• Өнөөдөр 2024-04-30

ЦАГААН САРЫН ТҮРҮҮ БӨХ Э.МӨНХЖАРГАЛ: УНАА, ДАВААНДАА ЭЗЭН БОЛЖ, ЖУДАГТАЙ БӨХ БАЙХЫГ ХҮСДЭГ

    Хорь гаруйхан настай аймгийн заан бар жилийн сар шинийн анхны барилдаанд ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн улсын начин Д.Дүгэрдорж, улсын заан М.Өсөхбаяр, цэргийн арслан Л.Отгонбаатар, Улсын аварга Д.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, М.Бадарч зэрэг хүчит бөхчүүдийг торох юмгүй өвдөг шороодуулсныг Монгол даяараа бахархан харсан билээ. Монгол бөх, залуу хүчтэнүүд өнгөтэй, хүчтэй, бяртай, хүсэл тэмүүлэлтэй байгааг бөхийн дэвжээн дээр батлан харуулсан тэр бол Архангай аймгийн уугуул, аймгийн заан Э.Мөнхжаргал. Багаасаа аавыгаа дагаж бөхөөр барилдахаар эргэлт буцалтгүй шийдсэн балчир хүү, өдгөө жудагтай том бөх болох мөрөөдлөө нэг шатаар ахиулан, улсын аварга, арслан, заануудыг ар араас нь унагаалаа. Ингээд монгол бөхийн залуу үеийг түчээлэн сэрээсэн түүнтэй бид нутаг ус, аав, ээж, багш, анд нөхдийнх нь талаар ийн хөөрөлдлөө.

2022 оны Бар жилийн сар шинийн барилдаанд түрүүлсэн, аймгийн заан Э.Мөнхжаргалын барилдааны тойм

 -УХААН, ХҮЧЭЭ ТЭНЦҮҮЛЭН БАРИЛДАХ ЁСТОЙ ГЭЖ БОДДОГ-

-Сар шинэдээ сайхан шинэлсэн үү, та. Юуны өмнө бар жилийн сар шинийн барилдаанд түрүүлсэнд тань монгол түмнийхээ өмнөөс баяр хүргэе. Барилдаад түрүүлсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

         -Сайхан, та бүхэн сайхан шинэлсэн үү, танай мэдээллийн сайтын уншигчдад бар жилийн мэнд дэвшүүлье. Анх удаа сар шинийн барилдаанд зодоглоод, түрүүлсэндээ их баяртай байна. Өөрөөс минь илүүтэй аав, ээж, ах дүүс, найз нөхөд, нутгийн зон олон минь ихэд баярлан “Сайн барилдлаа, сайн байна,хүү минь” хэмээн баярлаж байгааг харах сайхан байна. Багаасаа бөхөд дурлаж, бөхөөр хичээллэж ирсний минь үр дүн гарч байгаад баярлаж, цаашид улам их хичээх урам зориг авлаа. Намайг дэмжиж, надад урам хайрлаж байгаа монгол түмэндээ талархлаа.

-Сар шинийн барилдаанд, үзүүр, түрүүнд тунаж үлдэхэд өөрт түрүүлэх нь гэсэн мэдрэмж төрсөн болов уу?

        -Огт түрүүлэх тухай бодоогүй, тийм мэдрэмж ч төрөөгүй. Зүгээр л сайхан барилдъя гэж бодсон. Харин түрүүлснийхээ дараа “Би түрүүлчихлээ” гэж бодсон доо. Бөх хүн эхлээд барилдаандаа илүү төвлөрч, анхаарснаар сайн барилддаг гэж боддог. Энэ зарчмаар би барилдаандаа илүү анхаарч, даваа бүрээ сайн барилдахыг хичээж байсан.

-Та сар шинийн барилдааны урьд шөнө ямар нэгэн зүүд зүүдэлсэн болов уу. Зарим бөх давах, түрүүлэхийнхээ өмнө зөнтэй зүүд зүүдэлдэг тухай сонсож байсан юм байна?

          -Ямар нэгэн зүүд зүүдлээгүй, харин ч их бөх унтсан. Багадаа уншиж, сонсож байсан хүчит бөхчүүдийн түүх домогт барилдахынхаа өмнө ямар нэгэн зөнтэй зүүд зүүдэлсэн тухай яриа байдаг. Нөгөө талаар мөн нам, бөх унтсан түүх ч байдаг юм билээ. Багаасаа бөхөд сонирхолтой байсан болохоор бөхчүүдийн тухай ярианд их чих тавьдаг байсан шүү.

ТҮРҮҮЛЭХ АГШИН 2022.02.01

 -Та сар шинийн барилдаанд бидний бахархаж, хүндэлдэг олон бөхчүүдийг өвдөг шороодууллаа. Том бөхчүүдээс эмээж байв уу?

         -Бөх хүнд айж, эмээнэ гэх зүйл байх ёсгүй гэж боддог. Адилхан л эн тэнцүү хүч бяраа үзэх гэж байгаа болохоор харин ч зөв сайхан барилдах нь чухал. Хэрэв айгаад байвал барилдаж чадахгүй шүү дээ. Бөх хүн хэнтэй ч тааралдсан, хүч бяраа үзэх л хэрэгтэй. Тэгээд ч том, жижиг бөх гэж байхгүй, бүгд л хүчтэй өрсөлдөгч, хэнтэй ч, ямар ч хүчтэнтэй таарсан ухаан, хүчээ тэнцүүлэн барилдах ёстой гэж боддог.

 Хүмүүс түүнийг улсын том бөхчүүдийг өвдөг шороодууллаа хэмээж буй. Тэр харин “Сайхан барилдъя” гэсэн гэгээн хүсэлдээ хөтлөгдөн, барилдсаар түрүүлжээ. Монгол бөх хэчнээн гэгээн, үнэн байгааг түүнээс харж болох мэт. Үргэлжлүүлэн түүний нутаг ус, аав, ээж, багшийнх нь талаар бидний яриа өрнөсөн юм.

 -ААВЫГАА БАРИЛДАХЫГ ХАРЖ, БӨХӨД ХОРХОЙССОН-

-Танайх бөхийн удамтай айл уу ?

          -Аав маань цэргийн начин цолтой хүн. Аавын маань талд ах, дүү гурван сумын начин цолтой хүмүүс байсан юм билээ. Тэгээд багаасаа аавынхаа барилдахыг харж, бөхийн спортод дурлаж, аавынхаа барилдааныг үзээд, арван хоёр настайгаасаа барилдаж эхэлсэн. Багадаа даруухан, хичээл бэлтгэлдээ яваад байж байдаг хүүхэд байсан. Хичээл тараад бэлтгэлдээ явдаг.  Аавынхаа барилдааныг үзэж байгаад бөх болно гээд энэ том өв соёл руу орсон. Аав маань "Нэгэнт бөх хүн болохыг зорьж байгаа бол хэнээс ч , юунаас айлгүйгээр хийхийг хүссэн бүхнээ хий" гэж захидаг. Аавынхаа энэ захиасыг дэвжээн дээр ,ч амьдрал дээрээ ч мөрдлөгө болгохыг зорьдог. Ерөөс аав минь миний том итгэл, хүч, хөтөч минь байдаг. Өнөөдрийн энэ амжилт бол аавын минь ач гавьяа гэдгийг энд мөн дурдмаар байна.

-Жүдогоор барилдаж байсан юм билээ. Жүдогоос үндэсний бөх рүү хэрхэн орох болсон бэ?

        -Анх 2010 оны есдүгээр сард аавтайгаа хамт Спортын төв ордонд очсон. Түүнээс хойш жүдогийн бэлтгэл хийж,12 жил жүдогоор хичээллэсэн. Үндэсний бөх рүү орох болсон шалтгаан гэвэл анх Дархан-Уул аймгийн наадамд долоо давж, үзүүрлээд, аймгийн заан цол хүртсэн. Хамгийн анх сумандаа үзүүрлэж, сумын начин цол хүртсэн. Тэгээд л ер нь бөхөөр хичээллэхээр болж, үндэсний бөх рүү орсон доо. Сумын цолтнуудын барилдаанд давчихаад туг тойроод явж байхад их сайхан санагдаж байсан. Жудо бөх, үндэсний бөх хоёрын ялгаа гэж бараг байхгүй болохоор өөр санагдаж байгаагүй. Яг адилхан бэлтгэл сургуулилалтаа хийгээд явахад болдог.

-Таны амжилтын хөшүүрэг болсон гол хүн бол багш тань байх. Багшгүйгээр ямар ч алдартан төрөхгүй шүү дээ. Хэн гэдэг багшийн шавь бэ?

          -Анхны багш маань Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв гэж хүн бий. Одоо бол улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг гэж хоёр багш бий. Багш нар шигээ жудагтай, уран сайхан барилддаг бөх болохыг хүсдэг.  Тэр дундаа улсын гарвд Д.Рагчаа багш шигээ бөх болохыг боддог. Багш нарынхаа уран мэх, барилдаанаас гадна уужуу ухаан, хүнийг хайрлаж, хүндлэх сэтгэлээс мөн суралцахыг хичээдэг. Тэд бол миний том үлгэр дууриалал, бахархал минь. Багш нар маань үргэлж жаахан амжилтандаа эрдэлгүй, даруу төлөв байхыг захидаг. Тэднийхээ үг сургаалийг марталгүй санаж, цаашид олон барилдаанд хэрэгжүүлж явахыг хичээдэг.

    -Жудагтай бөх гэж ямар бөхийг хэлдэг юм бэ?

           -Миний хувьд бөхийн жудаг гэдэг хүндлэл. Бөх хүн нэгнээ хүндэлж, үнэнч шударгаар уран сайхан барилдаж, унавал унаж, давбал давсан шиг давж, унаа, даваандаа эзэн байж чаддаг бөхийг л жудагтай бөх хэмээх байх. Мөн хүч, ухаан хоёрыг тэнцүүлэн, хослуулах нь бөх хүний эрхэмлэх ёстой зүйл гэж багш нар маань заадаг. Мөн монголын том бөхчүүд ч энэ тухай ярьдаг. Монголчуудаас уламжилж ирсэн бөхийн дэг жаяг, зан заншил гэж ч бий. Монголчууд бөхөө ихэд хүндэтгэдэг ард түмэн. Бөхөө хүндлээд байхад өнөө бөх нь өөрөө жудаггүй, унаж ч сураагүй байвал монгол бөхийн хөгжил яах билээ. Энэ ч утгаар бөх хүн жудагтай, уужуу ухаантай, тэнэгэр явах нь зүйтэй байх.

Бөхөөр хичээллэж эхэлсэн үе

-Олон сайхан бөх найзтай байх. Бөхчүүдийн нөхөрлөл илүү бат бөх байдаг гэж сонсож байсан юм байна?

       -Жудогийн болон бөхийн найз нар олон бий. Бид чинь дэвжээн дээрээ нэгнийхээ унаж, давахад баярлаж, дэмжиж, уухайлж л нөхөрлөнө шүү дээ. Найзуудаасаа дурдвал, үндэсний бөхийн Б.Бат-Эрдэнэ, Даваадорж, Аймгийн начин Энхтүвшин, жудогийн Баднаанямбуу гээд жудагта сайхан бөхчүүд бий. Сая барилдаад түрүүлэхэд тэд минь өмнөөс минь баярлаад, цөм баяр хүргэцгээж байсан. Сайхан найзуудынхаа урам зоригоор улам сайхан барилдаж, амжилт гаргах эр хүч авдаг.

                       -Уран мэх бол бөх хүний гол зүйл шүү дээ. Та ямар мэхтэй вэ?

      -Хөл мэхийг бүгдийг нь хийнэ дээ.

-Залуу бөхийн хувьд үндэсний бөхийн хөгжлийг хэрхэн хардаг вэ?

          -Үндэсний бөх маань сайхан хөгжиж байна гэж хардаг. Допингийн асуудал одоо л ил гарч ирээд байгаа болохоос өмнө нь ч байдаг байсан. Харин  одооны Үндэсний бөхийн холбоо допингтой сайн тэмцэж чадаж байна гэж бодож байгаа. Допингийн асуудал л хөгжлөөс жаахан чангааж байгаа болохоос бөхийн хөгжил нэг үеэ бодоход сайн байгаа гэж боддог. Хамгийн гол залуу бөхчүүд маань жудагтай, бие биенээ хүндэлдэг, монгол ёс, заншлаа эрхэмлэдэг байж гэмээнэ үндэсний бөх маань хөгжинө гэж боддог. Бид харин сайхан ах нараасаа суралцаж, дүү нартаа үлгэрлэж, шат шатандаа жудагтай, хүндтэй явах нь чухал санагддаг.

-Мэдээж бөх хүний хувьд  улсын цолонд хүрэхийг зорьж байгаа байх. Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

        -Бөхийн цол гэдэг бол зодог, шуудаг өмсөн барилдаж байгаа хүн бүрийн зорьж, тэмүүлдэг зүйл. Миний хувьд одоо улсын наадамдаа түрүүлж, цол авах бэлтгэл сургуулилалтаа хийгээд эхэлсэн. Урмын үгээ хайрлаж, хайр эвээлдээ багтааж буй олон түмнийхээ, үргэлж итгэж хайрладаг ижий, аавдаа, даруу төлөв байж, жаахан амжилтдаа ханахгүй байхыг захидаг багш нартаа, унаж, давахад минь түшиж тулдаг найзуудынхаа хариуд би улам сайн барилдаж, улсын наадамд амжилт гарган цол авахыг зорьж байна.

  Түүнтэй ярилцахад, монгол бөхийн залуу үе хэчнээн гэрэлтэй, гэгээтэй, том зорилготой байгаа нь мэдрэгдсэн юм. Түүнд аав, багш, нутаг усныхан, анд нөхөд нь даруу байхыг сануулж, түүний өмнө зурайх олон дэвжээнд ташуур өгдөг байна. Түүний монгол бөхийн өв соёлыг жудагтай, нэр төртэй тээж явах их үйлсэд нь амжилт хүсэж, Монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд ивээж байхыг уншигч олныхоо өмнөөс ерөөе.

АРВАН ЖИЛИЙН СУРАГЧ Э.МӨНХЖАРГАЛ


ЦАГААН САРЫН ТҮРҮҮ БӨХ Э.МӨНХЖАРГАЛ: УНАА, ДАВААНДАА ЭЗЭН БОЛЖ, ЖУДАГТАЙ БӨХ БАЙХЫГ ХҮСДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-08 21:24:07
    eee: ene sait tataah yumaa 20 garuihan nastai gejchihje 26 nastai undesni bihur bol ali ert erin tsend hursen gesen ug yun dunguj amgin zaan be ireduitei buh bol ali ert ulsin tsol awchihsan bga... jahan hu ch geh shig ene heden gizetei malnudig hurguchih uma hend heregtei yum be nad yawdag korlongud chin bun idsen usan malnud
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-08 21:23:28
    eee: ene sait tataah yumaa 20 garuihan nastai gejchihje 26 nastai undesni bihur bol ali ert erin tsend hursen gesen ug yun dunguj amgin zaan be ireduitei buh bol ali ert ulsin tsol awchihsan bga... jahan hu ch geh shig ene heden gizetei malnudig hurguchih uma hend heregtei yum be nad yawdag korlongud chin bun idsen usan malnud
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-08 18:54:59
    Zochin: Batsuurl shig bish baterdene avarga shig judag saitai buh bolooroi biye tooh bi gedeg uvchin tusah muutai nuhurluj uls turiin shuurgand uruudval tuvshinbayriin beleehen turshlaga haruulsan shuu uuniig ******** mart ohi bohi ohin 3 s hol hundii yv ter tsagt l ta baagii avarga shig hosgui engui avarga bolson bnadaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-08 17:04:53
    Дэмжигч: Их спортоосоо яагаад больсон юм бэ миний дүү... Жудогоороо эх орныхоо нэрийг дуурсган дэлхийн дэвжээнд тултал нь барилдахгүй...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-08 11:00:41
    zo: bagshiinh ni neriig zasaarai Shiirev shuu
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188