• Өнөөдөр 2024-05-16

Э.ДАШДЭНДЭВ: Нутаг ус, үр хүүхэд, олон түмнийхээ буянаар гавьяат малчин боллоо

               Буйдхан хөдөөд нялх төлийн дуу цангинаж, хээрээр гэр, хэцээр дэр хийж амьдардаг отрын малчдын нүүдэл нутгаа зорих цаг ойртож байна. Моддын мөчир зулзагалж, нүүдлийн шувууд нуураа яаран ирэх, хөх яргуйн түрүүч цас ханзлан цухуйсан хаврын өдрүүд тун чиг ойрхон байна.

         Билгийн тооллын XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн билээ. Тэдний нэг болох Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат гавьяат малчин Э.Дашдэндэв гуайтай ярилцлаа.  

          Э.Дашдэндэв гуай 12 хүүхэдтэй айлын хоёр дахь нь. Тэрбээр нэгэн насныхаа амьдралыг улс эх орныхоо төлөө зориулж сумынхаа багийн даргын албыг 29 жил тасралтгүй хашсан. Хэдийгээр багийн даргын ажлыг амсхийх чөлөөгүй хашсан ч хажуугаар нь мал маллаж, өдгөө улсын сайн малчин, гавьяат малчин болжээ. Биндэр суманд сүүлийн 30 жил улсын сайн малчин төрөөгүй гэнэ. Харин Э.Дашдэндэв гуай 2018 онд улсын сайн малчин болж, араасаа жил алгасалгүй гурван ч аваргыг төрүүлжээ.

             Тэрбээр “Гавьяат малчин гэх төрийн өндөр одон медаль хүртсэндээ баяртай явна. Төрүүлж өсгөсөн ижий, аав, төрсөн нутгийн минь уул овоо, түмэн олныхоо дэмжлэгээр төрийн өндөр дээд одон медаль хүртлээ.  Ижий минь хэдэн хүүхдээ боловсролтой болгох гэж хэрэндээ хичээсэн хүн. Манайх биднийг бага байхад нэгдлийн мал малладаг айл байлаа. Намайг дунд сургууль төгсөж, бага сага боловсрол эзэмшсэн учраас нэгдлийн дарга маань бригадын мал аж ахуйн хэсгийн даргын ажлыг хүлээлгэж өгсөн. Тэр үед манай нэгдэл нарийн ноостой, эрлийз хонь өсгөж эхэлж байсан үе. Эрлийз хонь манай нутгийн хүйтэн, сэрүүн нөхцөлд идээшихгүй хэцүү байлаа. Нутгийн маань хэдэн бор малчид эрлийз хонь өсгөх гэж хамаг байдгаа л шавхсан. Үхэж, үрэгдэж хорогдсоор нэг юм сүүлдээ өссөн. Харин би хорин нас хүрч, цэргийн албанд татагдах болсон. Олон аавын хүүтэй эх орныхоо торгон хилийг гурван жилийн хугацаанд хаагаад, нутагтаа ирсэн юм. Гэртээ ирсний дараахан нэгдлийн орлогч дарга намайг дуудуулсан. Яваад очиход тэрбээр “Танай багийн даргын бие нь муудаж, ажлаа хүлээлгэж өгөхөөр боллоо. Ингэхдээ зөвхөн чамд хүлээлгэж өгнө гэж хэллээ” гэв. Тэгэхээр нь би боловсрол тааруу, ар гэр гачигдалтай зэрэг зовлон тоочиж байгаад багийн даргын албанаас эхний удаа мултраад гэртээ ирэв. Харин дараагийн удаа дуудахад нь яах ч аргагүй бригадын даргын ажлыг хүлээж авч байлаа. Ингээд багийн даргын ажлыг 29 жил тасралтгүй хийх гараагаа эхэлсэн дээ. Гэхдээ миний хүлээж авсан баг сайхан зохион байгуулалттай, дэг журамтай хамт олон байсан учраас ажлын зах зухаас сурч эхэлсэн. Тухайн үед нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө зарчимтай ажилладаг байлаа. Тэр үед өнөөх төлөвлөгөөт эдийн засагтай байсан үе. Нэгдэл багт эдийн засгийн бүх төрлийн төлөвлөгөө өгнө. Ингэхдээ оны эцэст тэдэн ширхэг бог, бод мал бойжуулна. Тоо, ширхгийг тэд болгож өсгөнө, түүхий эдэд хүртэл килограмм заадаг байв. Тус төлөвлөгөөг нь бид нэг ч удаа биелүүлээгүй байсан удаа үгүй” хэмээн хийсэн ажлынхаа үр дүнг бахдам дүүрэн ярилаа.

          Мөн Биндэр суманд одоогоор 29 жил тасралтгүй улсын албыг нэр төртэй хашиж байгаа хүн үгүй гэнэ. Эх орны минь буйдхан хөдөөд олон сайхан малчин бий. Тэд жилийн дөрвөн улирлын алинд ч амардаггүй. Амрах ч эрхгүй. Нар солонгорон мандах өглөөнөөс одод түгэх үдэш хүртэл амсхийх завгүй ажилладаг эгэл бор малчны ажил дуусахгүй. Үүний нэгэн адил Э.Дашдэндэв гуай ч сүүлийн 40 гаруй жил мал маллаж байгаа. Гэхдээ одоо тэрбээр 80 нас дөхөж яваа учир малчны ажлаасаа “халагдах” санаатай гэнэ. Хорвоо гэдэг сонин шүү. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй тарчигхан бор гэрт өссөн хүүг хожмын нэг өдөр хөндий дүүрэн малтай, байгуулсан гавьяатай, гавьяат малчин хэмээн төрийн өндөр одон медаль хүртэж, төр засагтаа хөдөлмөрөө хэдэнтээ үнэлүүлж, улсын хариуцлагатай албыг 29 жил тасралтгүй хашна гэж хэн санах билээ. Хөдөлмөрлөсөн хүнийг бурхан шагнадаг гэдгийн тод жишээ энэ байх даа гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Тэрбээр бригадын даргын албанд цаг наргүй зүтгэж, амрах ч завгүй явахдаа Д.Нарангэрэл бүсгүйтэй ханилан сууж, найман хүүхдийн аав, ээж болжээ. Одоо тэдний хоёр ч хүү сумын сайн малчин бол охид нь төрийн албанд зүтгэж, үлдсэн нь хувийн бизнес эрхэлж, сумандаа сайхан амьдарч байгаа юм.

         Тэрбээр "Манайх нэгдэл тарах үеэр хэдэн мал тасдаж аваад, малаа өсгөж эхэлсэн. Гэхдээ эхний хэдэн жил хөгшин маань л аж амьдралаа болгож явсан. Хүүхдүүдээ асрах, хэдэн малаа өсгөх гээд амьдралын хүнд нугачаа бүрд манай хөгшин зүтгэсэн. Харин би 1996 онд багийн даргын үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд, гэрийн хар хүн болсон. Өнчин ишиг ч үгүй, өрөөлийн гэрт амьдралаа эхлүүлж байсан надад улсын сайн малчин, гавьяат малчин болно гэдэг холын мөрөөдөл байлаа. Тийм ч юм бодож байгаагүй. Яах вэ, малынхаа тоо толгойд биш, ашиг шимд нь анхаарч явсан болохоор хэдэн мал минь сайхан өссөн. Малаа өсөөд ирэхээр сумынхаа зүтгэлтэй хэдэн залуучуудад түрээсээр мал, маллуулж, төлийг нь та нар ав гээд овоо хэдэн хүнийг малжуулсан. Энэ үйл хэрэг минь л намайг улсын сайн малчин, гавьяат малчин болгосон болов уу гэж хожим бодож сууна. Надад бусдаас илүү хийж бүтээсэн гоц, гойд зүйл байхгүй. Жирийн нэг малчин өвгөн” хэмээн даруухан өгүүлсэн юм.

         Тэрбээр “Өөрийгөө гавьяат малчин гэж боддоггүй ч улсын албыг сайн хашсан гэж боддог шүү. Төлөвлөгөөгөө биелүүлээгүй удаа байхгүй. Улсын хэмжээний 300 гаруй бригадаас эхний 25-т хэд хэдэн удаа шалгарч байлаа. Тэнд шалгараад очих бас сайхан санагддаг байсан шүү. Би өөрийгөө жирийн биш улсын албанд зүтгэх ёстой жижүүр хүн юм болов уу гэж боддог” гээд биеэ дөвийлгөчих вүү дээ гээд зөөлөн инээмсэглэв.

           Э.Дашдэндэв гуай улсын албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, хариуцлага гэдэг зүйлийг ягштал мөрддөг хүн гэсэн. Хүүхдүүдээ ч тийм байх ёстой гэж хүмүүжүүлсэн байна. Харин өөрийнх нь удирдаж, чиглүүлж явсан багийнхаа хүмүүсийг чин сэтгэлээсээ ойлгодог, асуудал бүрд нь тулж ажилладаг байсан болохоор өөрийгөө тийм удаан дарга байсан гэж тайлбарласан юм. Одоогийн багийн дарга нар таны үеэс хэрхэн ажиллаж байна вэ. Танд хэлэх юм байдаг уу гэж асуухад “Цаг үе нь ийм болсон хойно доо. Тэд ч бас бидэн шиг сайн ажиллаж байна. Миний үед багийнхаа хүмүүстэй заавал ч үгүй нүүр тулж уулзаж, малыг нь нүдээр харж, шүдээр нь тоолдог байлаа. Одоо бол утасны цаанаас хэдэн малаа тоолдог болжээ. Багийнхаа иргэдийг хэрхэн амьдарч байгааг сургаар дуулдаг болсон” гэв. Гэхдээ тэр “Би хүнийг буруутгахгүй. Угаасаа цаг нь ийм болж. Гэхдээ ард, иргэдтэйгээ нүүр тулаад уулзаж, итгэл хүлээх шиг сайхан зүйл байхгүй” гэв. Амьдарч буй ертөнцдөө хийж бүтээсэн зүйл их учраас түүнийг төр засаг өндрөөр үнэлж, зүг чигийг заагч “Алтан гадас” одонгоор шагнаж байсан бол энэ жил гавьяатын тэмдэг энгэртээ гялалзуулжээ.

           Мөн тэр удирдаж байсан багаас гурван ч хүнийг Хөдөлмөрийн баатар болгосон юм билээ. Үүнийгээ тэрбээр “Миний гавьяа гэж юу байх билээ. Багийн маань хүмүүс надтай адилхан сэтгэлээр зүтгэсэн учраас л төр үнэлсэн” гэж хариулав. 


Э.ДАШДЭНДЭВ: Нутаг ус, үр хүүхэд, олон түмнийхээ буянаар гавьяат малчин боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-02 12:43:49
    Зочин: Хаа газар сайхан хүмүүс байх юм. Даанч тийм сайхан хүмүүс нь манай монголд ховордоод дуусах гэж байна. Сайхан хүмүүс дэлхийн бусад оронд элбэг байгааг харж сэтгэлээ засах юм.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188