• Өнөөдөр 2025-04-19

Солонгост амьдарч буй иргэн О.ШҮР-ЭРДЭНЭ: “Хүсэл бүхэн биелдэг юм шүү. Хэзээ ч бүү шантраарай” гэж өөрийгөө зоригжуулдаг

2022-01-22,   1896

  БНСУ-д дөрөв дэх жилдээ амьдарч буй О.Шүр-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр БНСУ-д ажиллаж, амьдрах цагаасаа спортод сонирхолтой болж, өөрийгөө хөгжүүлсээр олон амжилт гаргаж, бусдыгаа манлайлж буй дайчин, хөдөлмөрч эмэгтэй юм.

-Та манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач. БНСУ-д хэдэн жил амьдарч байна вэ?

     -Намайг Орхонжаргалын Шүр-Эрдэнэ гэдэг. БНСУ-д дөрөв дэх жилдээ ээж, дүү, хүүхэдтэйгээ хамт амьдарч байна.

-Та ямар мэргэжилтэй вэ. БНСУ-д ямар ажил эрхэлж байна вэ?

     -Би үсчин, гоо сайханч мэргэжилтэй. БНСУ-д компьютерын рамны үйлдвэрт нарийн  шалгагч, удирдан зохион байгуулагчаар ажилладаг.  

-Гадаадад амьдрах давуу болон сул тал таныхаар юу вэ. Солонгосчууд хэр найрсаг хүмүүс вэ?

      -Гадаадад очсон хүмүүс эрт босож, түргэн шуурхай, нямбай ажиллаж сурдаг. Мөн цаг баримталж, өөрийгөө хөгжүүлэх, суралцах зэрэг давуу тал бий. Харин сул тал нь, гэр бүл, эх орон, найз нөхдөө санана, хааяа ганцаардана. Солонгосчууд намайг ажилсаг, тууштай, тэвчээртэй гээд сайн ханддаг. Ер нь эелдэг харилцаатай хүмүүс байдаг юм. 

-Монголдоо хэзээ ирэх вэ. Монголд ямар ажил эрхэлж байсан бэ?

      -Монголдоо жилийн дараа очино. Монголд өдрийн цагаар спорт хувцасны үйлдвэрт компьютерын дизайнаар, оройн цагаар “Сastle night club”-д шилэн эдлэл дээр ажилладаг байсан.

-Гадаадад амьдарч буй залуучуудыг төлөөлж бусдадаа юу гэж хэлэх вэ?

       -Гадаадад амьдарч байгаа хүн бүр маш их тэвчиж, хичээдэг юм шүү дээ. Тэгэхээр гадаадад амьдарч байгаа монголчууддаа "Санаснаараа хүс, мөрөөд, төсөөл, хүсэл бүхэн биелдэг юм. Хэзээ ч бүү шантраарай. Өөрийгөө ялан дийлэхээс бүх ялалт эхэлдэг. Хамгийн шилдэг нь биш, хамгийн их хичээдэг нь байгаарай" гэж хэлмээр байна.

-2021 онд “Мистер мисс” тэмцээнд хоёрдугаар байрт шалгарсан байсан. Тус тэмцээний талаар ярьж өгөөч. Энэ  спортоор хэдэн жил хичээллэсэн бэ?

       -Би спортод дургүй, бүр хичээллэхгүй гэж боддог байсан. БНСУ-д очоод миний спортын гараа эхэлсэн.  Уснаас айдаг байсан ч өөрийгөө ялан дийлж, усанд сэлж сураад, тэмцээнд оролцсон. Мөн далайн 1.5 км-ийн сэлэлтийн тэмцээнд орж медаль, өргөмжлөлөөр шагнуулж байлаа. Өмнө нь гүйдэггүй байсан ч таван км гүйлтийн тэмцээнд орж, өөрийгөө сорьж үзээд хоёрдугаар байрт шалгарсан. Гаргасан амжилтаасаа урам аваад өөрийгөө хөгжүүлж,  “Төмөр хүн” гэх нэртэй 1.5 км далайд сэлэх, 40 км дугуй унах, 10 км гүйх тэмцээнд оролцож, медаль хүртсэн.

       БНСУ-д коронавирусийн халдварын улмаас хоёр жил тэмцээн болоогүй. Энэ үед галбиргүй биеэ галбиртай болгож, 2021 оны зун БНСУ дахь Бодибилдинг фитнэс сонирхогчдын аварга шалгаруулах “Мистер& мисс-Summer  Beach” 2021 тэмцээнд  амжилттай оролцож, гурван төрөлд байр эзэлсэн. Улмаар өвөл нь “Мonikini”  төрөлд орж хоёрдугаар байрт шалгарсандаа маш их баяртай байгаа.БНСУ-д монголчуудын дунд зохион байгуулдаг “Бодибилдинг” тэмцээн жилд хоёр удаа болдог. Тус тэмцээнд хэн ч орж болно. Тэмцээн учраас бэлтгэлээ сайн хангах ёстой. Бодибилдингээр тэсвэр тэвчээртэй, хичээл зүтгэлтэй хүмүүс хичээллэдэг.

-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?

     -Би анх олон улсын фитнесийн мэргэжлийн багшийн онлайн сургалтад хамрагдаж,  тууштай зургаан сар хичээллэсэн.  Эцэст нь  гоё биетэй болж тэмцээнд оролцож үзсэн. Дараа нь ганцаараа хичээллэж хоёр дахь тэмцээндээ амжилттай оролцсон. Би өдөрт 1-3 цаг бэлтгэл хийдэг.

-Та чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

    - Чөлөөт цагаараа бэлтгэлээ хийж, төгөлдөр хуур тоглож, ном уншиж, өөрийгөө хөгжүүлэх подкаст сонсож, дугуй унах, гүйх, сэлэх дуртай.

-Таны цаашдын зорилго мөрөөдөл юу вэ?

    -Цаашид спортоороо тууштай хичээллэж, багш болохыг хүсдэг. Мөн асрамжийн газар амьдардаг ч юм уу, амьдралын боломж тааруу хүүхдүүдэд чадахаараа туслаж дэмжих юм сан гэж боддог. "Санаснаараа хүс, мөрөөд, төсөөл. Хүсэл бүхэн биелдэг юм шүү. Хэзээ ч бүү шантраарай” гэж өөрийгөө зоригжуулдаг.


Солонгост амьдарч буй иргэн О.ШҮР-ЭРДЭНЭ: “Хүсэл бүхэн биелдэг юм шүү. Хэзээ ч бүү шантраарай” гэж өөрийгөө зоригжуулдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-08 12:15:57
    슈레 짱짱짱 너무 멋있다~~~ 최고예요: 우리 슈레 먼곳까지 와서도 잘 살고 있구나 대단하고 장해요~~ 앞으로도 건강하고 즐겁게 잘~ 사는 슈레 되어요~^^
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-08 09:25:06
    아기돌고래: 슈레 넘 멋지다!!! 항상 건강이 넘쳐 보이네 늘 변하지 않는 건강유지하며 즐겁게 잘 ~~~
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-22 12:54:25
    Мундаг бүсгүй шүү, фэйсбүүкээс хэрхэн хөгжиж, өөрийгөө жаргалтай амьдруулж байгааг нь харж, бахархдаг шүү: Илүү их амжилт хүсье. Чи бол тэвчээртэй, ухаантай монгол бүсгүйчүүдийн төлөөлөл шүү. Эрүүл энхийг хүсье
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188