• Өнөөдөр 2024-05-07

Яруу найрагч Ц.БАТБААТАР: Ах нь энэ хорвоод гэгээн бодол түүж, гуниггүй амьдарч явна даа

2022-02-16,   1904

             Түүнийг Цэвэгжавын Батбаатар гэдэг ч олноо танигдсан нэр нь Бадарчин Батбаатар. Тэр бол тэнгэрийн доор гуниггүй яваа эр хүн. Тэрбээр үе тэнгийнхээ уран бүтээлчдийн сайн сайхныг илтгэх мэт бардамхан, гэгээн нэгэн. Ц.Батбаатар гэдэг хүнийг харахад хаа нэгтэй уулын өвөрт ургаж байгаа хаврын анхны ногоо мэт дээшээ тэмүүлж буй хүүхдийн гэмээр хүсэл мөрөөдөл нь бэлхнээ харагдана. Үгүй гэхийн ч аргагүй юм. Хэнд ч муу санадаггүй, хэнийг ч хайрлаж чадахаас гадна хүн ялгалгүй хундага дарс тулгаад уучих гэгэлгэн нэгэн билээ, тэр. Тийм ч учраас хүйтэн жавраас өөр түүнийг юу жиндүүлэх билээ. Цас, бороотой эсвэл хүйтэн жавар, халуун нартай өдрүүдэд шүлгээ бичиж, тагш юм хүртэж өөрийнхөө ертөнцөд эзэн нь болж яваа хүн. Дахин хэлье. Түүнийг Цэвэгжавын Батбаатар гэдэг. Бид хэсэгхэн хугацаанд ярилцсанаа хүргэе.

-Сар шинэдээ сайхан шинэлсэн үү, сайхан хаваржиж байна уу. Та сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна вэ?

-Би 2004 онд “Зэрлэг согоо эргэж харах мэт” яруу найргийн номоо хэвлүүлж байсан. Түүнээс хойш ном хэвлүүлсэнгүй. Ирэх хаврын “Үндэсний номын баяр”-аар шинэ ном гаргах санаатай байна.

          -Таны “Зэрлэг согоо эргэж харах мэт” яруу найргийн номыг одоо ч уншигчид сураглаж байдаг. Ер олдохоо больсон ном. Та яруу найрагч хүний хувьд 20-оод жил яагаад ном гаргасангүй вэ?

-Надаас болдог юм аа, яг үнэндээ. Дөрөв, таван жил шүлгээ бэлдэж байгаад санаатай, санаандгүй хаячихдаг, гээчихдэг юм. Хаясан шүлгээ эргээд сэргээж чаддаггүй. Тэгээд л ном гаргаж чаддаггүй хэрэг.

-Залуу зохиолч, яруу найрагчдын уран бүтээлийг хэр уншиж байна вэ?

           -Би сүүлийн үеийн хүүхдүүдийн шүлгийг ер нь л уншдаг шүү. Гэхдээ тэдний өнгө аяс, илэрхийлэл нь багцалсан өвс шиг адилхан юм уу даа. Би ингэж л харж байна. Манай үед бол нэг нэгнээсээ онцгойрсон өөр өөр өнцөг, илэрхийлж байлаа.

-Яруу найргийн энэ их ижилсэлийг та юуны нөлөө гэж бодож байна вэ?

              -Нэг танхимын сургалтаар явж байна. Тэгэхээр нэг урсгал, нэг чиглэлтэй шүлгүүд л бичигдэж байгаа юм. Мөн унших, сурах бичгүүд нь адилхан, дээрээс нь нэг багшийн дор туйлширсан залуус олон байна. Гэхдээ энэ байдал өөрчлөгдөнө. Энэ хүүхдүүд амьдралын утга учир, мөн чанарыг таниад ирэхээрээ тэр нэг зууралдсан хэлхээнээсээ салж, өөр өөрсдийн далайг дусал дуслаар бүтээх болно. Би үүнд итгэлтэй байгаа.

-Танай үеийнхэн буюу 1990-ээд оны уран бүтээлчид хэрхэн суралцдаг байсан бэ?

            -Манай үеийнхэн гэнэтхэн л цугласан гээд хэлчихэд буруудахгүй байх. Хөдөө, орон нутгаас хүүхдүүд цуглаж, шүлэг уран бүтээлээрээ хоорондоо танилцаж байлаа. Нэг жишээ хэлбэл, Увс аймгаас “Зүс бүгэг андууд” гээд долоо, найман залуус ирж байсан. Тэд гэхэд л бүгд тус тусдаа өөрсдийн гэсэн өнгө аяс, донжтой. Цаашилбал, Т.Содномжил, Багшийн дээдийн утга зохиолын ангийнхан, Д.Галсансүх, Б.Одгэрэл гээд нэг тийм этгээд гоё, бүгд өөр өөрийн ертөнцтэй. Нэг нэгнээ ирлэж, хурцалж явдаг хүүхдүүд байлаа.

-Та өнөөгийн Монголын нийгмийг хэрхэн харж байна вэ?

            -Ах нь улстөрчид шиг үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй. Харин энгийн үгээр, яруу найрагч хүний хувьд хэлбэл Монголын ард түмэн үнэхээр хүлээцтэй. Зовлон, зүдгүүрийг нуруундаа үүрчихээд илүү үггүй яваад л байж чаддаг гайхалтай хүмүүс. Яг л ачааны тэмээ элсэн цөлөөр аяархан жонжуулж яваа мэт хүлцэнгүй тууштай ард түмэн. Зогдортой тэмээ салхи сөрөн таваргаж яваа мэт сүрлэг бардам ч ард түмэн. Чи одоо хар л даа, эрх мэдэлтэй хүмүүсийн үр хүүхэд, төрөл садангууд өөр хоорондоо эд баялгийн төлөө тэмцэлдээд л байна шүү дээ. Харин энгийн ард түмний дунд тийм юм байна уу, байхгүй шүү дээ.

            Аядуу тайван хэрнээ цолгиун яриатай яруу найрагч Ц.Батбаатартай ярилцлагаа түр хугацаанд завсарлаж, тамхилахаар гарлаа. Бид "Ардын эрх"-ийн гурван давхрын шат уруудан алхав. Түүнийг үеийн нөхөд нь "Гуниггүй, гэгээн хүн” гэдэг нь үнэн ажээ. Алхаа, гишгээ нь хүртэл хэн бэ гэдгийг нь илтгэнэ. Шат уруудан алхахдаа ч тэр толгой гудайдаггүй харц дээгүүр нэгэн гэдгийг ажиглалаа. Шатаар уруудан явахдаа тэрбээр “Хүмүүс жинхэнэ яруу найргийг зардаггүй л гэх юм. Миний бодлоор бол эсрэгээрээ сайн зарагддаг. Жишээ нь, манай үеийн сод яруу найрагчдын нэг Б.Одгэрэл “Үл таних зочин” яруу найргийн номондоо сүүлд бичсэн шүлгүүдээ нэмээд саяхан хэвлүүлсэн. Гэтэл зарагдаад дууссан л байна. Тиймээс хэдхэн хоногийн өмнө дахин хэвлүүлсэн сурагтай. Тэгэхээр зарагдаж л байгаа биз дээ. Танай үеийн хүүхдүүд ном их уншиж байгаа нь сайшаалтай. Харин 1990 оны эхэн үед ёстой яруу найргийн ном зарагддаггүй байсан. Өөрсдөө л гуйж өгнө, зарим нь зардаг байлаа” хэмээн аядуу дөлгөөн инээвхийлэв. Биднийг гадаа гарахад Улаанбаатарын хөх салхи хүйтэн жавраар үлээнэ. Тэрбээр тэнгэр ширтэх мэт харц дээгүүр хэвээр уртаа гэгч нь санаа алдана. Халааснаасаа янжуур гарган асааж сорлоо. Бид тамхилах зуураа богино хугацаанд дараах яриаг өрнүүлээд амжив.


-Та үргэлжилсэн үгийн зохиол бичье гэж бодож байна уу?

            -Өө, ах нь бичдэг шүү дээ. Хүмүүс мэддэггүй байх, арга ч үгүй юм даа. Ах нь халтуурны жаал жуул зохиол бичээд зарчихдаг юм. Хэдэн төгрөг нь амьдралд хэрэгтэй юм аа. Уран бүтээлч хүний хувиар сэтгэл зүрхээ зориулаад бичих үргэлжилсэн үгийн зохиолын нэг санаа байгаа.

-Сүүлийн үед зохиолчид номын баярыг угтаад зохиол, бүтээлүүдээ эмхэтгэж, дахин хэвлэж, зарим нь бүүр хольж байгаад ном болгон уншигчдад хүргэх боллоо. Уран бүтээлч хүний хувьд үүнийг хэр зөв гэж боддог вэ?

          -Яагаад болохгүй гэж. Уншигчдадаа зориулж бүтээсэн номоо гаргаж, зарж байна шүү дээ. Тэгэх гэж л номын баярыг тэмдэглэдэг байлгүй дээ. Зарим хүн "Зохиолчид хоёр, гуравхан хоногт баяжлаа" гэж ярих нь сонсогддог л юм. Тэгж хэлж байгаа хүмүүсийг бас буруутгах аргагүй. Үзэл бодлыг нь хүндэтгэж сонсох ёстой. Гэхдээ номоо зарж байгаа болохоос хар тамхи худалдаж байгаа биш. Номын баярыг сайхан тэмдэглэх хэрэгтэй. Зарахын хажуугаар нэг нэгэндээ номоо бэлэглэж, гарын үсгээ зурж, зохиолч уншигч хоёр нүүр нүүрээ хараад уулзаж байгаа нь сайхан хэрэг шүү дээ. Тийм биз дээ дүү минь” хэмээн тэр над руу энэ удаад тогтож харлаа. Түүний нүд ширтэж явдаг тэнгэр шигээ тунгалаг ажээ. Тэр нүд үүлгүй цэнхэр тэнгэр мэт аядуу тайвныг илтгэнэ.

-Та үеийнхнээсээ хэнтэй нь илүү нөхөрлөж, дотно явдаг вэ?

           -Ах нь хүн ялгаж, салгаж харилцдаггүй. Чамайг асуусан болохоор Ц.Доржсэмбийгээ дурсаж яръя. Манай Сэмбээ бол үеийнхнээсээ тасарсан сэтгэлгээний яруу найрагч байлаа. Анх 1995-1996 оны хавьцаа Баянхонгор аймгаас жаахан бацаан "Шүлэг бичих гэж байгаа" гээд ирсэн. Нөхөрлөж өнгөрүүлсэн он цагтаа хамтдаа шүлэг ч бичлээ, архи ч уулаа. Юуг нь нуух билээ, ах нь гудманд архи уугаад хамт хоносон үе ч зөндөө бий. Түүнийг хэн байсан бэ гэдгийг надаас илүү шүлгүүд нь уншигчдад хэлээд өгнө дөө. Сэмбээг маань хүмүүс сайн, муугаар их хэлсэн. Надад бол хүнийг дүгнэж хэлэх нь утгагүй санагддаг. Тэр бол яг яруу найрагчдын амьдралаар амьдарсан хүн. Тэр хүний хийх ёстой зүйл шүлэг бичих байсан. Үүргээ ч сайн биелүүлсэн хүн. Түүнд хань болдог зүйлс нь архи, тамхи, гутрал байлаа. Түүнээсээ хагацаж чадаагүй, хагацахыг ч хүсээгүй энэ амьдралыг туулсан даа.

Бид ийн ярилцах зуураа хүйтэн салхинд жиндэн зогсоогоо мартжээ. Байшингийн ташуулдаж унасан сүүдэр биднийг хагас хучсан байв. Бид тамхилж дуусаад эргэн орлоо. Тэрбээр шат өөдөө өгсөхдөө ч бас доош хардаг хүн биш аж. Нуруу нь жаахан бөхийсхийв ч толгой дээшээ, харц дээгүүр. Энэ байдлаас ажиглавал тэр залуудаа нуруу цэх, тэнүүн сайхан алхдаг эр байжээ гэмээр. 

- “Зэрлэг согоо эргэж харах мэт” яруу найргийн номоо хэвлэлтээс аваад, барихад ямар мэдрэмж төрж байсан бэ?

         - Энэ номоо гаргах гэж гурав, дөрвөн эх хувилбараа гээж, үрэгдүүлсэн. Анхны нэр нь “Шатаах цонх” байсан юм. Тэр шүлгүүдээ шатаагаад, үлдсэн шүлгүүдээ эмхэтгэх гэтэл бас болоогүй. Болоогүй ч юу байх вэ, архи ууж яваад хаясан даа. Тэгээд 2004 онд "Энэ шүлгүүдээ л ном болгомоор байна" гээд З.Түмэнжаргал ахад өгсөн. Хэсэгтээ холбоо барилгүй, сураг тасарсан. Гэтэл тухайн жилийн зун “Өдрийн сонин”-ны эрхлэгч Ц.Мягмарсүрэн ах утастаад "Чи хүрээд ир" гэдэг юм байна. Яваад очтол З.Түмэнжаргал ах тэр хоёр хамт сууж байна. Монгол хүн юм чинь юун түрүүнд мэнд усаа мэдэлцлээ. Гэтэл Түмээ ах “За, дүү минь ном чинь гарсан” гээд номыг маань өгсөн. Үнэхээр сайхан, гэгээн мэдрэмж төрсөн дөө. Номоо авч гараад номын дэлгүүрүүдэд ширхэгийг нь 3500 төгрөгөөр тавьлаа. Залуу байсан болохоор ч тэр үү хоёр, гуравхан хоногт худалдагдаж дуусна гэж бодсон. Гэтэл ганц нь ч зарагдаагүй. Тэгэхээр нь буцааж аваад, Төрийн ордны үүдэнд очиж тухайн үеийн УИХ-ын гишүүд, компанийн захирлуудад гарын үсгээ зурж, заримд нь бэлэглэсэн. Тэр хүмүүс хариуд нь “10-аас 20 мянган төгрөгөөр мялааж байна” гээд өгнө. Ийм маягаар амархан зарсан. Одоо миний “Зэрлэг согоо эргэж харах мэт” ном олдохоо больсон. Хүмүүс их асууж сурагладаг. Энэ номоо дахин хэвлүүлэх санаа байгаа.

-Та авьяасын тухай яриа дэлгэнэ үү. Ер нь авьяас, хөдөлмөр хоёрын аль нь чухал вэ?

         -Авьяас бол хамгийн гол зүйл. Гэхдээ авьяас хоёр янз байна. Нэгт төрөлхийн, хоёрт хөдөлмөрөөр бүтээсэн авьяас. Хөдөлмөрөөр бүтэж байгаа авьяас бол хүлэмжийн л төдий. Хүлэмжинд цэцэг хэдий сайхан ургадаг ч гэлээ салхи, нар, бороо, шороо гэх мэт байгалийн гамшгийг мэддэггүй л байхгүй юу. Тэгэхээр амьдралын мөн чанар, утга учраас хол байна биз дээ. Харин жинхэнэ авьяас бол хунгар цасан дотор ч үзүүр сөрдийж байгаа өвс шиг хаана ч үл дарагдана.

-Тэгэхээр та хүмүүсийн хөдөлмөрлөж бичсэн шүлгүүдийг шүлэг биш гэж байна уу?

          -Үгүй ээ, ах нь бодож явдаг зүйлээ л хэлж байна. Миний ярьсан хүлэмжийн авьяасаас ихэвчлэн доктор, профессорууд л төрж байх шиг санагддаг. Ер нь хүн төрөлхтний дунд үлдсэн сонгодог, гайхамшигтай шүлгүүдийг ямар эрдэмтэн, доктор бичсэн юм бэ. Би лав мэдэхгүй юм. Ах нь ном их уншдаг хүн биш л дээ. Наймдугаар ангийн л боловсролтой нэгэн. Тиймээс ийм л хариулт өгч чадах байна. Ах нь энэ хорвоод гэгээн бодол түүж, гуниггүй, өөрийнхөөрөө амьдарч явна.  

           Бид ийнхүү ярилцаад энэ удаагийн ярилцлагаа өндөрлөлөө. Тэрбээр гадуур хүрмээ нямбайхан өмсөөд, чамбай гэгч нь товчлоод гарч одсон юм. Гадаа гарахад түүнийг хүйтэн салхи, жихүүн жавар хүлээж авна. Гэвч тэр газар шагайж, нуруу бөхийлгөн алхах биш. Сүсэглэж биширдэг хөх тэнгэрээ ширтээд харц дээгүүр аядуухан алхана. Түүний дотор хэнийг ч хайрлаж, хамгаалах гэгээн сэтгэл бий. Хэнд ч гэм хоргүй гэгэлгэн бодол тээж яваа хүн хүйтэн жаварт ямар жиндэх биш дээ.

 

                        ДУРСГАЛ

Барахын аргагүй жимсийг би чамд үлдээлээ

Бас дээр нь нэмээд ойлгохын аргагүй зуныг

Бараг л хайртай болсныгоо хэлчих дөхсөн намрыг

Баяртай... бүсгүй минь бүгдийг нь чамд үлдээлээ

Хааяа нэг ганцаардвал хууртаж гансрахын учрыг

Хаа хамаагүй бороо шивэрсэн ч дагаад л уярдаг шалтгааныг

Хагацъя даа... би чамд үлдээж байна.

                                                                       1996 он

 

 


Яруу найрагч Ц.БАТБААТАР: Ах нь энэ хорвоод гэгээн бодол түүж, гуниггүй амьдарч явна даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-22 16:22:03
    Munkhbold: Saihan yriltslaga boljee.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188