• Өнөөдөр 2024-05-18

СТИВ МОРЕЛЬ: Би амьдралаа монгол соёлын төлөө зориулж байгаа

2022-01-26,   689

Францаас Монгол Улсад ирэн амьдарч буй Стив Морельтэй ярилцлаа. Тэрбээр манай улсад амьдрахын сацуу кинонд дүр бүтээж, морин хуур, уртын дуу тэргүүтэй язгуур соёлыг судалж, хүүхэд багачууд, дэлхий дахинд таниулж яваа нэгэн юм.

 -Та Монгол Улсад амьдраад цөөнгүй жил боллоо. Амьдрахад тань таатай байна уу?

          -Би Монгол Улсад амьдраад бараг л найман жил болсон байна. Анх 2014 оны долдугаар сарын 11-нд ирсэн. Энд ахуй амьдралаа босгоод, аж төрөх үнэхээр сайхан байгаа. Урлагийн хүний хувьд хэлэхэд Монгол Улс  маш их эрх чөлөөтэй орон. Нөлөө бүхий, шилдэг уран бүтээлчтэй уулзаж ярилцахад чөлөөтэй. Ямар нэгэн хамтын уран бүтээл туурвих боломжтой. Манай Франц Улсаас газар, тэнгэр  мэт ялгаатай.

-Монголчууд танд хэр элгэмсэг, найрсаг хандаж байна вэ?

-Хүмүүс маш найрсаг, эерэг ханддаг. Ер нь бол эелдэг ард түмэнтэй энх тайван орон. Бидэнд үүнээс илүү үнэ цэнтэй зүйл байхгүй шүү дээ. Энэ эх оронд найман жил амьдарсан надад өөр газар очиж амьдрах бодол огт байдаггүй.

-Та өөрийгөө монгол хүн гэж хэлэх дуртай гэж сонссон. Энэ үнэн үү?

          - Үгүй ээ, би монгол хүн гэж хэлэх дуртай биш. Олон жилийн өмнө наргиа маягтай хэлж байсан. Одоо бодоход жаахан буруу л санагдаж байна. Би монгол хүн биш, монгол хүн болох ямар ч боломжгүй. Би зүгээр л  Франц Улсад төрж өссөн монгол соёлд хайртай, амьдрах дуртай л хүн.

-Өсөж, төрсөн эх нутагтаа өнгөрсөн хугацаанд цөөнгүй очсон уу?

-2015 оноос хойш  Францдаа нэг л удаа очсон.

-Цахим хуудсаараа морин хуур тоглож байгаа харагддаг. Морин хуур тоглохын сайхан нь юу вэ, танихаар?

          -Сонирхолтой зан үйлд үнэхээр дуртай.  Жишээлбэл, найруулагч Д.Бямбасүрэнгийн бүтээсэн “Ингэн тэмээний нулимс” киног үзээд тэндээс ингэ хөөслөх ёсыг хэрхэн үйлдэхийг үзээд  эрхгүй уйлсан. Тэр аялгууг үнэхээр ид шидтэй гэж хэлмээр байна. Надад ид шид ихэд таалагддаг. Ер нь бол морин хууртай холбоотой бүхий л зүйлийг хайрладаг. Тийм ч  учраас одоо магистрт сурч байгаа.

-Ямар сэдвээр магистрын зэрэг горилж байна вэ?

          -"Монгол ардын уртын дуу ба үндэсний хөгжмийн увдислаг чанарын асуудалд" гэсэн сэдвээр судалгаа хийж байна. Би энэ сэдвийг үнэхээр зөв, хүндлэлтэй бас гүнзгий ойлгож судалмаар байна. Сүүлийн үед би уртын дууг илүү гүн судлаад, үнэхээр өвөрмөц мэдрэмж авч эхэлж байгаа. Монголчууд өмнө нь намайг зүгээр л нэг гадаадын зочин, сонин хүн маягаар хардаг байсан. Харин одоо бол миний зорилгыг илүү тодорхой мэддэг болсон гэж боддог. Би үнэндээ өөрийн  амьдралаа монгол соёлын төлөө зориулж байгаа. Үүнийг минь ойлгодог хүн олон болсоор байгаад баярладаг.

-Та ямар ажил эрхэлж байгаа вэ?

          -Хэд хэдэн зүйл дээр ажиллаж байна. Би “Уугуул.сом” гэдэг цахим хуудас нээсэн. Үүгээрээ дамжуулаад морин хуурын цахим хичээл түгээдэг. Мөн  уртын дуу, туультай холбоотой ховор баримтууд түгээн дэлгэрүүлэхийг хичээж байгаа. Уртын дуу, тууль зэргийг монгол бичгээр хөрвүүлээд англи болон францаар тайлбарлаж, орчуулж байна. Миний зорилго бол хосгүй үнэт соёлыг дэлхийд таниулах. Тиймээс цахим хуудсаа хэдэн сарын өмнө нээсэн.Мөн икэлийн татлагууд зохиосон. Удахгүй бичнэ.

-Татлагуудаараа ямар утга санаа илэрхийлэхийг зорьсон бэ?

          -Татлагууд маань байгалийн үйл ба амьтадтай холбогдож байгаа. Жишээлбэл, баавгай, буга, гол, салхины тухай татлага бий. Өвөрмөц байх үүднээс "Үүлэн чөлөөний нар" гэж нэрлэсэн. Дуусгасныхаа дараа дэлгэрэнгүй ярьж өгье, бас сонсоорой.

Таны хувьд Монгол, Францын соёлын ялгааг яаж хардаг вэ?

          -Хатуу бөгөөд товчхон хариулахад  франц соёл сүнслэг биш. Франц соёлоор хүмүүсийг аврах, дэлхийг илүү эрүүл болгох боломжгүй. Манай үндэсний соёл бол урлаг. Гэхдээ сүнслэг чанар байхгүй. Тиймээс энэ зүйлээр гэгээрэх боломж байхгүй. Муу гэж хэлж байгаа юм биш шүү.  Лус савдаг баярлуулдаггүй, байгаль шүтдэггүй гэх мэтээрээ Монголоос тэс өөр. Мэдээж Францад гайхалтай зүйл олон байдаг. Харин Монголын язгуур соёл бол дэлхийн энергитэй шууд холбогддог. Амьд сүнслэг, увидаслаг чанартай. Тод жишээ дурдвал, хэн ч монгол язгуур хөгжмийг сонсвол сонин гайхалтай тайлбарлах боломжгүй мэдрэмж заавал авна. Франц соёлд сайхан дуу, гоё уран бүтээлүүд байдаг.  Гэхдээ хийморь сэргээх чадал нь монголынхыг гүйцдэггүй гэж би хувьдаа боддог.

-Таны яриад байгаа сүнслэг, увидаслаг зүйл монголчуудад яагаад байдаг гэж боддог вэ?

          Энэ бол байгальтайгаа шууд холбоотой зүйл юм. Монголчууд олон зуун жилийн турш байгаль, таван хошуу малтайгаа амьд харилцаж ирсэн нүүдэлчин ард түмэн. Тиймээс соёл нь амьд. Харин Франц байгалийн чухал зүйлсээс олон зууны өмнөөс татгалзсан. Франц соёл урлагийн гайхалтай соёл мөн. Гэхдээ л хүн байгалийн шүтлэгийг гүйцэхгүй.

-Та Монголын урлагийг хэр том урлаг гэж боддог вэ?

          -Яг одоо бол Монголын урлаг, дэлхийн урлаг миний хувьд том ялгаа байхгүй. Монгол кино, Франц киноны чадвар, гүйцэтгэлтэй ижил түвшинд байх шиг санагддаг. Харин  жүжигчний ажиллагаа, зохиолын агуулга, чансааны хувьд жаахан дутуу санагддаг. Тодотгож хэлэхэд, "The Hu" хамтлаг дэлхийн хэмжээний урлагийн өндөр түвшинд хүрсэн. Тэднийг монголчууд, францчууд битгий хэл дэлхий мэднэ.

-Таныг анх Монголд  амьдарна гэхэд гэр бүлийнхэн нь яаж хүлээж авсан бэ?

          -Найз маань намайг мэддэг, ойлгодог байсан. Гэр бүлийн гишүүд яг эсрэг байр суурьтай байлаа. Тиймээс энд ирснээсээ хойш хэдэн жил гэр бүлтэйгээ холбоогүй байсан. Тэд маань надад маш их гомдсон. Гэхдээ одоо бол ойлгодог болсон.

-Монголын үзэсгэлэнт байгаль, дурсгалт газруудаар аялж амжсан биз дээ?

          -Би монгол орны 15 аймагт очиж үзлээ. Бүгдийг нь үзнэ гэвэл амьдрал хүрэлцэхгүй байж мэднэ. Малчин айлд, зочилж, насаараа мал малласан хүмүүстэй уулзаж ярилцах сайхан байдаг. Тэд яг л бурхан шиг санагддаг. Гэгээрсэн лам гэж хэлэх юм уу даа. Тэдний харцан дотор нэг сонин юм байдаг. Тэдний ярьж байгаа зүйл, ерөнхий байдал, хүний зан чанар, мэдлэг бол ер нь хосгүй. Би үнэндээ энэ тухай үгээр сайн хэлж чадахгүй байна. Би ер нь хүмүүсийн хажууд байхаараа өөрөөсөө ичээд чимээгүй бас даруу болдог. Тэдний яриаг чимээгүй сонссон нь дээр. Миний хувьд яг л зайран дээр очоод өвөг, эмэгийнхээ яриаг сонсох шиг л мэдрэмж төрдөг. Тиймээс үнэхээр биширч, шүтэж хүндэлж явдаг.

-Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа, та бүхэнд амжилт хүсье.

 


СТИВ МОРЕЛЬ: Би амьдралаа монгол соёлын төлөө зориулж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188