• Өнөөдөр 2024-05-16

Б.АЛТАНТУЯА: Бийр бариад бичиж суугаа хүн хэзээ ч ууртай байдаггүй

2022-01-29,   1595

Эх бичиг судлаач, уран бичээч Б.Алтантуяатай ярилцлаа. Тэрбээр “Монголын сайхан бичигтэн 2021” улсын 25 дахь уралдаанд түрүүлснээс гадна, шавь нараа ч бэлдэж, өндөр амжилтад хүргэсэн нэгэн юм.

- Монголчуудын бичиг соёл, түүхийг үнэт өвийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж яваа гэгээн үйлст тань талархал илэрхийлье. Уран бичлэгийн өвөрмөц чанар нь юу байдаг вэ. Энэ талаар хоёулаа яриагаа эхлүүлэх үү?

             - Баярлалаа. Юуны өмнө танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Уран бичлэг гэдэг нь тухайн хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмж, дахин давтагдашгүй зураасны урлаг юм.

- Уран бичлэг,  бийрийн бичлэг хоёр нэг зүйл үү, ялгаатай өөр зүйл юмуу? Энэ талаар тодруулбал?

           - Уран бичлэг гэдэг бол гэрэл зургийн дахин давтагдашгүй өнцөгтэй адилхан. Тухайн уран бүтээлчийн тархи оюунд бүрэлдсэн мэдрэмж бийрээр дамжин цаасан дээр буухыг хэлнэ. Харин бийрийн бичлэг нь уран бичлэгийнхээ суурь нь гэж ойлгож болно. Жишээ нь, бийр бариад цэвэр сайхан хуулж бичих, хичээнгүй бичих юм.

-Залуучууд уран бичлэгийг хэр сонирхож, хичээлдэг вэ?

           -Одоогоос 10 гаруй жилийн өмнө хүмүүс уран бичлэг, каллиграфи гэхээр “юу байдаг юм” гэж их асуудаг байсан. Харин сүүлийн үед маш сайн мэддэг болсон. Үүгээрээ монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд уран бичлэгийн нөлөө их бий. Хүмүүсийн сонирхол, үндэсний үзэл сэргэж, монгол бичгийг уран бичлэгээр дамжуулаад дээдэлж залах нь ихэссэн. Нөгөө талаас айл гэр, албан байгууллага, хэн нэгэндээ бэлэг дурсгалд өгөх юмуу эсвэл урлагийн бүтээл гэдэг талаасаа ч сонирхон цуглуулж байна. Тийм ч учраас залуучууд сүүлийн үед маш их сонирхож байна.

-Уран бичлэг сонирхож, хичээллэж байгаа хүмүүс ямар төлөвшил, хүмүүжил, мэдлэгийг болж авдаг юм бол. Мөн сурахад хүнээс юу шаарддаг вэ?

           - Уран бичлэгээр хичээллэхийн гол суурь нь монгол бичгийг зөв алдаагүй бичиж, уншиж сурсан байх шаардлагатай. Үүний дараа бийрийн бичлэгийг сурах нь зөв. Бийр яаж барих, монгол бичгийн зурлага, үсэг бүхэн өөр өөр техник шаарддаг болохоор яг зөв сууриар сурах хэрэгтэй байдаг. Дараа нь уран бичлэг гэдэг зүйлийг өөрийн сэтгэлийн эмоцоор бичиж болно. Хүмүүст ямар төлөвшил өгч байна гэхээр өөрөө гоё сайхан бичээд, түүнээсээ аз жаргал, баяр баяслыг авч байдаг. Мөн тархи хэсэгхэн зуур ч болов бясалгал хийж, тархиа амраан, төвлөрч сурдаг. Энэ нь сэтгэлийн амар амгаланг эдэлж байна гэсэн үг. Бийр бариад бичээд сууж байгаа хүн хэзээ ч ууртай байдаггүй.

-Та уран бүтээлээрээ ямар утга санааг илэрхийлэхийг зорьдог вэ?

           - Уран бичээч хүний ур чадвар нэг миллиметр хүрэхгүй зураасан дээр харагдана. Тийм учраас зураасыг амьтай татахын тулд маш их хөдөлмөр, ухаан зардаг. Миний бүтээлийг хүн хараад энэ зураас, энэ зурлагыг ингэж татаж болох юм байна гэсэн ойлголт өгөхийг эрмэлздэг. Мөн хүмүүст бүтээлээс маань монгол бичгийнхээ гоо зүй, эрхэмсэг зурлага, гоо сайхны гоё мэдрэмж өгөхийг илэрхийлдэг.

-Та бие даасан хэчнээн үзэсгэлэн гаргасан бэ. Шинээр үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна уу?

           -2016 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ гарсан. Үүний дараа 2017 онд Солонгос Улсын Сөүлийн үндэсний их сургууль дээр үзэсгэлэнгээ дэлгэсэн. Дараагийнхаа үзэсгэлэнгийн товийг гаргаагүй л байна. Уран бүтээлч хүний хувьд шинэ үзэсгэлэн гарахыг зорилгүй яах вэ.

- Хэзээнээс уран бичлэгээр шавь бэлдэж эхэлсэн бэ?

           - Бийрийн бичлэгийн сургалтыг 2009 оноос зааж эхэлсэн. Миний шавь, шавь нарын шавь гээд энэ хугацаанд нэлээд өнөр өтгөн болсон шүү.

Уран бичээч хүний ур чадвар нэг миллиметр хүрэхгүй зураасан дээр харагдана. Тийм учраас зураасыг амьтай татахын тулд маш их хөдөлмөр, ухаан зардаг

-Монголын сайхан бичигтэн улсын уралдаанд та өөрөө түрүүлэхээс гадна шавь нар тань бас түрүүлсэн байсан. Энэ уралдааны талаар ярилцвал?

-"Монголын сайхан бичигтэн 2021" улсын 25 дахь уралдаанд миний хувьд уран бичлэгийн ангилалд түрүүлж, шавь нараас маань мэргэжлийн багш нар болон насанд хүрэгчдийн ангилалд түрүүлсэн. Мөн гутгаар байр, тусгай байруудад ч шавь нар маань шагнуулсан.

- Өөрийнхөө бүтээлийг хараад ямар мэдрэмж төрдөг вэ. Уран бүтээлийн нандин амтны тухай?

           - Зарим үед бодсон зураасаа гаргаж чадахгүй үе байна. Тэр зураасаа нэг агшинд гарах үедээ баярлана. Тэр мэдрэмжийг үгээр хэлэхэд хэцүү юм. Үүнийг дагаад илүү гоё, чамин бүтээл хийх юм сан гэсэн бодол төрдөг. Хүмүүс уран бичлэг гэхээр нэг хоёр бичээд болчихно гэж боддог. Гэтэл зарим үед хэдэн зуун цаас зарлагдах юу ч биш. Хэдий тийм ч бүтээл хийж байх цаг хугацаа хамгийн амттай. Намайг орчлонгоос нэг хэсэгтээ л тасалж өгдөг.

- Уран бичлэгийг харахад хүнээс нямбай, хөдөлмөрч байдлыг шаарддаг юм шиг санагддаг. Үүнээс гадна монгол хэл бичгийн дүрэмд суралцах хэрэгтэй байх?

           - Тэгэлгүй яах вэ. Гол зүйл зөв бичгийн дүрэм байдаг. Зөв бичиж байж үг гоё харагдана. Төвдийн уран бичээч Цэдэншарван гээд хүн “Алдаа мадагтай бичиг амин сүнсгүй хүнтэй адил” гэж хэлсэн нь бий. Тиймээс би энэ үгийг гол зарчим болгож баримталдаг. Шавь нартаа ч хэлж зөвлөдөг.

Зарим үед бодсон зураасаа гаргаж чадахгүй үе байна. Тэр зураасаа нэг агшинд гарах үедээ баярлана. Тэр мэдрэмжийг үгээр хэлэхэд хэцүү

 

 


Б.АЛТАНТУЯА: Бийр бариад бичиж суугаа хүн хэзээ ч ууртай байдаггүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-29 21:21:02
    Монгол : Үнэхээр мундаг хүн шүү Уран бүтээлд нь өндөр амжилт хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188