• Өнөөдөр 2024-05-15

Б.НОМИНЧИМЭД: Үг яриа өөрөө сэтгэлгээг тодорхойлж байдаг

2022-01-28,   2487

“Цагаан бороо” роман уншигчдын гар дээр очоод удаагүй боловч номын хорхойтнуудын дунд эрэл хайгуул болоод буй юм. Энэхүү номыг бичсэн Зохиолч, нийтлэлч, Б.Номинчимэдтэй ярилцлаа 

Таны “Цагаан бороо” роман уншигчдын  дунд эрэл хэрэгцээтэй байна. Энэхүү романыг бичих санаа хэзээ анх танд төрсөн бэ?

              - Анх арваад настай байх үед Загийн Шанаа гэдэг газарт Цоохор Анандыг хэрхэн шатаасан түүхийг сонсож, нэг хачин юм цээжний цаагуур орчих шиг болсон. Тэр их л удаан, бараг 40 жил хөндүүртэй бугшиж явжээ. Тэгээд өнгөрсөн гуравдугаар сарын эхээр нэг тууж бичих гэж суусан, бичсээр байтал туужаас арай өөр юм болчихсон.

- Та “Цагаан бороо” романдаа Монголын аман хууч яриаг ерөнхийд нь ашигласан. Тэгэхээр уран бүтээлийн эрэл хайгуул нэлээд хийсэн байж таарна. Уран бүтээлч хүний эрэл хайгуулын тухай сонирхолтой яриа дэлгэнэ үү?

​             - Яг зорьж, төлөвлөж эрж хайж судалгаа хийсэн гэвэл юу л бол. Зүгээр л эмзэглэл байсан болохоор энэ урт удаан хугацаанд холбоотой байж болох юм бүхэн рүү л өнгөлзөж, сонирхож явсан. Олон жилд хуримтлагдсаар нэг мэдэхэд овоо юм хураагдчихдаг юм билээ.

​     Харин хатуу догшин хатаагдсан төмөр өчүүхэн гөнжих төдийд хуга хага үсэрнэ. Хүн ч бас яг тийн хатаагддаг юм байна. Зовлон зүдүүр, бэрхшээл хүний чанарыг сорьж, хатуужуулж, хатаадаг. Зовлон зүдүүр, гамшиг тамлал дундаас хүн хэрвээ өш хорсолдоо зангирсан амьтан гарч ирвэл өөрөө өөрийгөө л аажмаар мэрж дуусгадаг.       

     - Уншигчдын дунд яагаад “Цагаан бороо” гэж нэрлэсэн юм бол гэсэн асуулт их байна. Өөр өөрсдийн таамаглалыг ч гаргаж байна. Тэгэхээр “Цагаан бороо” гэж нэрлэсэн нь ямар утга санааг илэрхийлж байгаа вэ?

​            - Аанха, энэ номонд сайнаасаа саар нь, сайхан юмнаасаа муухай нь илүү бий. Зориуд илүү оруулах гээгүй, угаасаа л тэр цаг үеийн өнгө төрх тийм байж. Чухам тийм учраас л бидний 100 гаруйхан жилийн өмнөх түүх яг хутганы ирэн дээрх шиг байжээ. Газар нутаг, төр улсаа алдахдаа хүртэл тулж байв шүү дээ. Тэгээд тэр янз бүрийн хар бараан, хатуу ширүүнийг цайлгаж нэрлэсэн. Ерөөс хүн ард хатуу ширүүн юм туулаад, түүнийг даваад гарах хэрээрээ илүү хүнлэг, ёс зүйтэй, амьдралыг өргөн хүрээнд хардаг, тулхтай нуруутай болж төлөвшдөг юм байна. Дэлхийн II дайны дараа Зөвлөлтийн ард түмний дунд нэг нийтлэг сонирхолтой зүйл анзаарагдсан нь хүмүүс урьдынхаасаа илүү хүнлэг болчихсон байсан гэдэг. Мөн дайны дараах Япончуудад ч ийм юм анзаарагджээ. Тэгэхээр нэг юм байгаа биз. “Цагаан бороо”-гийн үндсэн агуулга энэ тал руугаа. Ийнхүү хатуу ширүүнийг туулах ч хатуурч догширсонгүй, харин ч илүү уян, илүү хүнлэг, бас илүү хүчтэй болон төлөвшиж буй үйл явцыг л хүний сэтгэлд цагаан бороо шиврэх гэж зүйрлүүлж өгүүлсэн.

Ер төмөр хатаагдана гэж байдаг. Сайн хатаагдсан төмөр яадаг вэ гэхээр илүү уян хатан, нугалаад дарахад ч нугарах атлаа, тавихад эргээд байрандаа орчихдог. Харин хатуу догшин хатаагдсан төмөр өчүүхэн гөнжих төдийд хуга хага үсэрнэ. Хүн ч бас яг тийн хатаагддаг юм байна. Зовлон зүдүүр, бэрхшээл хүний чанарыг сорьж, хатуужуулж, хатаадаг. Зовлон зүдүүр, гамшиг тамлал дундаас хүн хэрвээ өш хорсолдоо зангирсан амьтан гарч ирвэл өөрөө өөрийгөө л аажмаар мэрж дуусгадаг. Яг тэр муу хатаагдсан  төмөр шиг, дорхноо тас, бут үсрээд явчихна. Хэрвээ сэтгэлд цагаан бороо шиврэхгүй бол хүн тийм догшин хэрцгий болчихно. Хатуу ширүүнийг туулан гарсан хүний сэтгэлд цагаан бороо шивэрдэг, түүнд дэвтсэн сэтгэл зүрх илүү хүнлэг, энэрэнгүй, гэхдээ хэзээ ч бууж өгдөггүй, төмрөөр бол нугалсан ч хугардаггүй, эргээд тэгширч чаддаг, элтэрч эмтэрдэггүй тийм сайнаар хатаагдаж буй хэрэг.

- “Цагаан бороо” романд  түүх, түүхэн дүрүүд яг бодит уу, уран сайхны дүр дүрслэл үү?

​             - Түүхэн бодит үйл явдлын дэвсгэр дээр л түүхэн болон уран сайхны дүрийг хослуулан гаргасан даа. Цоохор Ананд, Гоорин Даш, Хялуу Сүх, Халзан Дамба, Буурал бүсгүй, Засагт хан Содномравдан, Цэрэнгомбожав, Баруун лам гэх мэт хүмүүс үнэхээр бодитой байсан бол Занаг Базар,  Мухар Маран, тэр Явган Бадгаа, Нүцгэн Ядмаа нарын хүмүүс уран сайхны дүрүүд. Гэхдээ хэдий уран сайхны ч тэдэн шиг хэв шинжтэй хүмүүс бодитой байсан гэдэгт огт эргэлзэх хэрэггүй. Одоо ч бидний дунд байж л байгаа.

- Монголчуудын эртний үзэл санаа, сэтгэхүй, гол мөн чанар нь яг өнөөдрийг хүрэхэд хувьсан өөрчлөгдсөн үү. Хэрхэн өөрчлөгдсөн бэ?

​             - Эхлээд Монголчуудын гол мөн чанар гэж юу вэ? Бид чинь их өөр, ялангуяа хятадаас бол тэс ондоо, тэнгэр газар шиг мөн чанартай хүмүүс шүү дээ. Монгол хүнийг тодорхойлдог сайн мөн чанаруудад гэнэн итгэмтгий, цайлган, хүнд итгэмтгий, хар буруу санаа багатай, хээгүй гүдэс, эрмэг зоримог чанар нэлээн дээгүүрт ордог. Бас эрмэг, цөлх ухаан ч бий. Харин сул мөн чанарт нь өнөөх гэнэн нь тэнэгтэй хослоод ороод ирэх нь бий. Бас болхи бүдүүлэг байдал. Энэ мэт хэв шинж нь нүүдэлчин ахуйтай нягт холбоотой юм. Харин сүүлийн үед бидний шинж чанар нэлээн өөрчлөгдөж байж магадгүй. Яагаад гэвэл  сүүл үед хятад, солонгос шиг жижигхэн юманд өндөр үнэ цэн өгч, чанга хашхичдаг хэв шинж нэлээн анзаарагддаг болсон шүү. Соёлын нөлөө, зөөлөн хүчний бодлого л болов уу.

 Биднээс өөр хэн ч биш. Гэтэл манай зарим хүмүүст энэ тухай ер ямар ч мэдрэмж ойлголт байдаггүй нь үнэхээр гутмаар. Өчүүхэн зүйлээс ашиг цохих гэдэг, бас өчүүхэн зүйлээр нэгнээсээ дээр гарчих гэж хичээж зүтгэж буйг харахад эмзэглэхгүй байх аргагүй

- Зохиол бүтээл, нийтлэлийг тань уншихад олон асуудалд эмзэглэдэг шиг санагддаг.  Одоо таныг юу эмзэглүүлж байна?

​             - Байна байна, төрөө төвхнүүлж чадахгүй хэдэн хөөргөн, эсвэл шуналтай хүмүүсийн тоглоом наадам, олз ашиг олдог хэрэгсэл болгон ээлжгүй толгой дээрээ залж байна. Мөн монгол хүмүүс бид нэгэндээ яасан ч хүйтэн, хөндий хайхрамжгүй хандах юм бэ дээ гэмээр. Ингэхэд энэ газар дэлхий дээр монгол хүнийг монгол хүн нь л илүү ойлгож, бас хайрлаж чадна. Биднээс өөр хэн ч биш. Гэтэл манай зарим хүмүүст энэ тухай ер ямар ч мэдрэмж ойлголт байдаггүй нь үнэхээр гутмаар. Өчүүхэн зүйлээс ашиг цохих гэдэг, бас өчүүхэн зүйлээр нэгнээсээ дээр гарчих гэж хичээж зүтгэж буйг харахад эмзэглэхгүй байх аргагүй. Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэж. Бид ч цувж явсан бар байтугай заримдаа юу ч болчхоод байгаа юм бэ гэмээр. Тэр завсар сиймхийг бидэн рүү өлөн нүдээр ямагт харж явдаг хөндлөнгийн этгээдүүд маш овжин гавшгай ашиглаж байгаа. Энэ мэтэд эмзэглэж явдаг аа. Цагаан бороод энэ мэт мэдрэмжээсээ заримыг нь шингээж өгсөн. Уншигчдын сэтгэгдлээс харж байхад тэрхүү энэ цагийн бухимдал маань уншигчдад бас хүрч, эмзэглүүлээд байгаа юм байна гэж ойлгосон.

- Монголчуудын өв уламжлал, соёлын дархлаа нэлээд алдагдаж байх шиг санагддаг. Сүүлийн үеийн киноны үг, хэллэг зах замбараагүй болсон байна. Та энэ тал дээр уран бүтээлч хүний хувьд юу гэж хардаг вэ?

​            - Ганц монголчуудынх ч биш байх аа, дэлхий нийтийг хамарсан энэ техник, технологийн дэвшил, мэдээллийн орчин, соёлын ижилсэл нь олон үндэстнүүдийг, тэр дундаа хүн ам цөөн, хөгжил дорой үндэстнүүдийг өвөрмөц онцлогийг нүдэнд харагдахгүйгээр залгиж байгаа. Энэ байдлыг өнөөдөр олон үндэстнүүд анзаарч, даяаршлыг огт өөрөөр харж, илэрхийлэх болов. Өөрөөр хэлбэл даяаршил гэдэг нь дэлхий нийтээрээ нэг соёлтой болохоос илүүгээр өөр өөрийн өвөрмөц өнгөөр ялгарсан, олон өнгийн цэцэгс алагласан цэцгийн мандал мэт тийм дэлхий ертөнцийн төлөө тэмцэх болсон. Энэ даяаршлын сөрөг талын эсрэг хүн ам ихтэй хүчирхэг гүрнүүд онцгой анхаарч, хууль дүрмээ чангаруулж байхад цөөхүүл, бас эмзэг соёлтой бид хамаг юмаа дэлгээд хаячихсан, яавал яа, дураараа бол гэж буй хүүхэн шиг л байна. Энэ хандлага байдал нь заримдаа Явган Бадгаа, Нүцгэн Ядмаа хоёрын түүхийг санагдуулам. Гэхдээ монголын заяа их ээ гэдэг дээ, юутай ч тэнгэр нь хаячхаагүй гэдэгт итгэж байгаа. Энэ мэт сөрөг хандлагын үр дүн нь таны тэр өгүүлж буй кино,телевизийн нэвтрүүлэг, сонин хэвлэл төдийгүй төрийн хэлний түвшинд хүртэл төрөлх хэлээ эрэмдэглэх нь их байгаа.

- Тайз, дэлгэцийн уран бүтээл нийтийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ салбар үндсэн үүргээсээ илүү арилжаа талдаа ажиллаад байх шиг?

​            - Үүрэгтэй биш юм аа, үүрэгжүүлэх нь олон алдаа завхрал, гажуудлыг төрүүлдэг. Нөгөө талаар зөвхөн дэлгэцийн уран бүтээл төдий биш, ерөөс урлаг бүхэлдээ юм. Урлаг гэдэг өөрөө их том ай сав. Үүрэгтэй хэсэг нь ч байна, үүрэггүй нь ч байна. Үүрэгтэй гэхээс нэн хүчирхэг нөлөөтэй гэвэл зөв болно. Тэгэхээр тэр нөлөөллийг нь харин хэрхэн зөв үр дүнтэй ашиглах вэ гэдэг л байгаа юм. Түүнийг ядмагхан ч болов савангийн дууриараа дамжуулаад хамгийн үр дүнтэй ашиглаж байгаа улс бол Солонгос байна шүү дээ. Түүнийг дагаж солонгос хэрэглээний соёл, хоол хүнс, урлаг хүртэл манайд нэвтэрч байгаа. Ганц манайд биш олон оронд. Түүнийг Солонгосын төрөөс зориуд бодлоготойгоор дэмждэг. Сүүлийн жилүүдэд өмнөд хөрш маань энэ тал дээр маш эрчимтэй, санаачилгатай ажиллаад эхэлсэн. Заримдаа өмнөд хөршид сайн юмс бидэнд эсрэгээрээ хохиролтой байх нь байдаг, түүхэнд тийм явдал бишгүй гарч байлаа.

- Үндэсний хамгийн том дархлаа үг шиг санагддаг. Үг амьд байгаа цагт үндэстэн мөхдөггүйг “Цагаан бороо” романыг уншаад нэг талдаа тэгж ойлгосон. Та үг, хэллэгийн тухай яриа дэлгээч?

- Мэргэжлийн хэл шинжээч, судлаач биш тул би тодорхой сайн юм хэлж мэдэхгүй. Юутай ч монгол хүний хувьд үгийн цээр гэдэг юм байжээ. Хэлэх учиртай үг, учиргүй үг гээд. Үг өөрөө амьтай. Тиймээс үгээр хүнийг алж ч, аварч ч болдог. Энэ үнэнийг мэддэг байсан учраас өвөг дээдэс минь үгийн цээр гэдэг юм гаргаж ирж байжээ. Өнөөдөр энэ цаг үед харин энэ үгийн цээр гэдэг юмыг баахан мартагнаад байна уу даа гэж бодогдох. Түүнээс гадна үгийг онож, тодорхой ярьж хэлцэх нь нэлээн суларч, ерөнхий л ярилцдаг болж байна. Тухайлбал, “баярлалаа гэж хэлмээр байна”, “өвдөлт өглөө” гэх мэт. Үг яриа өөрөө сэтгэлгээг тодорхойлж байдаг. Энэ хагас дутуу утга илэрхийлж байгаа үгсээр дамжаад бидний сэтгэлгээ их эрэмдэг болоо юу, бас түүнээ дагаад үйлдэл ч тодорхойгүй болчхож мэдэхээр.

- Зохиолч, судлаач, яруу найрагч П.Батхуяг агсаны тухай дурсаж болох уу. Уран бүтээлийн хувьд, нөхөрлөлийн хувьд ч дотно байсан болов уу?

- Оюутны нэг ангийн дүү минь юм. Би ажиллаж байгаад ирсэн, ангидаа ахмад нь. 1990-ээд оны дунд үеийн хүнд хэцүү цаг үед өлөн зэлмэн оюутны дөрвөн жилийг хамтдаа өнгөрүүлсэн, халуун дотно дурсамж бий бий. Танхай Банди нэрээр олонд танигдсан төвөд судлаач Г.Ням-Очир тэр хоёр яг ихэр хурга шиг салдаггүй байв. Бид талийгчийг Момо, Танхай Бандийг Сафка гэдэг, тэр чигтээ нэрлээд сурчихсан. “Сафка, Момо хоёроо хө” гээд дуулж ч байв. Одоо ч энэ нэрээр нь нэгийг нь дуудсан хэвээр, нөгөөг нь дурссаар л байна. Бас манай ангид яруунайрагч Р.Эмүжин, яруу найрагч агсан Ц.Доржсэмбэ, С.Боргил байсан.

Монголын яруу найрагт Момогийнх гэж болохоор онцгой өрөвмөц өнгө аясыг оруулж ирсэн. Амьдралын тэр бүр анзаарагдамгүй маш жижигхэн үзэгдэл, юмсаас хүртэл ер бусын тансаг гүн уянгыг ухан гаргаж ирж чаддаг, түүнээ энгийн үгсээр яг л хайку шиг оновчтой уран илэрхийлж чаддаг. Өглөө бүр шахам шүлэг бичиж цахим хуудсандаа нийтэлнэ. Би бас өглөө бүр шахам тэр шүлгийг нь хүлээнэ.

Хааяа Баянхошуунд Момогийндээ хонодог, ээжийнх нь боорцогийг бишгүй цохиж л явсан. Нэг удаа намайг өмөөрөөд юу юугүй зодолдчих шинжтэй, жаахан бор нударгаа байдгаар нь атгачихсан, нүд нь гялалзчихсан зогсож байсан нь одоо ч санаанд тодхон байна. Яруу найрагчийн зан араншин хүчтэй илэрдэг, оргилуун бадрангуй, бас уянгалаг, эмзэг зөөлөн.

Монголын яруу найрагт Момогийнх гэж болохоор онцгой өрөвмөц өнгө аясыг оруулж ирсэн. Амьдралын тэр бүр анзаарагдамгүй маш жижигхэн үзэгдэл, юмсаас хүртэл ер бусын тансаг гүн уянгыг ухан гаргаж ирж чаддаг, түүнээ энгийн үгсээр яг л хайку шиг оновчтой уран илэрхийлж чаддаг. Өглөө бүр шахам шүлэг бичиж постолно. Би бас өглөө бүр шахам тэр шүлгийг нь хүлээнэ. Гэхдээ би Момогийнхоо уран бүтээлийнх нь талаар ямар нэг юм хэлж, ярьж, бичиж явсангүй. Зөвхөн өнгөрөхөөс нь хэдхэн хоногийн өмнө л нэг бага шиг бичвэртээ хоёр гуравхан өгүүлбэрээр дээрх санааг хавчуулж оруулсан. Түүнд жаахан ч болов баярласан болов уу л гэж найдаж байна. Тийм байж магадгүй нэг нийтлэл оруулсан байсан. Богино өгүүллэгүүд нь ч онцгой. Яахын аргагүй л өөрийн олон талтай томоохон орон зайг бий болгож чадсан.

Яруу найрагч Т.Очирхүү гуайн “Хүмүүсээ бие биедээ урам хайрла” гэдэг шүлэг байдаг даа. Яруу найрагчийн эмзэг тансаг зүрхэнд урам их хэрэгтэй юм. Амьдад нь хэлж ярьж, урам хайрлаж л байхгүй бол нэг л мэдэхэд ингээд нисээд явцгаачихдаг юм байна. Ийм хурдан, бас гэнэт явчихна гэж огт бодож байсангүй. Яг ид бүтээж туурвих насан дээрээ, бас яг л ид чадал хав нь ханаад багтан ядаж байсан үедээ явчих юм даа. Тэр унадаг өглөөгөө гэнэтхэн утасдаад “Ах, хаагуур байна, өнөөдөр уулзаадахъя” гэсэн. Гэвч бид уулзаж чадаагүй, тавхан минут л зөрсөн. Сүүлд бичсэн шүлгүүдийг нь харж байхад ер нь өөрөө аяндаа нэг юм мэдрээд байгаа юу даа гэмээр.

“... Байсан, байхгүй болно.

Мартах гэж амьдарна,

Магнайг минь зөөлхөн тогшоод нэг бодол

Толгойд минь нэвтрэн орно...”

Эсвэл

“... Энэ миний сүүлчийн зогсоол, чи цаашаа яв

Эцэж ядраагүй ч бүх зүйл хэмжээтэй...”

“... Энэ сүүлчийн хундага, сүүлчийнх

Элсэн чихэр зуурсан хямдхан улаан дарс...” гэх мэт.

 


Б.НОМИНЧИМЭД: Үг яриа өөрөө сэтгэлгээг тодорхойлж байдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-29 03:17:29
    Ганболд: Үг яриа сэтгэлийн толь төдийгүй үйл замыг зааж байдаг билээ!
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188