе шүү дээ. Улс орон, ард түмэн мөнгөө ашиг өгөхгүй зүйлд зараад л машин, тэрэг авч унаад эхэлсэн. Нөгөө талаараа төрийн мөнгийг хулгайлах ажил нь ч явагдаж байсан биз. Энэ үед бид абсурдизмыг бий болгож, “BLACKBOX” театрыг үүсгэн байгуулсан.  Одоо эргээд харахад дажгүй уран бүтээлүүд хийжээ. Мөн абсурд жүжиг үздэг үзэгч, хамт олон бий болжээ.

Сэтгэлгээний өөр түвшинд гарч ирсэн залуус үздэг. Тэр залуусаар бахархаж байлаа.

         Ер нь байнгын 100-150 үзэгчтэй болчихсон байв. Үүнээс Монголын нэлээд том сэхээтнүүд ирж үздэг. Урлаг, уран сайхан ойлгодог бас боддог, бичдэг хүмүүс ихэвчлэн ирнэ. Би энэ цар тахлын үед бараг жүжигчингүй жүжиг хийлээ. Тухайлбал, 1920-оод оноос хойш 14 хүнийг хэлмэгдүүлэн хороосон байдаг. Тэр хүмүүс бол тухайн үеийн сэхээтнүүд л дээ. Мөн барууны боловсрол эзэмшээд ирсэн Д.Намдаг, Д.Нацагдорж гэх хүмүүс шоронд орсон. Нэлээд ч зовлон үзсэн нь ойлгомжтой. Үүн дээр тулгуурлаад уран зохиол, түүхийн нэг хэсгийн бичсэн байдаг юм. Тэр номоос сэдэвлээд 19 хүний үхлийн тухай баримтат гэхдээ абсурд талдаа жүжиг хийсэн. Энэ жүжигт  хүн бараг оролцоогүй. Масктай хоёр хүн бусад нь баримт тэгээд болоо.

Дотроо дуу, дуурь, бүжиг, гээд урлагийн төрлүүд нэгтгэж байна. Ийм зүйлсээс үзэгчид сэтгэл ханамж, мэдрэмж авдаг болсон цаг шүү дээ

-Монголын урлаг тэр дундаа тайзны урлагийн чанар чансаа хэр өсөлттэй яваа вэ. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

                  -Яг наад асуудал дээр чинь хоёр жил судалгаа хийлээ. Ер нь театр олон жил оршин тогтонодгүй юм байна. Яах вэ социалист театрууд бол олон жил оршин тогтнодог. Яагаад гэхээр үзээд суртлын зэвсэг болдог байхгүй юу. Гол зэвсгээ төр засаг нь газар хаяхгүй тэжээгээд байна шүү дээ. Яг жинхэнэ утгаараа амилж, төрсөн театр нэг их удаад байдаггүй. Театрт байлаа гэж бодоход дотор нь байгаа бүрэлдэхүүн нь солигдож байдаг.

Манай дуурийн театрыг гадны нэг хүн ирж үзээд “Энэ чинь музей байна шүү дээ” гэсэн. Үнэндээ байгаа байдал нь музей шиг юм чинь яах вэ дээ. Харин УДЭТ-р хоёр хүнээс болж нэлээд сайн хөгжсөн.

-Ямар хүнээс шалтгаалан сайн хөгжсөн бэ?

                  - И.Нямгаваа, Г.Доржсамбуу хоёр УДЭТ-ыг сайн хөгжүүлсэн. Энэ хоёр хүн шүүмжлэлт реализмыг сайн хийсэн. Үүгээрээ тогтмол ус шиг байсан хүмүүсийг долгионд оруулсан даа.

Театр бол ордон. Ер нь бол театр  найруулагчаараа л хэдэн жил амьдардаг юм               

             Ах нь бол контенпорари театрын чиглэлд ажиллана. Уран бүтээлч төдийгүй жүжигчдээс асар их зүйл шаардана. Энэ театр бол орон зай, цаг хугацаа, сэтгэлгээний, гэрлийн театр. Дотроо дуу, дуурь, бүжиг, гээд урлагийн төрлүүд нэгтгэж байна. Ийм зүйлсээс үзэгчид сэтгэл ханамж, мэдрэмж авдаг болсон цаг шүү дээ. Нөгөө талаар дэлхийн театр яаж хаалгаа нээсэн бэ гэхээр орон тооны жүжигчингүй болчихсон. Тухайлбал, нэг нөхөрт цалин өгөөд цонхоор хараад суугаад байх юм уу. Жүжигчин ажиллуулж байгаа тохиолдолд цалин өгөх шаардлагатай биз дээ. Хааны театртай газарт бол хаан нь цалин өгөөд байж болно. Гэхдээ жүжигчнийг өөр дээрээ уядаг гол зүйл бол маш олон хүн амтай, өндөр хөгжилтэй, улсаас мөнгө авдаггүй. Харин сайн тоглолт хийж үзэгчдээсээ мөнгө авдаг л даа. Орос, Герман зэрэг барууны улсууд гээд хаана л бол хаана энэ зарчим болж байна. Гэтэл манайд болдоггүй.

Яагаад тэр вэ?

                  -Хүн амын амьжиргаа муу, цөөхөн хүн амтай. Тэгэхээр тасалбарынхаа үнийг дийлэхгүй байгаа юм. Тиймээс жүжигчдэд улсаас цалин өгч ажиллуулахаас өөр арга байхгүй. Тэгэхгүй бол гадуур дотуур наймаа хийгээд яваад өгнө шүү дээ. Тэр нь ч зөв. Ер нь УДЭТ-ын жүжигчид сард 600-700 мянган төгрөгийн цалин аваад дүр хүлээгээд сууж байгаа. Хоёрт шагнал хүлээгээд сууж байна. Өөр хийх ажил байхгүй.

-Театрыг нэг үгээр тодорхойлж хэлбэл?

                  -Театр бол ордон. Ер нь бол театр найруулагчаараа л хэдэн жил амьдардаг юм. Тэр дундаа жүжиг философи, гүн ухааны бүтээгдэхүүн. Мөн сэтгэлгээ, орон зайн театр бий боллоо. Энэ хоёр урсгал зэрэгцэн явах шинжтэй байна. Мөн саяхан Хүүхэд, залуучуудын театртай болголоо. Одоо дүрэм журмаа ярилцаж байгаа. Энэхүү шинэ теарт найруулагч л байхгүй байна.

-Та театрын урлагтай хэрхэн холбогдох байв. Энэ талаар сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?

                  -Би бол театрын урлагтай их ойрхон хүн. Мөрөөдлийнхөө хойноос явсаар байгаад өнөөдрийг хүрчээ. Энэ хугацааны театрын хаалгаар олон орж, гарсан. Намайг наймдугаар ангид байхад тавдугаар сургууль дээр “Хүжийн гал” гэдэг жүжиг тоглогдохоор боллоо. Би энэхүү жүжигт муухай ааштай ламын дүрд анх тоглосон. Эндээс анх надад тайзан дээр явж, суухыг заасан хүн С.Гэндэн гуай байлаа. Тухайн үед би наймдугаар ангийн л хүүхэд байсан. Дараа нь 10 жилийн сургуулиа төгссөн. Цаашлаад багшийн дээдийг төгслөө. Үүний дараа эхнэртэй болсон. Манай гэргийн талын ах, дүүс бүгдээрээ театрын хүмүүс. Тухайлбал, эхнэр маань МУАЖ С.Чулуун гуайн төрсөн ахынх нь хүүхэд. Харин манай ах нарийн бүрээчин.

Урлагийн ертөнц бол орж гардаг зүйл биш. Яагаад гэхээр агуу их хайр сэтгэл оршиж байдаг. Нэгэнт л энэ замаар яваад ойлгож, мэдрээд байх юм бол өөрийгөө илүү боловсруулна гэсэн үг.

Тухайн үед манайх тавдугаар сургуулийн ойролцоо байсан л даа. Өглөө нар мандаж байхад ах турба тоглодог. Хэчнээн гоё гэж санана. Ойр орчны хүмүүс сэрдэг. Хэн ч “Яах гэж хөгжим орилуулаад байгаа юм гэдэггүй. Харин тоглохгүй болохоор нь “Яасан бэ” гэдэг байлаа. Би ийм орчинд өссөн. Мөн манай аав зураг зурдаг байсан. Үүнээс гадна тээврийн жолооч хийдэг хүн байлаа. Аавын зурсан зургуудыг ээж нь хараад “Манай ийм гүүний унага, тэр үхрийн тугал байна” гэж таньдаг байсан юм билээ. Мөн гар урлалын гоё, гоё зүйлүүд хийдэг байсан. Надад тэр бүгдийгээ зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, урлаг надтай бүх насаар минь хамт байлаа. 

-Та “BLACK BOX” театраа 2012 онд байгуулсан бил үү?

                  -Тэгсэн. Анх байгуулж байхад найруулагч Ч.Найдандорж толгой сэгсрээд “Чи ёстой тэнэг хүн юм даа. Оронд нь уурхай барихгүй” гэсэн. Хүн өөрийнхөө хүсэл тэмүүллээр амьдрах хэрэгтэй байхгүй юу. Хүн цоо шинээр уран бүтээл хийдэггүй л дээ. Хэрвээ хийх юм бол захиалгатай болж хувирдаг. Би тэгж чадахгүй, миний нэг бүтээлээс нөгөө бүтээл ургаж гардаг. Урлагийн ертөнц бол орж гардаг зүйл биш. Яагаад гэхээр агуу их хайр сэтгэл оршиж байдаг. Нэгэнт л энэ замаар яваад ойлгож, мэдрээд байх юм бол өөрийгөө илүү боловсруулна гэсэн үг. Тэр орж гардаг хүмүүс бол захиалгын уран бүтээл хийдэг хэсэг нөхөд л байдаг юм.

Аавын зурсан зургуудыг ээж нь хараад “Манай ийм гүүний унага, тэр үхрийн тугал байна” гэж таньдаг байсан юм билээ. Мөн гар урлалын гоё, гоё зүйлүүд хийдэг байсан. Надад тэр бүгдийгээ зааж өгсөн.

 

-Шинээр тайз, дэлгэцийн уран бүтээл хийх гэж байгаа залууст хандаж юу гэж хэлэх вэ?

                  - Урлаг бол авьяас. Авьяас муутай бол зарлагч л болно. Тэгэхээр өөрийгөө эхлээд ол. Олохдоо янз бүрийн зүйл туршиж үз. Дотоод ертөнц, мэдрэмжээ чагнаж үз. Хүн битгий дууриа, бусдаас өөр бай гэж хэлмээр байна даа.

 

 


С.МЯГМАР: Театр найруулагчаараа л хэдэн жил амьдардаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188