• Өнөөдөр 2024-04-29

Б.БАТБОЛД: Би ам барьж үзээгүй дуучин

  Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөл

 Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам Монгол эр хүн

Би халхын сайхан бүсгүйн хараа булааж, хайрыг татсан

Би сэтгэл сэргээж, айзам урсгаж, уяран сагах Монгол эр хүн хэмээн дуулах дуучныг уншигч та андахгүй мэднэ байх. Тэр бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Батболд. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар ийн ярилцлаа.

 -Сайн байна уу, танд юуны өмнө МУГЖ цол хүртсэнд эргэлт.мн сайтын хамт болон уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Сүүлийн үеийн уран бүтээлийнх нь сонин сайхнаас хоёулаа яриагаа эхлэх үү?

   -Баярлалаа. Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед мэргэжлийн уран бүтээлд нэлээд цаг зарцуулж байгаа. Тухайлбал МУАЖ Н.Энхтайван ахын аялгуу  “Би ижийнхээ” хэмээх шинэхэн уран бүтээл дээр ажиллаж байна. Мөн яруу найрагч Ч.Чагнаадоржийн шүлэг, хөгжмийн зохиолч  УГЗ Б.Бямбабаярын ая “Би эх орон чинь байна” гэсэн шинэхэн уран бүтээл дээр ажиллаж байна. Энэхүү уран бүтээл маань эх орон, байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах ёстой гэсэн утгыг илэрхийлж байгаа.

 -МУГЖ хэмээх эрхэм цолыг хүртлээ. Энэхүү шагналыг та хэрхэн хүлээж авч байгаа вэ?

  -Аав минь 2004, харин ээж маань 2008 онд тэнгэрт дэвшссэн. Мөн том ахыгаа алдаад дөрвөн жил гаруй хугацаа хөнгөрчээ. Саяхан МУГЖ  цол тэмдгээр шагнуулаад баярлахын сацуу аав, ээж маань байхгүйд харуусал төрсөн. Тэгээд тэднийхээ гэгээн дурсгалд нь дуун суварга босгьё гэж бодлоо. Тиймээс ч ээжийнхээ дууг гаргахаар болсон. Мөн МУУГЗ Ж.Цэвээнравдан гуайтай хамтран “Аавын нөмөр” дууг бүтээж  байна. Үүнээс гадна, өмнө нь уран бүтээл дээрээ тоог чухалчилдаг байжээ. Одоо харин чанар, илэрхиймж, агуулгад анхаарах болсон. Уран бүтээлийг минь өндрөөр үнэлсэн төр засаг, ард түмэндээ баярлалаа.

 -Таныг үзэгчид тоглолтоо хийх болов уу гэж хүлээж суугаа байх. Тиймээс та хэзээ тоглолт хийхээр төлөвлөж байна вэ?

  -Тоглолтоо хийх бодол мэдээж байлгүй яах вэ. Хамгийн гол нь одоо бүх зүйлд хариуцлагатай хандах хэрэгтэй. Шууд л тоглолт хийнэ гээд сэтгэлийн хөөрлөөр шийдэж болохгүй л дээ. Хуучин уран бүтээл, дүрсүүдээ янзлаад чанарыг нь сэргээсэн ч тэнд миний СТА гэсэн автор явж байгаа. Энэ ч утгаар урин дулаан цаг ирэхээр шинэ уран бүтээлээ гаргад, өмнөх уран бүтээлүүдээ шинэчилж намраас тоглолтын ажилдаа орох санаатай байна. Хамгийн гол нь яаралгүйгээр чанартай уран бүтээлийг хийх төлөвлөгөөтэй бий. Миний дуртай улирал бол зун. Уран бүтээлч хүнд зун болон намрын улирал дуугаа дүрсжүүлэхэд хамгийн тохиромжтой цаг үе л дээ.

 -Багаасаа дуулах дуртай байсан уу, Яагаад дуулах болсон бэ?

    -Би зургадугаар ангид орох жилдээ эхний бөгөөд эцсийн удаа урлагийн үзлэгт  ороод аймагтаа шалгарч байсан л даа. Аав, ээж хоёр маань социализмын үеийн аймгийн аварга дуучид байлаа. Тэгэхээр удмын жаахан авьяас надад бий. Би эхээс есүүлээ бүгд дуулна. Аав, ээж хоёр ярилцаад намайг дуучин болгохоор сонгосон. Есдүгээр ангид сурч байхдаа аав, ээж хоёртоо туслахаар сургуулиасаа гарч, мал маллаж байгаад  цэрэгт явж Соёлын коллежийн дуу хөгжмийн ангид хуваарлагдсан. Дараа нь  СУИС-д нэмэлт элсэлт авч байна гэдэг сургаар очиж, шалгуулж тэнцээд л дуучин болох зам маань эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй 20 жил дуулж явна даа.

   -Таны уран бүтээлүүдийн нэг болох “Хоёр маргаз уул” дууг онцолж асуумаар байна. Энэ уран бүтээл анх хэрхэн, яаж  бүтсэн талаар яриа дэлгээч?

   -Хөгжмийн зохиолч Ж.Цэвээнравдан багш ая хийсэн нэг дуу байна, дуулах уу хэмээн санал тавьж байсан. Тухайн үед багш нараасаа жаахан эмээж байлаа. Тиймээс ч хэсэг хугацаанд дуулаагүй. Гэтэл Ж.Цэвээнравдан багш  уурлаж, Төмөр замын чуулгын тайзан дээр хөгжмийн найруулгыг нь өгөөд “Одоо тавиад дуулаад үз” гэсэн, би ч дуулсан.  Харин тухайн өдрийн орой студид дуулж үзсэн. Энэ дуу “Би Монгол эр хүн” дуунаас өмнө дуулагдсан л даа. Тэгээд энэхүү дуугаа анх нэлээд хэдэн орон нутгийн тоглолтуудад дуулж байснаас биш FM-д радиод өгөөгүй байв. Мөн Завхан аймгийн зарим сумдын 90 жилийн ой тохиож, би дуугаа дуулаад тойрон явсан. Сантмаргаз сумын нэгэн залуу надад “Хоёр маргаз уул” дууны клипийг нь Баян-нуурын хөвөөн дээр очиж хийх санал тавьснаар клип нь бүтэж байсан түүхтэй.

  -СУИС-ын дуулаачийн мэргэжлийн багшаас гадна дуулах тал дээр зааж зөвлөдөг уран бүтээлч бий юу?

   -Би СУИС-ийг МУАЖ Д.Жамъяанжав багшийн удирдлагад дуурийн дуучин мэргэжлээр сурч төгссөн. Хүмүүс багшийг маань “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Долдойгийн дүрээр сайн мэднэ.  Харин дууны дээд өнгийг хэрхэн авахыг У.Далантайгаас, хэрхэн маниартай, нугалаатай дуулахыг АЖ С.Батсүх дуучнаас харж, суралцдаг байлаа. Дуучин хүн дуулах арга барилаа олж авахын тулд урт хугацаа зарцуулдаг.



   -Нийтийн дууны салбарыг хүмүүс ам барьдаг, нэгэн хэвийн гэх мэтээр шүүмжилдэг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

   -Мэдээж алдаа, оноотой зүйлс бий байх. Миний дуулж эхэлсэн үеийг орчин цагтай харьцуулж харах юм бол дуу хөгжмийн студи, панаграмм гээд илүү шинэлэг болсон байна. Мөн шинэ залуу дуучид маркетингаа их сайн хийж байна. Харин ам барьж дуулж байгаа уран бүтээлчдэд би ч шүүмжлэлтэй ханддаг. Ам барьж дуулна гэдэг тухайн дуучныг хоолойн чадварыг муутгаж, авьяасыг нь бүдгэрүүлж байдаг зүйл шүү дээ. Одоо МУАЖ С.Батсүх, МУГЖ С.Жавхлан бид хэд л ам барихгүй дуулж байна. Тухайлбал, нэг тоглолтод 100 уран бүтээлч оролцох гэж байхад 90 хувь нь ам барьж дуулаад гардаг. Энэ бол их буруу зүйл. Би нийтийн дууны салбарт 20 жил дуулсан, нэг ч удаа ам барьж үзээгүй. 

-Урлагт 20 жил дуулахдаа та хэр сахилга бат сайтай уран бүтээлч байсан бол?

   -Б.Батболд архинд орж гэнэ, байнга согтуу дуулж явдаг гээд л ярьдаг л юм билээ. Надад алдаж, онож явсан зүйл олон бий. Гэхдээ нэг их буруу замаар орж, хэрэгт орооцолдож байгаагүй. 20 жилийн хугацаанд уран бүтээлээ тасалсангүй. Хаана ч очсон Б.Батболд ахаа гээд хүндэлдэг. Тиймдээ ч МУГЖ хэмээх хүндтэй цолыг хүртээж байгаа байх.

-Гавьяатын цолны найранд нь хүү, охин нь аавдаа зориулан дуулж байгаа бичлэг цахим орчинд цацагдсан. Хүүхдүүдээ мөн урлагийн хүн болгох бодол байдаг уу?

   -Хүүхдүүд маань бүгд дуулдаг. Том охин маань уг нь том болоод урлагийн хүн болохгүй гэдэг байсан чинь арван жилээ төгсөөд гэнэт л концерт мистер болно гээд Хөгжим бүжгийн сургуульд орсон. Ер нь удмын авьяас гэдэг өвлөгддөг л юм байна. Хүүхдүүд маань урлагт сонирхолтой, дуртай бол сонирхлоороо л яваг гэж боддог.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

  -Баярлалаа. Танай хамт олонд мөн ажлын өндөр амжилт хүсье.
 


Б.БАТБОЛД: Би ам барьж үзээгүй дуучин
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-08-23 22:35:38
    Зочин: Дуучинд амжилт. Нийтлэлч алдаагаа хянамаар байна. Манияр, фонограм.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188