• Өнөөдөр 2024-05-16

Б.САРАНТУЯА: Магтаалаас илүү шүүмж л хүнийг хурцалдаг

2022-02-02,   876

   XVII жарны "Сайжржуулагч" хэмээх усан бар жилийн босгон дээр төр түмэндээ үнсүүлж Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан зохиолч Б.Сарантуяатай ярилцлаа. Тэрбээр “Самар хатан”, “Тогосын цөс”, “Сорхугтани” зэрэг түүхэн эмэгтэйчүүдийн гавьяаг мөнхөлж, уншигч түмэндээ хүргэсэн билээ.

-Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдэг хүртсэнд уншигчдын тань өмнөөс болон сайтынхаа хамт олны өмнөөс баяр хүргэе. Төр, түмнийхээ хүндэтгэлийг хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцана уу?
 
             -Баярлалаа. Монгол түүхийн бахархалт он жилүүд хугацааны нугачаанд бүдгэрэн замхарч зарим үед харгис хэрцгийгээр дуулуулж явсан гашуун үнэн бий. Гэлээ ч үнэн түүхээ хайсан монгол түмэн өнөөгийн энэ сайхан цагтай золгож өвөг дээдсээрээ бахархан сэрсний жишээ бол эх түүхээ эргэн харахыг хүсэн монгол түмний энэ эрэл хайгуул байсан гэж би боддог. Миний хувьд ч энэ эрэлд гарч монголын түүхийн бахархалт он жилүүд, монголын эзэнт гүрний мандал бадрал уналт тэлэлтийн үеүүдийг хөвөрдөн уран зохиолын аргаар бичиглэн өнөөгийн уншигчдад хүргэе гэж зорьсон зүтгэл минь надад овог нэрийнхээ өмнө үргэлж дуудагдах төрийн эрхэм дээд нэр хүндийг надад өглөө гэж бодож байна.
 
-Та Монголын түүх тэр дундаа түүхэн хатдын тухай ихэвчлэн бичдэг. Монгол хатдын түүхэн гавьяаг мөнхөлж яваа уран бүтээл хүн. Хатдын тухай бичих болсон шалтгаан тань юу вэ?
 
            -Миний хувьд телевизийн салбарт ажиллаж байхдаа ихэнх уран бүтээл нэвтрүүлгүүдээ эмэгтэйчүүдэд зориулан бэлтгэдэг байсан. Үнэндээ миний уран бүтээлийн зорилтот бүлэг эмэгтэйчүүд байсан. Бага залуугаасаа хайрлаж дурласан, мэргэжлийг нь дүүргэсэн уран зохиолоо бичих хүсэл их байсан ч өдөр тутмын эфир бэлтгэн бүх л хүчин чармайлт минь цэнхэр дэлгэц гэдэг зүйлрүү юүлэгдэж байсан юм. Энэ үед эмэгтэйчүүдэд зориулсан бүх нийтээр бахархан дуурайх нэгэн хэв шинжит дүрийг агуулсан ном бичие гэж бодож байсан ч гол дүрээ олоогүй явсан юм. Энэ үед найруулагч найз маань Сорхугтани хатны тухай баримтат уран сайхны киноны зохиол хэрэгтэй байна гэж санал тавьсны дагуу Сорхугтани хатны үйл амьдралаар дэлгэцийн баримтат уран сайхны киноны зохиол бичихээр судалгаа хийж, уг зохиол ч бичигдэж дууссан. Харин дараа нь XIII зууны тэр бахархалт түүх миний санаанаас гарахгүй уяатай явсаар өмнө хайж байсан хэв шинжит дүр маань Сорхугтани хатан юм байна гэж ойлгоод эл түүхийг үргэлжлүүлэн судалж Сорхугтани роман маань бүтсэн түүхтэй. Энэ бол монголчуудын мандал бадралын түүх юм. Энэ ном надад маш их урмыг өгч байлаа. Үүний дараа монголчуудын мандал бадрал, уналт тэлэлтийн он жилүүдээр нийт таван ном бичие гэж төлөвлөж дахин түүхэн зохиол бичиж эхэлсэн. Удалгүй монголчуудын уналтын үе буюу бага хаадын үеээр Самар хатан роман бичиж хэвлүүлсэн. Монголчууд түүхэндээ гурван газарт тэлсэн байдаг. Алтан ордны улс, Юань гүрэн, Илхаант улс. Алтан ордны улсын түүхээр Сайн хаан Бат, Юань гүрний түүхээр Тогосын цөс номуудаа бичиж хэвлүүлсэн. Одоо Илхаант улсын түүхээр бас нэгэн ном бичихээр эрэл хайгуул хийж байна.
 Монголчууд түүхэндээ гурван газарт тэлсэн байдаг. Алтан ордны улс, Юань гүрэн, Илхаант улс. Алтан ордны улсын түүхээр Сайн хаан Бат, Юань гүрний түүхээр Тогосын цөс номуудаа бичиж хэвлүүлсэн. Одоо Илхаант улсын түүхээр бас нэгэн ном бичихээр эрэл хайгуул хийж байна.
-Юань гүрний сүүлч үе буюу XIV зууны хоёрдугаар хагаст аж төрж асан Базарбарма вангийн охин Агай хатныг тухай “Тогосын цөс” нэртэй роман бичиж, уншигчдын хүртээл болгосон. Агай хатны тухай романд ороогүй баримт бий юү?
 
            -Монголчууд түүхээ маш сайн бичиж үлдээдэг байсан жишээг Монголын нууц товчооноос харж болно. Түүнээс хойш бичигдсэн эх сурвалжууд олон бий. Гэвч тэдгээр түүхэнд эмэгтэйчүүдийн тухай дурдсан зүйл маш ховор байдаг. Сорхугтани, Самар хатан, Агай гүнж аль аль нь маш бүрхэг түүх үлдээсэн байсан тул зохиолынхоо гол дүрийн судалгааг амьдарч байсан цаг үе, тухайн газар орныг захирч байсан хаад, түүхэн хүмүүсээр нь дамжуулан үргэлжлүүлж хийсээр дээрх номууд бичигдсэн. Тогосын цөс романы хувьд гол дүрийн Агай гүнжийн тухай баримт ховор. СГЗ Эрдэмтэн судлаач Я.Ганбаатар гуайн бичсэн Авьяаслаг шүлэгч Агай хатан нэртэй нийтлэлээс анх Агай хатны тухай уншиж мэдэж цааш судалж эхэлсэн юм. Агай гүнжийн түүхийг мөн л тухайн цаг үе, зэрэгцэн амьдарч байсан хүмүүс, аав ээжийнх нь амьдралаар хөвөрдөн гаргасан. Түүхэн үйл явдлуудаас романд ороогүй үлдсэн зүйл нь Агай гүнжийн эцэг Хубилай хааны тавдугаар үеийг төлөөлөгч Юнаны захирагч Базарбарам вантан бээр Юань гүрний мөхөл хийгээд Мин гүрний ноёрхлыг хүлээн зөвшөөрөхгүй газар нутгаа хамгаалан арван жилийн туршид тэмцсэн байдаг. Хамгийн сүүлд Мин улсын цэрэгт дарагдан мөхөх үедээ эхнэрээ усанд живүүлж, өөрөө амиа егүүтгэсэн гашуун түүхийн сурвалжийг уншиж байлаа. Тухайн үеийн түүхэн сурвалжууд ихэнхдээ хятад хэл дээр хадгалагдсаны дээр Мин гүрэн байгуулагдсан цагаас хойш Юань улсын түүх ихэд бүрэг үлдсэн байдаг юм билээ. 
 
-Та бодит хүн, хүмүүсийн амьдралаар зохиол бичдэгийг уншигчид тань мэдэх байх. Үүнээс гадна та цэвэр уран сайхны дүрийг зохиолууддаа бүтээдэг үү?
 
            -Сорхугтани хатны тухай бичиж байх үед түүхэн хүмүүсээр дүр бүтээж бичсэн. Түүнээс хойш Сайн хаан Бат, Самар хатан, Тогосын цөс зэрэг романуудад уран сайхны дүрийг зэрэгцүүлэн гаргаж бичсэн. Батхааны тухай романд Уудамбор, Хөлгөн зэрэг уран сайхны дүрүүдийг гаргаж ирсэн бол Тогосын цөс романд Агай гүнжийн гэр бүлээс гадна Чинтөмөр, Мин Уй, Чин ар, Хамж лам зэрэг уран сайхны дүрүүдийг гаргаж бичсэн. Түүхэн зохиолд уран сайхны дүрүүдийг гаргаж бичих нь гол дүрийн үзэл санааг тодорхойлох, үйл явдлыг өргөн өнцгөөр илэрхийлэх олон ач холбогдолтой. Мэдээж түүхэн үнэнээс гажихгүйгээр тэдгээр уран сайхны дүрүүдийг түүхэн хүмүүсийн үйл амьдралтай сүлэн бичдэг.
-Яруу найраг, зохиол төрөх онгод өөр хоорондоо хэр ялгаатай вэ?
 
            -Яруу найраг бол тухайн үеийн сэтгэгдэл, агшны мэдрэмж, хурц тод илэрхийлэмжээр өрнөдөг зүйл. Яруу найрагч дараа нь өөрөө ч гайхаж болохоор онгодын хураар халгиж бичсэн шүлэг найраг олон бий. Харин үргэлжилсэн үгийн зохиолыг байнга онгодоор бичнэ гэдэг байж боломгүй зүйл л дээ. Мэдээж эхлэх шалтгаан нь онгодоос шалтгаалах ямар нэгэн хүчин зүйл байж болно. Харин үргэлжлэх шалтгаан нь зорилго тэвчээр байж болно. Зохиолын дунд онгодын гэмээр мэргэн санаа харван орж ирэх  тохиолдол ч олон. Энэ бүхэн зөвхөн нэг агшин нэг өдөр үргэлжилдэггүй, хэдэн жилээр ч үргэлжлилж болох урт хугацаатай болохоор онгод байнга дэргэд байх боломжгүй.
 
-Та зохиол бичихдээ ихэвчлэн ямар зан байдал гаргадаг вэ. Зарим зохиолч зогсож, дуу сонсож, зураг харж бичдэг гэх мэт сонин зуршилтай байдаг. Таны хувьд?
 
Өдөр болгон бичиж эхлэхдээ би юун түрүүн төвлөрдөг. Дуртай сайхан амттан, кофе цай, чимээгүй орчин бүрдүүлэхийг хичээдэг. Тэгээд Янжинлхамын магтаалаа амандаа аяархан хэлээд аягатай цайнаасаа балгаад эхэлдэг. Мэдээж ээж эхнэр хүн тул аар саар ажил мундахгүй. Сууж төвлөрч чадахгүй үе ч бий. Гэхдээ л уран зохиолын томоохон хэмжээний бүтээлийн ард гарахыг хүсвэл өөрийгөө хүчлэхээс өөр ямар ч арга байхгүй. Өөрийгөө олон цагаар сандалтайгаа хүлж зохиолоо бичдэг зохиолч хүртэл байдаг юм билээ. Ингэж удаан суух бол амар ажил биш л дээ. Миний хувьд ихэнхдээ оройн цагаар зохиолоо бичдэг байсан. Харин Тогосын цөсийг бичихдээ өглөө эрт босоод 2-3 цаг суугаад бусад цагт нь хувийн ажил төрлөө амжуулдаг байсан минь их зүгээр санагдсан. Өглөө эрт хүн саад болохгүй, тархи сэргэг байдаг болохоор бүтээмж өндөр юм билээ. Өдөр алгасахгүй, зогсохгүй яг тийм хэмнэлээр бичих нь илүү үр бүтээлтэй санагдсан.
Онгод гэж юу байдгийг би үгээр тодорхойлж бүрэн илэрхийлж чадахгүй ч түүнийг танина. Их эртнээс таньдаг болсон. Тэр ирдэг, бас явдаг.
-Уран бүтээлийн амт, мэдрэмжийн тухай хүн бүр өөр өөрөөр тайлбарладаг. “Тогосын цөс”, “Сорхогтани” романуудыг бичиж дууссаныхаа дараа уран бүтээлч хүний хувьд ямар мэдрэмж, амт авч байсан бэ?
 
            -Сорхугтани романаа бичиж дууссаны дараа өөрийгөө ийм том хэмжээний ном биччихлээ гэдэгтээ итгэхэд бэрх байсан. Дараа нь хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэж айж байсан. Хэвлүүлээд уншигчдад хүргэснийхээ дараа л миний хайрлаж дурлаж бичсэн энэ бүхэн одоо минийх биш монголчуудынх болсон. Өөртөө агуулж байгаа айдас, өөртөө хадгалсаар байгаа бүхнээ гаргаж, судлах бичих явцад хуралдсан тэр бүх мэдрэмжүүдээ буцаах хэрэгтэй гэж бодоод өөрт буй бүх ачаагаа гаргаж байсан. Түүнээс хойш түүхэн зохиолууд хэвлэгдэн гарч хүмүүс янз бүрээр л хүлээж авч байлаа. Сайн хэлэх нь ч бий, муу хэлэх нь ч бий. Тэр бүхэнд ямар нэгэн тайлбар хэлэх хэрэггүй шүү дээ. Харин тэр бүхнээс надад юу дутуу байгааг л олж харах нь чухал. Надад дүрийнхээ үзэл санааг гаргах, үйл явдлаа тодоорхойлох гэж яарсандаа уянга, уран яруу бичилтээ орхигдуулаад байсан зүйл анзаарагдсан тул Тогосын цөсийг уянгаар халгиаж бичсэн. Яруу найрагч хатны тухай өгүүлж байгааг ч хэлэх үү хүүрнэл зохиолд уран яруу бичилт гэж ямар байж болохыг илэрхийлье л гэж зорьсон. Одоо Тогосын цөсийг нээгээд үзвэл хэдий хүүрнэл зохиол боловч мөр мөрөөр нь доош цувуулан тавих юм бол шүлэглэсэн хэлбэрээр эхэлдэг.
 
-Онгод орох гэж яг юу вэ. Хүн бүр л өөр өөрөөр илэрхийлэх юм?
 
            -Онгод гэж юу байдгийг би үгээр тодорхойлж бүрэн илэрхийлж чадахгүй ч түүнийг танина. Их эртнээс таньдаг болсон. Тэр ирдэг, бас явдаг. Ирэхдээ зүрх сэтгэлийг халгиан цалгиаж, оюун бодлыг эзэмдэг, гарын хуруунуудыг минь удирдан цэнгээд нэг мэдэхэд, хаалга онгойход, утас дуугарахад, цонхны салхивч савахад нисээд явчихдаг.  Тэр үүргээ биелүүлж дуусаад явах нь ч бий, үлдээж орхиод өөрөө гүйцээ гэж байгаа юм шиг эргэж харахгүй одох нь ч бий. Ийм л зүйлийг хэлж чадна. Онгод гэж тэр л мөн.
 
-Хүүхэд ахуй цагтаа хэн гэж зохиолчдын бүтээл туурвилыг ихэвчлэн уншдаг байсан бэ. Тэдгээр зохиолууд нь зохиолч болох сэдэл өгч байсан уу?
 
            -Миний хүүхэд нас Арвайхээрийн шаргал талд үлдэж дээ. Арван жилийн хүүхэд байхаасаа л шүлэг бичдэг байлаа. Агуу их Б.Лхагвасүрэн багшийнхаа шүлгүүдээр хөглөгдөн, О.Дашбалбараар үргэлжлэн ухаарал уянгын шүлгүүдийг шимтэн цээжилж уншдаг байлаа. Дараа нь өөрөө бичиж эхэлсэн. Ер нь шүлэг бичиж эхэлсэн тэр цагтаа би насан туршдаа талархаж явдаг. Шүлэг миний гараас хөтлөн энэ хүртэл дагуулж яваа гэж боддог. Шүлэг гэдэг энэ зүйл хүн харахад зүгээр мөр толгой холбосон утга уянга мэт харагдавч хүнийг маш ихээр өөрчилдөг хөгжүүлдэг зүйл л дээ. Яагаад гэж олон хүн асуух байх. Шүлэг бичдэг болсон цагаас хойш би үг хайхын зовлонг мартсан. Телевизийн салбарт ч хүүрнэл зохиолд ч үгс надад үй олноороо хувилбар сонголттойгоо орж ирдэг учраас би огт гацдаггүй бичдэг болсон. Шүлэг бичдэг хүн үгийн баялгаас гадна өөрийгөө илэрхийлэхэд сурдаг. Эмх цэгцтэй болдог. Сэтгэхүйн хурд илүү сайжирдаг. Эцэст нь, бичсэн шүлгээ сайхан дуудаж уншсанаар олны өмнө зөв сайхан ярьж, үзэл бодлоо илэрхийлж сурдаг. Тийм ч учраас би хүүхдүүддээ шүлэг бич гэж хэлдэг. Шүлэг бичээд магад хэн ч чамайг тоохгүй, уншихгүй байж болно. Гэвч шүлэг өөрөө чамд маш их зүйлийг өгдөг. Чи түүнийг дэвтэртээ бичээд мартаж, бүр устгаж ч болно. Гэвч тэр чамд сайн сайхан үл мөрөө үлдээсээр байдаг гэдгийг л байнга хэлдэг юм. 
 
-Та уран бүтээлч хүний хувьд магтаал, шүүмжлэл зэрэг хүртдэг байх. Хэрхэн хүлээж авдаг вэ?
 
            -Магтаалд ханаж, шүүмжид сөхөрдөг хүмүүс бий. Үнэндээ бол аль алинаас нь алсад оршиж чадсан нь л амжилтанд хүрдэг байх гэж бий боддог. Гэлээ ч бүсгүй заяаг олж махан зүрх өвөртөлж төрсөн юм чинь гомдож шаналах үе бий. Гэхдээ дараа нь бурууг өөрөөсөө хайдаг. Би яг хаана алдаа хийв гэж. Энэ эрэл хайгуулыг л зогсоож болохгүй гэж боддог. Магтаалаас илүү шүүмж л хүнийг хурцалдаг юм даа.
Хүүхэд насны цагаан сар гэдэг аав ээжтэйгээ өнгөрүүлсэн дурсамжууд болохоор мартагдана гэж үгүй. Хүн ер нь нас нэмэх тусам дурсамжийнхаа хамгийн эхний цэг рүү л явсаар байдаг юм байна
-Та оюутан ахуй цагийнхаа нөхөрлөлийн мартагддаггүй дурсамжаас хуваалцаж болох уу?
 
            -Оюутан ахуй цаг минь олон сайхан яруу найрагчдын дунд өнгөрсөн дөө. Бид утга зохиолын чиглэлээр сурдаг учраас манай ангийнхан дээр тухайн үеийн олон уран бүтээлчид ирдэг, найзлаж нөхөрлөдөг байлаа. Манай анги гэдэг маань УБИС-н утга зохиолын ажилтны ангийн анхны төгсөгчид юм шүү дээ. Бид чинь ангиасаа  хоёр дахь гавьяатаа угтаад байгаа. СГЗ яруу найрагч агсан А.Эрдэнэ-очир, Г.Мөнхцэцэг, Б.Батрэгзэдмаа, Б.Ичинхорлоо, Б.Баярсайхан, Х.Тэргэл, Б.Энхтуяа, Б.Хишиг-ундрал, Д.Мөнхбаяр Н.Пагам, О.Энхжавхлан гээд манай ангийнхан өнөөдөр ч Монголын уран зохиолд мөр чимээтэй явааг бүгд харж байгаа. Оюутан цагийн нөхөрлөл маань биднийг уран зохиолын амьдралд төдийгүй урт холын хүний амьдралд гар гараасаа хөтлөн явах насан туршийн нөхөрлөлийг авч ирсэн юм.
 
-Хүүхэд байхдаа сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэдэг байв. Бас Цагаан сараар авч байсан хамгийн гоё бэлэг нь юу байсан бэ?
 
             -Хүүхэд насны цагаан сар гэдэг аав ээжтэйгээ өнгөрүүлсэн дурсамжууд болохоор мартагдана гэж үгүй. Хүн ер нь нас нэмэх тусам дурсамжийнхаа хамгийн эхний цэг рүү л явсаар байдаг юм байна. Ээжийгээ, эмээгээ их санах болжээ. Тухайн үед нийгэм цаг үе өөр байсан болохоор цагаан сарын баяр ихэнхдээ л нууцаар тэмдэглэнэ. Бурхан тахилаа хүртэл нууж байсан хүндхэн цаг бидэнд бий шүү дээ. Гэлээ ч шинийн нэгний өглөө бүхэн хорвоогийн нар шинээр манддаг юм шиг санагддаг байсан. Одоо ч хэвээрээ.
 
-Энэ жилийн Цагаан сараа хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?
 
            -Манайх цагаан сарыг бэлэг дэмбэрлээ бодож өргөн сайхан тэмдэглэхийг хичээдэг. Энэ жил ч мөн ялгаагүй. Зочидоо урина, хөгшид нялхасаа баярлуулна. Монголын ёс өөдөө дэлгэр шүү дээ. 
 
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Та сар шинэдээ сайхан шинэлээрэй. 
 
 

Б.САРАНТУЯА: Магтаалаас илүү шүүмж л хүнийг хурцалдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-05 13:20:20
    Ц.Дуламсүрэн: сайн бна уу сайхан шинэлж бна уу баяр хүргье чиний бичсэн бүх зохиолыг цөмийг нь уншдаг сайханзохиолууд бна түүхэн хүмүүсийн амьдрал байдлыг чадварлаг гаргаж уншигч олон түмнийхээ мэлмийг нээж унших уран зориг нэмж салж чадалгүй уншиж дуусгадаг таныг урлагийн янжин лхам бурхан иьээж үргэлж онгод хиймлрийг нь ивээж байх болтугай амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-03 14:58:06
    Д.Хандсүрэн: Б.Сарантуяадаа баяр хүргэж уран бүтээлд нь улам их амжилт ерөөе.Найзаараа бахархдаг шүү.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188